Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1882

 

Л.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00648 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “**” ОНӨААТҮГ-т холбогдох,

 

Өндөр насны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох нийт   6 728 888 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.**,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.**,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “**” компанийн захирлын 2006 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тушаалаар кондукторын ажилд орж, “**” ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/361 тоот тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Тус байгууллагад тасралтгүй 8 жил, 8 сар ажилласан.

2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “**” ОНӨААТҮГ-ын захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хамтын гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн 8.5-д зааснаар өндөр насны тэтгэвэрт гарахад 9 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авах байтал “**” ОНӨААТҮГ татан буугдсан учир үлдсэн сарын тэтгэмжийг хариуцах үндэслэлгүй гэж хэлээд 1 сарын тэтгэмжийг өгсөн. Гэтэл хамт ажиллаж байсан н.**тэй тааралдахад “шүүхээр явж тэтгэмжээ авч байгаа. Байгууллага татан буугдсан гэдэг нь худлаа юм байна. Аж ахуйн нэгж байгууллагууд нийлүүлсэн учир эрх үүрэг нь шилжсэн юм байна. Миний 2 шатны шүүхийн шийдвэр байна” гэж хэлсэн тул би бас үлдсэн тэтгэмжээ авахаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.**тай очиж уулзсан. Хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлж нэхэмжлэл гаргасан шалтгаан нь мэдээгүй, байгууллага татан буугдсан гэж хэлсэн. Тэгээд хүмүүс шүүхээр явж авч байна гэхээр нь 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр байгууллагад хандаж үлдсэн тэтгэмжээ авах талаар өргөдөл гаргасан боловч байгууллага өргөдөл, гомдол барагдуулдаг байгууллага биш гэж хэлээд хүлээж аваагүй.

Иймд 8 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 6 728 888 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.** нь тус нэгтгэлийн 1 дүгээр баазад 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн тушаалаар кондуктороор ажиллаж байгаад захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/361 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын дагуу нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж 841 111 төгрөг олгосон. Нэхэмжлэгчийн дансанд 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон энэ хамтын гэрээ нь “**” ОНӨААТҮГ болон Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан. Уг гэрээг бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгохгүй. Энэ тухайгаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3158 тоот албан бичгээр 2013 онд байгуулагдсан хамтын гэрээг мөрдөж ажиллахгүй тухай Үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдсэн болно. “**” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 132 дугаар тогтоол, Нийслэлийн засаг даргын А/778 дугаар захирамжаар татан буугдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-т “хуульд заасан нөхцөл журмын дагуу аж ахуйн нэгж, байгууллага татан буугдах үед хамтын гэрээ татан буугдах хугацааны туршид мөрдөнө” гэсэн заалтыг баримтлан ажиллаж байгаа. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 132 дугаар тогтоолоор “А-1”, “А-3”, Цахилгаан тээвэр” компаниудыг иргэний хуулийн 31.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс “**” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “аж ахуй нэгж, байгууллагыг өөрчлөн байгуулах” өмчлөгч өөрчлөгдсөн тохиолдолд хамтын гэрээг хэвээр мөрдөх, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл хамтын гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг ажил олгогч буюу ажилтны төлөөлөгчид хэлэлцээ хийж шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Энэ хамтын гэрээг хэвээр нь мөрдөе нэмэлт өөрчлөлт оруулая гэсэн хэлэлцээ байгууллага дээр хийгдээгүй. Харин хамтын гэрээг шинэчлэн байгуулах талаар хэлэлцээ хийгдсэн. “**” ОНӨААТҮГ нь Нэгтгэлийн Үйлдвэрчний эвлэлийн хороо, ** дүгээр баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Автобус-2 дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо, ** дугаар баазын Үйлдвэрчний эвлэлийн хороо гэсэн 4 хороотой ажиллаж байгаа учраас тус тусын хамтын гэрээг мөрдөж ажиллах боломжгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна”, мөн Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Аж ахуй нэгж, байгууллагад түүний нэгж, хэсгийг хамруулан хамтын нэг гэрээ байгуулна” гэж заасан учраас манай байгууллага 3 хамтын гэрээ мөрдөж ажиллах хууль зүйн хувьд боломжгүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу нэхэмжлэгчид тэтгэмж 871 111 төгрөг олгосон. Хариуцагчийн татгалзлын гол үндэслэл бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал. Захирлын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/361 тоот тушаалаар ажлаас чөлөөлөөд мөн оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б/137 тоот тушаалаар нэг сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж болох 841 111 төгрөг олгоод дансанд нь 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр орсон байдаг. Ажилтан ажлаас чөлөөлөгдөөд  тэтгэмж авах шаардах эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч даруй ажлаас ажлаас чөлөөлөгдөөд 1 жил 8 сар тэтгэмжээ аваад 1 жил 7 сарын дараа буюу 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо маргаан шийдвэрлэх байгууллагад гаргахаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдөр дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Л.**гийн нэхэмжлэлтэй, “**” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох өндөр настны тэтгэвэрт гарахад олгох 8 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 6 728 888 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдан дээр санхүүгийн хувьд боломжгүй байсан, байгууллага татан буугдсан, шинээр хамтын гэрээ байгуулж шийдвэрлэх асуудал учраас ажилчдын тэтгэмжийг олгохгүй байгаа гэдэг тайлбараас Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар санхүүгийн боломжтой болох, шинээр хамтын гэрээ байгуулагдах хүртэлх хугацаанд хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон гэж үзэх хуулийн үндэслэлтэй байна.

Гэрч “**” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.**ын мэдүүлсэн Үйлдвэрчний эвлэлийн хороо, захиргааны хооронд тэтгэмжийн асуудлаар маргаантай байгаа, шинээр хамтын гэрээ байгуулагдах хэлэлцээрийн шатанд хэлэлцэгдэж байгаа нөхцөл байдал нь хөөн хэлэлцэх хугацаа түр зогссоныг нотолдог. Байгууллага нь тухайн ажилчдын тэтгэмжийг ойлгохгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.** нь хариуцагч “**” ОНӨААТҮГ-т холбогдуулан өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр ажлаас халагдсаны тэтгэмжид 6 728 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.** нь хариуцагч байгууллагад 2006 оноос 2014 он хүртэл 8 жил, 8 сар ажилласан, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь “**” ОНӨААТҮГ-т ажиллаж байсан ба Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 132 тоот тогтоолоор тус үйлдвэрийн газрыг татан буулгаж, “**” ОНӨААТҮГ-т нэгтгэсэн тул тус байгууллагын эрх, үүрэг хариуцлага нь хариуцагчид шилжсэн талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

“**” үйлдвэрийн газар нь Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байгуулж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсныг Хан-Уул дүүргийн Тамгын газарт бүртгүүлсэн тул хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хамтын гэрээгээр талууд нэмэлт өөрчлөлт оруулах болон шинээр батлагдах хүртэл хугацаанд энэ гэрээ хүчинтэй байх талаар тохиролцсон тул хамтын гэрээг хүчин төгөлдөр гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг ба шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарах  бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хамтын гэрээний үүргийг шаардахад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан богинсгосон хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй юм.

 

Хариуцагч байгууллага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хамтын гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Л.** нь 8 жил, 8 сар ажиллаж хамтын гэрээний 8.5 дахь хэсэгт зааснаар 9 сарын тэтгэмж авах болзлыг хангасан байх тул хариуцагч байгууллагаас 9 сарын тэтгэмжид 7 569 999 /841 111 х 9 удаа/ төгрөг төлөхөөс нэхэмжлэгчид олгосон 1 сарын тэтгэмж болох 841 111 төгрөгийг хасч 6 728 888 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00648 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “**” ОНӨААТҮГ-аас 6 728 888 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.**д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56  дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, “**” ОНӨААТҮГ аас улсын тэмдэгтийн хураамжид 122 612 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                                                

                                                                

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

 

                                                            Э.ЗОЛЗАЯА