Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 05

 

                                                                               

 

 

 

 

2019       12          23                                        2020/ШЦТ/05

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Э.Намуун,

Шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /ҮД:1954/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ээд холбогдох 1903 01129 0504 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол улсын иргэн, Хэнтий аймагт 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эрэгтэй, 28 настай, дээд боловсролтой, мэдээлэл, технологийн инженер мэргэжилтэй, “Залуучууд” зочид буудалд менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 41 дүгээр гудамжны 122 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Эгийн Э /РД:.............../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 15-н буудал “МБ” хүнсний дэлгүүрийн урд замд Тоёота Аксио маркийн 51-49 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: ж/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах, з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих,” 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Хьюндай Соната-6 маркийн 88-93 УБЦ улсын дугаартай автомашины жолооч нь Хьюндай Соната-5 маркийн 17-75 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбож асаахаар зогсож байхад араас нь мөргөж жолооч Д.Гүррагчаагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, бусдын эд хөрөнгөд 1.066.450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Эийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмшиж байна. Ялгүй үлдээгээд өгөөч л гэж хүсье. Эхнэр маань жирэмсэн, 3 хүүхэдтэй. Ажлаа хийгээд байж байя. Тэнсэн харгалзах ял оногдуулна уу” гэх мэдүүлэг,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-4/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-9/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Жолооч Э.Э нь 0.64 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гүррагчаагийн өгсөн: “... Соната-5 маркийн 17-75 УБЧ улсын дугаартай автомашинтай Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 15 буудал, МБ дэлгүүрийн урд замд явж байхад автомашин унтарчихсан. Уг автомашины аккумлятор муу учраас машинаа асааж чадалгүй зогсож байгаад замаар явж байсан жолооч нарыг гуйж холбуулахаар зогсож байхад саарал өнгийн Соната-6 маркийн автомашинтай залуу ирээд аккумлятороо авч тавьсан боловч асахгүй байсан учраас Соната 6 маркийн автомашинтай залуу урсгал сөрж ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш харсан байдалтай зогсоод хоёр машинаа холбогчоор холбоод асаах гэсэн боловч асахгүй зогсож байгаад би машиныхаа хойгуур тойрч зөв талаар суух гэтэл тас пис хийх чимээ гарч, би одоо бодоход 2 автомашины дунд хавчуулагдаж газар унасан...” гэх мэдүүлэг /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын өгсөн: “... Хьюндай Соната 3 маркийн автомашины жолооч настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машинаа асааж чадахгүй байгаа бололтой замын зорчих хэсгийн баруун тал руу шахаад зогссон байхаар нь тусалъя гэж бодоод зогсож асуутал аккумлятор нь суучихсан байхаар нь би машинаа урсгал сөрүүлж урдаас нь тулгаж зогсоогоод холбогчоор холбож асаахаар зогсож байтал ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явсан цагаан өнгийн суудлын автомашины жолооч Хьюндай соната-3 маркийн автомашины зүүн хойд талаас нь хүчтэй мөргөсөн. Тухайн үед настай жолооч ах автомашинаасаа бууж ирээд автомашиныхаа зүүн талын урд хаалга буюу жолоочийн талд зогсож байсан би осол болоход автомашин урагшаа хөдөлж жолооч ах хоёр машины дунд хавчуулагдан нэдрэгдэж газар унасан. Осол гаргасан цагаан өнгийн автомашины жолооч нь машинаа бууж ирж харчихаад буцаж машиндаа суугаад машинтайгаа зам тээврийн ослын газраас хөдлөөд явахад автомашиных нь 51-49 УНЕ улсын дугаар нь зам тээврийн ослын газар унаж үлдсэн. Тэр үед би гэмтсэн настай ахын хүүхэд рүү нь утсаар ярьж зам тээврийн ослыг хэлэхэд хүү нь гээд залуу удалгүй давхиад ирсэн. Би өөрийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл зам тээврийн осол гаргасан цагаан өнгийн суудлын автомашин буцаад баруунаас зүүн тийш явахад нь гэмтсэн жолоочийн хүү араас нь хөөж зогсоогоод жолоочийг нь авчрахад осол гаргасан жолооч биш дүү нь гээд танихгүй залуу байсан ба бид нарыг зам дээр цагдаа, эмнэлэг хүлээгээд зогсож байхад зам тээврийн осол гаргасан цагаан өнгийн суудлын автомашины жолоочийн ээж гээд танихгүй эмэгтэй бид нар дээр ирээд юу болсон талаар асуусан...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Гүррагчаа машинаасаа буугаад дахиж очоод аккумлятортайгаа оролдож байх үед Гүррагчаагийн автомашины араас машин мөргөөд түс тас хийх чимээ гарсан. Би тэр үед жолоочийн хажууд буюу жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан, би осол болох үед харахад Гүррагчаа 2 автомашины дунд хавчуулагдаад газар унаж байх шиг харагдсан. Харин саарал өнгийн автомашины жолооч залуу Гүррагчаагийн автоамшины урд голлоод зогсож байсан, намайг машинаас гарч ирэхэд тухайн залуу харагдахгүй байсан. Би эргээд хартал цагаан өнгийн суудлын автомашин хойноос ирж мөргөөд зогссон байсан ба жолооч нь гээд 20 гаран насны саарал өнгийн бэлтгэлийн цамцтай согтуу залуу машинаасаа бууж ирээд зогсож байхаар нь би “чи хүн алчихлаа шүү дээ хүү минь ээ” гэж орилоод би машины урдуур тойроод очиход машин холбож асаах гэж байсан залуу Гүррагчаагийн машины урдаас босч ирж байсан. Гүррагчаа “намайг татаж аваарай” гэж орилоход машин холбож асааж өгөх гэж байсан залуу Гүррагчааг хоёр машины дундаас татаж гаргаж ирсэн. Тэр хооронд осол гаргасан цагаан өнгийн суудлын автомашинтай согтуу залуу машиндаа сууж яваад өгөхөөр нь би Гүррагчаагийн хүү Сүхбаатар руу утсаар ярьж ослын талаар хэлчихээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болорчимэгийн өгсөн: “... хүү Э.Э нь нөхрийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг Тоёота Аксио машины хойд суудалд суучихсан уйлаад олигтой юм ярихгүй байхаар нь машинаас татан гаргаж ирээд хүүгээ болон машинаа харахад автомашины урд гуфер копуд хагарчихсан зам тээврийн осол гаргасан байхаар нь юм мөргөсөн гэж бодоод бага хүүгээ наад машинаа аваад яв гэж хэлэхэд манай бага хүү машин асааж аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед би дүүгээ дуудсан байсан ба Эийг аваад гэр рүүгээ явахаар хүлээгээд зогсож байтал манай хүү Э Хужирбулангийн зам дээр автомашин мөргөсөн гэж ярьсан. Тэр үед манай дүү ирэхээр нь өөрийн хүү Эийг автомашинд суулгачихаад Хужирбулангийн зам руу харахад аваараа дарчихсан хоёр машин зогсож байхаар нь би осол болсон газар луу гүйгээд очиход яаралтай түргэн тусламжийн автомашин ирж байсан ба гэмтсэн жолоочийг авч гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтсэн жолоочийн хүү нь гээд өндөр залуу ослын газарт ирчихсэн байсан ба тэр залуу манай бага хүүг ослын газарт аваад ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11805 дугаартай: “... Д.Гүррагчаагийн биед 2 талын умдаг ясны дээд салаа, зүүн талын симфиз хэсгээс доош умдаг ясны доод салаа руу үргэлжилсэн, 2 талын суудал ясны доод салаанууд зөрөөгүй хугарлууд, ууцны 1-р нугаламын баруун талын латериал масс зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх.35/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт /хх.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эийн яллагдагчаар өгсөн: “... Би прокурорын яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн шинжилгээ болон эмчилгээ, тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөр гээд нийтдээ 967.600 төгрөгийг зарцуулсан. Энэ бүх мөнгийг хохирогчийн төрсөн хүү Г.Сүхбаатарын эзэмшлийн Төрийн банкны дансаар шилжүүлсэн. Дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 28.520 төгрөгийн эм авч өгсөн. Үүнийг баримт байгаа. Бусад баримтгүй, хохирогчид  өгсөн барагшуун, хятад эм аваачиж өгсөн. Үүнийг авахад баримт аваагүй. Мөн жолооч Хүрэлбаатарын биед учирсан хөнгөн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Хүрэлбаатарын хамт гадуур явж шүдний эмнэлгээр орж судлахад шүд суулгахад 250.000 төгрөг, эмчилгээ, үйлчилгээний зардалд нийтдээ 100.000 төгрөг нийтдээ 350.000 төгрөг өгөхөөр ярьж тохирсон...” гэх мэдүүлэг /хх.80-81/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 15-н буудал “МБ” хүнсний дэлгүүрийн урд замд “Тоёота Аксио” маркийн 51-49 УН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: ж/согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах, з/ зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас Хьюндай Соната-6 маркийн 88-93 УБЦ улсын дугаартай автомашины жолооч нь Хьюндай Соната-5 маркийн 17-75 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбож асаахаар зогсож байхад араас нь мөргөж жолооч Д.Гүррагчаагийн эрүүл мэндэд нь хүндэвтэр /бусдын эд хөрөнгөд 1.066.450 төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3-4/,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх.5-9/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх.11/,

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “Жолооч Э.Э нь 0.64 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Гүррагчаагийн өгсөн: “... би машиныхаа хойгуур тойрч зөв талаар суух гэтэл тас пис хийх чимээ гарч, би одоо бодоход 2 автомашины дунд хавчуулагдаж газар унасан...” гэх мэдүүлэг, /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарын өгсөн: “... ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явсан цагаан өнгийн суудлын автомашины жолооч Хьюндай соната 3 маркийн автомашины зүүн хойд талаас нь хүчтэй мөргөсөн. Тухайн үед настай жолооч ах автомашинаасаа бууж ирээд автомашиныхаа зүүн талын урд хаалга буюу жолоочийн талд зогсож байсан би осол болоход автомашин урагшаа хөдөлж жолооч ах хоёр машины дунд хавчуулагдан, нэдрэгдэж газар унасан. Осол гаргасан цагаан өнгийн автомашины жолооч нь машинаа бууж ирж харчихаад буцаж машиндаа суугаад машинтайгаа зам тээврийн ослын газраас хөдлөөд явахад автомашиных нь 51-49 УНЕ улсын дугаар нь зам тээврийн ослын газар унаж үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.27-28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Эрдэнэчимэгийн өгсөн: “... Гүррагчаа машинаасаа буугаад дахиж очоод аккумлятортайгаа оролдож байх үед Гүррагчаагийн автомашины араас машин мөргөөд түс тас хийх чимээ гарсан. Би тэр үед жолоочийн хажууд буюу жолоочийн эсрэг талын суудалд сууж байсан, би осол болох үед харахад Гүррагчаа 2 автомашины дунд хавчуулагдаад газар унаж байх шиг харагдсан... Би эргээд хартал цагаан өнгийн суудлын автомашин хойноос ирж мөргөөд зогссон байсан ба жолооч нь гээд 20 гаран насны саарал өнгийн бэлтгэлийн цамцтай согтуу залуу машинаасаа бууж ирээд зогсож байхаар нь би “чи хүн алчихлаа шүү дээ хүү минь ээ” гэж орилоод машины урдуур тойроод очиход машин холбож асаах гэж байсан залуу Гүррагчаагийн машины урдаас босч ирж байсан. Гүррагчаа намайг татаж аваарай гэж орилоход машин холбож асааж өгөх гэж байсан залуу Гүррагчааг хоёр машины дундаас татаж гаргаж ирсэн. Тэр хооронд осол гаргасан цагаан өнгийн суудлын автомашинтай согтуу залуу машиндаа сууж яваад өгөхөөр нь би Гүррагчаагийн хүү Сүхбаатар руу утсаар ярьж ослын талаар хэлчихээд цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.32/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Болорчимэгийн өгсөн: “... хүү Э.Э нь нөхрийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг Тоёота Аксио машины хойд суудалд суучихсан уйлаад олигтой юм ярихгүй байхаар нь машинаас татан гаргаж ирээд хүүгээ болон машинаа харахад автомашины урд гуфер копуд хагарчихсан, зам тээврийн осол гаргасан байхаар нь юм мөргөсөн гэж бодоод бага хүүгээ “наад машинаа аваад яв” гэж хэлэхэд манай бага хүү машин асааж аваад гэр лүүгээ явсан. Тухайн үед би дүүгээ дуудсан байсан ба Эийг аваад гэрлрүүгээ явахаар хүлээгээд зогсож байтал манай хүү Э Хужирбулангийн зам дээр автомашин мөргөсөн гэж ярьсан. Тэр үед манай дүү ирэхээр нь өөрийн хүү Эийг автомашинд суулгачихаад Хужирбулангийн зам руу харахад аваараа дарчихсан хоёр машин зогсож байхаар нь би осол болсон газар луу гүйгээд очиход яаралтай түргэн тусламжийн автомашин ирж байсан ба гэмтсэн жолоочийг авч гэмтлийн эмнэлэг рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх.31/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмчийн 11805 дугаартай: “... Д.Гүррагчаагийн биед 2 талын умдаг ясны дээд салаа, зүүн талын симфиз хэсгээс доош умдаг ясны доод салаа руу үргэлжилсэн, 2 талын суудал ясны доод салаанууд зөрөөгүй хугарлууд, ууцны 1-р нугаламын баруун талын латериал масс зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар санриулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт /хх.35/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 488 дугаартай дүгнэлт /хх.59-60/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Эийн яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.80-81/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Э.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Э.Эийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Э.Э нь хохирогч Д.Гүррагчаад 1.844.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт 414.450 төгрөг нөхөн төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох Э.Эээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Э.Ээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Э.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зарим албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хууулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

          Э.Ээд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар учруулсан бодит хохирлыг нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Э.Ээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, мөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулж байна.

          Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 879340 дугаартай үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Эгийн Эийг “тул “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Ээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Ээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, Э.Ээд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтооох албадлагын арга хэмжээ авсугай.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Ээд тус тус сануулсугай.

          6. Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Гүррагчаад 1.844.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хүрэлбаатарт 414.450 төгрөг нөхөн төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Хэрэгт хураан ирүүлсэн В ангиллын жолоочийн 879340 дугаартай үнэмлэхийг М.Эрдэнэбатад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын харъяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.

          8. Хохирогч Ч.Гүррагчаа нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Эээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Ээд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР