Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2020/ДШМ/185

 

Э.Ээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Оюун-Эрдэнэ,

иргэний хариуцагч Ш.Энх-Амгалан,

шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 05 дугаартай прокурорын эсэргүүцлээр Э.Ээд холбогдох 1903011290504 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Эийн Э, 1991 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, “Залуучууд” зочид буудалд менежер ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 41 дүгээр гудамжны 122 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 15-ын буудал, “МБ” хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Axio” загварын 51-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: ж-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэж, з-д “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Hyundai Sonata 6” загварын 88-93 УБЦ улсын дугаартай автомашины жолооч нь “Hyundai Sonata 5” загварын 17-75 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбож асаахаар зогсож байхад нь араас нь мөргөж, жолооч Д.Ггийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Э.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Эийн Эийг “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Э.Ээд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар Э.Ээд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Ээд тус тус сануулж, Э.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Гд 1.844.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Хт 414.450 төгрөг нөхөн төлсөн, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нь гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгдэгч Э.Ээд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй орхигдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг хэрэглээгүй, мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж буруу бичсэн нь “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг хангахгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны 05 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

            Прокурор Ц.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүх Э.Ээд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ял буюу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэсэн заалтыг хэрэглээгүй, хэзээнээс эхлэн тоолохыг дурдаагүй. Мөн шийтгэх тогтоолын 2 дахь хэсэг буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгч Э.Эийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж зүйлчилснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж хэрэгт буюу шийтгэх тогтоолд байхгүй хуулийн зүйл, заалтыг буруу бичсэн байгаа нь “шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн тул өөрчлөлт оруулахаар бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. ...” гэв.

            Иргэний хариуцагч Ш.Энх-Амгалан “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Э.Э “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

            Шүүгдэгч Э.Эийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцэлд дурдсан хууль хэрэглээний талаар зохих өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд хэлэх тайлбар, саналгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Э.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2019 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 15-ын буудал, “МБ” хүнсний дэлгүүрийн урд замд “Toyota Axio” загварын 51-49 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дүгээр хэсэгт “Жолооч дараах үүргийг хүлээнэ: ж-д “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны шаардлагаар зохих журмын дагуу шалгуулах” гэж, з-д “Зам дээр ажил, үүрэг гүйцэтгэж байгаа хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж, 18.3-т “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас “Hyundai Sonata 6” загварын 88-93 УБЦ улсын дугаартай автомашины жолооч нь “Hyundai Sonata 5” загварын 17-75 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг холбож асаахаар зогсож байхад нь араас нь мөргөж, жолооч Д.Ггийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Ггийн “...Би машиныхаа ... зөв талаар суух гэтэл тас ... хийх чимээ гарч, ... 2 автомашины дунд хавчуулагдаж газар унасан. ...” /хх 19/,

иргэний нэхэмжлэгч Б.Хын “...Ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд зорчиж явсан цагаан өнгийн суудлын автомашины жолооч “Hyundai Sonata-3” загварын автомашины зүүн хойд талаас нь хүчтэй мөргөсөн. Тухайн үед настай жолооч ах ... автомашиныхаа зүүн талын урд хаалга буюу жолоочийн талд зогсож байсан. ...Жолооч ах хоёр машины дунд хавчуулагдан ... газар унасан. Осол гаргасан ... автомашины жолооч нь машинаас бууж ирж харчихаад буцаж машиндаа суугаад машинтайгаа зам тээврийн ослын газраас хөдлөөд явахад автомашиных нь 51-49 УНЕ улсын дугаар нь зам тээврийн ослын газар унаж үлдсэн. ...” /хх 27-28/,

гэрч Э.Эрдэнэчимэгийн “...Ггийн автомашины араас машин мөргөөд түс тас хийх чимээ гарсан. Би ... осол болох үед харахад Г 2 автомашины дунд хавчуулагдаад газар унаж байх шиг харагдсан. ...Би эргээд хартал цагаан өнгийн суудлын автомашин хойноос ирж мөргөөд зогссон байсан ба жолооч нь гээд 20 гаран насны, саарал өнгийн бэлтгэлийн цамцтай согтуу залуу ... байсан. ...Машин холбож асааж өгөх гэж байсан залуу Гг хоёр машины дундаас татаж гаргаж ирсэн. Тэр хооронд осол гаргасан ... согтуу залуу машиндаа суугаад яваад ... өгсөн. ...” /хх 32/,

гэрч Б.Болорчимэгийн “...Манай хүү Э Хужирбулангийн зам дээр автомашин мөргөсөн гэж ярьсан. ...Хужирбулангийн зам руу харахад аваараа дарчихсан хоёр машин зогсож байхаар нь би осол болсон газар руу гүйгээд очиход яаралтай түргэн тусламжийн автомашин ирж ... гэмтсэн жолоочийг авч Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /хх 31/,

Э.Эийн яллагдагчаар өгсөн “...Би хохирогчийн шинжилгээ болон эмчилгээ, тээврийн хэрэгслийн эвдэрсэн эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон төлбөр гээд нийтдээ 967.600 төгрөгийг ... хохирогчийн төрсөн хүү Г.Сүхбаатарын эзэмшлийн Төрийн банкны дансаар шилжүүлсэн. ...Мөн жолооч Хын биед учирсан хөнгөн хохирлыг хүлээн зөвшөөрч байгаа. ...” /хх 80-81/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11805 дугаартай “... Д.Ггийн биед 2 талын умдаг ясны дээд салаа, зүүн талын симфиз хэсгээс доош умдаг ясны доод салаа руу үргэлжилсэн, 2 талын суудал ясны доод салаанууд зөрөөгүй хугарлууд, ууцны 1 дүгээр нугаламын баруун талын латериал масс зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /хх 35/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 488 дугаартай “... “Toyota Axio” загварын 51-49 УНЕ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Э.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: ж/ “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэх буюу тээврийн хэрэгсэл жолоодоход эрүүл мэндийн хувьд тэнцэж байгаа эсэхийг, мөн шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвараа цагдаагийн эрх бүхий ажилтны хүний дэргэдүүр өнгөрөхдөө хурдаа хасаж, түүнд аюул, осолтой байдал үүсгэхгүйгээр зорчих;” мөн дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн 18.3. “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /хх 59-60/ гэх дүгнэлтүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-9/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 10/, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 16/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 47-48, 64/, техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх 66-67, 70-71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Эийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Э.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ггийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Ггийн “...Надад учирсан хохирлыг 100 хувь барагдуулсан. Надад эдийн засгийн болон сэтгэлзүйн хохиролгүй. ...” гэсэн хүсэлт, түүний хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс түүнд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Эийн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдалд тохирчээ.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ээд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Прокурор Э.Намуун “...Шүүгдэгч Э.Ээд оногдуулсан 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэзээнээс эдлүүлэх талаар тогтоолдоо тусгаагүй орхигдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүх эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэсэн заалтыг хэрэглээгүй. Мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг” гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэснийг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуу дүрсний бичлэгээр баталгаажуулна”, 2 дахь хэсэгт “...шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана” гэж тус тус заажээ.

Хавтас хэргийг шинжлэн судлахад, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоол /хх 141-142/-ын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Э.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлт хийсэн нь шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл /хх 132-133/-д тусгагдсан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх ба уг алдаа нь тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заажээ.

Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэхдээ нэмэгдэл ялын хугацааг хэрхэн тоолохыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.

Иймд прокурорын бичсэн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай эсэргүүцлийг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Эийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ээд оногдуулсан эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ