Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 350

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2016/00350

                        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 52 дугаар байрны 4 тоотод оршин суух, Харчин овогт Ганболдын Ганзориг /РД:ЧВ70112670/,

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 17 дугаар байр, 27 тоотод оршин суух, Хиад Боржигон овогт Мөнхбатын Зоригт /РД:УХ91043092/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол Оранж таун 59 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Загал овогт Цэвэгжавын Сувд-Эрдэнэд /РД:ЧА70112427/ холбогдох

автомашины үнэд төлсөн 8 000 000 төгрөг, гэрээ цуцласнаас хохирол 768 000 төгрөг, нийт 8 768 000 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол Оранж таун 59 дүгээр байрны 11 тоотод оршин суух, Загал овогт Цэвэгжавын Сувд-Эрдэнийн /РД:ЧА70112427/

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 52 дугаар байрны 4 тоотод оршин суух, Харчин овогт Ганболдын Ганзоригт /РД:ЧВ70112670/ холбогдох

хохиролд 9 260 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганзориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Ганболд овогтой Ганзориг би 2014 оны 02 сарын 03-ны өдөр Ц.Сувд-Эрдэнээс Тоёото Кроун маркийн саарал өнгөтэй автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нь 2014 онд багтаан өгөхөөр тохиролцсон. Би уг автомашиныг хүргэн Зоригтод хэрэгцээнд нь унуулахаар өгсөн ба 2014 оны 08 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн төлөөлөгч Мягмарсүрэн хураан авч Ц.Сувд-Эрдэнэд хүлээлгэн өгсөн. Сувд-Эрдэнээс мөнгөө нэхсэн боловч өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Автомашиныг хүлээн авснаас хойш засвар үйлчилгээ 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татвар 696 000 төгрөг, зам ашиглалтын төлбөр 30 000 төгрөг тус тус төлсөн.

Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, нийт 8 768 000 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргав гэжээ.

 

Хамтран нэхэмжлэгч М.Зоригт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Мөнхбатын Зоригт надад миний хадам аав Г.Ганзориг нь 2014 оны 2 сард Тоёота Кроун маркийн 42-99 УНЕ дугаартай автомашиныг авч өгсөн ба тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шилжүүлээгүй байсан. Би уг машиныг хүлээж авснаас хойш 636 000 төгрөгөөр засвар үйлчилгээ хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн татварт 69  600 төгрөг, зам ашиглалтын  хөлс 30 000 төгрөг, даатгал 33 000 төгрөг нийт 768 600 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнээс нэхэмжилж байна. Г.Ганзориг нь урьд гаргасан нэхэмжлэлдээ миний нэхэмжлэлд холбогдох баримт, тэмдэгтийн хураамжийг төлж шүүхэд өгсөн болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэхэмжлэгч Г.Ганзориг нь Ц.Сувд-Эрдэнээс 2014 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Тоёота Кроун машиныг 18 000 000 төгрөгөөр авахаар тохиролцож 8 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, автомашиныг хүлээн авсан. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг дараа өгөхөөр тохирсон байсан. Угаасаа Ганзориг Сувд-Эрдэнэ нар нь бие биенээ таньдаг багын найзууд. Уг машиныг Ганзориг нь өөрийн хүргэн Зоригтод авч өгсөн байсан юм. Тэгээд хүргэн Зоригт нь автомашиныг унаад явж байхад нь замын цагдаагийн газраас зогсоож, журамлан шууд хурааж авсан байдаг. Тухайн үед автомашиныг хураан авахад тэмдэглэл үйлдэж, бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгсөн. Сувд-Эрдэнэ нь автомашиныг буцаан авах талаар хэлээгүй, мэдэгдээгүй байж гэнэт л цагдаагаар саатуулж авсанд гомдолтой байгаа. Үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хугацаандаа өгөөгүй нь үнэн, ажил төрөл боломжгүйн улмаас хугацаа хэтрүүлсэн, гэхдээ урьдчилан мэдэгдээгүйгээр шууд автомашинаа буцаан авсан. Иймд Сувд-Эрдэнэ нэгэнт худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг буцаан авсан тул урьдчилгаанд өгсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулж Ганзоригт олгож өгнө үү.

Мөн хамтран нэхэмжлэгч Зоригтын хувьд автомашиныг аваад засвар үйлчилгээнд 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт 69 600 төгрөг, зам ашигласны төлбөрт 30 000 төгрөгийг тус тус зарцуулсан тул нийт 768 000 төгрөгийг Сувд-Эрдэнээс гаргуулж, Зоригтод олгуулж өгнө үү гэв.

 Хариуцагч Ц.Сувд-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц. Сувд-Эрдэнэ нь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож, урьдчилгаа 8 000 000 төгрөгийг авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгчээ. Г.Ганзориг нь үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүйн улмаас Ц.Сувд-Эрдэнэ 2014 оны 8 дугаар сарын 15-нд машинаа буцаан авч Э.Хаш-Эрдэнэ гэгчид заржээ.

Г.Ганзориг нь машиныг унаж байхдаа өнгө үзэмж, чанар байдлыг үлэмж дордуулсан байна. Түүнчлэн 153 хоног унаж эдэлчихээд одоо Ц.Сувд-Эрдэнэд өгсөн 8 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал болон татварт төлсөн 768 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Гэрээнд зааснаар хэрэв машиныг худалдан авахгүй бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх ёстой. Түүнчлэн машины өнгө үзэмж алдагдуулсан, дугуйны оригиналь обудыг алга болгосон зэргийн зардлыг Г.Ганзориг хариуцах ёстой. Ц.Сувд-Эрдэнэ нь уг автомашиныг өөрөө унахаар авчраагүй, харин зарж ашиг олох зорилготой байсан. Тиймээс түүнийг худалдан авсан хүн нь Монгол улсын хуульд заасан татварыг төлөх үүрэгтэй бөгөөд Г.Ганзоригоос өөр хэн ч байсан зохих татварыг төлөх нь дамжиггүй юм. Унаж эдэлж байхдаа машинаа эвдлээд түүндээ зарцуулсан засварын зардлыг Ц.Сувд-Эрдэнээс нэхэмжилж байгаа нь мөн үндэслэлгүй юм.

            Нэхэмжлэлийн шаардлага 2 хүнээс гарсан боловч засвар үйлчилгээ, татвар, зам ашигласны төлбөр, урьдчилгаанд өгсөн мөнгө зэрэг 4 шаардлага гаргасан байна. Машиныг унаж ашиглахад шаардлагатай засвар үйлчилгээ хийлгэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Автомашиныг худалдан авснаар 768 000 төгрөгийн зардал гарах ёстой байсан талаар баримт байхгүй. Тээврийн хэрэгслийг тухайн үед эзэмшиж байсан тул хуульд заасан татвар, төлбөрийг төлөх ёстой. Анх гэрээ байгуулагдах үед машины үнэ 18 000 000 төгрөг байсан. 2014 оны 8 дугаар сарын байдлаар машины үнэлгээ эрс буурсан. Машин Монголд явсан эсэх нь үнэд их нөлөөлдөг. Машины үнэлгээ буурсан тул 2014 оны 8 дугаар сард ижил төрлийн машины үнэлгээ зах зээлд 10 000 000 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц. Сувд-Эрдэнэ нь Япон улсаас импортлон авчирсан Тоёота Кроун маркийн автомашиныг Г.Ганзоригт худалдахаар тохиролцож 2014 оны 3 дугаар с арын 25-нд гэрээ байгуулжээ. Г.Ганзориг нь гэрээ байгуулсан өдөр 8 000 000 төгрөгийг төлбөрийн урьдчилгаа болгон өгч, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дараа буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар заасан байна. Тухайн өдөр Ц. Сувд-Эрдэнэ 8 000 000 төгрөгийг Г.Ганзоригоос хүлээн авч, автомашиныг Г.Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгчээ.

Гэтэл Г.Ганзориг нь үлдэгдэл төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй, төлөхийг шаардаж удаа дараа хандсан боловч мөнгө өгөөгүй тул 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр автомашинаа буцаан авсан. Улмаар Г.Ганзоригт мэдэгдэж уг автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 11-нд иргэн Э. Хаш-Эрдэнэд 10 000 000 төгрөгөөр худалдсан.

Г.Ганзориг уг машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа будгийг нь халцалж сэвтүүлсэн, урд хойд гуперийг хагалсан, “Кроун” маркийн оригиналь обудыг нь муу обудаар солисон, удаан унаж эдэлсэн учир машины үнэ хямдарсан. Түүнчлэн уг автомашины төлбөрийг Г.Ганзоригоос хугацаандаа авч Голомт банкны зээлээ төлнө гэж тооцож байсан ч Г. Ганзориг мөнгөө өгөөгүй учир банкны зээлийн төлбөрийг төлөх эх үүсвэр шаардлагатай болсон зэрэг шалтгааны улмаас машины үнийг хямдруулан зарсан. Г.Ганзориг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол энэ бүх нөхцөл байдал үүсэхгүй байх байсан ба үүнээс болж Ц.Сувд-Эрдэнэд нийт 8 180 000 төгрөгийн хохирол учирсан. Иймд дараах мөнгийг Г. Ганзоригоос нэхэмжилж байна. Үүнд:

            1.Талуудын хооронд байгуулсан Гэрээнд зааснаар хэрэв гэрээг цуцлах тохиолдолд автомашиныг эзэмшилдээ байлгасан хоног тутамд 40 000 төгрөгийн түрээсийн төлбөр тооцож төлөхөөр тохиролцсон байна. Г.Ганзориг нь автомашиныг 2014.03.25 -наас 2014.08.15 хүртэл нийт 153 хоног өөрийн эзэмшилд байлгасан. Мөн уг  “машиныг битгий зараарай, би өөрөө авах юмуу эсхүл өөр хүнд зарж мөнгийг чинь өгнө” гэж Г. Ганзориг хэлсний дагуу 2014.09.11 хүртэл хүлээсэн 27 хоног болсон. Автомашины түрээсийн төлбөр нь 180х40000=7 200 000 төгрөг болсон.

              2.Автомашиныг анх Г. Ганзоригт хүлээлгэн өгөхөд ямар нэгэн сэв, гэмтэл байгаагүй бөгөөд буцаан авах үед урд хойд гупер, хажуу хормойнууд сэвтэж хагарсан, тос масло бохирдсон, оригинал “Кроун” обуд солигдсон байсан. 4 ширхэг обуд тус бүр нь 150 000 төгрөг, нийт 600 000 төгрөг, машинд үүссэн нийт 12 ширхэг сэв, хагархайг засуулахад 500 000 төгрөг шаардлагатай.

              3.Г.Ганзориг тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014.03.25 -наас 2014.09.11 хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүү сард 1.6 хувиар тооцвол 960 000 төгрөгийн хохирол надад учирч, уг мөнгийг Ц. Сувд-Эрдэнэ өөрөө төлсөн байна.

Г.Ганзоригийн нэхэмжлэлтэй Ц.Сувд-Эрдэнэд холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн төлөөлөгч Н.Буянжаргал би сөрөг нэхэмжлэл гаргасан. Уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагын Гэрээний төлбөр 7 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:

- Ц. Сувд-Эрдэнэ нь 2014 оны эхээр Япон улсаас импортлон оруулж ирсэн, Монголд явж байгаагүй Тоёото Кроун автомашиныг нэхэмжлэгч Г.Ганзоригт тухайн үеийн ханшаар тооцож 18 000 000 төгрөгөөр худалдахаар талууд тохиролцсон.

 

Уг авто машинд 2014.03.25-нд улсын дугаар аван Г. Ганзоригийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. 2014.08.15-нд БГД-ийн Цагдаагийн хэлтэст өгөх хүртэл нэхэмжлэгч уг авто машиныг унаж хэрэглэж байсан талаар нэхэмжлэгч маргадаггүй.

Манай улсад тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг тодорхойлох хэд хэдэн хүчин зүйл үйлчилж байна. Үүний нэг нь тухайн автомашин Монгол улсад хэдий хугацаанд унаж хэрэглэснээс шалтгаалдаг нөхцөл юм. Хэдийгээр Япон улсад унаж байсан хуучин машин боловч Монгол улсад импортлоод, эдэлж хэрэглээгүй бол үнэ өндөр, харин Монгол улсад унаж байсан бол үнэ хямдардаг практик байна.

Уг жишгийн дагуу тухайн автомашиныг унаж хэрэглэж байсны дараа гэрээ цуцлах бол хоногт 40 000 төгрөгийн түрээс төлөх талаар гэрээнд дурдсан боловч Шинжээчийн дүгнэлтээр түүнийг хожим нөхөж хийсэн байж болзошгүй гэжээ. Энэхүү хоногт 40 000 төгрөг гэдэг дүн нь автомашиныг унаж хэрэглэснээс шалтгаалан зах зээлд дэх уг авто машины үнийн хямдралыг тооцон тухайн үед гэрээнд оруулж байсан хамгаалалт юм. Энэ заалтыг нөхөж бичсэн эсэхээс үл шалтгаалан Ц. Сувд-Эрдэнэ тухайн үнийн дүнгээр авто машиныг хямдруулан зарсан тул 7 200 000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар заасны дагуу Г.Ганзоригоос автомашины зах зээлийн ханшийн зөрүүд тооцон нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжпэлийн бусад шаардлага болох 4 ширхэг оригиналь обудны үнэ 600 000 төгрөг, ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн гэмтлийг засварлах зардал 500 000 төгрөг, банкны зээлийн хүү 960 000 төгрөгийг Г.Ганзоригоос гаргуулах шаардлага хэвээр байгаа. Сөрөг нэхэмжпэлийн шаардлага нийт 9 260 000 төгрөг болно. 

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь нэхэмжлэгч Г.Ганзоригт автомашинаа 18 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Нэхэмжлэгч уг машиныг унаж байсан. Тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ Монгол улсад явж байсан эсэхээс ихээхэн хамаардаг. 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр улсын дугаар авсан хэрэв уг гэрээг цуцалбал хоног тутамд 40 000 төгрөг төлөхөөр гэрээгээр тохирсон боловч шинжээчийн дүгнэлтээр нөхөж бичсэн байж болзошгүй гэсэн учраас бид түрээсийн төлбөр гэж нэхэмжилсэн 7 200 000 төгрөгийг хохиролд тооцон Г.Ганзоригоос нэхэмжилж байна. Мөн автомашины 4 дугуйны обудны үнийг 150 000 төгрөгөөр тооцож, 600 000 төгрөгийг, урсгал засварын зардалд 500 000 төгрөгийг, банкинд төлөх ёстой байсан 960 000 төгрөгийг нийт 9 260 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Ганзоригоос нэхэмжилж байна. Иймд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэхэмжлэгч Г.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяраа хариуцагч Ц.Сувд-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Н.Буянжаргалын гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцаад уг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай тайлбар гаргаж байна.

            Г.Ганзориг нь Ц.Сувд-Эрдэнээс Тоёота Кроун маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсон боловч байгуулсан гэрээнд хоног тутам 40 000 төгрөгийн түрээсийн гэрээ, төлбөр төлөхөөр тохиролцоогүй болно. Автомашиныг 2014 оны 8 сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Г.Мягмарсүрэн хүлээн авсан ба хүлээлцэх үед автомашинд элдэв сэвгүй эвдрэл гэмтэлгүй хүлээлгэж өгсөн. Ц.Сувд-Эрдэнэ Г.Ганзориг нарын хооронд банкны хүү төлөх ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй тул уг хүүг нэхэмжлэх үндэсгүй байна. Ц.Сувд-Эрдэнэ нь автомашиныг хүлээн авснаас хойш 27 хоног өөрөө хадгалсан ба ямар нэгэн тохиролцоо байхгүй, хийгдээгүй байхад түрээсийн төлбөр нэхэх нь үндэслэлгүй байна гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Г.Ганзоригт нь автомашины худалдан авахаар урьдчилгаанд нь 8 000 000 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнэд бэлнээр өгсөн, энэ талаар хэн аль нь хүлээн зөвшөөрдөг. Гэтэл Ц.Сувд-Эрдэнэ бодитоор машинаа буцааж авсан тул одоо өгсөн 8 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн. Тухайн үед байгуулсан гэрээнд түрээсийн төлбөр төлөх талаар огт тохиролцоогүй, Ц.Сувд-Эрдэнэ хоног тутамд 40 000 төгрөг төлөх талаар өөрөө гараараа хожим нөхөж бичсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэтэл хохирол гэж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс машиныг хурааж авах үед машин ямар байсан тухай зургаар баталгаажсан. Ямар нэгэн сэв гэмтэл байгаагүй, обуд нь машиндаа байсан. Обудыг байгаагүйг нотолж чаддаггүй. Хэрвээ ийм их эвдрэл гэмтэлтэй машин зарсан юм бол Хаш-Эрдэнийг гэрчээр асуулгая гэсэн ч Хаш-Эрдэнэ татгалзсан. Тиймээс нотлогдохгүй байна гэж үзэж байна, зурган дээрх машины гэмтэл нь хэзээ хаана үүссэн нь тодорхойгүй, машиныг 500 000 төгрөгөөр засуулсан баримт ч хэрэгт өгөөгүй. Машины мөнгийг зээлдээ зориулсан гэж үзэх баримтгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Автомашинаа буцаагаад авсан тул төлсөн мөнгийг нь эргүүлж өгөх ёстой гэв.

 

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 Нэхэмжлэгч Г.Ганзориг, М.Зоригт нар нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдуулан 8 768 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь нэхэмжлэгч Г.Ганзоригт холбогдуулан 9 260 000 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Г.Ганзориг нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан тул автомашины үнийн урьдчилгаанд төлсөн 8 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Зоригт нь автомашинд засвар үйлчилгээ хийсэн зардал болон тээврийн хэрэгслийн татвар, зам ашигласны төлбөрт төлсөн 768 000 төгрөгийг тус тус хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь нэхэмжлэгч Г.Ганзоригийг үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээгээ зөрчснөөс автомашинаа буцаан авсан, автомашиныг хэрэглэж өнгө үзэмж муутгасан, оргиналь обудийг алга болгож хохирол учруулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, мөн нэхэмжлэгч М.Зоригт нь автомашиныг унаж ашигласаны улмаас гарсан зардлыг өөрөө хариуцах ёстой тул төлөх үүрэггүй гэж маргасан.

Нэхэмжлэгч Г.Ганзориг хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нар нь 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Тоёота кроун маркийн мөнгөлөг саарал өнгөтэй 42-99 УНЕ улсын дугаартай автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, Г.Ганзориг нь урьдчилгаа төлбөрт 8 000 000 төгрөгийг Ц.Сувд-Эрдэнэд төлж, автомашиныг хүлээн авсан, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулжээ.  /хэргийн 16-р хуудас/

Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Г.Ганзориг нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнийг гэрээнээс татгалзаж, хүлээлгэн өгсөн автомашиныг буцаан авсан тул машины урьдчилгаа төлбөрт төлсөн 8 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч М.Зоригт нь автомашинд зарцуулсан зардалд 768 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь гэрээнээс татгалзаж, гэрээ цуцлах талаараа мэдэгдсэн, гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй, үлдэгдэл төлбөрөө төлөөгүй гэрээ зөрчснөөс гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасан байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр автомашины үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг 1 сарын дотор буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.

Нэхэмжлэгч Г.Ганзориг нь автомашины үнийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул хариуцагч худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашиныг 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр буцаан авсан, гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах талаар утсаар болон мессежээр удаа дараа мэдэгдсэн гэж тайлбарласан.

Хариуцагч Ц.Сувд-Эрдэнийг гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоогоогүй гэж нэхэмжлэгч маргасан боловч хэрэгт авагдсан 88113302 дугаарын утсанд төлбөрөө төлөх талаар мэдэгдэж байсан гэдгийг зөвшөөрсөн болно.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д “үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Ганзоригт хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь автомашины үлдэгдэл үнийг төлөхийг урьдчилан сануулж байсан гэж үзэхээр байна.

 Талуудын хооронд байгуулсан гэрээнд автомашины үнийг 1 сарын дотор буюу 2014 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч Г.Ганзориг нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашинаа буцаан авсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс автомашины урьдчилгаа үнэд төлсөн 8 000 000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж үзэв.

            Хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс автомашиныг хэрэглэж өнгө үзэмж муутгасан, зах зээлийн ханш буурч хохирол учирсан тул 8 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй, автомашиныг Э.Хаш-Эрдэнэд 10 000 000 төгрөгөөр зарж хохирсон гэж тайлбарласан боловч “Итгэлт Эстимейт” ХХК-ийн №8/01 тоот автомашины зах зээлийн үнийн тухай тайланд “2014 оны 8 сарын сард дундажаар зах зээл дээр өнгө үнэмж, техникийн байдал, цаашид ашиглах боломж зэргээсээ шалтгаалан Тоёота кроун автомашин дундажаар 10 000 000 төгрөгийн үнэ ханштай худалдаалагдаж байсан” гэсэн байх тул түүний тайлбар баримтаар нотлогдохгүй байна. /хэргийн 114-р хуудас/

            Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганзоригийн автомашины үнэд урьдчилан төлсөн 8 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс гаргуулан олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Нэхэмжлэгч М.Зоригт нь хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс автомашины засвар үйлчилгээний зардалд 636 000 төгрөг, тээврийн хэрэгслийн татварт 69 600 төгрөг, зам ашигласны төлбөрт 30 000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж, Кроун сервисийн баримт, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээг шүүхэд ирүүлжээ. /хэргийн 3, 5-р хуудас/

            Хариуцагч нь уг зардлууд нь нэхэмжлэгч М.Зоригтыг автомашиныг эзэмшиж байхад гарсан зардал тул өөрөө төлөх үүрэгтэй гэж маргасан.

            Нэхэмжлэгч М.Зоригт нь 42-99 УНЕ улсын дугаартай Тоёота Кроун маркийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан талаараа маргаагүй бөгөөд автомашины засвар үйлчилгээний зардал буюу 636 000 төгрөгөөр автомашинд тосол, масло авсан гэж тайлбарласан болно.

            Иймд нэхэмжлэгч нь 42-99 УНЕ улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашиныг эзэмшиж, ашиглаж байхдаа тосол масло авсан, мөн тээврийн хэрэгслийн даатгалыг, зам ашигласны төлбөрийг төлсөн байх тул гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол гэж үзэж, хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь нэхэмжлэгч Г.Ганзоригт холбогдуулан автомашиныг эзэмшиж ашиглаж байхдаа будгийг нь халцалсан, сэвтүүлсэн, урд хойд гуперийг хагалсан, Кроун маркийн оргиналь обудийг муу обудаар сольсон тул 4 ширхэг обудийн үнэ 600 000 төгрөг, машинд үүссэн сэв хагархайг засуулсан 500 000 төгрөг, автомашиныг сэвтүүлсэн, унаж хэрэглэснээс үнэ буурсан хохирол 7 200 000 төгрөг, хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014.03.25-наас 2014.9.11 хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүүнд сард 1,6 хувиар тооцож 960 000 төгрөгийн хохирол учирсан тул нийт 9 260 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч Г.Ганзориг нь сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, автомашиныг цагдаад бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн, хохирол 7 200 000 төгрөг учирсан гэдгийг баримтаар нотлоогүй, мөн үлдэгдэл мөнгөө төлөөгүйн улмаас банкны зээлийн хүүгээ төлөөгүй хохирсон гэдэг нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.

Хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3-д зааснаар нэхэмжлэгчийг автомашиныг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасны улмаас хямдруулан зарж зах зээлийн ханшийн зөрүүнд 7 200 000 төгрөгийн хохирол учирсан, мөн уг 12 тооны сэв гэмтлийг засварлуулахад 500 000 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарлаад энэ нь Э.Хаш-Эрдэнэтэй байгуулсан гэрээ /хэргийн 17-р хуудас/, автомашины сэв гэмтлийг харуулсан фото зургуудаар нотлогдоно гэсэн. /хэргийн 24-27-р хуудас/

            Хэрэгт авагдсан 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн “Гэрээ”-нд 42-99 УНЕ улсын дугаартай, Тоёота Кроун маркийн автомашиныг Э.Хаш-Эрдэнэд 10 000 000 төгрөгөөр зарсан, уг автомашиныг хүлээлгэн өгөхөд гэмтэлтэй байсан гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан 42-99 УНЕ улсын дугаартай, Тоёота кроун маркийн автомашины зургийг хэзээ авсан болох, уг гэмтлүүд нь хэзээ үүссэн болох нь тодорхойгүй байна. Мөн уг автомашинд үүссэн гэмтлийг засуулахад 500 000 төгрөгийн зардал гарсан гэсэн боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            “Итгэлт Эстимейт” ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн №72150 тоот автомашины техникийн эвдрэл хохирлын үнэлгээний тайланд “42-99 УНЕ улсын дугаартай, Тоёото кроун маркийн автомашины хохирол 300 500 төгрөг, 203 500  төгрөгөөр үнэлэгдсэн боловч уг үнэлгээг фото зургийг үндэслэн тогтоосон байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна гэж үзэв.

            Мөн нэхэмжлэгч Г.Ганзориг нь автомашиныг элдэв сэвгүй, бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн болох нь 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Автомашин хүлээлцсэн акт болон мөн өдөр авсан фото зургаар нотлогдоно гэж тайлбарласан, хариуцагч нь уг акт нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж маргасан боловч автомашиныг хүлээлцэхдээ 42-99 УНЕ улсын дугаартай автомашины зургийг урд ард талаас нь авсан болох нь гэрч Р.Долгорсүрэнгийн мэдүүлэг, автомашины фото зургаар нотлогдож байна.

            Иймд хариуцагчийн автомашиныг гэмтэлтэйн улмаас хямдруулан зарсан, засвар хийсэн гэдэг нь баримтаар нотлогдоогүй, мөн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн тодорхойлолтоор “2014 оны 8 сард Тоёото кроун маркийн автомашины зах зээлийн дундаж ханш 10 000 000 төгрөг” гэсэн байх тул зах зээлийн үнээс хямдруулан зарж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэв. /хэргийн 103-р хуудас/

            Харин хариуцагчаас автомашины оргиналь 4 ширхэг обудыг сольсон гэж тайлбарласан, нэхэмжлэгч солиогүй гэж маргасан боловч хэрэгт авагдсан автомашин хүлээлцсэн үеийн фото зурган дээрх обудь нь оргиналь хайлшин обудь мөн эсэхийг нотлоогүй тул нэхэмжлэгчээс обудны үнийг гаргуулж, хариуцагчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Хариуцагчаас 4 ширхэг обудны үнэд 600 000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан “Итгэлт Эстимейт” ХХК-ийн үнэлгээний №8/02 тоот тайланд обудны зах зээлийн үнийг 400 000 төгрөг гэсэн байх тул нэхэмжлэгчээс 400 000 төгрөг гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв. /хэргийн 102-р хуудас/

            Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийг хугацаандаа мөнгөө төлөөгүйн улмаас 10 000 000 төгрөгийн 2014 оны 3 дугаар сарын 25-наас 2014 оны 9 дүгээр сарын 11-ний хүртэл 180 хоног буюу 6 сарын банкны зээлийн хүүнд сард 1,6 хувиар тооцож 960 000 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа автомашины үнэ 18 000 000 төгрөгийг банкны зээлийн хүүнд төлөх байсан гэж тайлбарласан.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заажээ.

            Хариуцагч Ц.Сувд-Эрдэнэ нь 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №ЗГ1605030310 тоот Зээлийн гэрээг Голомт банктай байгуулсан болох нь нотлогдож байх боловч автомашины үнэ 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авч, зээлийн хүүнд төлсөн болохыг нотлосон баримтгүй, мөн автомашины үнийн үлдэгдэл 10 000 000 төгрөгийг хугацаандаа өгөөгүйн улмаас хүүгээ төлөөгүй хохирсон гэж үзэх үндэслэлгүй байна.       

            Иймд нэхэмжлэгч Г.Ганзоригоос 400 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд олгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс 8 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, нэхэмжлэгч М.Зоригтын хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд холбогдох 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганзоригоос 400 000 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд  олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8 860 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155 250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сувд-Эрдэнээс 142 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганзоригт олгож, хариуцагч Ц.Сувд-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 163 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ганзоригоос 12 650 төгрөгийг гаргуулж хариуцагч Ц.Сувд-Эрдэнэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ХУЛАН