Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 59

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 Даргалагч,

 Ерөнхий шүүгч                  Б.Батзориг

                                 Шүүгчид                            Я.Туул

                                                                 Д.Буянжаргал

                         Оролцогчид:

              Прокурор                         А.Ариунзаяа

  Хохирогчийн хууль  

  ёсны  төлөөлөгч                Д.Бямбасүрэн

  Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд

                                      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болормаа нар оролцож, Сэлэнгэ  аймгийн  Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д заасан гэмт хэрэгт Хотон овогт Жумдааны Дашнямд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201718020018 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Төв аймгийн Угтаал цайдам суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 3 дугаар баг Баянбулагийн 2-20 тоотод амьдардаг, урьд ял шийтгэлгүй, Хотон овогт Жумдааны Дашням /РД:НТ94040411/

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр

Шүүгдэгч Ж.Дашням нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Шарлангийн уулзвараас Ерөөгийн халуун рашаан явах замд 13-76СББ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “...жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 21 дүгээр зүйл 21.3 “...хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорх шаардлагын дагуу тоноглосон байна. а/ ..тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ ...тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх, г/ ...зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх...” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл хойшоо ухарч баруун талаар унасны улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан иргэн Л.Ганзаяагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Ж.Дашнямд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 59 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Хотон овгийн Жумдааны Дашнямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ж.Дашнямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгаж,

-Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, төлөх төлбөргүйг, шүүгдэгч Ж.Дашнямын жолооны үнэмлэх шүүхэд ирээгүйг дурьдаж,

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар Зил-131 маркын 13-76 СББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож,

-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдолдоо:

...Ялтан Ж.Дашнямын гэм буруутай үйлдлийн улмаас 2017 оны 01 сарын 10-наас 11-нд шилжих шөнө түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан иргэн Л.Ганзаяагийн амь нас хохирсон. Гэтэл шүүх шүүгдэгчид оноосон ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэсэн нь хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна. Учир нь: Хохирогч Л.Ганзаяагийн амь нас хохироосон Ж.Дашням нь шүүх хуралдаанаас өмнөх хугацаанд өөрийн гэм буруугаа ойлгохгүй, түүний өмгөөлөгч А.Хандмаа хохирлын хэмжээгээ багасга хэмээн хохирогчид дарамт шахалт үзүүлж байсан. Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг нь шүүх хуралдааны эхэнд шүүгдэгчийг настай аавтайгаа хамт амьдардаг гэх мэтээр хэлж, эцэстээ Ж.Дашнямд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэснээр барахгүй, шийдвэрээ гаргахдаа шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байсантай адил төлбөрийг гаргуулах үндэстэй хэмээн дүгнэсэн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогчийн төлбөр бүрэн төлөгдсөн байх хуулийн шаардлага хангагдаагүй байхад ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэсэн нь ийм шийдвэрийг гаргахад зориуд чиглэсэн шүүхийн ажиллагаа болсон гэхээр болж, хэргийг бүх талаас нь хэлэлцэхэд саад болсон гэж үзэж байна. Гэмт хэргийн учир шалгагдаж байхдаа Ж.Дашням нь хохирогчид учирсан гэм хорыг арилгах талаар санаачилга гаргахгүй байсан тул хохирогчийн төлөөлөгч Д.Бямбасүрэн нь Улаанбаатараас орон нутгийн тээврийн зардал гарган байж Ж.Дашнямтай уулзахаар удаа дараа Зүүнхараад очиж байсан боловч 3.335.000 төгрөгөөс өөр төлбөр хүлээн авч чадаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бямбасүрэн нь арга буюу хохирол төлүүлэх хэлцлийг Ж.Дашнямтай шүүхийн өмнө байгуулсан боловч энэхүү нотлох баримтыг ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг хүлээн аваагүй, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэлгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.2, 234 дүгээр зүйлийн 234.2-т заасныг тус тус зөрчин, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1-д заасан Хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэхэд хүргэж байна.

Ялангуяа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн эхнэр Д.Бямбасүрэн нь хохирогч нас барсан тохиолдолд учирсан гэм хорыг арилгахтай холбогдсон Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж учирсан гэм хорын зарим үр дагавар болох оршуулгын зардал, ийнхүү гэм хор учруулсны төлбөр болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бусад холбогдох төлбөрөөс нотлох баримт бүхий хэсэг болох бүгд 12 сая төгрөгийн баримтыг мөрдөн байцаалтын болон прокурор, шүүхийн шатанд тус тус гаргаж өгсөөр байтал шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шалтгаангүйгээр орхиж, нотлох баримтаар тогтоогдсон материаллаг хохирлын хэмжээг үндэслэлгүйгээр багасгаж 2.911.700 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хүний амь нас хохирсон гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалсан шүүхийн шийдвэрийг гаргах боломж олгоно уу...”  гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Ямар зүйл заалтыг яаж зөрчсөн талаар тодорхойгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирлын хэмжээг багасгах талаар хохирогчид дарамт үзүүлсэн гэж байна.  Өмгөөлөгчийн хувьд тийм дарамт үзүүлээгүй харин шүүгдэгчийн өмгөөлөгч дарамт үзүүлсэн гэж тайлбарлаж байна. Үүнд Ж.Дашнямд холбогдох хэргийг 2017 оны 05 сарын 04-ний өдөр шүүхээр хэлэлцэхээр товолсон байхад хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч хохирол төлбөр төлөөгүй тиймээс би шүүх хуралдааныг хойшлуулна гээд 2 удаа хойшлуулсан хамгийн сүүлд 2017 оны 05 дугаар сарын 23-нд зарлагдсан шүүх хуралдааныг өмгөөлөгч намайг хойшлуулаач гэж гуйхад нь би надад хурал хойшлуулах шалтгаан байхгүй, тиймээс та нар хуралдаа ирээрэй гэдгийг хэлж хурал хийгдсэн. Хурал эхлэх үед хохирогчийн өмгөөлөгч хохирол төлбөр барагдаагүй тиймээс нэг цагийн завсарлагаа өгөөч гэж гуйж нэг цаг хойшлуулсан энэ хугацаанд хохирол 12 сая төгрөг өг хэрэв өгөхгүй бол чамд гомдолтой гэж хэлнэ, чи тэр шорондоо орно биз гэж манай үйлчлүүлэгчийг дарамталсан. Бид тийм их мөнгө одоо бол байхгүй амьдрал хэцүү байдаг 80 гарсан настай аавтайгаа байдаг тэтгэврийн зээлийг нь авахуулж хохиролд өгсөн гэж учир байдлаа хэлэхэд өмгөөлөгч Б.Ганболд нь тэгвэл гэрээ хийж баталгаажуулж өг гэхэд нь өмгөөлөгч би гэрээ хийх шаардлага байхгүй гэхэд өмгөөлөгч намайг оролцуулахгүйгээр Ж.Дашнямыг 2 сая төгрөг 2017 оны 06 сарын 01-нээс өмнө өг, үлдэгдэл мөнгийг 2017 оны 10 сар гэхэд төлж барагдуул, тэгээд машинаа Д.Бямбасүрэнгийн нэр дээр шилжүүлнэ, сард хүүхдийн тэтгэлэг 300000 төгрөг төлнө гэж өөрөө гэрээ бичиж манай үйлчлүүлэгчийг албан хүчээр гарын үсэг зуруулж баталгаажуулсан байсан. Хэдийгээр хохирогчийн эрх ашгийг хамгаалж байгаа гэсэн хуульд заасан үйл ажиллагаа явуулахгүй өмгөөлөгч өөрөө хэт их шүүгдэгчийг дарамталж байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч байнга мөнгө нэхэж өмгөөлөгч над руу хагас, бүтэнсайн, өглөө оройгүй утсаар залгадаг байсан. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийн гол зорилго нь бол дарамталж байгаад л их хэмжээний мөнгө авчихвал болоо гэсэн байр суурьтай байдаг бид бол тэрэнд нь хүлээцтэй хандаж байсан. Мөн шүүх хурлаас өмнө ирж уулз эвлэрмээр байна гэхээр нь шүүгдэгч бид хоёр Улаанбаатар хот орж уулзаж байсан. Шүүх хурал дээр хохирогч, хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгчтэй бид эвлэрсэн хохирол төлбөргүй гэдгээ ч хэлсэн. Үнэхээр тийм дарамтанд байсан юм бол шүүх хурал дээр ч гэсэн санал гомдол гаргах эрх нь нээлттэй гэтэл тийм юм яриагүй харин ч бүр манай үйлчлүүлэгчийг дарамтлаад чи гэрээ хийсэн энэ мөнгөө өг өгөхгүй бол шоронд оруулна гэж дарамталдаг.  Хууль бусаар хийсэн гэрээгээ шүүхэд өгөхгүй бид хэрэв хугацаандаа мөнгөө өгөхгүй бол иргэний журмаар хандана гээд өөрсдөө авч үлдсэн хэрнээ ийм гомдол гаргаж байгаад гайхаж байна. Шүүхээс хохирогчийн эрх ашгийг хамгаалж 2,3 удаа шүүх хурал хойшлогдож байсан. Иймээс Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 59 тоот тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.

 

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Гомдлоо дэлгэрүүлж хэлье. Миний гомдол үндсэндээ иргэний нэхэмжлэлийн асуудлыг хамарч байна. …Бид хохирол төлбөрөө авах гэж явсан болохоос дарамталсан зүйл байхгүй. Орон зайн хувьд алслагдмал байдаг учир уулзахад бэрхшээлтэй, утсаар ярих гэхэд өөрсдөө утсаа хаачихдаг. Ийм нөхцөл байдлаас болоод гомдсон санасан зүйл байгаа бол түүнийг гомдол гаргадаг журмаар гаргах байх.  Бид бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан нотлох баримтынхаа хүрээнд хохирлоо нэхэмжилсэн. Анхан шатны шүүх хуралдаан болох өдөр бид юу гэж тохиролцсон бэ гэхээр иргэний хариуцагч Ж.Дашням болон иргэний нэхэмжлэгч Д.Бямбасүрэн нар хэлцэл хийсэн. Энэ хэлцлийнхээ үндсэн дээр анхан шатны шүүх хурал дээр оролцосон. Гэтэл анхан шатны шүүх хэлцэл хийсэн баримтыг авч хэлэлцээгүй. Хуучин Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлд заасан иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Ж.Дашнямын гэм бурууг нь анхан шатны шүүх тогтоосонгүй. Бидний гаргаж өгсөн хохирлын нотлох баримтын үнийн дүнг их хэмжээгээр багасгасанд гомдолтой байна. Гэм хорын асуудлыг шүүх шийдсэнгүй. Иргэний нэхэмжлэгчийн эрхийг хамгаалсангүй. Хуучин  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасан хэрэгт оролцогчийн эрхийг хасах буюу хязгаарлах замаар энэ хуулийг ноцтойгоор зөрчсөн. Мөн процессын ажиллагааны явцад бид иргэний хариуцагчийг тогтоогоод түүнээс хохирол төлбөрийг гаргуулах асуудлыг тавьж байсан. Тухайн машины эзэмшигч нь 3 хүн байгаа юм шиг зүйл тогтоогдож шүүх хуралд орж ирсэн. Тухайн хэргийг үйлдэхэд ашигласан машины өмчлөгч нь н.Баасанхүү, н.Батсүх гэсэн хүмүүс албан ёсоор байж байгаад сүүлдээ Ж.Дашнямд шилжүүлсэн болж өөрчлөгдсөн. Энэ бол хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэтэл энэ талаар ямар нэгэн шийдвэр байхгүй, мөн битүүмжилсэн тогтоолыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Одоо бид хохирогчийн эрхийг хамгаалсан шийдвэр гаргахын тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх гэм хорын асуудлыг нотлох баримтыг үндэслэж шийдэх хэрэгтэй гэж үзэж байна гэв.

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         Ж.Дашням 12 сая төгрөгөөр тохирсон боловч 2 сая төгрөг өгсөн гэв.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбартаа: Ж.Дашнямд холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын Прокурорын газраас Ж.Дашням нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Шарлангийн уулзвараас Ерөөгийн халуун рашаан явах замд 13-76СББ улсын дугаартай Зил-131 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.1 “...жолооч тээврийн хэрэгслийн онцлог байдал, замын болон хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна...”, 21 дүгээр зүйл 21.3 “...хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашины тэвшинд зорчигч тээвэрлэх тохиолдолд жолооч нь тээврийн хэрэгслийг доорхи шаардлагын дагуу тоноглосон байна. а/ ..тэвшин дотор суудал засаж бат бөх бэхэлсэн байх бөгөөд суудлын тавцан нь шалнаас 0.3-0.5 метр, хашлагын дээд ирмэгээс багагүй байх, в/ ...тэвшний хойд болон хажуу хашлагын дагуу зассан суудал нь түшлэгтэй байх, г/ ...зорчигчдыг буулгах, суулгах шаттай байх...” гэх заалтуудыг тус тус зөрчин хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйгээс тээврийн хэрэгсэл хойшоо ухарч баруун талаар унасаны улмаас тус тээврийн хэрэгслийн тэвшин дээр зорчиж явсан иргэн Л.Ганзаяагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх Ж.Дашнямд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 59 дугаартай шийтгэх тогтоолоор Шүүгдэгч Хотон овгийн Жумдааны Дашнямыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар Ж.Дашнямын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 06 сарын хугацаагаар хасч, 03 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ж.Дашнямд оногдуулсан 03 жил, 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, ялтанд хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст даалгахаар тус тус зааж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлын дагуу Ж.Дашнямд холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлгийн шатанд  эрүүгийн хавтаст хэрэгт авагдаагүй эрүүгийн хэргийн шүүгдэгч, иргэний хариуцагч Ж.Дашням болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Бямбасүрэн нарын хооронд байгуулагдсан хохиролтой холбоотой гэрээг шинжлэн хэлэлцэж улмаар уг гэрээг үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан  гэм хорын хохиролтой холбоотой иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн болох нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогч болон түүний өмгөөлөгч нарын  тайлбар, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 135-141-р ху/ зэргээр тогтоогдож байх тул шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан …шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй…гэж гэж үзэхээр байна.

         Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хор арилсан талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь үндэслэлгүй, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн энэ талаарх баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Мандал сум дахь Сум дундын шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн  59 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 59 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол Ж.Дашнямд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                               ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                               ШҮҮГЧИД                                 Я.ТУУЛ

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ