Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 164

 

 

 

 

 

2020         01         29                                      2020/ШЦТ/164

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Дд холбогдох 1906 03432 1972 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтий, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, ах, бэр эгч, тэдний 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 19 дүгээр гудамжны 326 тоотод оршин суух, улсаас авсан шагнагүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Агийн Д /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Д нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зогсоол дээр иргэн Д.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дн өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одбаярын өгсөн: “... би машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй муудалцсан. Тухайн хүүхэн намайг харааж нулимаад гараараа 1 удаа цохид машины урд хэсэг рүү өшиглөсөн. Намайг маш их харааж, хэрүүл өдөөд байсан. Би тухайн эмэгтэйг “зайл гичий минь” гэж хэлсэн. Хараалын үг хэлсэн нь миний буруу, би өөр буруу зүйл хийгээгүй. Ингээд би машиндаа ороод сууж байтал 20-30 минутын дараа нэг залуу ирээд миний машины хаалгыг онгойлгоод гараад ир гэж хэлэхээр нь би машинаасаа гарсан. Гэтэл намайг заамдаж аваад боосон. Би “тавьчих” гээд олон удаа гуйж байгаад өөрөө арай гэж тавиулсан. Би хаячихаад явж байтал араас тэр залуу “ална хядна” гээд орилоод байхаар нь би зодолдохгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу машиныхаа ард талыг ухаж байгаад алх бариад хүрээд ирсэн. Над дээр ирээд алхаараа далайхад нь би эргэтэл миний нуруу луу цохичихсон. Ингээд би газар унасан ба унасан байхад миний зүүн хөлнөөс гараараа бариад чирж байгаад барьж байсан алхаараа 2 удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүс тэр залууг салгаад барьж авсан. Намайг босоод ирэхэд тухайн залуу хамт явсан найз болох залуугийн Приус-11 маркийн машинд сууж зугтсан, ингээд би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цолмонгийн гэрчээр өгсөн: “... Бид ажил дээрээ дугуй сольж байтал нэг хүн алх гуйсан байсан бөгөөд буцаагаад өгөхдөө Дагий ахад өгсөн. Би Дагий ахаас аваад машиндаа хийсэн...” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6703 дугаартай:

“1. Б.Одбаярын биед зүүн дал гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун тохой, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөделмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Дн яллагдагчаар өгсөн: “Би тус өдөр “Да хүрээ” захын зогсоол дээр зогсож байсан машинаа зарах гээд тус зогсоолоос машиныг хөдөлгөн явтал миний оронд өөр машин ирээд зогсчихсон байсан. Ингээд би эргээд зах руу ортол Цоомоо гэх манай дүү “таны зогсоол дээр машин зогсоод гарахгүй байна, намайг доромжлоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь миний зогсоол дээр зогсож байсан машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээтэл нэг үл таних эрэгтэй залуу байсан бөгөөд би тэр залууд хандан “энэ зогсоолоос гарчихаа, би машинаа оруулах гэсэн юм, энэ зогсоол миний зогсоол” гэж хэлсэн. Тэгтэл “би энд зогсоно, чиний зогсоол гэж юу байдаг юм” гэсэн. Тэгэхээр нь би “чи яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байдаг юм бэ” гэсэн. Тэгтэл шууд над руу салаавч гаргасан бөгөөд машинаасаа буугаад ирсэн. Тэгснээ машинаа тойрон над дээр ирэн ямар нэгэн шалтгаангүйгээр шууд намайг хавсраад унагачихсан. Ингээд би газар унасан бөгөөд босч ирээд нөгөө залууг заамдсан. Тэгтэл миний гарыг цохиод заамдахыг болиулсан бөгөөд хажуу талаас Дэмбэрэл бид хоёрыг салгасан. Ингээд бид хоёр зайтай зогсож байтал нөгөө үл таних залуу хэрүүл хийгээд ухарч алхаж байгаад хойд талд байх бетонон цементэн дээр тээглээд уначихсан. Тэгснээ босч ирснээ намайг “зодолдъё” гээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би зугтаагаад найзынхаа машинд суугаад тус хашаанаас гараад явсан. Нөгөө залуу машины хаалга татаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх.59-58/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Д нь 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зогсоол дээр иргэн Д.Одбаярыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одбаярын өгсөн: “... Гэтэл намайг заамдаж аваад боосон... Над дээр ирээд алхаараа далайхад нь би эргэтэл миний нуруу руу цохичихсон. Ингээд би газар унасан ба унасан байхад миний зүүн хөлнөөс гараараа бариад чирж байгаад барьж байсан алхаараа 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Цолмонгийн гэрчээр өгсөн: “... Бид ажил дээрээ дугуй сольж байтал нэг хүн алх гуйсан байсан бөгөөд буцаагаад өгөхдөө Дагий ахад өгсөн. Би Дагий ахаас аваад машиндаа хийсэн.” гэх мэдүүлэг /хх.23-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6703 дугаартай:

“1. Б.Одбаярын биед зүүн дал гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун тохой, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөделмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.28/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Дн өгсөн: “... хохирогчийг заамдахад хүзүүнд нь цус хуралт үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

 

А.Дн “хохирогчийн биед гэмтэл учруулаагүй” гэх мэдүүлэг нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.Дд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Дн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Д.Одбаяр нь нэхэмжлэл гаргаагүй боловч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Дгөөс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

А.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ А.Дн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

А.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.

          А.Дг цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Б овогт Агийн Дг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.Дд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг А.Дд сануулсугай.

          5. А.Дг цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч Д.Одбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч А.Дгөөс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР