Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 1204

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                    А.Д-д холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Ариунсанаа,

шүүгдэгч А.Д-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/3164 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор И.Ариунсанаагийн бичсэн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 120 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн А.Д-д холбогдох эрүүгийн 1906034321972 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн А.Д-, 19.. оны .. дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, ах, бэр эгч, тэдгээрийн хүүхдүүдийн хамт ................... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................/;

А.Д- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн хүлэг” автомашины зогсоол дээр иргэн Д.О-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.Д-н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар энэ удаагийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдлоо. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй" гэж, тус зүйлийн 2 дахь хэсэгт "хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заажээ.

Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "1.1. гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих дор дурдсан зарим байдлыг гүйцэд тогтоогоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О-ын өгсөн: "... би машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй муудалцсан. Тухайн хүүхэн намайг харааж нулимаад гараараа 1 удаа цохиод машины урд хэсэг рүү өшиглөсөн. Намайг маш их харааж, хэрүүл өдөөд байсан. Би тухайн эмэгтэйг "зайл гичий минь" гэж хэлсэн. Хараалын үгхэлсэн нь миний буруу, би өөр буруу зүйл хийгээгүй. Ингээд би машиндаа ороод сууж байтал 20-30 минутын дараа нэг залуу ирээд миний машины хаалгыг онгойлгоод гараад ир гэж хэлэхээр нь би машинаасаа гарсан. Гэтэл намайг заамдаж аваад боосон. Би "тавьчих" гээд олон удаа гуйж байгаад өөрөө арай гэж тавиулсан. Би хаячихаад явж байтал араас тэр залуу "ална хядна" гээд орилоод байхаар нь би зодолдохгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу машиныхаа ард талыг ухаж байгаад алх бариад хүрээд ирсэн. Над дээр ирээд алхаараа далайхад нь би эргэтэл миний нуруу луу цохичихсон. Ингээд би газар унасан ба унасан байхад миний зүүн хөлнөөс гараараа бариад чирж байгаад барьж байсан алхаараа 2 удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүс тэр залууг салгаад барьж авсан. Намайг босоод ирэхэд тухайн залуу хамт явсан найз болох залуугийн Приус-11 маркийн машинд сууж зугтсан, ингээд би цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг, /хх.15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Дэмбэрэлийн өгсөн: "Манай ажлын байрны хажууд машин зардаг Даш-Өлзий гэх залуу машин хүмүүст үзүүлэх гээд хөдөлгөж яваад үзүүлэх хооронд тус машины байранд нэг машин зогсчихсон байсан. Ингээд машинаа буцаад өөрийн зогсоол дээр тавина гэхэд нөгөө залуу нь зогсчихсон гээд муудалцсан. Хоорондоо муудалцаад байж байтал машинаа тавьчихаад маргалдаж байсан залуу Даш-Өлзийг унагаасан. Намайг нэг харахад Даш-Өлзий гэх залуу бөгсөөрөө газар унаад босч ирсэн. Ингээд босч ирээд хоорондоо барьцалдаж авахаар нь би, зах дээр хамт ажилладаг хүмүүсийн хамт болиулсан юм. Машинаа тавьчихаад гарахгүй гээд байсан залуу машиндаа буцаад ортол Цоомоо гэх Даш-Өлзийтэй хамт зогсдог хүүхэнтэй машинаа тавьсан залуутай хэрэлдсэн. Тухайн үед би номер авах гээд явчихаад эргэж иртэл цагдаагийн машин ирчихсэн байсан. Даш-Өлзий байхгүй, нөгөө машинаа тавьсан залуу цагдаагийн хүмүүстэй уулзаад Цоомоо гэх эмэгтэйн хамт зогсож байсан. Тухайн үед машин тавьсан залуу цементэн дээр давж унасан гээд гар нь шалбарчихсан байсан. Даш-Өлзийн хүн зодсон эсэхийг хараагүй. Гэхдээ машинаа тавьсан залуу түлхэж Даш-Өлзий бөгсөөрөө унахыг харсан. Даш-Өлзийн баруун гар муу учир машины дугуй хагарчихлаа боож өгөөч гэхэд нь машины дугуйг нь боож өгч байсан удаатай. Хүн цохиж чадах эсэхийг хэлж мэдэхгүй байна, дугуйны боолт боож чаддаггүй хүн хүн цохиж гэмтээж чадахгүй болов уу гэж бодож байна..." гэх мэдүүлэг /хх.20-22/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цолмонгийн өгсөн: "Даш-Өлзий бид хоёр нэг газар машин зардаг. Даш-Өлзий машин үзүүлэхээр зогсоолоос гарсан хооронд би зогсоолыг нь харж байсан юм. Гэтэл нэг залуу зогсоолд машинаа тавьчихлаар нь энэ бидний гэрээтэй зогсоол байгаа юм. Өөр зогсоол зөндөө байгаа тул зогсоолд машинаа тавиарай гэтэл "чадахгүй, чиний зогсоолын гэрээ чинь хаана байгаа юм харъя" гэж хэлээд над руу салаавч гаргаж намайг хаалгаараа саваад миний машиныг зурах гээд байсан. Ингээд би захиргаа луу дагуулж ороод миний зогсоол гэдгээ баталж захиргааны хүмүүсээр хэлүүлсэн. Удалгүй Дагий ах буюу Даш-Өлзий иртэл зогсоолоос болоод хэрэлдэж байтал Дагий ах өөр газар зогссон. Бид нар ч хэрэлдээд байхаар нь чимээгүй орхитол машинаа тавьсан залуу ганцаараа хэрүүл хийж хашгираад байсан. Бид нар энэ үйл явдлаас болоод тэр өдөр машинаа огт зарж чадаагүи. Би машинаа хүнд унуулж үзүүлээд байж байтал дахиад л хэрэлдээд байсан. Намайг машинаа тавьж байхад тухайн машинаа тавьсан залуу Дагий ахыг хавирч унагааж гайсан. Өөр надад харсан зүйлгүй. Бид ажил дээрээ дугуй сольж байтал нэг хүн алх гуйсан байсан бөгөөд буцааж өгөхдөө Дагий ахад өгсөн. Би Дагий ахаас аваад машиндаа хийсэн. Дагий нь алхаар хүн цохих, хэн нэгнийг зодох чадваргүй буюу машины дугуйны боолтыг ч барьж чаддаггүй группт байдаг хүн байгаа юм. Намайг маш олон муу муухай үгээр доромжилсон, би өргөдөл гаргахаар бол гаргана. Гэхдээ намайг өөрөө хаалгаараа түлхэж савсан бөгөөд би үүн дээр өргөдөл гаргаагүй чимээгүй орхисон..." гэх мэдүүлэг /хх.23-25/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч М.Золжаргалын өгсөн: "Тухайн хүүнийатгах үйлдэл алдагдсан тул баруун гарын алгаар гэх мэт гараараа цохих үйлдэл хийх боломжтой. Алх барьж бусдыг цохих, алх ямар нэгэн зүйл атгаж цохих үйлдэл хийх боломжгүй..." гэх мэдүүлэг /хх.27/,

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ө.Сарангэрэлийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6703 дугаартай:

"1. Б.Одбаярын биед зүүн дал гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун тохой, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх.28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 9419 дугаартай:

"1. А.Д-гийн баруун гарын шуу баруун сарвууны алганы ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь 2015.12.01-ний өдөр ү/ссэн байх боломжтой.

4. А.Д-н баруун гарын шуу, баруун сарвууны алганы ясны далд
хугарлын улмаас баруун бугуй, сарвууны шөрмөс, булчин хатингаршиж атгах,
тэнийлгэх үйл ажиллагаа алдагдсан тул юм атгаж цохих үйлдэх хийх боломжгүй ба
гараар цохих үйлдэх хийх боломжтой.

5.         Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь
эмчилгээний явцаас хамаарна" гэх дүгнэлт /хх.32/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Д-н яллагдагчаар өгсөн: "Би тус өдөр "Да хүрээ" захын зогсоол дээр зогсож байсан машинаа зарах гээд тус зогсоолоос машиныг хөдөлгөн явтал миний оронд өөр машин ирээд зогсчихсон байсан. Ингээд би эргээд зах руу ортол Цоомоо гэх манай дүү "таны зогсоол дээр машин зогсоод гарахгүй байна, намайг доромжлоод байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь миний зогсоол дээр зогсож байсан машины жолоочийн эсрэг талын хаалгыг нээтэл нэг үл таних эрэгтэй залуу байсан бөгөөд би тэр залууд хандан "энэ зогсоолоос гарчихаа, би машинаа оруулах гэсэн юм, энэ зогсоол миний зогсоол" гэж хэлсэн. Тэгтэл "би энд зогсоно, чиний зогсоол гэж юу байдаг юм" гэсэн. Тэгэхээр нь би "чи яагаад эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод байдаг юм бэ" гэсэн. Тэгтэл шууд над руу салаавч гаргасан бөгөөд машинаасаа буугаад ирсэн. Тэгснээ машинаа тойрон над дээр ирэн ямар нэгэн шалтгаангүйгээр шууд намайг хавсраад унагачихсан. Ингээд би газар унасан бөгөөд босч ирээд нөгөө залууг заамдсан. Тэгтэл миний гарыг цохиод заамдахыг болиулсан бөгөөд хажуу талаас Дэмбэрэл бид хоёрыг салгасан. Ингээд бид хоёр зайтай зогсож байтал нөгөө үл таних залуу хэрүүл хийгээд ухарч алхаж байгаад хойд талд байх бетонон цементэн дээр тээглээд уначихсан. Тэгснээ босч ирснээ намайг "зодолдъё" гээд над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би зугтаагаад найзынхаа машинд суугаад тус хашаанаас гараад явсан. Нөгөө залуу машины хаалга татаад үлдсэн..." гэх мэдүүлэг /хх.59-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд:

А.Д- нь хохирогч Д.О-ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар нотлох баримт хангалтгүй цуглуулсан байх бөгөөд хохирогч Д.О-ын мэдүүлэгт дурдагдсан эх сурвалжуудыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны эхнээс автомашин, сэлбэгийн худалдааны "Да хүрээ" захын хэрэг үйлдэгдсэн тухайн хэсгийн камерийн бичлэгийг хураан авч бэхжүүлэх, уг хэрэг үйлдэгдсэн газар тэр үед байсан хөндлөнгийн хүмүүс болон цагдаагийн 2 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах зэрэг хэрэгт зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгээгүй байна.

Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор И.Ариунсанаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна.

Үүнд: Яллагдагч А.Д- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хохирогч Д.О-ын "...би машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй муудалцсан. Тухайн хүүхэн намайг харааж нулимаад гараараа 1 удаа цохиод машины урд хэсэг рүү өшиглөсөн. Намайг маш их харааж, хэрүүл өдөөд байсан би тухайн эмэгтэйг зайл гичий минь гэж хэлсэн. Хараалын үг хэлсэн нь миний буруу би өөр буруу зүйл хийгээгүй. Ингээд би машиндаа ороод сууж байтал 20-30 минутын дараа нэг залуу ирээд миний машины хаалгыг онгойлгоод гараад ир гэж хэлэхээр нь би машинаасаа гарсан. Гэтэл намайг заамдаж аваад боосон. Би тавьчих гээд олон удаа гуйж байгаад өөрөө арай гэж тавиулсан. Би хаячихаад явж байтал араас тэр залуу ална хядна гээд орилоод байхаар нь би зодолдохгүй гэдгээ хэлсэн. Гэтэл тэр залуу машиныхаа ард талыг ухаж байгаад алх бариад хүрээд ирсэн. Над дээр ирээд алхаараа далайхад нь би эргэтэл миний нуруу руу цохичихсон. Ингээд би газар унасан ба унасан байхад миний зүүн хөлнөөс гараараа бариад чирж байгаад барьж байсан алхаараа 2 удаа цохисон. Энэ үед хажууд байсан хүмүүс тэр залууг салгаад бариад авсан.Намайг босоод ирэхэд тухайн залуу хамт явсан найз болох залуугийн приус 11 маркийн машинд суугаад зугтсан ингээд би цагдаа дуудсан.... " гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, Гэрч Д.Цолмонгийн "...Бид ажил дээрээ дугуй сольж байтал нэг хүн алх гуйсан байсан бөгөөд буцаагаад өгөхдөө Дагий ахад өгсөн. Би Дагий ахаас аваад машиндаа хйисэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/, Шинжээчийн 6704 дугаартай дүгнэлт: Б.Одбаярын биед зүүн дал гуяны зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун тохой, баруун зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй" /хх-ийн 28/, зэрэг хангалттай үндэслэл бүхий нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон. Мөн хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлын талаар хохирогч Д.О- шүүх хуралдааны явцад тодорхой мэдүүлсэн зэргээс үзвэл:

Захирамжид дурьдсан "Д.О-ын мэдүүлэгт дурдагдсан эх сурвалжуудыг тогтоох зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны эхнээс автомашин, сэлбэгийн худалдааны "Да хүрээ" захын хэрэг үйлдэгдсэн тухайн хэсгийн камерийн бичлэгийг хураан авч бэхжүүлэх, уг хэрэг үйлдэгдсэн газар тэр үед байсан хөндлөнгийн хүмүүс болон цагдаагийн 2 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах..." зэргийг хэрэгт зайлшгүй гүйцэтгэвэл зохих ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй өөрөөр хэлбэл дээрх заасан ажиллагаанаас өөр бусад нотлох баримтаар Даш-Өлзийгийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул заавал нэмэлт ажиллагаа явуулах шаардлагагүй байна.

Иймд хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтад мэдээллийг нотлох баримт гэнэ гэж заасан. А.Д-д холбогдох хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн ба хууль бус арга, хэрэгслээр цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Эрүүгийн 1906034321972 дугаартай хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлага байхгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байхгүй байх тул Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан' шатны шүүхийн 2019/ ШЦТ/3164 дугаартай Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив” гэв.

Шүүгдэгч А.Д- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан. Миний гар атгаж болдоггүй, үеэрээ нугалардаггүй. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх А.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “А.Д- нь хохирогч Д.О-ыг цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нотлох баримт хангалтгүй цуглуулсан, хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан эх сурвалжуудыг тогтоож, тухайн хэсгийн камерийн бичлэгийг авах, бусад хөндлөнгийн хүмүүс болон цагдаагийн 2 ажилтнаас гэрчийн мэдүүлэг авах” зэрэг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасныг прокурор эс зөвшөөрч “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх”-ээр эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаас прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Түүнчлэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг зөвхөн мөрдөн шалгах явцад бус шүүх хуралдааны явцад нотлохоор, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох” зэрэг асуудлыг хэлэлцэхээр заажээ.

Өөрөөр хэлбэл, А.Д-гийн гэм буруутай эсэхийг хэрэг авагдсан нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх боломжтой юм.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Д-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Шүүгчийн захирамжийн дугаарыг 2019/ШЦТ/... гэж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байдлаар дугаарласан байгааг анхаарах хэрэгтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2019/ШЦТ/3164 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, А.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ