Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 171

 

 

 

 

 

2020         01         30                                      2020/ШЦТ/171

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэцэцэг /ҮД:1711/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох 1906 04088 2363 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг, Баянтээрэм гэх газар оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн 1629 дүгээр гудамжны Б тоотод түр оршин суух, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дугаар зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шинэ хуулийн тэгшитгэлээр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бийн Д /РД:....................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын Өргөтгөлийн хэсэгт иргэн С.Батжаргалын 4.346.800 төгрөгийн үнэтэй алтан гинжийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дамдингомбын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батжаргалын өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 18:00 цагийн үед Баянзүрх дуүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөл дээр ариун цэврийн өрөө ороод гараад явж байхдаа хайрцаг зардаг зүс таних охинтой зам чөлөөлсөнгүй гээд маргаж байх хооронд араас үл таних нэг эрэгтэй хүн хүзүүдэж аваад 2 дугаар цайны газрын тийш яваад шууд боогоод би ухаан алдсан. Тэгээд босоод ирэхэд хүзүүнд байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 50 граммтай 5.85 сорьцтой 2013 онд 2.500.000 төгрөгөөр авч байсан өргөн гинж байхгүй, харааны нүдний шил алга болсон байсан. Нүдний шил 250.000 төгрөгийн үнэтэй...’’ гэх мэдүүлэг /хх.18-22/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.10-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Мөнхтуяагийн өгсөн: “... Тэр өдөр нөхөр бид хоёр ажлаа хийж байгаад нөхөр бие засна гэж хэлээд явсан ба ирэхгүй нилээд удчихаар нь би хүнтэй таараад явсан байх гэж бодоод байж байтал ирэхдээ нүүр ам нь шалбарсан, өвдөг нь хүртэл шалбарсан хүнд дээрэмдүүлчихлээ гээд ирсэн... Нарантуул захаар тэнээд явж байдаг Ганаа гэж дууддаг залуу байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Үүрцайхын өгсөн: “... Ганаа гээд залуу ганцаараа ирж “эд нартай юу ярих гэсэн юм, явъя” гээд Батаа ахыг дагуулаад баруун урагшаа чиглэлтэй яваад өгсөн, тэгээд удаагүй ойролцоогоор 20 орчим минутын хугацааны дараа Батаа ах гинжээ булаалгачихлаа гээд хөл, нүүр нь шалбарчихсан ирсэн бөгөөд удаагүй цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-9/,

“Дамно” ХХК-й 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БЗ1-19-662 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дамдингомбын яллагдагчаар өгсөн: “... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд маргалдаж байхдаа хүзүүнд нь байсан шар өнгийн гинжийг тасдан булаагаад зугтаасан юм. ...Тогтохыг гинжээ зарчихаад ир гэж хэлээд явуултал 1.500.000 төгрөгөөр Тогтохоо Нарантуул зах дотор зарсан гээд ирсэн. Авч ирсэн 1.500.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг Тогтоход өгөөд, үлдсэн мөнгийг нь би өөрөө аваад тус тусдаа салж яваад 1.200.000 төгрөгөөр архи дарс хэрэглэж баар саванд ороод дууссан...” гэх мэдүүлэг /хх.52/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахьхэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын Өргөтгөлийн хэсэгт иргэн С.Батжаргалын 4.300.000 төгрөгийн үнэтэй алтан гинжийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Батжаргалын өгсөн: “... араас үл таних нэг эрэгтэй хүн хүзүүдэж аваад 2 дугаар цайны газрын тийш явж шууд боогоод би ухаан алдсан. Тэгээд босоод ирэхэд хүзүүнд байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 50 граммтай 5.85 сорьцтой, 2013 онд 2.500.000 төгрөгөөр авч байсан өргөн гинж байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх.18-22/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх.10-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Мөнхтуяагийн өгсөн: “... нүүр ам нь шалбарсан, өвдөг нь хүртэл шалбарсан хүнд дээрэмдүүлчихлээ гээд ирсэн... Нарантуул захаар тэнэж яваад байдаг Ганаа гэж дууддаг залуу байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Үүрцайхын өгсөн: “... Ганаа гээд залуу ганцаараа ирж эд нартай юу ярих гэсэн юм явъя гээд Батаа ахыг дагуулж баруун урагшаа чиглэлтэй яваад өгсөн, тэгээд удаагүй ойролцоогоор 20 орчим минутын хугацааны дараа Батаа ах гинжээ булаалгачихлаа гээд хөл, нүүр нь шалбарчихсан ирсэн бөгөөд удаагүй цагдаа дуудчихсан...” гэх мэдүүлэг /хх.26/,

Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.5-9/,

“Дамно” ХХК-й 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн БЗ1-19-662 дугаартай дүгнэлт /хх.30-31/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Дамдингомбын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд маргалдаж байхдаа хүзүүнд нь байсан шар өнгийн гинжийг тасдаж булаагаад зугтаасан юм... Тогтохыг гинжээ зарчихаад ир гэж хэлээд явуултал 1.500.000 төгрөгөөр Тогтохоо Нарантуул зах дотор зарсан гээд ирсэн. Авч ирсэн 1.500.000 төгрөгнөөс 300.000 төгрөгийг Тогтоход өгч, үлдсэн мөнгийг нь би өөрөө аваад тус тусдаа салж яваад 1.200.000 төгрөгөөр архи дарс хэрэглэж баар саванд ороод дууссан...” гэх мэдүүлэг /хх.52/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Дамдингомбын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Дамдингомбыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Дамдингомбын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Гэмт хэргийн улмаас алдагдсан алтан гинжний үнэ 4.300.000 төгрөг, эвдэрсэн нүдний харааны шилний үнэ 46.800 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөр 80.000 төгрөг нийт 4.426.800 төгрөгийг шүүгдэгч Б.Дос гаргуулж хохирогч С.Батжаргалд олгох зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Дамдингомбын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

          Б.Дд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Б.Дамдингомбыг 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилж, 2019 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс одоог хүртэл  цагдан хорисон нийт 93 хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Бийн Дамдингомбыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Б.Дд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Дамдингомбыг урьд нь цагдан хорьсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дос 4.426.800 төгрөг гаргуулж хохирогч С.Батжаргалд олгосугай.           

             8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

       ШҮҮГЧ                    С.ӨСӨХБАЯР