Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

  

    2020           3             24                                       2020/ДШМ/342                                  

 

 

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Сайнбаяр,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дамдингомбын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч түүнд холбогдох эрүүгийн 1906040882363 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.Д, 1992 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 4а хэсэг, Сургуулийн 1629б тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ЛД92072711/;

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял,

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 781 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн н 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр суллагдсан,

 

Б.Д нь 2019 оны 7  дугаар сарын 5-ны өдөр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын Өргөтгөлийн хэсэгт иргэн С.Батжаргалын алтан гинжийг хүч хэрэглэж авахаар довтолж, 4.346.800 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Дамдингомбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Буянгаагийн Дамдингомбыг “Бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Дд  5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус зааснаар Б.Дд оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, Б.Дамдингомбыг урьд нь цаглан хорьсон 93 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дос 4.426.800 төгрөг гаргуулж хохирогч С.Батжаргалд олгож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдолдоо: Миний бие нь тухайн гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаах ажиллагаанд хүндрэл учруулахгүй асуудлыг шийдүүлсэн байдаг. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул хохирлыг төлөх боломжгүй байдал бий болсон. Анхан шатны шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлөхөөр 5 хоногийн завсарлагыг өмгөөлөгчийн зүгээс гаргасан. Гэвч өмгөөлөгчийг гаргасан хүсэлтийг хангалгүй орхигдуулснаар эрх зүйн байдалд минь дордсон. Миний бие нь эхнэр , охины хамт амьдарч байсан. Одоогоор эхнэр Оюунчимэг 4 сартай жирэмсэн харж хандах хүн байхгүй. Иймд ар гэрийн байдлыг минь хүндэтгэн үзэж надад оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. Цаашид хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж бусдад учируулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. ...” гэжээ.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Д нь 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын Өргөтгөлийн хэсэгт иргэн С.Батжаргалын алтан гинжийг хүч хэрэглэж авахаар довтолж, 4.346.800 төгрөгийн үнэ бүхий алтан гинжийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Батжаргалын өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр 18:00 цагийн үед Баянзүрх дуүргийн 14 дүгээр хороо, Нарантуул захын өргөтгөл дээр ариун цэврийн өрөө ороод гараад явж байхдаа хайрцаг зардаг зүс таних охинтой зам чөлөөлсөнгүй гээд маргаж байх хооронд араас үл таних нэг эрэгтэй хүн хүзүүдэж аваад 2 дугаар цайны газрын тийш яваад шууд боогоод би ухаан алдсан. Тэгээд босоод ирэхэд хүзүүнд байсан Солонгос улсад үйлдвэрлэсэн 50 граммтай 5.85 сорьцтой 2013 онд 2.500.000 төгрөгөөр авч байсан өргөн гинж байхгүй, харааны нүдний шил алга болсон байсан. Нүдний шил 250.000 төгрөгийн үнэтэй. ...” /хх 18-22/,

 

гэрч Ё.Мөнхтуяагийн өгсөн: “...Тэр өдөр нөхөр бид хоёр ажлаа хийж байгаад нөхөр бие засна гэж хэлээд явсан ба ирэхгүй нилээд удчихаар нь би хүнтэй таараад явсан байх гэж бодоод байж байтал ирэхдээ нүүр ам нь шалбарсан, өвдөг нь хүртэл шалбарсан хүнд дээрэмдүүлчихлээ гээд ирсэн Нарантуул захаар тэнээд явж байдаг Ганаа гэж дууддаг залуу байсан гэж хэлсэн. ...” /хх.23/,

 

гэрч Ч.Үүрцайхын өгсөн: “...Ганаа гээд залуу ганцаараа ирж “эд нартай юу ярих гэсэн юм, явъя” гээд Батаа ахыг дагуулаад баруун урагшаа чиглэлтэй яваад өгсөн, тэгээд удаагүй ойролцоогоор 20 орчим минутын хугацааны дараа Батаа ах гинжээ булаалгачихлаа гээд хөл, нүүр нь шалбарчихсан ирсэн бөгөөд удаагүй цагдаа дуудчихсан. ...” /хх 26/,

 

Шүүгдэгч Б.Дамдингомбын яллагдагчаар өгсөн: "... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... Тэгээд маргалдаж байхдаа хүзүүнд нь байсан шар өнгийн гинжийг тасдан булаагаад зугтаасан юм. ...Тогтохыг гинжээ зарчихаад ир гэж хэлээд явуултал 1.500.000 төгрөгөөр Тогтохоо Нарантуул зах дотор зарсан гээд ирсэн. Авч ирсэн 1.500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг Тогтоход өгөөд, үлдсэн мөнгийг нь би өөрөө аваад тус тусдаа салж яваад 1.200.000 төгрөг төгрөгөөр архи дарс хэрэглэж баар саванд ороод дууссан. ...” /хх 52/,

 

“Дамно” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б31-19-662 дугаартай дүгнэлт /хх 30-31/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Буянгаагийн Дамдингомбыг “бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй.

 

Б.Дд холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд анхан шатны  шүүх  хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар  5 жилийн хугацаагаар хорих...” ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Д нь “ хорих ялыг хөнгөрүүлж өгөх”-ийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Б. Дамдингомбо нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 4.426.800 төгрөгийн хохирлоо нөхөн төлөөгүй, урьд өмнө гэмт хэрэг үйлдэж байсан боловч хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй удаа дараа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүхээс ял оногдуулсан байх бөгөөд шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон тул   шүүгдэгч Б.Дамдингомын  “...хоригдож байх хугацаандаа ажил хөдөлмөр эрхэлж бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулна. Иймд хорих ялыг багасгаж өгнө үү. ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.Дамдингомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дамдингомбын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                      

 

                                                                        

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

 

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

                                ШҮҮГЧ                                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ