Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 696

 

С.Б, Ү.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Н.Гэрэлмаа,

          ялтан, хохирогч Ү.Б,

          нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 17 дугаартай эсэргүүцлээр С.Б, Ү.Б нарт холбогдох 2017 2501 1844 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн С.Б, 1988 оны 3 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, өлгийн 25 дугаар гудамжны 298 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

2. Аргуун овгийн Ү.Б, 1985 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, өлгийн 25 дугаар гудамжны 300б тоотод оршин суух,  ял шийтгэлгүй, /РД: /;

С.Б нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Б”тэй маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай “Т-Приус-20” загварын автомашины баруун талын толийг хугалж хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Ү.Б нь 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз С.Бтай маргалдан улмаар толгойн тус газар аягаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Ү.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ү.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, С.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас тус тус чөлөөлж, Ү.Б, С.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгөгүй, Ү.Б, С.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1012 дугаар “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжид: Тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан ялаас тус тус чөлөөлсүгэй гэж залруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаа, зөрчил байна. Үүнд:

Шийтгэх тогтоолоос үзэхэд анхан шатны шүүх нь -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Ү.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял оногдуулаагүй байна.

Анхан шатны шүүх С.Б, Ү.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар ял оногдуулаагүй байтлаа оногдуулсан ялаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүх шийтгэх тогтоолоор  шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутайд тооцсон байтлаа Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгээгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг зөрчжээ гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Иймд анхан шатны шүүхийн 409 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдааг шүүх даруй хянан хэлэлцэж, шийдвэрийг залруулна.”, 3 дахь хэсэгт “Энэ зүйлийн хянан хэлэлцэх ажиллагаанд оролцогч, улсын яллагчийг оролцуулж болно”, 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгнө.” гэж тус тус заасан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1012 дугаар шүүгчийн захирамж нь хэргийн агуулга руу орж шүүгдэгч нарын гэм буруу, ял, албадлагын арга хэмжээг залруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн, мөн шүүх хуралдааны оролцогч, улсын яллагчид мэдэгдээгүй, гардуулах ажиллагааг хийгээгүй, захирамжид ердийн журмаар гомдол гаргах эрхийг хязгаарлан хэрэгт хавсаргаж шийдвэрлэсэн, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...алдааг шүүх даруй хянан хэлэлцэх...” гэсэн заалтыг зөрчин 28 хоногийн дараа захирамж гаргасан нь ойлгомжгүй, тодорхойгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Мөн тус захирамжийн сар, өдөрт засвар орсон, ойлгомжгүй зэрэг алдаатай байгааг цаашид анхаарч ажиллахыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүгдэгчид хэрэглэсэн албадлагын арга хэмжээ, оногдуулсан ялын төрөл, хэмжээ, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон эдэлбэл зохих ялын хэмжээ” зэрэг шийтгэх тогтоолоор зайлшгүй шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэх үндэслэл болж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд энэ талаар бичсэн Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоол, “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр С.Б, Ү.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 409 дүгээр шийтгэх тогтоол, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 1012 дугаар шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож, С.Б, Ү.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол ялтан С.Б, Ү.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ПҮРЭВСҮРЭН

                                      ШҮҮГЧИД                                         Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ