Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 838

 

 

    2019        9           20                                    2019/ШЦТ/838

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Одончимэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,

Улсын яллагч Ж.Энх-Амгалан,

            Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 679 дугаар магадлалаар дахин хэлэлцүүлэхээр буцаасныг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 1996 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1997 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн гэх, Ч.Б,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх автомоторс ХХК-ийн борлуулалтын цэгийн шилийг хагалж хохирогч Ч.Батбилэгт 431.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн, 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн “Мэдрэлийн тасагт эмчлүүлж байсан хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “Эл жи” маркийн гар утас, хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси нөүт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Эрүүгийн хэргээс:

Хохирогч Ч.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 07 дугаар сарын 23-ны өглөө 06 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баянзүрх моторс” авто худалдааны төвийн нүүрний эгнээний 195x130 см хэмжээтэй 4 мм зузаантай шилэн цонхыг үл таних этгээд чулуугаар цохиж хагалсан. ...Шилэн цонхыг төлүүлж авах хүсэлтэй байна...”  мэдүүлэг /хх-ийн 75 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...тухайн үед архи уусан байсан. Цонхыг хагалах үед цагдаа нар болон хамгаалалтынхан ирсэн ба намайг эрүүлжүүлэхэд хийсэн. Би өөрийн хийсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 121 дүгээр  хуудас/,  

Эд зүйлийн үнэлгээний тайлан /хх-ийн 23 дугаар хуудас, 126 дугаар хуудас/, “Финанс Лайн” ХХК-ийн тодорхойлолт, нэхэмжлэх /хх-ийн 82, 84 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би Нэгдүгээр Улсын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм. 2018 оны 12 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн үед манай өрөөний үүдэнд 40 орчим настай, жижиг биетэй, халтайсан хүн зогсож байхаар нь “яах гэж байгаа юм”  гэхэд “хүнтэй уулзъя” гэж хэлэхээр нь “чамтай уулзах хүн энд байхгүй” гэж хэлэхэд тэр хүн 5 давхар руу гараад явсан. Удалгүй сувилагч эмэгтэй ирээд саяны хүн хулгайч уу гэж асуухад нь “тийм байна” гэж хэлээд сувилагчтай тэр хулгайчийн араас гүйж байхад цагдаа таарч тэр хүнийг барьсан. Би утсаа цонхны тавцан дээр цэнэглэж байсан ба утсаа авах гэтэл алга байсан. ...”Эл жи” брэндийн ягаан өнгийн утас байсан, өөр алдагдсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Д.Должинсүрэнд эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, 

Хохирогч Л.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би мэдрэлийн тасгийн 410 дугаар өрөөнд хэвтэж байгаа юм. Өглөө 07 цаг өнгөрч байхад хамт нэг өрөөнд хэвтэж байгаа Д.Должинсүрэн босчихсон утсаа хайж байснаа “Нараа эгч миний утас руу залгаач” гэхээр нь цонхон дээр цэнэглээд орхичихсон байгаа гэхэд миний гар утас бас байхгүй байсан гэсэн. Миний гар утас хар өнгийн корпустай “Самснуг галакси нөүт 4” маркийн утас байсан. Америкаас манай охин явуулсан болохоор үнэлгээг нь мэдэхгүй байна. ...коридорт хяналтын камер байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Хохирогч Л.Нарантуяад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би тухайн үед согтуу байсан. Багшийн дээдийн явган хүний гарцан доор гуйлаг гуйдаг залуу архи өгөөд нилээн согтуу 1 дүгээр эмнэлэг рүү орсон. Эмнэлэг дотор явж байхдаа коридорын ханан дээр байдаг ариутгалын спиртнээс уусан. Гар утаснуудыг аваад буцаад гарах гэтэл хаалгаа олохгүй байсан. Би өөрийн биеэс гарсан 3 ширхэг гар утсыг авснаа хүлээн зөвшөөрч байна. Гар утаснуудыг цагдаад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35, 37 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 89 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/, 1996 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 110-111 дүгээр хуудас/, 1997 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 407 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 112-116 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, гэрчүүдийн орон зай, цаг хугацаа, үйлдлийн талаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.  

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх автомоторс ХХК-ийн борлуулалтын цэгийн шилийг хагалж хохирогч Ч.Батбилэгт 431.200 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан эд хөрөнгийг гэмтээсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг,  эд зүйлийн үнэлгээний тайлан,

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Улсын клиникийн нэгдсэн 1 дүгээр төв эмнэлгийн “Мэдрэлийн тасагт эмчлүүлж байсан хохирогч Д.Должинсүрэнгийн 32.000 төгрөгийн үнэ бүхий “Эл жи” маркийн гар утас, хохирогч Л.Нарантуяагийн 112.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси нөүт 4” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахдаа үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болон гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүллэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч нар эд хөрөнгөө алдагдсан, гэмтсэн талаараа мэдүүлж учирсан хохирлыг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн”, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн” зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүх шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Ч.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Д.Должинсүрэнд “Эл Жи” маркийн гар утсыг  хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 7 дугаар хуудас/, хохирогч Л.Нарантуяад “Самсунг галакси нөүт 4” маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 11 дүгээр хуудас/, хохирогч Ч.Батбилэгтэд учирсан хохирлыг төлж барагдуулсан нь “Ворлд Нави Бат” ХХК-ийн захирлын албан бичгээр /хх-ийн 167 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байна.  

 Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Бийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

Шүүгдэгчийн энэхүү гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 130 /нэг зуун гуч/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ч.Б-г бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, 

    Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3-т зааснаар Ч.Бт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ч.Бийн энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/

хоногийг эдлэх ялд тооцсугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ