Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 000086

 

      Ц.О-т холбогдох 

                                                     эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0174/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа ,С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                            Б.Жавхлантуяа

                      Шүүгдэгч                                             Ц.О

                    Хохирогч                                        Ж.А

                      Нарийн бичгийн дарга                   Н.Мөнх-Ундраа оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар цагаатгах тогтоолтой Ц.О-т холбогдох, 201714000302 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, армотурчин мэргэжилтэй, “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газар тогооч ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овгийн Ц.О.

 

Шүүгдэгч Ц.О нь 2017 оны 05 сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэнбүст гэх газарт “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчдын зугаалгаар амарч явахдаа согтуугаар Ж.А-тай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясын хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар цагаатгах тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1., 2., 1.15 дугаар зүйлийн 2.д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүлйийн 98.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Ц.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж,

           

Ц.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

 

Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Ц.О-ийг цагаатгасан анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь дараах баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

 

-Хохирогч Ж.А-ийн “...Билгээ над руу дайраад намайг бариад хавсарч газар унагаасан. Би Б эгчтэй хамт газар унахад бид хоёр дээр доороо ороод 2-3 удаа өнхөрсөн. Тэр үед миний хөл эвгүй болоод өвдсөн, би Б эгчид миний хөл эвгүй болчихлоо гэхэд Б эгч миний дээр гарчхаад хоолой боогоод байсан. ....Б эгч намайг санаатай хавсарч унагаасан. Б эгч миний хөл хэсэг рүү хавсарч газарт унагааснаас болж миний зүүн хөлийн шагай хэсэг хугарсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

 

-2 дахь удаагийн....”тэр үед О эгч зүүн хөл рүү хавсарч газар унагаахдаа дээрээс дарж унасан. Миний дээрээс босохдоо миний цамцаар хоолойг маань боогоод байсан. ..Би О эгчийг болиоч ээ, миний хөл өвдөөд байна ш дээ гэж хэлэхэд дээрээс босохгүй байсан”....гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

 

-2017 оны 05 сарын 22-ны өдрийн 476 дугаартай шинжэчийн.....”Ж.А биед зүүн шилбэний ясны гадна ба дотор хавчаарын далд хугарал үүсжээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлэлээр үүсгэгдэнэ. Цохих, унах өшиглөхөд аль алинд нь үүсэх боломжтой. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байна. Гадна ба дотор хавчаар ясны далд хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”... гэх дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О-ийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон байна.

 

Хохирогч Ж.А-ийн мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн ”Ц.О санаатай хавсарч унагаасан, хөл өвдөөд байна гэхэд босохгүй байсан , хоолой боогоод байсан” гэж мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой зааж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогчийн мэдүүлгийг ямар учраас үгүйсгэж байгаагаа дурдаагүй, зөвхөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Ж.А “бид бүгд ууж идсэн байсан. О эгчийг С-тэй муудалцах гээд байхаар нь хэрэггүй гэж зууралдаж байгаад давхралдаж унасан. Би хөлд нь тээглэж унасан. “Түлхэж унагаагүй” гэсэн мэдүүлэг,

Шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч, шүүгдэгч нараар хавсарч унагаасан гэх үйл фактыг үйлдлээр нь харуулах зорилгоор туршилт хийсэн ба шүүгдэгч Ц.О нь хохирогч Ж.А-ийн хөлний ард буюу өсгий хэсэгт хөлөө байрлуулж гэдийлгэж унагаах үйлдэл хийсэн талаар үзүүлсэн байхад хохирогч “хавсарч унагаасан” гэх нөхцөл байдлыг тайлбарлаж чадаагүй гэж дүгнэлт хийн Ц.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг зөрчсөн буюу дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

Иймд Ц.О-т холбогдох Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 188 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатгны шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О гаргасан тайлбартаа:

 

Хавсарч унаагаасан зүйл байхгүй. Хоёулаа давхаралдаж унасан. Би түүний дээрээс дарж хоолойг нь боосон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёр хоёулаа уусан байсан. Гэхдээ би өөрийн үйлдлээ хянах ухаантай байсан. Бие биенийхээ хөлд орооцолдож унаж хоёр өнхөрсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хохирогч Ж.А гаргасан тайлбартаа:

 

Хүний хөлөнд тээглэж унахыг хавсарч унах гэж ойлгож мэдүүлэг өгсөн гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр хэргийг анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас Ц.О-ийг 2017 оны 05 сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Бүрэнбүст гэх газарт “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчдын зугаалгаар амарч явахдаа согтуугаар хамт ажилладаг Ж.А-тай маргалдан хавсарч унагаахдаа зүүн хөлийн шилбэний ясын хугалж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэн хэргийг ирүүлжээ.

           

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 2., 1.5 дугаар зүйлийн 2.д заасныг баримтлан Ц.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

Гэрч Н.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор манай ажлын хүмүүс бүгдээрээ манай зуслангийг газарт очсон. Хоол идэж, архи, пиво уусан...Орой эхнэрийн хамт хүүхдүүдээ хүргэж өгөх гээд машинаа хөдөлгөж байхад О, А эгч нар байшингийн ард талд хоорондоо зууралдчихсан, О, С рүү явах гэхэд нь А замд нь саад болоод байсан. Хоорондоо юу ярьж байсныг мэдэхгүй байна. ...Тэр хоёр зэрэг газар унаж байхыг нь харсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20 дугаар хуудас/

 

Гэрч З.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор манай ажлын хүмүүс зуслангийн газар очиж архи, пиво ууж, хоол идэцгээсэн. Модны хажууд ганцаараа сууж байхад хүмүүс хоорондоо А-ийн хөл хугарчихлаа гэж яриад байхаар нь би очиход нөхөр нь ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад ...тоглож байгаад нэгийгээ дарж унаад А эгчийн хөл хугарчихлаа гэж байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 21 хуудас/

 

Гэрч З.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би тухайн өдөр эрт явсан...Маргааш нь ажил дээрээ ирэхэд А-ийн хөл хугарсан гэж сонссон. А., О нар хоорондоо тоглож ноцолдож байгаад хөлийг нь хугалчихсан гэж сонссон... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22 хуудас/

 

Гэрч Ч.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...нэг мэдэхэд А эгчийн хөл хугарчихсан байсан. Нөхөр нь ирж аваад явахдаа та нар манай эхнэрийг зодсон байна гэж хэлж байсан. Би хөл нь хугарч байхыг яг нүдээрээ хараагүй гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25 хуудас/

 

Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...намайг машинаа ухрааж байхад Билгээ эгч Амгалан эгч нар нэг нэгнийхээ хувцаснаас зуурчихсан Б эгч С-тэй ярих юм байна ш дээ гэхэд А эгч хэрэггүй гээд хориглож ноцолдож байгаад зэрэг газарт унасан. Газраас Б эгч боссод хашааны харалдаа очоод суусан. Амгалан эгч босохгүй хөл гээд уйлаад байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 26-27 хуудас/

 

Гэрч О.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...А эгч Б эгч хоёр нэг нэгнийхээ хувцаснаас зууралдаж байгаад газарт унасан. Би тоглоод байгаа юм болов уу гээд очиход Б босоод явчихсан. А эгч газраас босохгүй байхаар нь эвгүй гишгэсэн юм байх гэж бодоод хөлийг нь илж өгсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 хуудас/

 

Ж.А-ийн биед гэмтлийн зэрэг тогтоосон Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 476 дугаартай дүгнэлт зэргээс үзвэл :

 

2017 оны 05 сарын 14-ний өдөр Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг дэвсгэр “Бүрэнбүст” гэдэг газарт “Rose of Sharon” ХХК-ний солонгос хоолны газрын ажилчид хамт олноороо амарч байхдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.А нь шүүгдэгч Ц.О., С рүү явуулахгүй гэж тэвэрч аваад зууралдаж, хамт газарт унах үед түүний зүүн хөлний шилбэний ясны гадна, дотно хавчаар яс хугарч хүндэвтэр хохирол учирсан болох нь нотлогджээ.

 

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгч нар хамт унах үед дээрх хохирол учирсан бөгөөд харин энэ хохирлыг шүүгдэгч Ц.О санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх Ц.О.т холбогдох ...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ... гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасныг баримтлан хэргийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Харин анхан шатны шүүх хэргийг шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байна гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон атлаа гэмт хэргийн шинжгүй байна гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, цагаатгах тогтоолын удирдлага болон тогтоох хэсгийн зүйл заалтуудыг буруу хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаартай цагаатгах тогтоолд дараах өөрчлөлт оруулсугай.

 

-Цагаатгах тогтоолын удирдлага болгосон заалтын ... 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 8 дахь хэсэг... гэснийг хасаж, тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т зааснаар Орхон аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.О.т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                   ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                                        С.ЦЭЦЭГМАА