Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 46

 

 

 

 

 

 

 

2020          01          16                                       2020/ШЦТ/46

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

          улсын яллагч Ж.Энх-Амгалан,

          хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва,

          шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд Б.А-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909014640841 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 24-нд Улаанбаатар хотод төрсөн,   35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, "Интэр Континенталь" ХХК-ийн захирал ажилтай,  тоотод оршин суудаг,

          2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б.А-д /регистрийн дугаар /,

         

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо нутагт "Ази капитал корпорэйшн ББСБ" ХХК-иас хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 42.350.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

          2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт болох "benz ML 350" маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 01 дүгээр сард анх удаа “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас найзаараа дамжуулаад зээл авсан. Анхнаасаа залилан мэхлэх санаа зорилгоор зээл аваагүй. Тэр ч үүднээсээ ч Ази капитал банк бус санхүүгийн байгууллагад машинаа барьцаанд тавиад 8.000.000 орчим төгрөгийн хүү төлсөн. Анх 26.000.000 төгрөгийн зээл аваад, дараа нь нэмж 7.500.000 төгрөгийн зээл аваад нийт 33.350.000 төгрөгийн зээлтэй болсон. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн хэрэгт хүнээс хуурамч бичиг баримт аваад, тэрийгээ ашиглаад бусдыг төөрөгдөлд оруулсан залилах үйлдэл хийсэн. “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагын хувьд зээлийн хүүгээ төлөөд явж байсан, хуурч мэхлэх зорилго анхнаасаа байгаагүй, үндсэн зээл 33.350.000 төгрөгийг төлж барагдуулсан...”гэв.

          түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би бусдыг залилан мэхлээгүй, би хуурамч баримт бичиг ашигласан зүйл байгаа, гэхдээ би зээлийг буцааж төлөөд хүү төлсөн, зээл дээрээ нэмж зээл аваад бид нарын зээлийн харилцаа энгийн явж байсан. Сүүлдээ мөнгөний бага зэргийн асуудал гараад зээлийг төлөх боломжгүй хэдэн сар болоход Ази капитал банк бус санхүүгийн байгууллагаас иргэний шүүхэд хандаж, иргэний шүүхээр миний төлсөн хүү, зээлийн дүнг хасаж надаас мөнгө гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэр гарсан. Би уг шийдвэрийн дагуу төлбөрийг барагдуулна. Мөн одоогоор би 16.500.000 төгрөгийг төлчихсөн байгаа...” мэдүүлэг /хх-ийн 108-109/,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва шүүхийн хэлэлцүүлэгт “…2018 оны 01 дүгээр сарны 09-нд “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагаас Mercedes benz-350 маркийн 4424 улсын дугаартай авто машиныг манай байгууллагын хадгалалтанд хадгалуулахаар барьцаанд тавьж, 3 сарын хугацаатай зээл авсан. Гурван сарынхаа хүүг төлчхөөд 2018 оны 4 дүгээр сарын 09-нд хүсэлтээ гаргаад 7.500.000 төгрөгийг нэмж аваад, “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр өөрийн эзэмшлийн гэж тайлбарладаг байсан, бусдын эзэмшлийн автомашиныг хуурамч бичиг баримт үйлдэн өөрийнхөө нэр дээр байгаа мэтээр төөрөгдөлд оруулж, “авто тээврийн хэрэгслийн гэрчилгээг байгууллагын нэр дээр шилжүүлээд ирлээ” гэж үзүүлсэн учраас манай байгууллага итгээд нэмэлт зээл өгч, зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан байдаг.  Тэгээд Б.А нь зээлийг хугацаандаа төлж барагдуулахгүй байсан. Барьцаа хөрөнгө болох Mercedes benz-350 маркийн, 4424 улсын дугаартай тээврийн хэрэгслийн талаар авто тээврийн үндэсний төвөөс лавлагаа авахад улсын дугаарыг 8828 болгож солиод, “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байхгүй, Баттөр гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй гарч ирсэн. Удаа дараа хуурамч бичиг баримт үйлдэн манай байгууллагыг үргэлжилсэн үйлдлээр залилсан гэж үзээд харъяалалын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. 2019 оны 01 дүгээр сард иргэний хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс манай банк бус байгууллагын бодит хохирлыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 0070045 дугаартай шүүхийн шийдвэрээр 49.985.175 төгрөг байхаар тогтоосон. Мөн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар Mercedes benz маркийн хуурамч бичиг баримт үйлдэн ашиглаж яваад байгаа 4424 дугаартай тээврийн хэрэгслээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тиймээс бид хууль болон гэрээнд заасныхаа дагуу хүүгийн төлбөрийг суутгаж бодсон. Одоогийн байдлаар тэмдэгтийн хураамжтайгаа нийлээд 51.000.000 төгрөг болж байгаа. Энэ мөнгөн дүнгээс тооцоод 17.441.858 төгрөгийн бодит хохирлыг банк бус санхүүгийн байгууллагад учруулсан. Барьцаа хөрөнгө болох авто машиныг хуурамч бичиг баримт үйлдсэний улмаас өөр хүний нэр дээр байгаа. Тэр хүнийг судлаад үзэхээр шинэ гэрчилгээгээр 8828 болгоод улсын дугаараа сольж Худалдаа хөгжлийн банкны барьцаанд байдаг. Б.А нь анх банк бус санхүүгийн байгууллагад хандахдаа тухайн автомашиныг итгэл үзүүлэх зорилгоор байршуулаад, дараа нь авахдаа хуурамч бичиг баримт үйлдэн манай байгууллагыг залилсан. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн шийдвэрээр нотлогдон тогтоогдож байгаа. Хохирогч талын зүгээс энэ хүнийг байнга ийм үргэлжилсэн үйлдлээр амьдралынхаа эх үүсвэр болгож, бусдыг залилан мэхэлдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Иймээс “Ази Капитал” банк бус санхүүгийн байгууллагын бодит хохирол болох 17.441.858 төгрөгийг барагдуулж өгөхийг хүсэж байна...” гэв.

          түүний мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн: “…2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ариунболд ирээд 3 сарын төлбөр болох 4.800.000 төгрөгийг өгч, мөн явдгаар зээл авмаар байна гэж хүсэлт гаргасан тул хүсэлтийг харгалзан үзэж эдийн засагч Д.Очирханд шалгаж нягталж гүйцэтгэх захирал Мажигсүрэнгийн гарын үсгээр гарсан байдаг. Бид нар явдгаар тээврийн хэрэгсэл барьцаалахдаа тээврийн хэрэгслийг өөрийн компани дээр шилжүүлэн авахаар авто хэрэгслийг манай нэр дээр шилжүүлчихлээ гэж хэлээд тээврийн хэрэгслийн манай нэр дээр шилжсэн гэрчилгээ авч ирсэн. Иймд бид нар 7.350.000 төгрөгийг нэмж өгөөд гэрээгээ 3 сараар сунган тээврийн хэрэгслийг өөр нь ашиглаж болохоор 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Саруул төвийн 210 тоотод өгсөн. ...Автотээврийн үндэсний төвөөс лавлагаа гаргуулан авахад уг тээврийн хэрэгсэл өөр хүний нэр дээр өөр улсын дугаартай шилжсэн байсан...” мэдүүлэг /хх-21/,

         

          Гэрч А.Бат-Очирын “...Баттөр гэх залуутай утсаар ярин холбогдож тээврийн хэрэгслийг худалдан авахаар тохиролцсон. Уг тээврийн хэрэгслийн Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан зээлэн худалдан авахаар болсон байдаг. Тээврийн хэрэгслийн төлбөр нь 67.000.000 төгрөг байсан...” мэдүүлэг /хх-22/,

         

Гэрч Д.Очирхандын “...44-24 УНЯ улсын дугаартай бенз маркийн авто машиныг барьцаанд тавьж зогсоолд тавих нөхцөлтэйгөөр мөнгө зээлье гээд би тэр зээлийг судлахад автомашины гэрчилгээ Б.Аын өөрийнх нь нэр дээр байсан. Машин нь эвдрэлгүй зээлийн мөнгөнд дүйцэхүйц байсан тул автомашиныг зогсоолд байрлуулан Б.Аод 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зээлийг олгосон. ...2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр автомашинаа унадаг нөхцөлтэйгөөр болгох хүсэлт тавьж гэрээ байгуулаад автомашинаа авч явсан. 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 2.500.000 төгрөгийг үндсэн зээлээс төлсөн. 26.060.124 төгрөгийн үлдэгдэл төлбөр үлдсэн байхад 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1.623.721 төгрөгийг төлөөд дахин гэрээ байгуулж 7.350.000 төгрөгийг зээлсэн. Нийт зээлийн дүн нь 33.350.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болсон юм...” мэдүүлэг /хх-60/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-68/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-87/, хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-39-44/, Тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа /хх-66-76/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-103-104/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн баримтуудыг харьцуулан үзэхэд шүүгдэгч Б.Аод холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

Учир нь: Шүүгдэгч Б.А нь “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-д өөрийн эзэмшлийн “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хадгалалтанд хадгалуулахаар барьцаанд тавьж 35.000.000 төгрөгийн зээлийг авч, улмаар үндсэн зээлээс 9.000.000 төгрөгийн төлөлт хийж, 2018 оны 02 дугаар сарын 27-нд “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-д барьцаанд тавьсан “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унадаг нөхцөлтэйгөөр болгох хүсэлт гаргаж , гэрээ байгуулан дээрх “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон байна. Ингэхдээ шүүгдэгч Б.А нь тус “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж  “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэтээр хуурамч гэрчилгээ үзүүлэн тус байгууллагыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Аын “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн барьцаанд байсан “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэтээр хуурамч гэрчилгээ үзүүлэн тус байгууллагыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг агуулаагүй, харин хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдыг залилах гэмт хэргийн арга хэлбэр нь байжээ.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч Б.Аын нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-д өөрийн эзэмшлийн “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг тухайн байгууллагын хадгалалтанд хадгалуулахаар барьцаанд тавьж, гэрээ байгуулан 35.000.000 төгрөгийн зээл авч, үндсэн зээлээс 9.000.000 төгрөгийн төлөлт хийж, улмаар 2018 оны 02 дугаар сарын 27-нд “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн барьцаанд байсан “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унадаг нөхцөлтэйгөөр болгох хүсэлт гаргаж, гэрээ байгуулан дээрх “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр болж, ингэхдээ тус “Benz ML-350” маркийн 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэтээр хуурамч гэрчилгээ үзүүлэн тус байгууллагыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөн дахин гэрээ байгуулж 7.350.000 төгрөг, нийт 33.350.000 төгрөгийг авч залилсан болох нь дээрх дурдсан дээр дурдсан хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяандагва, гэрч А.Бат-Очир, Д.Очирханд, Г.Баттөр нарын мэдүүлгүүд, тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Зээл, Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, шүүгдэгч Б.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Аыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Аын дээрх гэм буруутай үйлдлийн улмаас "Ази капитал корпорэйшн ББСБ" ХХК-д 33.350.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.А нь шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Тус эрүүгийн хэрэгт "Ази капитал корпорэйшн ББСБ" ХХК нь Б.Аод холбогдуулан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “51.959.000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай” нэхэмжлэл гаргаж, уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд Б.Аоос 49.985.017.55 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох 44-24 УНЯ улсын дугаартай, 4JGDA5HB6CG012357 тоот арлын дугаартай мерседес бенз маркийн автомашинаар хангуулахаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа хэдий боловч шүүгдэгч Б.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэж түүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн болно.

Харин шүүгдэгч болон хохирогч нар нь Иргэний хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлыг ИХШХШТХуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй юм.

Үүнээс гадна прокурор яллах дүгнэлтэдээ шүүгдэгч Б.Аын бусдад учруулсан хохирлыг 42.350.000 төгрөг гэж буруу тогтоосныг шүүх шүүх хуралдаанаар 33.350.000 төгрөг гэж зөвтгөн тогтоон шийдвэрлэсэн бөгөөд ингэж зөвтгөн шийдвэрлэсэн нь Б.Аод холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөргүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

1.Прокуророос шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүгдэгч Б.А-г хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР