Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 356

 

185/2019/1026/Э

 

 

 

 

  2020             3              26                                       2020/ДШМ/356                                   

 

Б.А-од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг,

            нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагвын гаргасан давж заалдах гомдлоор Б.А-од холбогдох 1909014640841 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

....... настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, “.......” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн .......тоотод оршин суудаг гэх, /РД:......./,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 804 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан;

 

Б.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 9, 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-иас хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 42.350.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт болох “Benz ML 350” загварын 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Б.А-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ......А-ыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөл оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарлаж, шүүгдэгч Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу шинжлэн судалж, буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж, хэрэглэх ёстой эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удаа дараалан ноцтой зөрчиж, илт нэг талын буюу шүүгдэгчийн байр суурийг хамгаалж, түүнд ял завшуулж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.А- нь анх 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр ЗГ/2018/01 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж авахдаа бусдын эзэмшилд байсан “Benz ML 350” загварын 44-24 УНЯ улсын дугаартай автомашиныг хуурамч гэрчилгээ үйлдэж өөрийн нэр дээр байгаа гэж, мөн 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр дахин хуурамч бичиг баримт ашиглаж “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн гэж хуурч, баримт бичиг, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгож залилсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой нотлогдож, тогтоогдсон байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, буруу хэрэглэж, залилах гэмт хэргийн үргэлжилсэн үйлдлийг нэг удаа үйлдсэн гэж буруу дүгнэж, буруу зүйлчилж, тусгай зөвшөөрөл, тамга, тэмдэг, хэвлэмэл маягтыг хуурамч гэдгийг мэдсээр байж, хуурамч баримт бичиг үйлдэж ашигласан нь тогтоогдсон байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хууль зүйн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ял завшуулж байгаад гомдолтой байна. Хохирогч “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн бодит хохирлыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/00745 дугаартай шүүхийн шийдвэрээр 50.463.092 төгрөг болохыг тогтоосон бөгөөд хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралд гаргасан тайлбар, хохирогч “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн зээлийн үлдэгдлийн хүснэгтээр зээлийн үлдэгдэл бөгөөд бодит хохирол 17.441.858 төгрөг гэдэг нь нотлогдон, тогтоогдсон байхад анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, зөвхөн шүүгдэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үндэслэж, хууль зүйн үндэслэлгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж хууль бус шийдвэр гаргаж, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хохироож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Б.А- нь залилан мэхлэх гэмт хэргийг удаа дараалан буюу 4 удаагийн үйлдлээр бусдыг залилсан нь хэрэгт авагдсан лавлагаа бичгийн нотлох баримт, шүүхийн шийдвэрүүдээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нотлогдож, тогтоогдсон /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг/ байхад анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан Эрүүгийн хуулийг хэрэглэхгүй, шүүгдэгчид ял завшуулж байгаад гомдолтой байна. /Ваt Zorig 100 саяас дээш үнэтэй автомашин зарах групп гэдэг олон нийтийн сайт дээр болгоомжил нэртэй нийтлэл нийтлэгдсэн байгаа нь дахин гэмт хэрэг үйлдсэнийг нотлож байна/.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Р.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэж, Б.А-од холбогдох хэргийг зөв зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд, “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаа шийдвэрлүүлсэн. Уг хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж Б.А- төлбөр, мөнгийг төлж барагдуулсан байхад давхар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Б.А-ын үйлдэл нь бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэсэн тусгай гэмт хэргийн шинжгүй, зөвхөн автомашиныг “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн барьцаанд тавьж, 25.000.000 төгрөгийн зээл авсан. Шүүгдэгч нь өөрийнхөө нэр дээр зээл авсан тул эхнэрийнхээ өмчлөлийн автомашиныг өөрийн нэр дээр болгосон хуурамч бичиг баримтыг ашиглаж, бусдыг төөрөгдөлд оруулж зээл авсан. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч энэхүү зүйлчлэл, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн Б.А- нь тухайн автомашинаа унаж явдаг болохын тулд дахин “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-иас нэмж 7.350.000 төгрөгийн зээл авсан. Ингэхдээ анхны зээлийн төлбөр болох 9.000.000 төгрөгийг төлсөн. Зээлийн хүү, төлбөрөө төлж байсан нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн санаа зорилго байгаагүй нь харагддаг. Б.А-од холбогдох эрүү, ирэгний хоёр хэрэг давхар явж байгаа бөгөөд иргэний шүүхийн шийдвэрийн дагуу Б.А- зээлийн төлбөр, хүү, алданги нийт 50.463.092 төгрөгийг төлсөн. Анхан шатны шүү энэ нөхцөл байдалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн тул хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ын бичиг баримт ашигласан үйлдлийг залилан мэхлэх гэмт хэргийн үйлдлийн арга гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт, бичиг ашиглаж уг гэмт хэргийг үйлдсэн гэж шийдвэрлэсэнд прокурор ямар нэг эсэргүүцэл бичээгүй тул энэ талаар хэлэх тайлбар байхгүй. “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК нь хохирлын асуудлаар тухайн үед иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн, хүчин төгөлдөр шийдвэртэй тул шийтгэх тогтоолд хохирол, төлбөргүй гэж дурдсан нь үндэслэлтэй. Мөн шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  хамаарахгүй. Учир нь, шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Тодруулбал;

 

Прокуророос Б.А-ыг 2018 оны 1 дүгээр сарын 9, 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-иас хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 42.350.000 төгрөгийг залилан мэхэлж авсан, 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт болох “Benz ML 350” загварын 44-24 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Б.А-ын хуурамч гэрчилгээ үзүүлэн байгууллагыг хуурч мөнгө авч байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг агуулаагүй, харин залилах гэмт хэргийн арга хэлбэр нь байсан...” хэмээн дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн нөхөн тогтоохдоо нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Шүүгдэгч Б.А- нь 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-иас “Benz ML 350” загварын 44-24 УНЯ улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээг ашиглан барьцаалж, 35,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр уг автомашинаа “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, унаж явах нөхцөлтэйгөөр 7,350,000 төгрөгийн зээл нэмж авахдаа мөн л “Ази капитал корпорэйшн ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн мэт тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж, ашигласан нөхцөл байдалд анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийлгүйгээр залилан мэхлэх гэмт хэргийн арга нь тээврийн хэрэгслийн хуурамч гэрчилгээг ашигласан гэж үзсэн нь хууль буруу хэрэглэсэн, эрүүгийн хуулиар хамгаалагдсан өөр эрх ашиг зөрчигдсөн байхад түүнийг гэмт хэргийн арга гэж үзсэн нь буруу болжээ.

 

Төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь уг эд хөрөнгийг тухайн этгээдийн эзэмшил, ашиглалт, захиран зарцуулах эрхэд байгааг нотлож буй баримт бөгөөд түүнийг хуурамчаар үйлдэх, ашиглах үйлдлийг Эрүүгийн хуулиар “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг гэж үзэж, хориглосон болно.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч,  шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Б.А-од холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/46 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.А-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Б.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ц.ОЧ

                         ШҮҮГЧ                                                             М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                             Л.ДАРЬСҮРЭН