Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0085

 

 

 

“Ц А” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Д.С, Д.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ад нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу “Ц А” ХХК-ийн гомдолтой, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр шийдвэрээр:

“...Татварын ерөнхий хууль/2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 232018068 дугаар шийтгэлийн хуудсын шийдвэрлэх хэсгийн 1.1, 2 дахь хэсгийн 7,363,636.40 төгрөгийн нөхөн татварт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” “Ц А” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх ” хэсэгт / 9 дүгээр талд / “ .... " “Ц А” ХХК нь  2016 оны  06 дугаар  сарын  30-ны  өдөр  бичүүлсэн нэмэгдсэн

өртгийн албан татварын цахим баримтад бичигдсэнээр 81,000,000.00 төгрөгийн худалдан авалт хийсэн болохыг, 73,636,363.64 төгрөгийн барааг 7,363,636.36 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн дүнгээр худалдан авсан болохыг нотлох санхүүгийн анхан шатны баримтууд цахим баримтаас өөрөөр байхгүй бөгөөд уг төлбөрийн цахим баримтад 1 ширхэг бараа авсан гэж бичсэнээс өөрөөр гомдолд дурдсанчлан лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материалын төрөл, нэгж үнэ, тоо ширхэг бичигдээгүй байна ... ” гэж дурджээ. Өөрөөр хэлбэл төлбөрийн баримт нь өөрөө НӨАТ-ын хий бичилтийн падаан гэдэг нь нотлогдож байна гэсэн утга агуулга бүхий дүгнэлтийг хийжээ. Гэтэл хэрэгт авагдсан төлбөрийн баримтын код хэсэгт 6116 гэсэн код бичигдсэн, 6116 код нь “төлбөр болон гэрээгээр хийгдэхээс бусад төрлийн барилгын материалын бөөний худалдаа” буюу нэхэмжлэлд дурдсан барилгын материалууд худалдан авсан гэдгийг харин нотолж байгаа болохоос үгүйсгэсэн нотлох баримт биш юм. Харин төлбөрийн баримтан дээр хүнс, бараа зэргээр бичигдсэн бол шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байж болох юм.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Үндэслэх” хэсэгт “...гомдол гаргагч нь төлбөрийг бэлнээр хийсэн гэх бөгөөд мөн орлого, зарлагын баримт бичигдсэн нь үерийн улмаас устсан хэмээн тайлбарласан ч энэ байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болно ... ” гэж дүгнэжээ. Мөн шийтгэлийн хуудаст Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй.” гэж заасныг үндэслэжээ. Бид 2014 онд дээрх 100 айлын Барилгачин, Бумбат дэлгүүрүүдээс зээлээр авсан бараа материалуудын баримт, падаанууд буюу нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг авч байсан боловч манай компанийн байрлаж байсан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 69 дүгээр цэцэрлэгийн хажуу талын 37 дугаар байрны подвальд 2016 оны намар их хэмжээний борооны улмаас подваль үерт автаж бүгд устсан юм. Үүнийг нотлох зорилгоор Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс лавлагаа хүссэн боловч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ойлгомжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас нотлох баримтыг авч чадаагүй болно .

“Монгол гранд эйнжил инвест” ХХК нь 2012 оноос НӨАТ-ын хий бичилтийг бичиж байсан гэдэг тайлбарыг өгчээ. Нэхэмжлэгч талын зүгээс худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь Монгол Улсын гаалиар оруулж ирсэн эсэх, “Монгол гранд эйнжил инвест ” ХХК нь хий бичилттэй НӨАТ-ын падаан бичдэг эсэхийг мэдэх ямар ч боломжгүй бөгөөд “Монгол гранд эйнжил инвест” ХХК нь НӨАТ-ын бичилттэй төлбөрийн баримтыг бидэнд өгсөн, тайландаа тусгасан бид ч хууль ёсны дагуух баримт юм байна гэж үзэж тайлагнасан. Хэрвээ татварын байгууллага нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн ийм байдлаар хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг татвар төлөгч бид нарт мэдэгдсэн, “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийг НӨАТ суутган төлөгчөөс хассан, үйл ажиллагааг нь зогсоосон байсан бол манай компани ийм их хэмжээний татварын өр төлбөрт орохгүй байх байсан. 2008 оны Татварын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтад “татварын хууль тогтоомж удаа дараа ноцтой зөрчсөн татвар төлөгчийн аж ахуйн үйл ажиллагааг уг зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр зогсоох” бүрэн эрх татварын байгууллагад хуулиараа олгогдсон байсан. Энэ нь татварын байгууллагын өөрсдийнх хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй бурууг буюу үр дагаврыг нэхэмжлэгч үүрч байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь заалтанд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэж байна

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтанд заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 692 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлсэн, шийдэл үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах” тухай гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Ц А” ХХК нь “М” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 73,636,363.64 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын (ДДТД 000005437024000160704000001039527) цахим баримт авч, 2016 оны 6 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн, тухайн сард хасагдах нэмэгдсэн өртгийн албан татвар хэмээн тайлагнажээ.

Үүнд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.О, Д.С нар татварын хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 232018086 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчид 2016 онд 73,636,363.64 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр тайлагнаж, төлбөл зохих татвараа бууруулсан зөрчил гэж үзэж 7,363,636.36 төгрөгийн нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх 2,378,980.91 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг “Ц А” ХХК-иас эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар маргасан байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д “Анхан шатны баримт бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно”, 20 дугаар зүйлийн 20.1.4-д “Хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” гэж зааснаар худалдан авагч нь санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлж, түүнд үндэслэн санхүүгийн тайланг бүртгэн, төлбөл зохих албан татварыг тооцоолох үүрэгтэй байна.

Хэдийгээр гомдол гаргагчаас 2014 онд “Зуун айл” барилгын материалын худалдааны гудамжны “Б”, “Б” гэх дэлгүүрийн лангуунаас лед гэрэл, төмөр, цахилгааны утас зэрэг барилгын материал худалдан авч ажил үйлчилгээнд хэрэглэсэн гэх тайлбараар “Ц А” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан үнээр худалдан авалт хийсэн гэж үзэх үндэслэлтэй боловч байх боловч “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн орлогын баримтад “Төлбөр болон гэрээгээр хийгдэхээс бусад төрлийн барилгын материалын бөөний худалдаа” хэмээн тусгагдсан 73,636,363.64 төгрөгийн төлбөрийг “Ц А” ХХК-иас тухайн худалдан авалтаар төлсөн болохыг нотлох бэлэн мөнгөний зарлагын баримт, эсхүл тус компаниас уг худалдан авалтад зарцуулагдах мөнгөн хөрөнгө гарсныг нотлох анхан шатны баримт болон бусад нягтлан бодох бүртгэлийн бусад баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, гомдол гаргагч “Ц А” ХХК нь “Монгол гранд эйнжил инвест” ХХК-иас нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан тохиолдолд энэ нь худалдан авалтдаа тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцох үндэслэл болно.

Гэтэл гомдол гаргагч нэгэнт холбогдох баримтаар 73,636,363.64 төгрөгийн төлбөрийг төлсөн талаарх баримтыг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй учир “...НӨАТ-ын бичилттэй төлбөрийн баримтыг бидэнд өгсөн, тайландаа тусгасан бид ч хууль ёсны дагуух баримт юм байна гэж үзэж тайлагнасан...” гэх давж заалдах гомдлыг зөвтгөх хууль зүйн үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Прокурорын газрын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар тогтоолоор “М” ХХК-ийн аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл нь “... гэмт хэргийн шинжтэй байх боловч” хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10и-3/827 дугаар албан бичгээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын даргад “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээ хийлгэхэд дараах аж ахуй нэгжүүдийн татвар тооцогдох зөрчил нь Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээ хүрэхгүй байх тул Татварын ерөнхий хуулийн дагуу арга хэмжээ авч хариу ирүүлнэ үү” гэж мэдэгдсэн бөгөөд үүний дагуу Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн даргаас “Хий бичилттэй НӨАТ-ын падааны хасалт хийж төлөх татвараа бууруулсан аж ахун нэгжид хэсэгчлэн хяналт шалгалт хийх хуваарь” баталсан бөгөөд уг жагсаалтад гомдол гаргагч “Ц А” ХХК  багтжээ.

Улмаар “Монгол гранд эйнжил инвест” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаанаар татвар төлөх орлогоо бууруулсан гэх “Ц А” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхэд “М” ХХК-иас бараа, материал авсан гэх 73,636,363.64 төгрөгийн худалдан авалт нь “Ц А” ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтуудаар үнэн зөв болох нь тогтоогдоогүй байх тул уг зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудас үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА