Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/16

 

 

 

 

 

 

 

  2020         01           10                                                          2020/ШЦТ/16

                                     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн

Улсын яллагч Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат, Б.Хүрэлсүх

Шүүгдэгч Г, Ш

 Гэрч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .................овогт Г, ........... овогт Ш нарт холбогдох 1821001700336 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ................................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар Зоригтын Гантулга гэх нэрээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ялыг хойшлуулсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 03 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Батзоригийн Г нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай магадлалаар зүйлчлэл өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, ............... овогт Г. /РД ................./

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорнод аймгийн ................................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар, мөн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, мөн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан, .................. овогт Ш. /РД .............../

Шүүгдэгч Г нь Штай хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- Мөн шүүгдэгч Г нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан.

 

2. Шүүгдэгч Ш нь Гтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Ш над руу залгаад “өнөөдөр баярын өдөр уулзъя” гэсэн. Би ажлаа 23 цаг өнгөрөөж дуусгаад 19 дүгээр байранд эгчийндээ очиж хоол идсэн. Эгчийнхээс гараад пиво аваад, Шын гэрт очсон. Ш “пиво уухгүй, архи ууна” гэсэн. Тухайн үед 01 цаг өнгөрч байсан. Ш бид хоёр манай гэрээр орж мөнгө авч, такси бариад архи авахаар Ү-ийн дэлгүүрийн гадаа очсон. Дэлгүүрийн цонхыг тогшиход хариу өгөхгүй байсан. Би өмнө нь тэдний дэлгүүрийн арын хаалгаар архи авч байсан. Хаалга татахад онгойсон болохоор би дотогш орсон. Намайг дотогш ороход Үнэнмаа нойроо дийлэхгүй суугаагаараа унтаж байсан. Би хоёр шил архи аваад үүд рүү гарч Шад өгсөн. Тэгээд буцаж ирээд Ү-ийн гарын доор байсан гар утас, цаана тавиур дээр байсан гар утас, 3 том савтай пиво зэргийг аваад гарсан. Намайг гадагш гартал Ш архигүй зогсож байсан. Архиа яасныг нь асуухад “би камерыг нь эвдэх гэж байгаад хагалчихсан” гэсэн. Би “чи ямар тэнэг юм бэ” гэж хэлээд Шыг дагуулж, такси бариад гэрт нь очсон. Тэднийд очоод 1 стакан пиво уугаад “өглөө эрт ажилтай, харьж амарлаа” гэж хэлээд гэртээ харьж амарсан. Маргааш өглөө Ш, Б хоёр цагдаа нарын хамт ирж намайг баривчилсан. Цагдаагийн хэлтэст ирэхэд Эрүүгийн тасгийн орлогч дарга, дэд хурандаа Б “чи одоо зүгээр байж чадахгүй бол хот руугаа зайл, эндээс хэргийг чинь шилжүүлнэ, чи зүгээр явахгүй, ямар ч байсан 1-2 үйлдэл авч явна шүү, чамайг энд зөндөө удаан аятайхан байлгасан биз дээ” гэж хэлсэн. ... Би Мустанг баарнаас хулгай хийгээгүй...” гэжээ.

 

Шүүгдэгч Ш шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найзуудын хамт цэргийн баяр тэмдэглэсэн. Намайг 01 цагийн үед тасраад унтаж байхад, Г гаднаас орж ирээд “хамт архи ууя” гэсэн. Би архи уухгүй унтлаа гэсэн боловч, миний гар нүүрийг угааж авч гараад “Саяг” дэлгүүр рүү очсон. Би тэр дэлгүүр рүү ороогүй. Намайг үүдэнд зогсож байхад Г надад хоёр шил архи авчирч өгсөн. Тэгээд Г “би уул нь Ү-д 60.000 төгрөг өгсөн, хоёрхон шил архи өгч байна, ороод мөнгөний тооцоо хийгээд ирье” гээд буцаад орсон. Үнэнмаа шөнө оройн цагаар хууль бусаар архи, пивоны үнийг нэмж зардаг учраас дургүй хүрээд камерыг нь хагалсан. Би хулгайн хэрэгт оролцоогүй. Намайг дотогш ороогүйг нотлох баримт болох камерын бичлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байхгүй болсон. Мөрдөн шалгах ажиллагаа анхнаасаа миний эсрэг явагдсан. Би бичиг үсэг мэдэхгүй. Хэрэг гарснаас хойш хэдэн сарын дараа өмгөөлөгч авч нотлох баримттай танилцсан...” гэжээ.

 

Гэрч Г.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай нөхөр архи уугаад согтуу хэвтэж байсан. Г орж ирээд архи ууя гээд хамт гарсан. Г Шыг унтаж байхад нь босгоод, нүүр гарыг нь угааж, аваад гарсан. Нэлээд удаж байгаад орж ирэхдээ согтсон байдалтай гартаа нэг том пиво бариад орж ирсэн...” гэв.

 

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед Мустанг бааранд очиход цагдаа нар ирсэн байсан. Тухайн үед цагдаа нар намайг та эд зүйлээ бүртгээд ямар ямар эд зүйлс алга болсон талаар бидэнд хэлнэ үү гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед нүдний баримжаагаар бүртгэж үзэхэд alpen gold шоколад 15 ширхэг, том чипс 1 ширхэг, лаазтай самар 10 ширхэг, фрутта ундаа 10 ширхэг, дирол бохь 2 хайрцаг, мультвитамин ундаа 21 ширхэг, рэд бул 2 ширхэг, соёрхол архи 0.75 литр 1 ширхэг, tiger 1 ширхэг, метал гинж, ээмэг, бөгж, гар утас/хятад/, савхин куртик, түрийвч, хүүхдийн унадаг дугуй зэрэг эд зүйлс алдагдсан гэж цагдаа нарт бичиж өгсөн. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдөр эд зүйлсээ өөрийн бүртгэлийн дэвтэр, тооцооны дэвтэр болон ебаримттай тулгаж үзэхэд эвок 0.75 литрийн архи 1 ширхэг, лаазтай самар 10 ширхэг, паприка чипс 7 ширхэг, ууттай самар 18 ширхэг дутуу байсныг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлсэн. ...Манай бааранд үйлчлүүлсэн үйлчлүүлэгч металл гинж, ээмэг, бөгж, гар утсаа /хятад/ 37000 төгрөгийн барьцаанд 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр эд зүйлсээ орхиод явсан...” гэжээ. /хх-ийн 61-63 тал/

 

Хохирогч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн өглөө сэрээд галаа түлэх гээд үнсээ асгахаар гартал дэлгүүрийн гадна талд газарт 2 ширхэг камер унасан байсан. Дэлгүүрийн камераа харахад байхгүй хугараад газарт унасан байсан. Ингээд дэлгүүр болон гэр доторх эд зүйлсээ бүртгэхэд дэлгүүрийн арын өрөөнөөс 2.5 литрийн боргио нэртэй пиво 2 ширхэг, парламент тамхи 2 хайрцаг, улаан шонхор тамхи 5 хайрцаг, 500 граммын ерөөл архи 2 шил, 750 граммын улаанбаатар архи 1 ширхэг алдагдсан байсан. Гэр дотроос LG X2 маркийн гар утас, Самсунг эс-3 маркийн гар утас, гоёлын хос ээмэг, цүнхэн дотроос бэлэн 130000 орчим төгрөг тус тус алдагдсан байсан. ..:Алдагдсан 2 ширхэг гар утсаа буцааж авсан. ...Би хяналтын камерын хүлээж авсан. Гэвч ашиглах боломжгүй эвдэрсэн байсан учир Ш нь шинээр 3 ширхэг камер авч өгсөн. Камерын хувьд хохиролгүй болсон...” гэжээ. /1-р хх-ийн 66-68 тал, 2-р хх-ийн 132 тал/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Ү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд бид тав Мустанг бааранд орж ... ууж дуусаад мөнгөө төлөх болсон чинь цуг явж байсан хүмүүс мөнгөгүй гээд миний мөнгөн ээмэг /хос/, 1 ширхэг мөнгөн гинж кулон, мөнгөн бөгж зэрэг эд зүйлсийг барьцаанд тавьж үлдээсэн...” гэжээ. /1-р хх-ийн 56 тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 30-33 тал/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 34-37 тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 38-39 тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-44 тал/

Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 45, 49 тал/

Шүүгдэгч Гийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 73-74, 81-82 тал/

Шүүгдэгч Шын гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/

Гэрч Т.Ц-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-78, 232 тал/

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 116-117, 118, 119, 120 тал/

Насанд хүрээгүй гэрч Г.А-ын мэдүүлэг /1-р хавтас 174-176 тал/

Гэрч Б.М-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 234-235 тал/

Шүүгдэгч Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 103-104, 105 тал/

Шүүгдэгч Гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 112-115 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Г, Ш нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- Мөн шүүгдэгч Г нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 480.680 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ш бид хоёр манай гэрээр орж мөнгө авч, такси бариад архи авахаар Үнэнмаагийн дэлгүүрийн гадаа очсон. Намайг дотогш ороход Үнэнмаа нойроо дийлэхгүй суугаагаараа унтаж байсан. Би хоёр шил архи аваад үүд рүү гарч Шад өгсөн. Тэгээд буцаж ирээд Үнэнмаагийн гарын доор байсан гар утас, цаана тавиур дээр байсан гар утас, 3 том савтай пиво зэргийг аваад гарсан. Намайг гадагш гартал Ш архигүй зогсож байсан. Архиа яасныг нь асуухад “би камерыг нь эвдэх гэж байгаад хагалчихсан” гэсэн...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Шын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 01 цагийн үед тасраад унтаж байхад, Г гаднаас орж ирээд “хамт архи ууя” гэсэн. Би архи уухгүй унтлаа гэсэн боловч, миний гар нүүрийг угааж авч гараад “Саяг” дэлгүүр рүү очсон. Би тэр дэлгүүр рүү ороогүй. Намайг үүдэнд зогсож байхад Г надад хоёр шил архи авчирч өгсөн. ...Үнэнмаа шөнө оройн цагаар хууль бусаар архи, пивоны үнийг нэмж зардаг учраас дургүй хүрээд камерыг нь хагалсан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б, Ц.Ү, иргэний нэхэмжлэгч Ц.Ү, гэрч Т.Ц нарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч Г нь хулгайлах гэмт хэргийг хоёр удаагийн үйлдлээр хангасан тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэж зүйлчилж ирүүлсэн нь хуульд нийцсэн байна. 

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г “...би “Мустанг” баарнаас хулгай хийгээгүй”, шүүгдэгч Ш “...би Гтэй хамт хулгай хийгээгүй” гэсэн мэдүүлгийг гаргаж маргаж байгаа боловч шүүх хуралдаанд талуудын гаргасан мэтгэлцээний үндсэн дээр нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Г, Ш нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г, Ш нарыг бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Г, Ш нарыг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тус хэрэгт шүүгдэгч Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байх ба шүүгдэгч Ш нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Шад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Г нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл биеэр 1 жил 11 сар 27 хоног, шагналын 01 сар 17 хоног, нийт 2 жил 01 сар 14 хоногийн хорих ялыг эдэлж, 10 сар 16 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 3 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Шад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г, Ш нар нь хохирогч Ц.Ү-д 869.400 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд үүнээс 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг гар утсыг буцааж өгсөн, 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг камерыг шүүгдэгч Ш нь хохирогчид төлсөн байх тул төлөгдөөгүй үлдсэн 199.400 төгрөгийг шүүгдэгч Гээс гаргуулж хохирогч Ц.Ү-д олгох зүйтэй байх тул шүүгдэгч Шыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

 

Харин хохирогч Г.Б-д учруулсан 480.680 төгрөгийн хохирлоос 200.000 төгрөгийн үнэлгээ бүхий унадаг дугуйг хүлээлгэн өгсөн байх тул, төлөгдөөгүй 280.680 төгрөг, мөн иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д учруулсан 75.000 төгрөгийн хохирол, хохирогч Ц.Ү-д учруулсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 199.400 төгрөгийн хохирол, нийт 555.080 төгрөгийг шүүгдэгч Гээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Гийн 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс цагдан хоригдсон 329 /гурван зуун хорин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй ба шүүгдэгч  Ш цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Гийн ..................., шүүгдэгч Шын ....................................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ................ овогт Г, .......... овогт Ш нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Гийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, .............овогт Ш 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 3 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Шад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гийн цагдан хоригдсон 329 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Гээс нийт 555.080 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д 280.680 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц. Ү-д 75.000 төгрөгийг, хохирогч Ц.Ү-д 199.400 төгрөгийг тус тус олгосугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Гийн .................., шүүгдэгч Шын ................ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй. 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Шад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.БАТЖАРГАЛ