Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 000091

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Д.д холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                    Хэргийн индекс 142/2016/00181/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

               Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                                      Б.Жавхлантуяа 

               Шүүгдэгч                                                       Н.Д

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Н.Баттунсаг

               Нарийн бичгийн дарга                             Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолтой, Н.Д.д холбогдох, 201614000252 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ХХК-ийн зам талбайн ажилд түр ажиллаж байсан, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт оршин суух, Ж овгийн Н. Д.

 

Шүүгдэгч Н.Д нь 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхад нь амь хохирогч Б.Н “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиж цементэн газарт савж унагаснаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, Б.Н нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22:20 цагт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд хүргэгдэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч Б.Н нь 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ж овгийн Н. Д.г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Д.д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Д 8 жилийн хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.Д.д оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Н.Д.ийн цагдан хоригдсон 437 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д.д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2.т тус тус зааснаар шүүгдэгч Н.Д-ээс 4.613.728 төгрөг гаргуулж хохирогч Улаанбаатар хот Баянгол дүүргийн иргэн Б.Ц.д олгож, иргэний нэхэмжлэгч Р.Ө-ийн 67.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СD-г хэрэгт үлдээж малгайтай саарал цамц, саарал богино өмд, ногоон эрээн өмд, хөх өнгийн алчуур, цагаан дэр, шар алчуур, улаан эрээн дэрний уут 2 ширхэг, цагаан малгай, цагаан подволка, хар хөх хантааз, ногоон цамц, хар оруулгатай цагаан гутал 1 хос, цэнхэр жинсэн өмд, шүүгдэгчийн хатаасан цус, амь хохирогчийн хатаасан цус зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, иргэний нэхэмжлэгч Р.Ө нь нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Д давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тухайн өдөр би ажлаа хийгээд дүүрэн шороотой тэрэг бариад зогсож байтал гэнэт араас хүчтэй өшиглөсөн. Би цочоод мөрөн дээгүүрээ гараа явуулсан. Надад урагш хөдлөн, эргэж харах зай, цаг хугацаа ч байгаагүй, Энэ хэрэг нүд ирмэхийн зуур л болсон.

 

Би амь хохирогчтой нэг ч үг сольж үзээгүй энэ хэрэгт маш их гэмшиж, харамсаж байна. Намайг гэм буруутай гэж яллаж байгаад гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит болсон үйл явдлаас зөрүүтэй дүгнэлт хийж, хууль буруу хэрэглэсэн гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Аливаа хэрэг учрал бүхэн өөрийн онцлог, нөхцөл, учир шалтгаан байдаг. Хүнийг санаатай алсан гэж дүгнээд байгаа нь үйл явдлас зөрүүтэй дүгнэлт хийж хэлж байгаа юм. Шудрага ёсны зарчимд “ял, эрүүгийн хариуцлагын бусад арга хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруутай этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна” гэж тусгагдсан.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, эцсийн үр дүн буюу хүн нас барсан гэдэгт ач холбогдол өгч шийдвэр гаргаж байгаа нь хууль буруу хэрэглэхэд хүргэж байна. Ямар ч ухамсарт хүний үйлдэлд санаа зорилго гэж байдаг. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд алинд нь ч энэ санаа нь хүнийг алах санаа төрсөн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй буюу тусгагдаагүй байна. Д-ийн үйлдэл бол халдлагад өртөнгүүт өөрийгөө хамгаалах гэсэн хүний ухамсраас шалтгаалахгүй заяамал хөдөлгөөн буюу Үндсэн хуулиар хамгаалагдсан төрмөл эрх юм. Д-ийн хувьд ардаа байгаа хүнийг гартаа аюул дагуулах зэвсэг барьсан эсэх, аюулын хэмжээ хир зэрэг, цохивол унахуу үгүй юу, биеэ авч явах чадвар нь аль зэрэг, согтуу байна уу үгүй юу гэдгийг мэдэх бодох цаг хугацаа боломж байгаагүй юм. Энэ бүгдийг Д өөрөө, гэрчүүд хангалттай мэдүүлдэг.

 

Гэрч Т хэлэхдээ нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн гэдэг. /хх142-143/. Д өөрийн амьдралаа залгуулах гэж, эрүүл саруул, ажлынхаа талбар дээр хөдөлмөр эрхэлж байгаад ийм хэрэгт холбогдсон нь туйлын харамсалтай юм. Шууд бус санаа гэдэг бол эцсийн үр дүн юу болохийг мэдэж түүнийг хүсч байдгаараа онцлог. Иймээс шууд бус санаа гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шинэ хуулинд хүнийг алах гэдэг үгээр зүйлчилж оруулсан ба алах гэдэг нь хэл зүйн хувьд хүний санаатай үйлдэл эс үйлдэхүүн улмаас хүний амь нас хохирсон байхыг илэрхийлэх тул хүнийг алах гэж томьёолсон гэж тайлбарласан байна. Алах зорилго үгүй бол болгоомжгүйгээр хүний амь нас хохироох гэж томьёолон зүйлчилж хуулинд тусгасан нь аливаа хэрэг учралыг ялгаж, салгаж хууль хэрэглэхэд илүү тодорхой тусгалаа олсон гэж үзэж байна.

 

Хохирогч тал ч хэргийн нөхцөл байдалд эхнээсээ л шудрагаар хандаж, өөрийн хүний буруу байгаа хууль шүүхийн шийдвэрээр болно гэдгээ илэрхийлсээр ирсэн өнөөдөр ч мөн түүнийгээ л хэлж байгаа Хөндлөнгийн иргэдийн төлөөлөгч ч энэ бол санаатай хэрэг биш гэж өөрийн дүгнэлтээ хараат бусаар хэлж байгаа нь нэгийг бодогдуулахаар харагдаж байна.

 

Хяналтын шатны шүүх тогтоолдоо дурдахдаа “анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бурээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үндэслэл бүхий дүгэнэлт хийж чадаагүй тул, шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Хэргийн материалыг нарийн үзвэл талийгаачид учирсан олон тооны шарх сорвийг хэн яаж учруулав гэдгийг ч сайн тогтоогоогүй юм. Шинжээч эмч мэдүүлэхдээ олон удаагийн үйлчлэлээр үүснэ гэж хэлсэн байдаг / хх 80-81/

 

Д-ийн ар гэрээс өөрсдийн боломжоор сайн дураараа хохирогч талд хохирол төлбөр цувуулж, төлсөөр ирсэн. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Ө нь хамааралгүй атал иргэний нэхэмжпэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ дээрхи нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй анхан шатны шүүх шийдвэр гаргалаа. Хууль хэрэглээг зөвтгөж болгоомжгүйгээр хүний амь нас хохироох гэдгээр зүйлчилэн хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах гомдолдоо:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтанд нотлох баримтанд үнэн зөв бодитой дүгнэлтийг гаргасангүй, хуулийг буруу тайлбарлаж, гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулахгүй орхигдуулснаас иргэний нэхэмжлэгч болон насанд хүрээгүй 2 хүүхлийн эрх ашиг ноцтойгоор хохироход хүрч байна.

 

Иргэний нэхэмжлэгч Р.Ө нэхэмжилсэн 67.0 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч Н.Д нь хохирогч Б.Н санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болохыг шүүх тогтоосон. Иргэний хуулийн 228 дугаар зүйлд зааснаар Н.Д гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас шүүгдэгч нас барсан, гэм хорын хохирол үүссэн цаг хугацаа, орон зай, шалтгаант холбоогоор холбогдож байгааг бодитой үнэлж дүгнэсэнгүй.

 

Иргэний нэхэмжлэгч Р.Ө нь 2013 оноос гэр бүлийн дундын өмчтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, эцсийн шийдвэртэй хариуг авч чадалгүй 5 дахь намартайгаа золгож байна. Хяналтын шатны шүүхээр хүртэл шийдвэрлүүлээд 67.0 сая төгрөгөөр тогтоогдсон байхад Р.Ө-лыг нэхэмжлэлээ дахин бүрдүүлэх, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч О.Ө-лыг чиргэдүүлсэн, бага насны 2 хүүхдийн эрх ашгийг хохироосон ажиллагаа болсон байна.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2017.08.24-ний өдрийн шуудангийн салбараас хүлээн авсан баримтыг хавсаргав гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Жавхлантуяа дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Д 2016 оны 05 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн ажил хийж байхад нь амь хохирогч Б.Н “наад ажлаа хурдан хийцгээ” гэж бөгс рүү нь өшиглөхөд эргэж хараад зүүн хацар луу нь цохиж цементэн газарт савж унагаснаас бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулж, Б.Н нь 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 22:20 цагт Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн төвд хүргэгдэн, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч Б.Н 2016 оны 05 сарын 15-ны өдөр хүнд гэмтлийн улмаас амь насаа алдаж, хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан

Шүүгдэгч Н.Д-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн

Би 3-ын 20-р байрны гадаа талбайг засварлах, хүүхдийн тогтлоомын талбай барих ажил хийж байсан... тэр өдөр үдээс хойш гараад талбайгаа янзалж байхад нэг согтуу залуу байн, байн гарч ороод янз бүрийн юм яриад байсан бөгөөд бид тоогоогүй, өөрсдийн ажлаа хийж байсан..., орой ажил тарах үед Жавхаа бид хоёрыг тэрэгний тэвшин дээр шороо хийгээд би тэргийг бариад зогсож байтал гэнэт араас нэг хүн өшиглөсөн... Би ажил хийж байсан болохоор цочоод эргэж хараад зүүн хацар хавьцаа нь цохьсон чинь газарт уначихсан..., тэгээд босохгүй болохоор нь би цээжнээс нь Жавхаа хөлнөөс нь өргөөд орцонд оруулсан бөгөөд их архи үнэртэж байхаар нь унтаж байгаад босох байх л гэж бодсон..., Би үнэхээр түүнийг ална гэж бодоогүй... санаатай алаагүй... хэргийн талаар үнэн, зөв мэдүүлж байна..., би маш их гэмшиж байна... гэсэн  мэдүүлэг, 

 

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

3-ын 20-р байрын гадна талд шороо зөөгөөд ажлаа хийж байсан бөгөөд Д түрдэг тэрэг барьчихсан, би шороо хүрздээд хийж байхад өндөр нуруутай, нүдний шилтэй нээх согтуу биш халамцуу байрын залуу орц руу орох гэж байхдаа бид хоёрт хандан “хөөе ажлаа хий” гэж хэлсэн…, Тэгснээ хүрч ирээд Д-ийн араас бөгс рүү нь өшиглөсөн, Д зөрүүлээд өөдөөс нь түүний нүүр лүү нь зүүн хацар, хамарных нь орчим гараараа нэг удаа цохьсон чинь тэр өндөр залуу хойшоогоо дээшээ хараад толгойгоороо саваад байрны дундах засмал зам дээр унасан..., Тэгээд тэр залуу босохгүй чимээгүй болчихсон. би түүнийг очиж тэвэрч аваад дээш нь хоёр суганаас нь өргөж өндийлгөсөн чинь нэг амьсгаа авсан түүнийг замаас холдуулъя гээд бид өргөж орц руу оруулсан…, түүнээс архи үнэртэж байсан. Тэгээд нэг давхарын айлын хаалгыг цохиж таних хүн байгаа эсэхийг нь асуухад 6-7 насны хүүхэд гарч ирээд мэдэхгүй гэж байсан..., түүнийг орцонд оруулж орхичихоод архи уучихаад архиндаа унтаад байгаа юм болов уу гэж бодоод жаахан унтаж байгаад сэргэх байх гэж бодоод үлдээсэн... Бид ч ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад түүнийг яаж байна гэж бодоод би нэг удаа орж харахад зүгээр хурхираад унтаж байгаа мэт байж байсан..., Ц нэг удаа очиж хараад унтаж байна гэж байсан..., орой ажил тарахдаа дахиад харахад хажуу тийш налчихсан, хурхираад байгаа байдалтай байсан…, Бид түүнийг амьсгалаад унтаад байгаа байдалтай байсан болохоор нь гайгүй байх гэж бодоод явсан бөгөөд санаа зовоод 23 цаг өнгөрч байхад нөгөө орцондоо очиж нөгөө залууг харах гэж очиход эмнэлгийн машин ирээд зогсчихсон, түүнийг аваад явж байсан...,  Би Д, Ц хоёрын байрладаг 3-ын 6-р байрны подволь руу очих гээд явж байхад өөдөөс энэ хоёр гарч ирсэн..., Тэгээд тэр хоёр болсон хэргийн талаар цагдаад мэдэгдэх гэж хэсгийн өрөө рүү орсон... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 140-141-р хуудас /

 

Гэрч Б.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Бид гурав зам хийх талбайдаа шороо асгаж тэгшлээд завгүй л ажиллаж байсан..., Өдөр 15-16 цагийн үед цохиулдаг залуу, өөрөөсөө гадна хоёр залуутай 3-ын 19-р байрын голын орцны үүдэнд зогсч байгаад бид гурав руу хандан “хөөе тар нар наад ажлаа хурдан хийгээч, юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ” гээд байсан…, Бид гурав тухайн үед нь ажлаа хийгээд маргааш нь цемент цутгана гэж байсан болохоор нилээн шуурхай ажиллаж байсан..., Мөн газар тэгшлэж давтдаг цохилттой давтагчийн бензин нь дуусчихсан, Д асаах гээд Ж бид хоёр тамхи татчихсан зогсож байхад л тэр залуу тийм зүйл бид гуравт хандан 2-3 удаа хэлсэн юм...,

 

Бид гурав өөрсдийн хийх ёстой ажлаа хийж байтал нөгөө залуу тэрнээс хойш өөрийнхөө 3-ын 20-р байрын голын орцны үүдэнд гараад ирчихсэн, эхнэртэйгээ явж байсан нэг ахтай хамт зогсоод бас л та нар ажлаа хурдан хийгээч гэх мэтийн зүйл яриад хөөе наашаа хүрээд ир гээд байсан..., нөгөө залуу хэсэг тэр хавиар харагдахгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байхад дахиад орцноосоо ганцаараа гарч ирээд өөрийнхөө байрны хамгийн доод талын орц руу орж байгаа харагдсан..., Ингэхдээ бид нарт ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд тэр үед би 3-ын 20-р байрны урд талын дэлгүүрийн ар талд Ж, Д хоёрын зөөж асгаж байсан шороог тэгшлээд зогсож байсан…, Тэгснээ 5 орчим минутын дараа нөгөө залуу залуу өөрийнхөө орцноос гарч ирэхдээ амаа цагаан өнгийн салфетик мэт зүйлээр дарчихсан явж байсан..., Тэгээд өөрийнхөө орц руу явахдаа мөн “хөөш та нарыг наад ажлаа хурдан хий гээд байгаа юм биш үү?” гэж байсан..., Түүнийг тэгж хэлж байхад нь Ж, Д хоёр бараг анзаараа ч үгүй хоёулаа түүнээс буруу тийш харчихсан зогсож байсан...,

 

Тэгээд тэр залуу өөрийнхөө орц руу явж байснаа гэнэт явган хүний замаас хажуу, баруун тийшээ гараад өөрөөс нь холгүй шороо зөөх гээд шороо тэргэнд ачиж байсан Д араас нь очоод өгзөг хөл хэсэг рүү нь нэг удаа өшиглөөд авсан…,  Тэгэхээр нь Д эргэж хараад түүнийг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохьтол арагшаагаа саваад ар дагзаараа газарт унасан..., Ж, Д хоёр түүнийг өндийлгөөд тэвэрсэн бөгөөд тэр хавьд явж байсан нэг залуу хажууд ирсэн, тэгээд энд цагдаа байгаа шүү дээ цагдаад хэлээч гэж хэлчихээд өөрөө 3-ын 20-р байрын доош утсаар яриад яваад өгсөн…, Би цагдаагийн хэсгийн өрөө рүү очиж үзэхэд хүн байхгүй байсан..., Намайг очиход Д цохиулсан залуугаас архи үнэртэж байсан мөн сэрэхгүй байсан..., Тэгэхлээр нь Ж, бид хоёр түүнийг орц руу оруулъя гээд түүнийг цохиулсандаа цохилт аваад мөн согтуудаа сэрэхгүй байна гэж бодоод орц руу оруулсан… гэсэн мэдүүлэг, / хх-ийн 142-143-р хуудас/

 

Гэрч Д.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Тэр өдөр 12 цагийн үед Н над руу ярьж танд “Хаан” банкны данс, карт байна уу? ээжээсээ мөнгө шилжүүлж авна гэхээр нь эхнэр Ж.М-ын дансыг өгөөд орой уулзахаар болсон..., Тэгээд Н залгаж картаа аваад 3-20-19 тоотод байдаг гэртээ хүрээд ир гэхээр нь би хүүхдээ цэцэрлэгээс авчихаад гэрт нь ороход тэр ээжээсээ 30.000 төгрөг шилжүүлж автал карт өгсөн хүн өртэй байж таараад 10.000 төгрөг авсан гэж байсан…, Тэгээд тэр хүн нь 200 граммтай “Өргөө” гэдэг 1 шил архи өгөхөөр нь ганцаараа уусан гэж байсан…,

 

...нөгөө 10.000 төгрөгөөр нь Ням-Очир бид хоёр 0,75 литрийн 1 шил “Ерөөл” архи авч хувааж уусан, дараа нь 16 цагийн үед би тэдний  байрны урд дэлгүүрээс өөрийн мөнгөөр 1 шил 0,75 л-ийн “Ерөөл” архи авч уусан... Хоёр дахь архийг уух гээд байж байхад гаднаас К, М гэх хоёр залууг Н намайг архинд гарсан хойгуур утсаар дуудсан гээд орж ирсэн..., Тэгээд бид дөрөв нөгөө архиа ууж дуусаад Н К манай эхнэрийн картанд хүнээс мөнгө хийлгэсэн гээд гарч би М нь үлдсэн...,

 

Тэр хоёр гаднаас 30-40 минутын дараа 2 шил 0,75 л-ийн “Ерөөл” архи авч орж ирээд хоёр архийг ууж байхад би унтаад өгсөн байсан..., Би 21 цаг 30 минутын үед сэрэхэд ганцаараа гэрт нь үлдсэн байсан..., Тэгээд Н руу залгахад утас нь холбогдохгүй, гэрээс нь гарах гэсэн чинь гаднаас цоожилсон байсан..., 22 цагийн үед  хаалга цохиж “3-р микрийн цагдаа байна, хаалгаа” гэхээр нь би “намайг гаднаас цоожилсон байна” гэж хэлэхэд тэр цагдаа Н-г хүнд цохиулж, зодуулсан байна, 1-р давхарт хэвтэж байна гэхэд нь би түүний халаасанд түлхүүрийг нь үз надад түлхүүр байхгүй гэж хэлсэн.

 

Цагдаа гаднаас хаалга онгойлгож бид хамт доошоо буусан…, Н-нх 3 давхарт байдаг, арктай 1 өрөө байр юм..., очиход Н толгойгоо орцны үүд рүү харуулаад хажуу талаар хэвтсэн байдалтай байсан. Уруул амнаас нь цус гарчихсан, уруул нь хавдсан, хөмсөгнийх нь дээд хэсгээс язарч цус гарсан байдалтай байсан учраас бид 3 түүнийг гэрт нь өргөж оруулсан..., Цагдаа түүнийг сэрээх гэж хацар руу нь гараараа зөөлхөн алгадахад уртаар амьсгаа аваад сэрэхгүй байсан. Гэрт нь ороод гэрийнх нь гэрлийг асаах гэсэн чинь гэрэл нь буудаж унтарсан..., бид цагдаа, эмнэлэг дуудсан... гэсэн мэдүүлэг/  хх-ийн 136-137-р хуудас/

 

Гэрч К.К-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...М бид хоёр 16 цагийн үед Н дуудахаар нь гэрт ороход тэр ганцаараа нилээн их согтуу байсан бөгөөд намайг архи уух гэж дуудсан гэсэн…, Ширээн дээр нь 200 грамын жижиг архи байсан, мөн 0,75 литрийн архины хоосон шил байсан..., гэрт нь ороод байж байхад түүний найз Ц гэдэг залуу орж ирэхэд талийгаач түүнийг “нөгөө юм аа гаргаач” гэхэд тэр  1 шил 0,75 литрийн архи  гаргаад бид дөрөв хувааж уусан..., Тэр архийг ууж дуусаад Н бид хоёр Ц-оос түүнийг виза картыг нь аваад дахиж архинд гарсан…, Талийгаач гэртээ байхдаа 6-ын 11 дүгээр байранд байдаг А гэдэг эмэгтэйтэй очиж уулзах хэрэгтэй байна гэж надаас машинтай таньдаг хүн байна уу гэхээр нь Би таксинд явдаг танил дүү Э-ын 99356316 утас руу залгаж ирүүлээд бид хоёрыг хүргэж өгсөн…,  

 

Орой 18 цагийн орчимд байх Э ирэхэд талийгаач 15.000 төгрөг аваад  бас нэг архи, нэг ундаа, тамхи авсан…, тэр үед А-тай утсаар ярьтал тэр завгүй гэсэн учир бид хоёр нөгөө машинаараа 3-ын 20-р байранд хүргүүлсэн..., Бид хоёр 0,75 литрийн 1 шил “Ерөөл” архи авч гэр лүү нь ороод М, Ц бид дөрөв нэг, нэг хундага уугаад нилээд   согтсон…,

 

Би нэмж архи уухгүй гээд найз М аваад гэрээс нь гарч гэрт нь Ц, талийгаач хоёр үлдсэн..., Талийгаач дэлгүүрээс сүүлийн архийг авах гэж явахдаа өөрийнхөө байрны урд ажил хийж байсан залуучуудын хажуугаар нь өнгөрөхдөө согтуурхаж мөрөлж, шүргэчих гээд байсан..., Би түүнийг боль боль, тийм юм байхгүй шүү гэж хүнтэй маргалдуулахгүй гэсэндээ хориглосон…, Талийгаач мөн тэд нарт хандан хэрүүл өдсөн өнгө аястай үг хэлээд байсан болохоор нь түүнийг холдуулаад цааш нь түлхэж дэлгүүр рүү аваад орсон…, Тэр залуучууд руу яг юу гэж хэлснийг нь анзаарч сонсоогүй, лав л хэрэлдчих гээд л байсан…, Тэр залуучууд нь харин өөдөөс нь ямар нэг зүйл хэлээгүй, ажлаа хийж байсан... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 138- 139-р хуудас /

 

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

Тэр өдөр 21 цагийн орчимд ажил тараад гэр лүүгээ явж байтал манай орцонд шатны хажуугийн зайнд, паарны хажууд ар нуруугаараа хана налчихсан нэг согтуу эрэгтэй хүн хагас суугаа байдалтай байхаар нь согтуу хүн гэж бодоод хажуугийн 3-р орцонд байдаг хэсгийн цагдаа руу орж манай орцонд согтуу хүн байна гэж хэлээд хамт түүн дээр очиход тэр хүн ухаангүй согтуу байсан. Цагдаагийн ажилтан түүнийг босоорой цагдаа байна гэхэд өөдөөс нь ямар нэг байдлаар дуугараагүй...,

 

Тэр цагдаа түүний байгаа байдлыг  гар утсаараа зураг дарж...,  нэг хүнтэй утсаар ярьж байснаа намайг тэр орцны 3 давхарт гараад голын хаалгыг нь цохиод “хүн байна уу” үзээд ир гэхээр нь гарч хаалгыг нь цохиход эрэгтэй согтуу байрын хүн гаднаас цоожилсон гэж хэлсэн..., доод давхарт нэг согтуу хүн байна гэхэд “наад хүн чинь мөн байхаа” халаасанд түлхүүр нь байгаа байх гэхээр нь би цагдаад хэлсэн..., Тэгээд намайг хажууд нь байж байхад цагдаагийн ажилтан тэр залуугийн ар гэртэй нь холбогдох хэрэгтэй гээд, мөн түлхүүрийг нь халаасанд нь үзсэн..., Цагдаагийн ажилтан түүний халаасанд байсан нэг түлхүүрийг аваад бид хоёр 3 давхарт гарч гэрийг нь онгойлгоод нөгөө залуутай уулзсан...,

 

Тэр залуу нилээн их согтуу байсан ба цагдаа ширээн дээр байсан архины шил болон бусад зүйлийн зургийг гар утсаараа авсан... Тэгээд 3-лаа доош бууж орцонд байсан залууг өргөж гэрт нь оруулаад цагдаа, эмнэлэгт дуудлага өгч байсан… гэсэн мэдүүлэг, /хх-ийн 122-123-р хуудас /

 

Гэрч Э.Ц-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Ажлын байрандаа ирсэн байхад 21 цаг 40 минутын орчимд 21 тоотод  оршин суугч гэх Э гэдэг 20 орчим насны залуу орж ирээд “…гэр рүүгээ орох гэж явтал манай орцны 1-р давхарт ухаангүй согтуу хүн унтаж байна...” гэж хэлэхээр нь хамт ороход урьд нь зүс харж байсан, нэр, хаягийг нь сайн мэдэхгүй, манай цагдаагийн хэсэгтэй байранд байдаг залуу байсан..., хэсгийн цагдаа Э руу залгаж манай байранд байдаг, урьд нь хэдэн сарын өмнө чамтай маргалдаад байсан гэх, шаардлагыг чинь эсэргүүцээд байсан архи уугаад яваад байдаг залуу хэн билээ... гэхэд Э надад “2-р орцны 3 давхарын голын хаалганд амьдардаг гэдэг залуу...” гэж хэлсэн.

 

Тэгээд нь дуудлага өгсөн залууг 3 давхарт гараад голын хаалгыг цохиод хүн байна уу? үзээд өгөөч гэсэн чинь тэр хаалгыг цохиод бууж ирснээ хаалгаа онгойлгож өгөхгүй байна, гэрт нь нэг хүн байна, наад согтуу хүний чинь халаасанд нь гэрийнх нь түлхүүр байгаа гэж хэллээ гэсэн…, Гэрт нь ороход Ц гэх залуу байсан ба Н-ой хамт архи ууж байгаад унтсан байна…сая хаалга цохихоор нь сэрлээ гэж хэлсэн..., түүнийг дагуулж нөгөө залууг харуулахад манай найз мөн гэж хэлсэн…,

 

Ингээд цагдаа, эмнэлэг дуудсан..., түргэн ирэхгүй болохоор нь гэрт байсан залуу болон дуудлага өгсөн залуу хоёртой түүнийг өргөөд гэр рүү нь оруулсан..., өрөөндөө сууж байхад араас гадаа байрны дунд зам талбайн ажил хийж байгаа 2 залуу орж ирээд надаас орцонд сууж байсан согтуу залуу яасан юм бэ? түргэн ирээд аваад явж байгаа юм уу? бие нь яасан юм бэ? гэж асуугаад “…би тэр орцонд байсан залуутай маргалдсан хүн байна…, гэхээр нь яагаад маргалдсан юм бэ” гэхэд асуухад “...би зүгээр ажлаа хийж байтал гэнэт араас нь ирж өшиглөсөн…, мөн янз бүрээр хэлээд байсан..., тэгэхлээр нь эргэж хараад нэг удаа түүний нүүрэн тус газарт гараараа цохьсон гэж хэлсэн…, унахаар нь орцонд оруулсан, архи нь гарахаар босоод явах байх гэж бодсон...” гэж хэлж байсан... гэсэн мэдүүлэг, / х.хийн 124-125-р хуудас /

 

Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Тухайн хэрэг болсон өдөр би хотод байсан бөгөөд ээж рүү хэсгийн байцаагч залуу манай дүүг орцонд согтоод унасан байна, уруул нь хавдсан, цус гараад байна, ямар нэгэн юм мөргөсөн юм шиг байна гэж хэлсэн гэсэн..., Миний бие 2016-05-14-ний өглөө 9 цаг өнгөрч байхад ээж болон хамаатны Д гэх хүний машинтай ирсэн..., ар гэрийн зүгээс зөвшөөрлийн хуудас бөглөн хагалгаа хийлгэсэн боловч дүүгээ аварч чадаагүй…, 2016-05-15-ны өдрийн 16 цаг 30 минутын үед нас барсан..., миний дүүгийн буруу байгаа  байх.., тухайн үед архи их уусан байсан..., хуулийн дагуу шийднэ байх... гэсэн мэдүүлэг, / хх-ийн 68-69-р хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 42 дугаартай :

 

Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт, зүүн өгзөг, баруун гарын сарвуу, дээд болон доод уруулд зөөлөн эдэд цус хуралт, дух, доод уруул, хуйханд дагз хэсэгт, доод эрүүнд язарсан шарх, хуйханд дагз оройг хамарсан зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

Гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан дор баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан дор их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл дор цус харвалт нь  гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана.

 

Уруул, доод эрүүнд үүссэн зөөлөн эдэд цус хуралт, язарсан шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Хуйханд үүссэн цус хуралт, зулгаралт, язарсан шарх, чамархайн булчингийн цус хуралт нь үхлийн шалтгаан болсон гэмтэлтэй шалтгаант холбоо бүхий гэмтэл бөгөөд гавал тархины гэмтэл нь хатуу мохоо зүйл унах үед үүсэх боломжтой, бусад гэмтэл нь гараар цохих үед үүсэх боломжтой.

 

Талийгаачийн биед учирсан гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэнэ.

Талийгаач нь элэгний хатуурал, хэвлийн хөндий дэх шингэн, дэлүүний томрол, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчтэй бөгөөд эдгээр нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй…, этилийн спирт 3.9 промиль процент илэрсэн бөгөөд энэ нь согтолтын хүнд зэрэгт хамаарагдана…, талийгаач нь АII бүлгийн цустай…, талийгаачийн үхлийн шалтгаан нь гавал тархины битүү гэмтэл, дагз ясны хугарал, тархины эдийн баруун чамархай хэсэг болон бага тархины эдийн цусархаг няцрал, хатуу бүрхүүл хальсан доорх баруун чамархай, дух хэсгийг хамарсан цусан хураа, зөөлөн бүрхүүл хальсан доорхи их тархины дух, чамархай хэсгийн болон бага тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт болно..., эмч нар оношлогоо болон эмчилгээ стандартын дагуу хийсэн… гэсэн дүгнэлт /хх-ийн 71-73-р хуудас/

Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн нүүрэн хэсэгт үүссэн язарсан шархууд зөөлөн эдийн цус харвалтаас үзэхэд урдаас хойш чиглэсэн хүч үйлчилсэн байна. Уг хүчний үйлчлэлээр арагш толгойн ар хэсгээр унахад үхлийн шалтгаан болсон гавал тархины битүү гэмтэл үүссэн байж болно. Нүүрэнд үүссэн гэмтэлүүд нь бүгд урдаас хойш чиглэсэн байсан. Аль ч гэмтлийнх нь үед хойш толгойн ар хэсгээр унаж болно. Гавал тархины битүү гэмтэлд гавал ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсны гэмтэл, цус харвалтууд, тархины эдийн няцралбүгд багтдаг. Гавал тархины битүү гэмтлийн үед “гэгээн үе” гэж байдаг. Энэ үед ямар ч гэмтэлгүй хүн шиг байх ба энэ үе нь 2 хоног хүртэл үргэлжилж болдог. ...Талийгаачийн биед үүссэн дээрх гавал тархины битүү гэмтлийн үед тэр даруйдаа болон дараа нь эмнэлэгийн тусламж үзүүлэхэд амь насыг аврах боломжгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 80-81 хуудас/ болон шүүгдэгч  гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасныг баримтлан Н.Д.д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг 2017 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1.д заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Д.г 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-20 дугаар байрны гадаа зам талбайн засварын ажил хийж байхад нь амь хохирогч Б.Н согтуугаар “наад ажлаа хурдан хийцгээ” гэж хэлээд араас нь өшиглөхөд нь Н.Д түүний нүүрэн тус газарт нь цохисны улмаас хохирогч ар дагзаараа савж унаж, хохирогчийн биед гавал тархины хүнд гэмтэл учирч, уг гэмтэл нь үхэлд хүргэсэн, шүүгдэгчийн санаатай үйлдийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирч амь нас нь хохирсон гэмт үйлдэл ба хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Н.Д нь хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Харин хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, болгоомжлуулсан ямар нэг актыг зөрчсөн, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсон шинжтэй байдаг ба хавтаст хэрэг цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н.Д-ийн үйлдлийг  болгоомжгүй хүний амь нас хохироосон, хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэж зүйлчлэх боломжгүй байна.

Мөн шүүх эмнэлэгийн дүгнэлт, шинжээч эмчийн мэдүүлгээс үзэхэд амь хохирогчид учирсан гэмтлийг авсан даруйдаа эмнэлэгийн тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй амь насанд аюултай гэмтэл учирсан байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хуульд заасан үндэслэл журмын дагуу гэм хорын хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Иргэний нэхэмжлэгч Р.Өлзийжаргалын нэхэмжилсэн шүүгдэгч Н.Д-ээс амь хохирогч Б.Н-ын эхнэр Р.Ө болон хоёр хүүхэддээ шүүхийн шийдвэрээр төлөхөөр шийдвэрлэсэн 67 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж энэ талаар гарсан шүүхийн шийдвэрүүдийг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа боловч энэ шууд бус хохирлыг эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурьдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт иргэний нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Даваасүрэн болон шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1. 1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                        ШҮҮГЧИД                                                                             Ц.ТУЯА

 

                                                                                                                        С.ЦЭЦЭГМАА