Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 669

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Э, Д.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Алтансүх,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулж,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 10 дугаар эсэргүүцлээр Э.Э, Д.Э нарт холбогдох 2017 2501 1316 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Арвинсан овгийн Э.Э, 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19 дүгээр гудамжны 470Б тоотод оршин суух,

 

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:/,

 

2. Олхонуд овгийн Д.Э, 1989 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 296 тоотод оршин суух,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:/,

Э.Э, Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.Б-гийн өмсөж явсан куртикний халааснаас бэлэн 630.000 төгрөгийг шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э, Д.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Э.Э, Д.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Д.Э нарт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г шүүхийн шийдвэрийн давж заалдах хугацаа дуусахад устгаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 934 дүгээр “Шүүхийн шийдвэрийг залруулах тухай” захирамжид: Тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад

Арвинсан овогт Эрдэнэбаатарын Эрдэнэмөнх, Олхонуд овогт Доржпүрэвийн Энхзаяа нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай гэж, тогтоох хэсгийн 3 дахь заалтад

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Арвинсан овогт Эрдэнэбаатарын Эрдэнэмөнх, Олхонуд овогт Доржпүрэвийн Энхзаяа нарт оногдуулсан ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг дурдсугай гэж тус тус залруулан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний дараах алдаанууд байна. Үүнд:

Ялтан нар нь гэмт хэргийг санаатайгаар бүлэглэн гардан үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байдаг тул бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2015 оны шинэчлэн найруулсан 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх нөхцөл байдлыг тусган зохицуулаагүй боловч тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж тусгайлан зохицуулжээ.

Иймд ялтан нарын гэмт үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байсан байх тул шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Д.Э нарт оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж болохыг дурдсугай” гэжээ.

Дээрх заалтаас үзэхэд шүүх ялтан нарт тус бүр тодорхой нэгэн ял оногдуулаад 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.”, тус зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж тус тус заажээ.

Гэтэл шийтгэх тогтоолын 3 дахь хэсгийн заалтаас үзэхэд шүүх ялтанд хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн эсвэл ямар нэгэн ял оногдуулсан эсэх нь ойлгомжгүй байна.

Ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсвэл ялтан тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах тухай асуудлууд нь тус тусдаа өөр ойлголт билээ.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад хуулийн бичвэрийн хувьд ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д ... гэж бичихээр байна.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.” гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.

Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасанчлан улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг залруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй болохыг дурдаагүй байна.

Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй байна.

Иймд Э.Э, Д.Э нарт холбогдох 361 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.

Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Э.Э, Д.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн байна.

Э.Э, Д.Э нарын үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгааг шүүх зөв тогтоожээ.

Гэвч шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.2 “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, 1.3 “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс шийтгэх тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг ...” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг тодорхойлсон байхад шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтдаа ... Э.Э, Д.Э нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар хулгайлан авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Мөн Э.Э, Д.Э нар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруутай эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэн хорих ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар Э.Э, Д.Э нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзсан эсэх нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх Э.Э, Д.Э нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 6, 7 дахь хэсэгт тус тус заасан “шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл уг шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах” тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, дарааллыг зөрчиж, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачилгаар залруулж болно.”, 4 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг залруулсан бол энэ хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулан өгнө.” гэж тус тус заасан байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 934 дүгээр шүүгчийн захирамж нь хэргийн агуулга руу орж шүүгдэгч нарын гэм буруу, ял, албадлагын арга хэмжээг залруулж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн тул захирамжийг хүчингүй болгов.

Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүх  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Э.Э, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 934 дүгээр шүүгчийн захирамжийг тус тус  хүчингүй болгож, Э.Э, Д.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан Э.Э, Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                                     Д.ОЮУНЧУЛУУН

                                                                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ