Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00813

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн     

          2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 312 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Ш” ХХК

          Хариуцагч: “Б” ХХК-д холбогдох

          56.012.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Соёмбо Ай Би ХХК манай компанитай 2016-08- 16-ны өдөр Г/90 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлан дааж Б ХХК Г/91 тоот Батлан даалтын гэрээг байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.3-т Худалдан авагч барааг хүлээн авснаас хойш хуанлийн 20 хоногийн дотор үнийг бүрэн төлж барагдуулсан байх үүрэгтэй. Хуанлийн нэг өдөр хийсэн худалдагчийн нийлүүлэлт, худалдан авагчийн худалдан авалтыг Иргэний хуулиар тогтоосон бие даасан үүрэг. Гэрээний 5.2-т худалдан авагч нь шатахуун болон барааны төлбөрийг тээврийн хөлсний хамт гэрээний 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүр /шатахуун болон барааны нийлүүлэлт тус бүр/-д тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. Мөн 2016-08-16-ны өдрийн Г/91 тоот Батлан даалтын гэрээний 3.16-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ цаг хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч нь батлан даалтын зүйлээс үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй нийт мөнгөн төлбөр, алданги, шаардлагатай тохиолдолд шүүхийн зардал, хохирлыг төлж барагдуулахаар заасан. Бид Соёмбо Ай Би ХХК-нд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж албан бичиг хүргүүлж байсан боловч уг компани нь олдохгүй, одоо хаана байгааг нь бид мэдэхгүй байгаа юм. Иймд Соёмбо Ай Би ХХК нь 2016-08- 16-ны өдрийн Г/90 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр 37, 341,600 төгрөг, алданги 18,670,800 төгрөг, нийт 56,012,400 төгрөгийг Б ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч  хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-тай 2016-08 -16-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах Г/90 тоот гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээний хүрээнд нийлүүлэх бүтээгдэхүүний төлбөр төлөлттэй холбоотой Б ХХК-тай тус өдөр Г/91 дугаар Батлан даалтын гэрээ байгуулсан байна. Соёмбо Ай Би ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу авсан шатахууны төлбөрийг төлөөгүй нөхцөлд Б ХХК Батлан даалтын гэрээнд заасан ёсоор төлбөр төлөх агуулгаар тус гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч нь Соёмбо Ай Би ХХК-тай 2017-03- 31-ний өдөр 2017/03 дугаар Тооцоо нийлэх актыг үйлдэж, нэхэмжлэгчид төлбөл зохих үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь 37,341,600 төгрөг болохыг баталгаажуулжээ. Тооцоо нийлсэн актын дагуу төлөгдвөл зохих үндсэн төлбөр, алдангийг Б ХХК хариуцан төлөх үндэслэлгүй учир нэхэмжлэгч үндсэн үүрэг гүйцэтгэгч Соёмбо Ай Би ХХК-иас тус төлбөрийг нэхэмжлэх нь зүйтэй. Түүнчлэн, Батлан даалтын гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тухай зааж тохиролцсон боловч гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна. Соёмбо Ай Би ХХК-иас эхлээд нэхэмжлэх ёстой. Хариуцагч олдохгүй байгаа нь манай байгууллагад шууд хандах үндэслэл болохгүй. Батлан даагч хэзээ хариуцлага хүлээхийг хуульд заасан байгаа. Бид гэрээгээр хамтран үүрэг хүлээгээгүй, мөн үүрэг гүйцэтгэх дараалал тогтоогоогүй. Тиймээс Батлан даалтын гэрээний 6.1, 2.1.1, 2.1.2, Иргэний хуулийн  460.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-нд холбогдох Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 438 012 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 312 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг тус тус хангахгүй орхижээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:  Шүүхийн шийдвэр, магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч бид “нэхэмжлэгчийн шаардаж буй төлбөр нь зохигчдын хоорондын Батлан даалтын гэрээнд хамаарна” гэх агуулгаар дүгнэлт хийснийг эс зөвшөөрч байна. ИХШХШТХ-ийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон...үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч ... шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасан. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь зохигчид хоорондын Батлан даалтын гэрээнд хамаарах эсэх талаар маргааныг эцэслэн шийдвэрлэх үр дагавартай. Батлан даалтын гэрээний 6.1 дэх заалтыг хэрэглэх үндэслэлтэй тухай: Зохигчдын хоорондын Батлан даалтын гэрээний 6.1 дэх хэсэгт гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох тухай заасан. Иймд компанийн гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарсан нь гэрээг байгуулагдсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй юм. Бид энэ асуудлаар мэтгэлцсэн боловч шүүх гэрээний 6.1-г хэрэглэх үндэслэлгүй тухай дүгнэлт хийгээгүй байна. Иргэний хуулийн 56.1.1 дэх заалт нь хэрэглэвэл зохих хууль болох тухай: Зохигчдын хоорондын маргаанд Иргэний хуулийн 458.1 хэрэглэхийн тулд талуудын хооронд хүчин төгөлдөр Батлан даалтын гэрээ байгуулагдсан байх ёстой. Иймд хэрэв гэрээ байгуулагдсан гэж үзвэл тус гэрээний хүчин төгөлдөр байдлыг шүүх шалгах ёстой. Иргэний хуулийн 56.1-т заасан аль нэг үндэслэл байвал шүүх бие даасан нэхэмжлэл гаргасан эсэхээс үл хамааран хуулийн тус заалтыг хэрэглэх ёстой. Зохигчдын хоорондын Батлан даалтын гэрээ нь “хууль зөрчсөн” хэлцэл тул Иргэний хуулийн 56.1.1 хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь, Даатгалын тухай хуулийн  49.1 дэх хэсэгт “Даатгагч нь Монгол Улсад болон гадаад улсад гагцхүү даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлнэ” гэж заасны дагуу даатгагч нь батлан даалтын гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн хэрэг юм. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 4.15 дахь хэсэгт даатгагч нь даатгалын үйл ажиллагаа эрхлэх журам зөрчиж, даатгалтай холбоогүй үйл ажиллагаа эрхэлсэн бол түүнийг Даатгалын тухай хууль зөрчсөн зөрчил гэж үзэхээр тодорхой заасан. Монгол Улсын дээд шүүхийн 2010-06- 22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 17 дугаар тогтоолын 5.6 дахь хэсэгт “Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс гадуур эсхүл улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл ажиллагааны чиглэлээс өөр ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл боловч хуулийн 56.1.9-т заасан үндэслэлд хамаарахгүй” гэж тайлбарласан.  Тус тайлбар нь Батлан даалтын гэрээг “хууль зөрчсөн” хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг дэмжинэ. Санхүүгийн зохицуулах хорооны 2007.06.27-ны өдрийн “Заавар батлах тухай” 80 дугаар тогтоолоор Ердийн даатгалын болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлох зааврыг баталсан бөгөөд тус заавраар даатгагчийн эрхэлж болох даатгалын үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг тодорхойлсон. Үүнд, батлан даалт гаргах үйл ажиллагаа байхгүй. Иймд даатгагч нь батлан даалт гаргах нь хууль бус юм. Тус журмын 4.1 дэх хэсэгт Даатгалын тухай хуулийн 49.1 дэх заалтыг зөрчсөн буюу тус зааварт зааснаас бусад үйл ажиллагаа явуулсан даатгагчид Даатгалын тухай хуулийн 83.1.19 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэх тухай заасан нь үүний нотолгоо юм. Даатгалын тухай хуулийн 25.5 дахь хэсэгт “Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно” гэж заасан. СЗХ-ны 2016.03.11-ний өдрийн 70 дугаар тогтоолоор Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих, журмыг шинэчлэн баталсан бөгөөд журамд даатгалын нөөц санг зөвхөн даатгалын нөхөн төлбөрийн зориулалтаар зарцуулах, хадгалах тухай зохицуулсан. Өөрөөр хэлбэл, Даатгалын тухай хуулийн 49.1, 25.5 дахь заалтуудын утга агуулга нь даатгагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхүйц санхүүгийн чадамжтай байдлыг хангаж ажиллах ёстой бөгөөд эл байдлыг алдагдуулахгүй байх үүднээс даатгалын нөөц сангийн хөрөнгийг өөр байдлаар захиран зарцуулах нь хориглогдох агуулгатай юм. Энэ нь, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалсан заалт. Хэрэв, даатгагч даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулах, нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалаас өөр зориулалтаар ашиглаад эхэлбэл даатгалын тохиолдол бий болсон үед даатгалын нөхөн төлбөр олгож чадахгүй байх, даатгуулагчид даатгалын нөхөн төлбөр авч чадахгүй байх эрсдэлд хүргэх болно. Эл байдлаас сэргийлж, даатгагч нь даатгалаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулах, нөөц хөрөнгийг өөр зориулалтаар захиран зарцуулахыг хориглосон байна. Иргэний хуулийн 458.5 нь хэрэглэвэл зохих хууль болох тухай: Иргэний хуулийн тус хэсэгт Батлан даалтын гэрээ байгуулсны дараа үүрэг гүйцэтгэгчийн хийсэн хэлцлээс бий болох үр дагаврыг батлан даагч хариуцахгүй тухай заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь Батлан даалтын гэрээ байгуулсны дараах борлуулалтын төлбөр тул Батлан даалтын гэрээнд хамаарахгүй юм. Энэ нь цаг хугацаа болон борлуулалтын хэмжээний хувьд Батлан даалтын гэрээнд хамаарахгүй борлуулалтын төлбөр байсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь “Б” ХХК-ийн түүнтэй байгуулсан Батлан даалтын гэрээнд хамаарахгүй тул шүүх Иргэний хуулийн  458.1-г хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. Цаг хугацааны хувьд: Нэхэмжлэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгч “Соёмбо Ай Би” ХХК-тай 2016-12- 31-ний өдөр хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх нөхцөлтэй Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах Г/90 дүгээр гэрээг 2016-08- 16-ны өдөр байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу хийгдэх борлуулалтын төлбөрт “Б” ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан. Гэтэл, хариуцагчаас нэхэмжилж буй төлбөр нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссанаас хойш хийгдсэн борлуулалтын төлбөр байсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2017/03 дугаар тооцоо нийлэх актын 1 дэх хэсэгт “... хоёр байгууллагын хооронд 2017-01-01-ний өдрөөс 2017-03-31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ ... нэг бүрчлэн нийлж үзэхэд” гэж, 3 дахь хэсэгт “Дээрх тооцоо нь зөвхөн тухайн хугацааны тооцоо болно” гэж тус тус зааснаас нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь 2017-01-01-ний өдрөөс 2017-03-01-ний өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын төлбөр болох нь тогтоогдоно. Бид “Соёмбо Ай Би” ХХК-иас тайлбар авахад мөн адил тус агуулгаар тайлбар ирүүлсэн. 2016/13 болон 2016/14 дугаар тооцоо нийлэх актад 2016-10-31-ний өдрийг хүртэлх борлуулалтын тухай тусгагдсан бол нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 2017/03 дугаар тооцоо нийлэх актад 2016 оны борлуулалтын төлбөр бус 2017 оны борлуулалтын төлбөр болох нь тусгагдсан нь дээрх байдлыг нотолно. Борлуулалтын хэмжээний хувьд: Батлан даалтын гэрээний 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ: 24000 литр” гэж зааж, Батлан даагч нь зөвхөн 24,000 литр газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын төлбөрт батлан даалт гаргасан байна. Бид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухай “Соёмбо Ай Би” ХХК-д мэдэгдэж, тайлбар авахад “бид анх 24,000 литр бүтээгдэхүүн авахаар төлөвлөж батлан даалт гаргуулсан бөгөөд тус бүтээгдэхүүний төлбөрийг төлсөн” гэж тайлбар ирүүлснийг бид шүүхэд гаргаж өгсөн. Хэрэгт авагдсан 2016/13, 2016/14 дүгээр тооцоо нийлэх актуудаас харахад “Соёмбо Ай Би” ХХК нь анх зээлээр худалдаж авсан 24,000 литр шатахууны төлбөрийг төлж барагдуулсан. “Соёмбо Ай Би” ХХК-ийн 2017-10-26-ны өдрийн бидэнд ирүүлсэн тайлбарт гэрээ байгуулах үед бид ... тус компаниас 24,000 литр газрын тосны бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байсан. Үүнтэй холбоотой танай компаниас 24,000 литр газрын тосны бүтээгдэхүүний төлбөр төлөлтөд Батлан даалт гаргуулж, Батлан даалтын гэрээний 2.1 дэх хэсэгт “24,000 литр” гэж заасан билээ.... Бид төлбөр төлөлтөө цаг тухайд нь төлж байсантай холбоотой Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний нөхцөлөөр нэмж шатахуун авч байсан” гэх тайлбар нь нэхэмжлэгч болон “Соёмбо Ай Би” ХХК-иуд нь төлбөр төлөлт хэвийн байсантай холбоотой өөрсдөө харилцан тохиролцож газрын тосны бүтээгдэхүүнийг Батлан даалтгүйгээр, зээлээр худалдаж байсныг нотлох юм. Батлан даалтын гэрээний 2.1.1 дэх заалтыг хэрхэн тайлбарлах, ойлгох тухай зохигчдын хооронд маргаан гарсан тул шүүх гэрээний тус заалтыг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх учиртай. Гэрээний тус заалтыг Иргэний хуулийн 41.2, 201.1 дэх заалтын дагуу тайлбарлах үндэслэлтэй. Хуулийн 41.2 дахь хэсэгт хүсэл зоригийн илэрхийллийг хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах учиртай тухай заасан. “Б” ХХК нь нэхэмжлэгчийн тайлбарлаж буй шиг хязгааргүй нийлүүлэх их хэмжээний бүтээгдэхүүний 24,000 литрийн борлуулалтын төлбөрт батлан даалт хийх хэрэгцээ, сонирхол байхгүй нь ойлгомжтой. Учир нь, энэ нь маш их эрсдэлтэй гэрээ болно. Харин 24,000 литр бүтээгдэхүүний борлуулалтад Батлан даалт гаргах нь үүсч болох эрсдэл нь харьцангуй бага, тодорхой учир энэ нь түүний хэрэгцээ, сонирхолд нийцэх юм. Батлан даалтын гэрээ нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаандаа байнга хэрэглэдэг стандарт нөхцөл бүхий гэрээ байсан. Иймд түүний ойлгомжгүй байдлыг гэрээний нөгөө талд ашигтайгаар тайлбарлах тухай Иргэний хуулийн 201.1 заасан. Нэхэмжлэгч нь гэрээний стандар нөхцөлийг боловсруулахад түүний нөхцөл, заалтыг өөрсдийн талд ашигтай хэрэглэж болохоор ойлгомжгүйгээр боловсруулсан байна. “Б” ХХК анх Батлан даалтын гэрээнд гарын үсэг зурах үед түүнд “Ш” ХХК болон “Соёмбо Ай Би” ХХК-иуд “24,000 литрийн л шатахуун зээлээр худалдах учир тус хэмжээнд л Батлан даалт гаргуулж байгаа” гэж ойлгуулсан мөртлөө, төлбөр нэхэмжлэх үед өөрт ашигтайгаар гэрээний заалтыг тайлбарлаж байгаа нь “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Батлан даалтын гэрээний 2.1.1 дэх заалтын дагуу хариуцагч нь 24,000 литр бүтээгдэхүүний төлбөр төлөлтөд батлан даалт гаргасан тул тус бүтээгдэхүүний төлбөр төлөгдсөнөөр хариуцагчийн Батлан даалтын гэрээний үүрэг дуусгавар болсон. Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүн биш болох тухай: Нэхэмжлэгчийн  төлбөрийг хариуцагчтай байгуулсан Батлан даалтын гэрээнд хамааруулж үзэхийн тулд тус төлбөр нь “Соёмбо Ай Би” ХХК-тай байгуулсан 2016 -08- 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр байх ёстой. Учир нь, “Б” ХХК нь тус гэрээний төлбөр төлөлтөд батлан даалт гаргасан. Гэвч, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөр нь 2016.08.16-ны өдрийн Г/90 дүгээр гэрээний дагуу нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөр болохыг нотлоогүй. ИХШХШТХ-н 107.2, 38.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу үүнийг нотлох нь нэхэмжлэгчийн үүрэг юм. 2016-08- 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 4.6 дахь хэсэгт “Талууд сар бүрийн 25-ны дотор тооцоо нийлж баталгаажуулах ба ... тооцоо нийлсэн акт нь гэрээний салшгүй хэсэг байна. Тооцоо нийлсэн актанд энэхүү гэрээний огноо, дугаар дурдагдсан байна” гэж заасан. Үүний дагуу тус гэрээний огноо, дугаар тэмдэглэгдсэн тооцоо нийлэх актыг бид тухайн гэрээний салшгүй хэсэг буюу гэрээний дагуу хийгдсэн борлуулалтын төлбөр гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл, нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй 2017/03 дугаар тооцоо нийлэх актад тус гэрээний огноо, дугаар тэмдэглэгдээгүй байна. 2016-08- 16-ны өдрийн Г/90 дүгээр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 2.5 дахь хэсэгт “шатахууныг хэмжин хүлээн авч. хариу падаан үйлдсэнээр худалдагч шатахууныг нийлүүлсэнд, худалдан авагч шатахууныг хүлээн авсанд тус тус тооцно” гэж, гэрээний 2 дугаар хавсралтын 3.1 дэх хэсэгт “Хэрэв ачаа нь зөрүүгүй ирсэн бол хүлээн авсан хариу падаан үйлдэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь “Соёмбо Ай Би” ХХК-д тус гэрээний дагуу борлуулалт хийснийг нотлох зүйл нь барааны падаан юм. Гэтэл, нэхэмжлэгч  “Соёмбо Ай Би” ХХК-ийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгатай барааны падааныг шүүхэд гаргаж өгөөгүй. Дээрх үндэслэлүүдийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн төлбөрийг Батлан даалтын гэрээнд хамааруулан авч үзэх үндэслэлгүй юм. Иймд шийдвэр, магадлалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн дээрх заалтуудыг хэрэглэх тухай өөрчлөлт оруулахыг хүсч байна.” гэжээ.

ХЯНАВАЛ:

         “Ш” ХХК 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “Б” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2016-08-16-ны өдрийн Г/90, Г/91 дугаар гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг буюу “...Соёмбо Ай Би ХХК худалдан авсан шатахууны үнийг төлөөгүй...” гэсэн үндэслэлээр үндсэн төлбөр 37,341,600 төгрөг, алданги 18,670,800 төгрөг нийт 56,012,400 төгрөг шаарджээ. /хх 1-2/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...Соёмбо Ай Би ХХК төлбөр төлөөгүй бол хариуцагч төлбөр төлөх агуулгатай гэрээ байгаа...тооцоо нийлсэн актын дагуу мөнгийг хариуцагч төлөх үндэслэлгүй байна...гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр тохиролцсон боловч гэрчлүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна...” гэж маргасан /хх 28-29/ байх бөгөөд өөр тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанаас өмнө гаргаагүй байна.

        Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 458 дугаар зүйлийн 458.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...Ш ХХК нь Соёмбо Ай Би ХХК-тай 2016.08.16-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах гэрээг ... Б ХХК-тай  батлан даалтын гэрээ байгуулсан нь нотлогдлоо...гэрээ хүчин төгөлдөр байна...үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах буюу эхлээд Соёмбо Ай Би ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй байна...” гэсэн үндэслэл заажээ.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээхдээ “...шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189.1, 243.1, 458.1, 459.1-д нийцсэн байна... Ш ХХК эхлээд үндсэн үүрэг гүйцэтгэгч Соёмбо Ай Би ХХК-иас төлбөрийг шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлт хийсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Талууд итгэмжлэл /хх 4,22,27,30/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5-6,23,31/ “Охин компанийг үүсгэн байгуулах тухай” Шунхлай групп ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2011-08-18-ны өдрийн В/37 дугаар шийдвэр /хх 7/, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах тухай 2016-08-16-ны өдрийн Г/90 дугаартай гэрээ 2 хасвралтын хамт /хх 8-11/, Батлан даалтын 2016-08-16-ны өдрийн Г/91 дугаар гэрээ /хх 12-13/, тооцоо нийлсэн акт №2017/03, №2016/3, №2016/14 /хх 14, 55, 56/, Ш ХХК-ийн 2016 оны Г/174, 2017 оны Г/31/хх15,16/, Соёмбо Ай Би ХХК-ийн 2016 оны 51-45, 16/41, 2017 оны 51-67, 71-85 дугаар албан бичиг /хх 17, 18, 19, 54/, хариуцагч байгууллагын дүрэм /хх 32-39/-г шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр баримтын хэмжээнд анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцжээ. 

        2. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй юм.

       “Ш” ХХК нь “Соёмбо Ай Би” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан  баримт хэрэгт байхгүй, Соёмбо Ай Би ХХК нь үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой болсон нөхцөл байдал тогтоогдоогүй тул батлан даагчаас төлбөр гаргуулахыг шаардах Иргэний хуульд заасан нөхцөл бий болоогүй байна.  

        Хоёр шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 458, 460 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

       3. Харин шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй хэдий ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ зөрчилтэй дүгнэлт хийсэн байгааг дурдах шаардлагатай гэж үзлээ. 

       “Ш” ХХК нь “Соёмбо Ай Би” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул  2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах-худалдан авах” Г/90 дугаартай гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар шүүх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчжээ.

       Үндсэн үүрэг хүчин төгөлдөр эсэх талаар дүгнэлт хийх нөхцөл бий болоогүй байхад шүүх 2016 оны Г/91 дугаартай Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь дутагдалтай байх бөгөөд ийнхүү дүгнэлт хийхдээ шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.4 дэх хэсгийн зохицуулалтыг анхаарч үзээгүй байна.

       Иймд шүүх 2016 оны Г/91 дугаар “Батлан даалтын гэрээ”-ний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгсөн нь буруу юм.   

        4. Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь “Соёмбо Ай Би” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй тул 2016 оны Г/91 дугаартай Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус гэж үзэх, хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ. 

         Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШШ2017/02311 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 312 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар  сарын 19-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                Б.УНДРАХ