Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/01433

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С тоотод байрлах, “******* ******* ******* *******” ХХН-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч байранд байрлах, ******* дүүргийн *******  хэлтэст холбогдох,

******* дүүргийн ******* хэлтсийн ногдуулсан 16 354 807 төгрөгийг төлөх үүрэггүй буюу хууль үндэслэлгүй болохыг тогтоолгох, уг  НӨАТ-ын өрийг ******* дүүргийн ******* хэлтсийн  НӨАТ-ын бүртгэлээс хасахыг даалгах тухай иргэний хэргийг  2017 оны 03 дугаар  сарын 15-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрлээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Дансүрэн нар оролцов.   

                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХН-өөс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гэрлээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “******* ******* ******* *******” ХХН нь 2010 оноос хойш өмгөөлөл, эрх зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааг явуулсан. 2014 оны 06 дугаар сарын 20-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээг авсан. Ингээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэж үзэж тайлангаа гаргаж байсан. Татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш 2016 оныг хүртлэх хугацаанд  16 354 807 төгрөгийн татвар тооцогдсон  байдаг.  Татвар төлөгчөөр манай байгууллагыг бүртгүүлэх үед ******* ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.-д зааснаар  болон ҮТЕГ-ын даргын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасахад баримтлах журам”-ын дагуу  татварын улсын байцаагч нь татвар төлөгчөөр бүртгүүлэх гэж буй этгээдийн санхүүгийн баримтууд, бүртгүүлэх хүсэлт, бүрдүүлбэрийг нягталж хянах, шалгах  үүрэгтэй байсан.  Манай ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн татварын бүртгэлийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн гэж үзэн захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан татвар төлөгчид манайх хамаарахгүй байсан. Энэ өрийг татварын алба хүчингүй болгох ёстой байтал 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ******* дүүргийн ******* хэлтсийн 1/2441 тоот албан бичгээр дээрх татварыг төлөхийг шаардсан,  удаа дараа шаардаж байгаа. Энэ нь манай байгууллагын эрхийг зөрчөөд байна гэж үзэж байна.  Нийслэлийн ******* газарт гомдол гаргахад албан бичиг үндэслэлтэй, иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй гэсэн хариуг өгсөн. Иймд бид 16 354 807 төгрөгийн татвар төлөх үүрэггүй болохыг болохыг тогтоолгох, дээрх татварын өрийг ******* дүүргийн ******* хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээс хасахыг даалгах гэсэн нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Д.Золжаргал нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэмэгдсэн өртгийн албан татварыг хууль бусаар ноогдуулсан гэж үзээд байгаа нь үндэслэлгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай  хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1.-д зааснаар “******* ******* *******” ХХН  нь манай хэлтэст өөрөө сайн дураар бүртгүүлж татвар төлөгч болж гэрчилгээг авсан. Өөрөө татварын тайлангаа гаргаж тайлагнасаны үндсэн дээр татвар ноогдуулсан байгаа.  ******* улсын байцаагч татвар төлөгчөөр бүртгэхгүй байх тухай хуулийн заалт байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд татвар ноогдох борлуулалтын орлогыг тоочиж заасан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.11.-д “Иргэн хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ноогдох орлогын хэмжээ 10 000 000 төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар...нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10 000 000 төгрөгт хүрэхгүй нөхцөлд харъяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч,  гэрчилгээг хураан  авна” гэж, ҮТЕГ-ын  2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын 7 дугаар зүйлд зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11.-д зааснаар буюу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш 1 жилийн хугацаанд албан татвар ноогдох орлогын хэмжээ 10 000 000 төгрөгт хүрээгүй нь нотлогдсон бөгөөд дараагийн жилүүдэд уг орлогын хэмжээ 10 000 000 төгрөгт хүрэхгүй нөхцөл бүрдсэн эсхүл “Х” тайлан ирүүлж буйг татвар төлөгчийн хариуцсан татварын улсын байцаагч нь тодорхойлсон бол нэмэгдсэн өртгийн албан татвар  төлөгчөөс хасахаар зохицуулсан. Гэвч тус хуулийн нөхөрлөл нь нэмэгдсэн өртгийн албан татвар  төлөгч болох эсэх талаар шүүхээр маргасан ба  Улсын Дээд шүүхийн  тогтоол гарч нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа өөрсдөө тодорхойлон гаргаж өгсөн, татварын тайлангаар үүссэн өр болохоос бид хууль бусаар үүсгэсэн өр биш. Шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны нэгэнт тайлагнасан өрийг төлөх үүрэгтэй, түүнээс хойшхи өрийг төлөхгүй байх эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... Шүүх хуралдаанд хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно... гэжээ.

    Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  “******* ******* ******* *******” ХХН нь хариуцагч ******* дүүргийн ******* хэлтэст холбогдуулан хууль бусаар ноогдуулсан 16 272 930 төгрөгийн албан татварын өрийг хэрэгсэхгүй болгох тухай шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* дүүргийн ******* хэлтсийн ноогдуулсан  16 354 807 төгрөгийг төлөх үүрэггүй буюу хууль үндэслэлгүй болохыг тогтоолгох, уг нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг ******* дүүргийн ******* хэлтсийн  нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээс хасахыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шаарджээ.

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч нь эс зөвшөөрч нэхэмжлэгч нь татвар төлөгч байх хугацаандаа нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа өөрсдөө тодорхойлон гаргаж өгсөн, татварын тайлангаар үүссэн өр болохоос, хууль бусаар үүсгэсэн өр биш, шүүхийн шийдвэр гарахаас өмнөх хугацааны нэгэнт тайлагнасан өрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарлан маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХН нь 2010 онд өмгөөлөл, хууль зүйн зөвөлгөө үзүүлэх үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй байгуулагдсан байх ба тэрээр 2014 оны 06 дугаар сарын 20-нд ******* дүүргийн ******* хэлтэст нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэн, тус татварын хэлтсээс 0040223 тоот нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээг аван, 2014-2015 онуудад нийт 16 354 807 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр татварын байгууллагад тайлагнаж байсан нь 2014 оны 09 дүгээр  сараас 2015 оны 12 дугаар сар дуустал хугацааны  нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайлангууд, татвар төлөгчийн карт, татварын тоцооллын жагсаалт, 000066946 тоот “******* ******* ******* *******” ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогджээ.

2.Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХН-ийн эрхлэх үндсэн үйл ажиллагаа болох өмгөөлөл, хууль зөвөлгөө үзүүлэх үйл ажиллагаа нь 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т заасан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлчилгээнд хамаараагүй байхад уг хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтлан шалгалгүйгээр нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн  нь хууль зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.-т зааснаар ******* дүүргийн ******* хэлтсээс “******* ******* ******* *******” ХХН-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар  сарын 18-ны өдрийн 366 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 0495 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 287 дугаар тогтоол зэрэг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.

3.2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  6 дугаар  зүйлийн 6.11.-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи нэг жилийн хугацаанд тэдгээрийн албан татвар ногдох орлогын хэмжээ 10.0 сая төгрөгт хүрээгүй нь хуулийн этгээдийн хувьд орлогын албан татварын тайлангаар...нотлогдсон бөгөөд... харъяалах татварын алба нь түүнийг албан татвар төлөгчийн бүртгэлээс хасч, гэрчилгээг хураан авна”, 6.12.-т “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн болон уг бүртгэлээс хасагдсан иргэн, хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим сүлжээний вэб хуудсаар улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ” гэж тус тус заасан байна.

  ГТЕГ-ын даргын 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/22 тоот тушаалаар хүчингүй болсон боловч дээрх хуулийн заалтын дагуу тухайн үед хүчинтэй мөрдөгдөж байсан ҮТЕГ-ын  2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдаж, ТЕГ-ын даргын 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 207 тоот тушаалаар өөрчлөн найруулсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-ын 7.1-д “...******* алба татвар төлөгчийн дараахь үндэслэлээр татвар төлөгчийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасна...”, 7.1.3-т “Татвар төлөгчийн үндсэн бүртгэлээс хасагдсан”, 7.3-т “******* алба нь энэ журмын 7.1.3-т заасан нөхцөл бүрдсэн татвар төлөгчийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс хасах тухай харъяалах албаны даргын тушаал гаргахгүй бөгөөд холбогдох шийдвэр, баримтыг үндэслэн татвар төлөгчийн бүртгэл хариуцсан татварын улсын байцаагч хасалт хийж, энэ тухай тухайн татварын албаны даргад танилцуулна” гэж тус тус нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн бүртгэлээс татвар төлөгчийг хасах журмыг нарийвчлан заасан байна.

Хариуцагч ******* дүүргийн ******* хэлтэс нь дээрх хууль болон журамд заасны дагуу нэгэнт 2014 оны 06 дугаар сарын 20-нд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр “******* ******* ******* *******” ХХН-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчийг 2014 оны 06 дугаар сарын 20-ноос 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх нийт 16 354 807 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдон бүртгэгдсэнийг хасалт хийж бүртгэлээс хасахгүй улмаар дээрх татварын өрийг төлөхийг шаардаж байсан нь зохигчдын тайлбар, ******* дүүргийн ******* хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/2441 тоот албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэсэн бүртгэл хүчингүй болсон буюу нэмэгдсэн өртгийн татвар төлөгчөөр бүртгүүлсэн үеэс эхлэн  2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжиж эхлэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч байгууллагад нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох үндэслэлгүй байна.

Тодруулбал, 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1., 16.2.-т заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар уг татварыг тайлагнан татварын байгууллагад ирүүлж байсан нь хуульд заасан болон “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг бүртгэх, бүртгэлээс хасах журам”-д заасан татвар төлөгчийг бүртгэлээс хасахгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэн 2014 оны 06 дугаар сарын 20-ноос хойш 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд тоооцогдсон 16 354 807 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг ******* дүүргийн ******* хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээс хасахыг даалгахаар шаардах эрхтэй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн  нэхэмжлэгчийн ******* дүүргийн ******* хэлтсийн ноогдуулсан  16 354 807 төгрөгийг төлөх үүрэггүй буюу хууль үндэслэлгүй болохыг тогтоолгох, уг нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг ******* дүүргийн ******* хэлтсийн нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээс хасахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 410 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  239 724  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2., 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11.-д заасныг баримтлан 2014 оны 06 дугаар сарын 20-ноос хойш 2015 оны 12 дугаар сарын 31-нийг хүртлэх хугацаанд нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ХХН-д тооцогдсон 16 354 807 төгрөгийн татварын өрийг нэмэгдсэн өртгийн албан татварын бүртгэлээс хасахыг хариуцагч ******* дүүргийн ******* хэлтэст даалгасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 58 дугаар зүйлийн 58.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, 410 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгон, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид  239 724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                     ДАРГАЛАГЧ                                      Ж.БАЙГАЛМАА