Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2016/00011

 

С.Аюушийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сар 23-ны өдрийн 151/ШШ2016/00851 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Аюушийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Жамсранд холбогдох

Хүү Ж.Билгүүнд хуулийн дагуу 18 нас хүртэл нь эцэг Ц.Жамсрангаас хүүхдийн тэтгэлгийг тогтоолгох, мөн өмнө нь авч чадаагүй 7 жил 4 сарын тэтгэлгийг нөхөж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жамсрановогтой Билгүүн нь 2005 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 341 дүгээр шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Ц.Жамсрангаас авдаг байсан. Миний хүү одоо 16 настай, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг бөгөөд хичээлдээ сайн. Амьдралын тарчиг байдлаас болж сурч боловсрох, идэж уух, өмсөх эрхийг нь зөрчихөд хүрч байна. Иймд энэ бүх байдлыг харгалзан үзэж хуулийн дагуу 18 нас хүртэл нь Ж.Билгүүнд Ц.Жамсрангаас хүүхдийн тэтгэлгийг үргэлжлүүлэн тогтоолгох, мөн өмнө нь авч чадаагүй 7 жил 4 сарын тэтгэлгийг нөхөж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Жамсран шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг хүүхдээ харж үздэггүй гэж ярьж байна. Анх хүү Ж.Билгүүнийг төрөхөд бие нь их муу төрсөн. Би эмнэлгийн шалан дээр сахиж хэвтэж байгаад хүн болгож авсан. Мөн хүүг маань гурван сар хүртэл миний дүү Ц.Ичинхорлоо асарч байсан. Тухайн үед би жолооч хийдэг байсан бөгөөд нэг найзтайгаа хамт тээвэрт явдаг байсан. Нэг удаа тээвэрт явахад 2.000.000-3.000.000 төгрөгийн хөлс авдаг байсан. Нэг удаа тээврийн хөлс гээд 2.000.000 гаран төгрөгийн бараа авсан. Тэр бараагаа аваад гэртээ ирсэн. Тухайн үед барааг С.Аюуш зах дээр очиж зарж л байсан. Тээврээс ирчихээд 2 хоног явчихаад иртэл гэрийнхээ өнгөтэй өөдтэй болгоныг аваад хадам аавын гэрт оруулаад хураачихсан байсан. Нэг диван ор хаалгаар багтахгүй үлдээгээд бусад гэрийн эд хогшил болон миний авчирсан барааг бүгдийг нь авчихсан байсан. Тиймээс би гэрээ ачаад явсан. Тухайн үед Увс аймгийн Улаангом сумын шүүх бид хоёрын гэрлэлтийг цуцлаад, хүүхдийн тэтгэлэг тогтоосон. Шүүхээс хүү Ж.Билгүүнд 16 нас хүртэл тэтгэлэг тогтоочихсон. Учир нь миний 2.000.000 гаран төгрөгийн барааг 2 жилийн хүүхдийн тэтгэлгийн төлбөрт суутгасан гэж бодсон. Тиймээс би шүүх 16 нас хүртэлх хугацаагаар тэтгэлэг төлүүлэхээр шийдсэн гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-т зааснаар 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.Билгүүнд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Жамсрангаар тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрүүлж болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Хас банкны Төв аймгийн Зуунмод сумын 5001196835 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч С.Аюушд буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 28.209 төгрөгийг хариуцагч Ц.Жамсрангаас гаргуулан улсын орлогод оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар хариуцагч Ц.Жамсрангийн шүүхийн энэ шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.Билгүүнд 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Жамсрангаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр С.Аюушийн нэхэмжлэлтэй Ц.Жамсранд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг өмнө нь шийдвэрлэж байсан байна. Уг шийдвэрээр С.Аюуш, Ц.Жамсран нарын гэрлэлтийг цуцалж, хүү Билгүүнийг эх Аюушийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоож шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан. Энэ шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй учраас дээрх шийдвэр одоо хуулийн хүчин төгөлдөр байна. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор түүнийг иргэн хуулийн этгээд заавал биелүүлнэ, давж заалдах болон хяналтын шатанд гомдол гаргах эрхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.4-т зааснаар тухайн асуудлаар дахин шүүхийн шийдвэр гаргадаггүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэжээ. Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар Ц.Жамсрангаас хүү Билгүүнд сар бүр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл 100 хувиар тус тус бодож тэтгэлэг тогтоож гаргуулан олгосугай гэж уг маргааныг шүүх өмнө нь шийдвэрлэж байсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл хүүхдийн тэтгэлэг тогтооно гэжээ. Нэхэмжлэгч С.Аюуш нь Увс аймаг дахь сум дундын шүүхэд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Тус шүүх хүүхдийн тэтгэлгийг 16 нас хүртэл нь тогтоож шийдвэрлэсэн байна.

Шүүх 16-18 нас хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлгийг тогтоогоогүй шийдвэрлэсэн нь уг хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай маргааныг өмнө нь шийдвэрлэж байгаагүй гэж үзэх боломжгүй юм. Тухайн үед нэхэмжлэгч С.Аюуш шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол хуулийн хугацаанд давж заалдах гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Давж заалдах гомдол гаргаагүй учир одоо Увс аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. Шүүхийн шийдвэр зохигчдын хооронд гарсан эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэх ёстой. Энэхүү маргааны талаар шинэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин явагдах ёсгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд энэхүү үр дагаврыг 65.1.6 болон 117.1-д илэрхийлсэн байгаа. Зохигчдын хооронд гарсан маргааны талаар урьд нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан бол эдгээр зохигчид яг энэ маргааны талаар дахин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй. Шүүх тухайн үед зөв эсвэл буруу шийдвэрлэсэн нь ач холбогдолгүй байна. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг зөвхөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаж болно.

Увс аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр хэвээр байхад тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн нь процессын алдаатай байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар уг нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэвээр байгаа тохиолдолд уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэл тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна.

Шүүх нэхэмжлэгч С.Аюушийн хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.2, ...-т заасныг удирдлага болгосон атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага болох хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг хэрхэх талаар заагаагүй зэрэг алдаа гаргажээ.

Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 851 дугаар шийдвэрийг хянаж, уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулалгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Борлууд овогт Сүхээгийн Аюуш нь хүү Билгүүнийг 18 нас хүртэл нь эцэг Жамсрангаасхүүхдийн тэтгэлгийг гаргуулах, 2015 оны 10 сараас хойш түр зогсоосон хоцорсон саруудын тэтгэмжийг нөхөн олгож өгнө үү гэсэн үндэслэлээр шүүхэд ханджээ.

Анхан шатны шүүх энэхүү нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгч талаас шаардсан хүү Билгүүнийг 18 нас хүртэл нь тэтгэлэг тогтоох хүсэлтийг хангасан боловч 2015 оны 10 сараас хойшхи түр зогсоосон, хоцорсон саруудын тэтгэмжийг нөхөн олгож өгнө үү гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн заалтаар шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зохицуулалтанд нийцээгүй байна. Нэхэмжлэгч уг нэхэмжлэлээ дэмжсэн буюу татгалзсан талаар ямар нэгэн тайлбарыг шүүхэд гаргаагүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан тухай баримт хавтаст хэрэгт байхгүй ба 2012 оны 7 сарын 18-ны өдөр Төрийн банкны 2 хувь нэхэмжлэлийг гардуулсан тухай баримт хийгдсэн байгаа нь ойлгомжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан гэж үзэхэд эргэлзээтэй байна. Гэхдээ хавтаст хэрэгт хариуцагч Ц.Жамсран нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргасан тул дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

С.Аюуш, Ц.Жамсран нарын хүү Билгүүн нь 1999 оны 10 сарын 23-нд төрсөн, одоо 17 настай хүүхэд байхад шүүх шийдвэртээ 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр ... эцэг Ц.Жамсрангаар тэжээн тэтгүүлэхээр тогтоосон нь бодит байдалд нийцэхгүй, хэрэгжих боломж муутай заалт байхаас гадна ийм заалт бүхий шийдвэрийг 2005 оны 08 сарын 17-нд Увс аймаг дахь Сум дундын шүүх гаргасан байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00851 тоот шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, Ж.Билгүүндсуралцаж байгаа бол 18 нас хүртэл тэтгэлэг олгох болон нэхэмжлэгчийн зүгээс тавьсан 2015 оны 10 сараас хойш төлөгдөөгүй байгаа хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулах тухай шаардлага нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох тухай заалтыг нэмж, өөрчлөлт оруулахаар тогтов.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШШ2016/00851 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтанд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40.1.2-д зааснаар 1999 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Ж.Билгүүнийг 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ц.Жамсрангаар тэжээн тэтгүүлж, 2015 оны 10 сараас хойшхи хүүхдийн тэтгэлгийг нөхөн гаргуулах тухай болон өмнө нь олгогдоогүй байсан 7 жил 4 сарын тэтгэлгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилсүгэй.

 

2. Шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.209 /хорин найман мянга хоёр зуун ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ш.ТӨМӨРБААТАР