Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2016/01107

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.У

 

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.    

Тодорхойлох нь:

           

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудыг зөрчин 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 11/266 тоот тогтоол гаргасан билээ. Дээрхи 11/266 тоот тогтоол нь хууль бус байна тогтоолоо хүчингүй болгож өгнө үү гэсэн гомдлыг шийдвэр гүйцэтгэх байгууллагын холбогдох албан тушаалтнуудад шат дараалан гомдол гаргаж байтал дахин ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.Уранчимэг нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 9/28 тоот тогтоол гарган 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 3/27061 албан тоотоор мэдэгдэл хүргүүлж байгаад гомдолтой байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т зааснаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48.877.330 төгрөгийг гаргуулж “Ориент инвест” Банк бас санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан төлбөр төлөгч Д.Ургамалмаагийн хамтран өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203008850 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг,  3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байр, 52 тоот хоёр өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2015/02 дугаартай тогтоолоор битүүмжлэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дугаартай тогтоолоор хураасан.

Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон.

Хөндлөнгийн шинжээч 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 15 дугаар байр, 52 тоот хоёр өрөө орон сууцыг 112.600.000 төгрөгөөр үнэлсэн.

Дээрх барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан Анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Д.Унь үнэлгээнд гомдол гаргаж 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ханджээ.

Төлбөр төлөгч Д.Д.Унь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Миний бие барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн, үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/00445 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 475 тоот магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ат2016/00502 тоот тогтоолоор нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Барьцаа хөрөнгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох зах зээлийн үнийн 70 хувиар бууруулан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлэхэд төлбөр төлөгч Д.Д.Унь албадан дуудлага худалдааны тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32016/03393 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Иймд төлбөр төлөгч Д.Д.Унь үндэслэлгүйгээр удаа дараа гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл бол анх үнэлгээн дээр гомдол гаргасан байдаг. Үнэлгээ хүчин төгөлдөр гэдгийг Дээд шүүх тогтоосон, үнэлгээний 70 хувиар дуудлага худалдаанд оруулсан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэгч 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 1 жил 5 сар нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Д.Унь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулж 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаар захирамжаар Д.Ургамалмаагаас 48.877.330 төгрөг гаргуулж, Ориент инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1448 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

 

            Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 2015/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол гарч, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15-52 тоот, 2 өрөө, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2203008850 дугаартай орон сууцыг битүүмжилсэн, 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2015/04 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураан авсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид үнийн санал дээр тохиролцож чадаагүй учир 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 96 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгө үнэлгээний “Лэндс” ХХК-ийг шинжээчээр томилсон, 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хөрөнгө үнэлгээний “Лэндс” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 15-52 тоотод 2 өрөө эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 2203008850 дугаартай орон сууцыг 112.600.000 төгрөгөөр үнэлсэн ба 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол гарсан байна.     

 

            Нэхэмжлэгч нь хөрөнгө үнэлгээний Лэндс ХХК-ийг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Баянзүх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 445 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 475 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоолыг дагуу ажиллагаа явуулаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнэлгээ бага үнэлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд үнэлгээтэй холбоотой маргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн тул шүүх дахин шийдвэрлэхгүй.

 

            Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэж заажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг гаргасан ба уг тогтоолыг нэхэмжлэгч Д.Д.Уболон бусад өмчлөгч нарт 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3/27061 дүгээр мэдэгдлээр мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоож анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

Тогтоох нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг баримтлан, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 11/266 дугаар тогтоол, 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/280 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДаргалагЧ шҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР