Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 1194

 

 

 

 

 

 

 

  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод оршин суух Баатай овогт Цэцэгмаагийн Должинсүрэн /РД: ДГ 84030608/-ын   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод оршин суух Халтар овогт Шоовдорын Батчулуун /РД: ДГ 72050214 /-д холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Батчулуун, Д.Шоовдорт нарын хооронд байгуулсан Бэлэглэлийг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

                                              

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагч Ш.Батчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, гуравдагч этгээд Д.Шоовдор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Наранхүү нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2002 онд танилцаад гэр бүл болж хамт айлын хашаа хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан. 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Чимэг-Эрдэнэ төрсөн. Бид 2008 оноос таарамж муутай байх болсон. 2015 оны 10  дугаар сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. Батчулуун ааш авир муутай болж, намайг зодож нүддэг болсон. Үүнээс болж миний тархи толгой өвдөж, сэтгэл санааны хохиролд учирсан. Би гэрээсээ зөндөө хөөгдөж байсан. Надруу хутга мэс барьж дайрдаг болсон. Би сүүлдээ тэвчихээ байж 2015 онд хүүхдээ аваад зугтаж тусдаа амьдрах болсон. Иймд би гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ, тэтгэлэг гаргуулах болон дундын өмч болох Сүхбаатар дүүрэг,  Нуурын 8-97 тоотод байгаа 408.7 м.кв бүхийн хэмжээтэй хашаа байшинг хуваалгах хүсэлтэй байна. Мөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Батчулуунаас Шоовдор руу шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байгаа. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасны дагуу энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. 2004 онд гэр бүл байсан, эхнэр жирэмсэн байсан, хамт амьдарч байсан гэдэгт талууд маргадаггүй. Охин нь мэдүүлэг өгөхдөө ээжтэйгээ байсан гэсэн байгаа. Тийм учраас хүүхдийн саналыг хүндэтгэн үзээд ээжийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй юм. Хариуцагч эхнэртээ гар хүрсэнээ хүлээн зөвшөөрөөд маргахгүй байна. Хашаа байшинг худалдаж авах зорилго нь эхнэр жирэмсэн байсан тул гэр бүл болох зорилгоор худалдаж авсан. Тийм ураас гэр бүлийн дунднын хөрөнгө юм. Хамгийн гол нь 11 настай Чимэг-Эрдэнэ гэдэг хүүхдийн эрх ашиг явж байгаа. Хүүхэд Тахилтаас 24 дүгээр сургууль руу явдаг болохыг анхаарч үзнэ үү. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дундын хөрөнгийг 3 хувааж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2003 оны 8 сард гэр бүл болсон. 2015 оны 9 сар хүртэл амт амьдарсан. Манай эхнэр сүүлдээ байнга гадуур явдаг болсон. Энэ байдал сүүлдээ дэндээд ирэхээр би аавдаа хэлсэн. Тэгээд аав ээжид хэлэхээр дургүйцдэг болсон. 2013 оны 05 дугаар сард манай ааав ээж Тахилт руу нүүсэн. Манай эхнэр гадуур хонодог болсон. 7 хоногт 1 удаа гадуур хонодог байсан. Би түүнд их дургүй байсан. 2013 онд 99187002 гэдэг дугаараас байнга залгаж мессеж бичдэг байсан. 2015 оны 08 дугаар сарын 08-ны өглөө утсаар дуугарсан. Удалгүй нэг залуу манайд ирсэн. Эхнэр манай найз гэж хэлсэн. Би хөдөө гадуур ажлаар байнга явдаг байсан. Тэр хугацаанд тэр хүн манайд ирдэг байсан байгаа юм. Намайг 2015 оны 09 дүгээр сард  Дархан хот руу 3 хоног ажлаар яваад ирэхэд 4 дэх хоногтоо гэртээ ирсэн байсан. Батхишиг гэдэг хүн рүү би залгаж үзсэн. Энэ 2 намайг юм хэлэхгүй байгааг далимдуулж даварсан. Би үүнээс болж гар хүрсэн зүйл байгаа. Төмөр замд тэр залуутайгаа хамт амьдарч байгаа. Нэгдэл гэдэг зочид буудалд нэг залуутай орсон байгаа юм. Би үүнд юм яриагүй. Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхнэр хүүхэддээ хайртай. Би эхнэрээ дахиж зодохгүй. Бүтэн жил амьдрахдаа би бүхнийг ойлгосон. Би эхнэр хүүхдээ дахиж зовоохгүй гэдгийг тангараглаж байна. Бидний дундын өмч гэвэл 2014 онд 22.000.000 төгрөгөөр Тоёота Клугер гэдэг машин байгаа. Эхнэр үүнийг аваад явсан. Гэхдээ түүнд маргагхгүй. Өөр өмч гэх зүйл байхгүй. Эхнэр надаас авч болох бүх л зүйлийг авч явсан. Хүүхдийг маань ч гэсэн аваад явсан. 2015 оны 12 дугаар сард манай ажлынхан заал авч байхад манай захирал руу утсаар залгаж хашгирсан. Энэ бүхнээс болж намайг ажлаас халсан. Намар надаас 400.000 төгрөг авсан. Манай аав ээжээс 300.000 төгрөг авсан. Ноднин хавар мөн надаас 300.000 төгрөг авсан. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Дунын өмч гэх хашаа байшин бол 2004 оны 08  дугаар сард ээж надад 65 тооны бүдүүн эр ямаа өгч байсан. Энэ мөнгөөр хашаа байшин аваад миний нэр дээр бүртгүүлсэн. Тэгээд ээжид үүнийг буцааж өгсөн юм гэв.”гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ 2 үл ойлголцол, хардалт гэх зэрэг зүйлүүд харагдаж байна. Гэрлэгчид 2015 оны 9  дүгээр сараас тусдаа амьрдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Батчулууныг эцэг хүний хувиар уулзаж байхад саад учруулахгүй байхыг анхаарч үзнэ үү. Гэрлэлт цуцлуулахыг шүүх бүрэн эрх хэмжээний хэмжээнд шийдвэрлэх боломжтой. Должинсүрэн дүүгийнхээ хуримыг хийхэд зориулж зээл авч, автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Үүнийг төлж чадахгүй гэсэн тул зөрүүнд нь Приус 20 маркийн автомашин авсан. Энэ хоёрт дундын хөрнөгө гэх зүйл байхгүй. Гэр доторх эд хөрөнгийг Должинсүрэн авсан. Хашаа байшин нь Шоовдор гуайн өмчлөлийн хөрөнгөөр авсан гэдэг нь гэрч нарын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Эд хөрөнгөө авч явсан гэдэгт Батчулууун маргаагүй. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан байгаа. Тийм учраас дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй” гэв.

 

Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2004 онд өөрийнхөө малаар энэ хашаа байшинг авсан. Би Төв аймгийн Ар Хустад амьдардаг байсан. 65 тооны эр хонь, эр ямааг ачиж хотод оруулж ирэн зараад хашаа байшин худалдаж авсан. Би өөрийнхөө эд хөрөнгийг буцааж авсан” гэв.   

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь хариуцагч Ш.Батчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч  Ц.Должинсүрэн, хариуцагч Ш.Батчулуунд нар нь 2003 оны 08 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүл болсноо 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн,  мөн тэдний дундаас 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Чимэг-Эрдэнэ төрсөн нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин Чимэг-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 4, 7 дүгээр тал/

 

Хариуцагч Ш.Батчулуун нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжтой гэж маргаж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална“ гэж заажээ.

 

     Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүрээнд нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон.

 

Гэр бүлийн хүчирхийллийн бие махбодын хэлбэр гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг ойлгох бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “намайг зодож, хөөдөг байсан,..олон жилийн хугацаанд засарч хүмүүжсэн зүйлгүй харин ч улам хурцдаж сүүлдээ алах гэж хутга шөвөг авч дайрдаг болсон” гэж, хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Хааяа ажлынхантай салхинд гараад балга тагш юм амсаад ирэхээр нь хэрүүл хийж өдөж элдэв ааш гаргаснаас нь болж гар хүрсэн нь миний буруу.”,  Мөн  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би хааяа гар хүрдэг байсан” гэх тайлбараас үзвэл нэхэмжлэгч Ц.Должинсүрэнг өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халддаг байсан, гэр бүлийн хүчирхийлэлийн бие махбодийн хэлбэр байсан гэж үзэхээр байна.

 

Иймд хариуцагч Ш.Батчулууны байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байх тул шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр нэхэмжлэгч Ц.Должинсүрэн, хариуцагч Ш.Батчулуун нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Ш.Батчулуун нь охин Чимэг-Эрдэнийг өөрийн асрамжинд байлгахыг хүсч байна гэж тайлбарлаж байгаа  боловч 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэд эхийн хайр халамж, асрамж зайлшгүй шаардлагатай, түүнд эхийн зүгээс үзүүлэх зайлшгүй асрамж, арчилгаа зэргийг харгалзан эх Ц.Должисүрэнгийн асрамжид үлдээн эцэг Ш.Батчулуунаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх нь үндэслэлтэй.

 

Шүүхээс хүүхдийн санал асуухад 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэ эхийн асрамжид үлдэнэ гэснийг дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар “эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх“ үүрэгтэй тул хариуцагч Ш.Батчулууныг хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах үндэслэлтэй.

 

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс буюу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцаас ногдох хэрэг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2004 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр авсан болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 150-152 дахь тал/

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө”, 126.3-т “Гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн, эсхүл анх гэр бүл болоход нь зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.” гэж заажээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “2004 онд Д.Шоовдор нь хашаа байшин авахад зориулж 65 хонь, ямаа өгснийг худалдаж авсан, ээж Д.Шоовдорын өмч тул буцааж өгсөн” гэж, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “бид 2 контейнер түрээслэн ажиллуулдаг байсан түүний орлого болон хадмын талын дэмжлэгтэйгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг авсан”, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Би малаа өгч хашаа байшин авч өгсөн, хүүгээ орон байртай болгох зорилгоор авч өгсөн” гэх тайлбараар үзвэл Д.Шоовдор нь талуудыг гэр бүл болоход нь зориулж Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулсан гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн, хариуцагч Ш.Батчулуунд нар нь 2003 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсноо 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримтаас үзвэл 2003 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс гэр бүлийн харилцаа үүссэн, түүнээс хойш үүссэн хөрөнгийг гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж үзнэ.

Хариуцагч нь гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө үүссэн хөрөнгө гэж маргаж байгаа боловч гэрлэлтийн гэрчилгээнд заасан гэр бүл болсон огноо нь эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид гэр бүлийн харилцаа үүссэн цаг хугацаа буюу 2003 оны 08 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш үүссэн хөрөнгийг хамааруулж болно.

 

Иймд Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууц нь нэхэмжлэгч Ц.Должинсүрэн, хариуцагч Ш.Батчулуун, охин Чимэг-Эрдэнэ нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг бэлэглэлийн гэрээний үндсэн дээр эх Д.Шоовдорт шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 198 дахь тал/

 

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.” 128.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заажээ.

 

Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд хариуцагч Ш.Батчулуун нь уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгийн зөвшөөрлийг бичгээр авч, нотариатаар гэрчлүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч Ш.Батчулууны 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг эх Д.Шоовдорт шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг үнэлүүлэх хүсэлт нэхэмжлэгч гаргасныг хүлээн авч шинжээчээр хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага болох “Лэндс” ХХК-г томилсон ба хариуцагч тал хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шинжээчээр хөрөнгийн үнэлгээний эрх бүхий байгууллага болох “Итгэлт Эстимэйт” ХХК-г томилжээ.

 

Шинжээчээр томилогдсон “Итгэлт Эстимэйт” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дээрх газар, орон сууцыг 90.009.800 төгрөгөөр үнэлж дүгнэлтээ гаргасан ба талууд уг үнэлгээнд маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т “Маргаан гарсан тохиолдолд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг шүүх тогтоох бөгөөд энэ нөхцөлд гэр бүлийн гишүүний хэнд нь ямар хөрөнгө шилжихийг тодорхойлж аль нэг гишүүнд шилжүүлсэн хөрөнгийн үнэ нь түүнд ногдох хэсгээс давсан бол үнийн зөрүүг бусдад нь олгож болно“ гэж заасны дагуу гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах нь зүйтэй гэж үзэв.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй  орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай  хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэгтэй“ гэж заасан бөгөөд эрх, ашгийн үүднээс орон сууцыг нэхэмжлэгч Ц.Должинсүрэн болон 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээх үндэслэлтэй байна.

 

  Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг нэхэмжлэгч Ц.Должинсүрэн болон 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, /90.009.800/3=30.003.267 төгрөг/ хариуцагч Ш.Батчулуунд ногдох хэсэг болох  30.003.267 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс гаргуулан хариуцагч Ш.Батчулуунд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Нэхэмжлэл гаргах үед түүний үнийг шууд  тогтооход бэрхшээлтэй байвал…тухайн хэрэг хянан шийдвэрлэгдсэний дараа …нэхэмжлэлийн үнэд тохируулан нөхөн төлүүлэх буюу урьд илүү төлөгдсөн бол зөрүүг буцааж олгоно“гэж заажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлага гаргах үед нэхэмжлэлийн үнийг тогтооход бэрхшээлтэй байсан бөгөөд “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр дээрх орон сууц, автомашиныг зах зээлийн өнөөгийн ханшийг 90.009.800 төгрөг хэмээн тогтоосон тул нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс 90.009.800 төгрөгийн хэмжээнд буюу нэхэмжлэлийн үнэд тохируулан улсын тэмдэгтийн хураамжид 607.999 төгрөгөөс урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг хасч, 537.799 нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон       

 

            ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цэцэгмаагийн Должинсүрэн, Шоовдорын Батчулуун нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнийг эх Ц.Должинсүрэнгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг сар бүр хариуцагч Ш.Батчулуунаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь хариуцагч Ш.Батчулууныг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3-т заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Батчулуун, Д.Шоовдорт нарын хооронд байгуулсан Бэлэглэл / Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486.17 м.кв талбай бүхий Г-2203000361 Улсын бүртгэлийн дугаартай, 18642313854414 нэгж талбарын дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010762 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв хувийн зориулалттай орон сууц бэлэглэсэн/-ийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг нэхэмжлэгч Ц.Должинсүрэн болон 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, 30.003.267 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс гаргуулж, хариуцагч Ш.Батчулуунд олгосугай.

 

7 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батчулуунаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Должинсүрэнд олгож, нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 537.799 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50.547 төгрөгийг хариуцагч Ш.Батчулуунаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ЭНХБАЯР