Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 283

 

   Ц.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй,

   иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01194 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ш.Батчулуунд холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Батчулуун, Д.Шоовдор нарын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг,

Хариуцагч Ш.Батчулуун,

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Шоовдор

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2002 онд танилцаад гэр бүл болж хамт айлын хашаа, хажуу өрөө хөлслөн амьдардаг байсан. 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр охин Б.Чимэг-Эрдэнэ төрсөн. Бид 2008 оноос таарамж муутай байх болсон. 2015 оны 10 дугаар сараас тус тусдаа амьдарч эхэлсэн. Ш.Батчулуун ааш авир муутай, намайг зодож нүддэг болсон. Үүнээс болж миний тархи толгой өвдөж, сэтгэл санааны хохирол учирсан. Би гэрээсээ зөндөө хөөгдөж байсан. Надруу хутга мэс барьж дайрдаг болсон. Би сүүлдээ тэвчихээ байж 2015 онд хүүхдээ аваад зугтаж тусдаа амьдарсан. Иймд би гэрлэлт цуцлуулах, хүүхдээ өөрийнхөө асрамжид үлдээнэ, тэтгэлэг гаргуулах болон дундын өмч болох Сүхбаатар дүүргийн Нуурын 8-97 тоот 408.7 м.кв хэмжээтэй хашаа байшинг хуваалгах хүсэлтэй байна. Мөн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Ш.Батчулуунаас Д.Шоовдорт шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. 2004 онд гэр бүл болсон, хамт амьдарч байсан гэдэгт талууд маргадаггүй. Охин нь мэдүүлэг өгөхдөө ээжтэйгээ байсан гэсэн. Тийм учраас хүүхдийн саналыг хүндэтгэн үзэн ээжийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй. Хариуцагч эхнэртээ гар хүрсэнээ хүлээн зөвшөөрөөд маргахгүй байна. Хашаа байшинг худалдаж авах зорилго нь эхнэр жирэмсэн байсан тул гэр бүл болох зорилгоор худалдаж авсан. Тийм учраас гэр бүлийн дунднын хөрөнгө юм. Хамгийн гол нь 11 настай Чимэг-Эрдэнийн эрх ашиг явж байгаа. Хүүхэд Тахилтаас 24 дүгээр сургууль руу явдаг болохыг анхаарч үзнэ үү. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар тэтгэлэг тогтоолгож, дундын хөрөнгийг 3 хувааж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Батчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 оны 8 дугаар сард гэр бүл болсон. 2015 оны 9 дүгээр сар хүртэл хамт амьдарсан. Манай эхнэр сүүлдээ байнга гадуур явдаг болсон. Манай эхнэр 7 хоногт 1 удаа гадуур хонодогт би их дургүй байсан. ...Би хөдөө гадуур ажлаар байнга явдаг. Тэр хугацаанд тэр хүн манайд ирдэг байсан байгаа юм. Намайг 2015 оны 9 дүгээр сард Дархан хот руу 3 хоног ажлаар яваад ирэхэд 4 дэх хоногтоо гэртээ ирсэн байсан. Батхишиг гэдэг хүн рүү би залгаж үзсэн. Энэ 2 намайг юм хэлэхгүй байгааг далимдуулж даварсан. Би үүнээс болж гар хүрсэн зүйл байгаа. Төмөр замд тэр залуутайгаа хамт амьдарч байгаа. Гэрлэлт цуцлах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхнэр, хүүхэддээ хайртай, эхнэрээ дахиж зодохгүй. Бүтэн жил амьдрахдаа би бүхнийг ойлгосон, эхнэр хүүхдээ дахиж зовоохгүй гэдгийг тангараглаж байна. Бидний дундын өмч гэвэл 2014 онд 22 000 000 төгрөгөөр авсан Тоёота Клугер гэдэг машиныг эхнэр аваад явсан. Гэхдээ түүнд маргахгүй. Өөр өмч гэх зүйлгүй. Эхнэр надаас авч болох бүх л зүйлийг авсан. Хүүхдийг маань ч гэсэн аваад явсан. 2015 оны 12 дугаар сард манай ажлынхан заал авч байхад захирал руу утсаар залгаж хашгирсан. Энэ бүхнээс болж намайг ажлаас халсан. Намар надаас 400 000 төгрөг авсан. Манай аав ээжээс 300 000 төгрөг авсан. Ноднин хавар мөн надаас 300 000 төгрөг авсан. Гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Дундын өмч гэх хашаа байшин бол 2004 оны 8 дугаар сард ээж надад 65 тооны бүдүүн эр ямаа өгч байсан. Энэ мөнгөөр хашаа, байшин аваад миний нэр дээр бүртгүүлсэн. Тэгээд ээжид үүнийг буцааж өгсөн юм гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хоёрт үл ойлголцол, хардалт зэрэг зүйлүүд харагдаж байна. Гэрлэгчид 2015 оны 9 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар Д.Батчулууныг эцэг хүний хувиар уулзаж байхад саад учруулахгүй байхыг анхаарна уу. Гэрлэлт цуцлуулахыг шүүх бүрэн эрх хэмжээний хэмжээнд шийдвэрлэх боломжтой. Ц.Должинсүрэн дүүгийнхээ хуримыг хийхэд зориулж зээл авч, автомашиныг зээлийн барьцаанд тавьсан. Үүнийг төлж чадахгүй гэсэн тул зөрүүд нь Приус-20 маркийн автомашин авсан. Энэ хоёрт дундын хөрнөгө гэх зүйл байхгүй. Гэр доторх эд хөрөнгийг Ц.Должинсүрэн авсан. Хашаа байшин нь Д.Шоовдор гуайн өмчлөлийн хөрөнгөөр авсан гэдэг нь гэрч нарын тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Эд хөрөнгөө авч явсан гэдэгт Ш.Батчулууун маргаагүй. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан учраас дундын эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Шоовдор шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд өөрийнхөө малаар энэ хашаа байшинг авсан. Би Төв аймгийн Ар Хустад амьдардаг байсан 65 тооны эр хонь, эр ямааг ачиж хотод оруулж ирэн зараад хашаа байшин худалдаж авсан. Би өөрийнхөө эд хөрөнгийг буцааж авсан гэжээ.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Цэцэгмаагийн Должинсүрэн, Шоовдорын Батчулуун нарын гэрлэлтийг цуцалж,  

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнийг эх Ц.Должинсүрэнгийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг сар бүр хариуцагч Ш.Батчулуунаас гаргуулан тэжээн тэтгүүлж,

 Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь хариуцагч Ш.Батчулууныг дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурдаж,

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Батчулуун, Д.Шоовдорт нарын хооронд байгуулсан Бэлэглэл /Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486.17 м.кв талбай бүхий Г-2203000361 улсын бүртгэлийн дугаартай, 18642313854414 нэгж талбарын дугаартай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203010762 дугаарт бүртгэгдсэн 60 м.кв хувийн зориулалттай орон сууц бэлэглэсэн/-ийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, 

Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 давь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн орон сууцыг нэхэмжлэгч Ц.Должинсүрэн болон 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин Чимэг-Эрдэнэ нарын өмчлөлд үлдээж, 30 003 267 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс гаргуулж, хариуцагч Ш.Батчулуунд олгож,  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батчулуунаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Должинсүрэнд олгож, нэхэмжлэгч Ц.Должинсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 537 799 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Алтангэрэлээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 50 547 төгрөгийг хариуцагч Ш.Батчулуунаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Шоовдор давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Миний бие бүх насаараа мал малласан олон ч зуданд малаа үхүүлж бараг хотоо харлуулах дөхөж байсан. 2000 оны зуднаар 830 толгой малнаас 380 толгой малтай үлдсэн. Би өөрөө хөдөө буурлын буян хэдэн малыг минь маллах хүнгүй тул хашаа байшингаа өөрийнхөө нэр дээр өмчлөх завдал гараагүй.

1. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч гэрч асуулгах хүсэлтээсээ шүүх хуралдааны явцад татгалзсан, мөн гэрчээр Я.Цэцэгмааг оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж хүчинтэй байхад гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулсан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хаалттай явагдах ёстойг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-97 тоотод байрлах 486 мкв газар, 60 м.кв хувийн орон сууцыг худалдан авсан төлбөрөөс буюу 2003 онд 100 төлөг авсан мөнгийг 2004 онд өгсөн 3 600 000 төгрөгийг би өөрийн хувийн өмч болох 65 бог малаар төлснийг нотлох баримтаар шүүхэд өгсөн малын A данс /хх-84-85/, гэрч Р.Батцоож /хх-93/, Ч.Нэргүй /хх-114/, н.Улаанхүү /хх-79-80/, Ш.Гэрэл /хх-83/ нотлогдсоор байхад шүүх миний өмчлөх эрхийг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

3. Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн миний хүүтэй амьдрах хугацаандаа гадуур хоноглож улмаар н.Батхишиг гэдэг залуутай дотносож улмаар 2015 оны 9 дүгээр сард тэр айлд оччихоод байхад миний хүү бид хоёрыг орох оронгүй болгож шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хүү минь эхнэрийнхээ сүүлэрснийг хүлээн зөвшөөрч чадалгүй гар хүрсэндээ буруутай нь үнэн. Гэхдээ энэхүү газар нь хотын дахин төлөвлөлтөнд орж "Баярс" компани дээрх 486 мкв газрыг 160  сая орчим төгрөгөөр 2 өрөө 2 байраар солилцохоор гэрээлж байсан. Тэдний маргаан зөрчил ч энэ байрны сургаар хурцадсан гэж ойлгож байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхзд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь хариуцагч Ш.Батчулуунд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох хашаа, байшингаас ногдох хэсгийг гаргуулах, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ш.Батчулуун, Д.Шоовдор нарын хооронд байгуулагдсан “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Ц.Должинсүрэн, Ш.Батчулуун нар нь 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2004 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Чимэг-Эрдэнэ төрсөн үйл баримтыг шүүх зөв тогтоожээ.

Хариуцагч Ш.Батчулуун нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-97 тоотод байрлах 486 м.кв газар, 60 м.кв хувийн сууцыг 2004 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн  гэрээгээр  Д.Төмөрбаатараас шилжүүлэн авч, өмчлөгчөөр бүртгүүлсэн /1 хавтас 157 дугаар тал/, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-гээр /1 хавтас 164-165 дугаар тал/ төрсөн эх Д.Шоовдорт шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  Д.Шоовдор нь маргаж буй газар, хувийн сууцыг өөрийн хувийн өмч болох 65 бог малаар төлж авсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсоор байхад шүүх өмчлөх эрхийг минь зөрчсөн гэж маргажээ.

          Нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх тодруулалгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ.

          Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 8-97 тоот хаягт байрлах 60 м.кв талбай бүхий хувийн сууц болон хашаа гэж тодорхойлсон байхад шүүх хувийн сууц, газар гэж өөрөөр тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт заасан маргааныг нэхэмжлэлийн хэмжээ хязгаарын дотор шийдвэрлэх зарчмыг зөрчжээ.

          Түүнчлэн маргаан бүхий хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэхдээ уг хөрөнгө гэрлэлт бүртгүүлсэн хугацаанаас өмнө хариуцагч Ш.Батчулууны өмчлөлд байсан, тэрээр гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөнд шилжүүлсэн эсэхийг тодруулалгүй шийдвэрлэжээ.

          Анхан шатны шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө нь гэрлэснээс хойш бий болсон байх Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан урьдчилан нөхцлийг буруу тайлбарлаж, 2003 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсон гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна.

          Шүүх хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоорЛэндс” ХХК болон “Итгэлт Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон ба Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийх бол шинжээчийг дуудан ирүүлж, эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулах, хэргийн оролцогчдыг шинжээчээс татгалзан гаргах үндэслэл бий эсэхийг шалгах журмыг зөрчсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шинжээчийн дүгнэлт нь нотлох баримт болохгүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

          Нэхэмжлэгч Ц.Должинсүрэн нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Ш.Батчулуун, гуравдагч этгээд Д.Шоовдор нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хэсэгчлэн төлүүлэхээр хүсэлт гаргасныг /1 хавтас 91 дэх тал/ шүүх шийдвэрлээгүй, орхигдуулсан.  

          Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох тул түүнд нэхэмжлэлийг гардуулан өгөх, тайлбар авах ажиллагаа хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчимд нийцэх юм.

          Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид холбогдуулж гаргадаг бөгөөд гуравдагч этгээдийн бусадтай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардлага гаргаж гаргаж тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэнд хамаарч байгааг тодруулах, улмаар хэргийн оролцогчдын эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах учиртай.

       Түүнээс гадна бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасан түүний тайлбар гаргах, мэтгэлцэх эрхийг зөрчсөн гэж үзэх бөгөөд энэ алдаа нь мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн зөрчилд хамаарна.

          Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2016/01194 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Шоовдороос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 608 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА

                                                                       ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                                            Д.БАЙГАЛМАА