Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 98

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга  Г.Энхгэрэл,                            

улсын яллагч А.Сайнбаяр,

иргэний хариуцагч Монгол Даатгал ХХК-ийг төлөөлж А.Анармаа, Г.Ууганбилэг нар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Идэр,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2016 2501 4020 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б.О, 1981 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо Монгол хотхоны 66е дугаартай байрны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэгдэж байгаагүй, /РД: ТК81051701/

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66е дугаартай байрны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоот гэртээ асаасан лаагаа унтраагаагүй унтсаны улмаас гал түймэр гарч улмаар 7 давхрын 42 тоотод оршин суух Ж.Пүрэвсүрэн нь угаарын хурц хордлогын улмаас нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 16-аас 17-нд шилжих шөнө 72 настай ээж, хүү, охины хамт бид 4 гэртээ байсан. Тэр өдөр гэртээ зул асаасан. Тэр өдөр гэртээ зул асаах өдөр байсан. Ээжийн маань дүү нас бараад удаагүй байсан тул буяны зул гэртээ асаасан. Шөнө унтаж байгаад нэг сэрсэн аймаар утаа гараад гал ассан байсан. Бүр дийлдхээргүй утаан дунд бид хэд унтаж байсан. Тэгээд охиноо дуудаад охин маань нилээн угаатсан байдалтай сэрж чадахгүй, дүүгээ ав гар гэсэн чадахгүй байсан. Тэгээд би бүгдийг нь чирч гаргаад, 11 тоотын айлын хаалгыг тогшоод /яг манай урд талын хаалга/ түргэн дуудаад өгөөч гэж хэлсэн. Түргэн, гал команд 2 дуудсан байсан. тэгээд бид хэдийг дээд давхар луу ээж, хүүхдүүдээ чирээд гарахад эргүүлийн цагдаа ирээд бид хэдийг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авч ирсэн. Түргэн ирээд ээжийг үзээд ээж, хүү хоёрыг эмнэлэг рүү авч явсан. Нөгөөдөр нь байцаагч намайг дуудаад 7 давхарт хүн нас барсан байна гэж хэлж байсан. Би яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Ч.Идэр шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр гал гарсны улмаас манай дүүгийн гэрт байсан ээж маань угаарт хордон нас барсан. Энэ хүнээс одоо буяны ажил явдалд зарцуулсан 13.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Надад байгаа баримтаар нийт 9.051.305 төгрөгийн хохирол учрсан гэж үзэж нэхэмжилж байна” гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Г.Ууганбилэг шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Галын эрсдэл гэдэг нь шүүгдэгчтэй байгуулсан даатгалын гэрээний зүйл маань “Капитрон” банкны барьцаа хөрөнгө буюу байр юм. Б.Оын “Капитрон” банкнаас зээлээр худалдан авсан барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн 00549169 дугаартай Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонлд байрлах 2 өрөө байрыг даатгасан байгаа. Галын эрсдэл гэдэг нь даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас гарсан бол тухайн хөрөнгөд учирсан хохирол барагдуулах гэж байгаа. Даатгалын зүйл маань 1 дүгээрт орон сууц, 2 дугаарт зээлдэгчийн амь нас. Даатгалын гэрээний 2 дугаар хэсэгт даатгалын зүйл байгаа. Даатгалын зүйлд нэгдүгээрт барьцаа  хөрөнгө, хоёрдугаарт зээлдэгчийн гэнэтийн осол болон амь насаа алдсан тохиолдолд тухайн зээл төлөгдөхгүй байх эсдэлийг даатгасан байгаа. Тэрнээс биш зээлдэгчийн өөрийн буруутай үйлдлээс болж гуравдагч этгээдэд учирсан хохирлыг буюу Иргэний хуулийн 444 зүйлд заасан хариуцлагын даатгалын гэрээний эрх зүйн харилцаа “Монгол даатгал” Б.О хоёрын хооронд үүсээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гал гарсны улмаас тухайн барьцаа хөрөнгөд хохирол учирсан байдаг. Энэ хохирлыг “Ашид билгүүн” ХХК хохирлын үнэлгээний тайлангаар 4,808,000 төгрөгийн хохирол учирсан гэж даатгуулагч маань хүсэлт гаргаад энэ хүү хохирлоо даатгалын гэрээний 4.2 дугаар зүйлийн 1-д заасны дагуу 80%-р тооцож 3,847,040 төгрөг манай байгууллагаас төлж барагдуулсан байгаа. Иймд манай байгууллагыг иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү” гэв.

Хохирогч Ч.Идэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед гэртээ унаж байхад дүү Янжиндулам утсаар манай байранд гал гараад ээж ухаангүй болоод түргэн тусламжийн эмч цэргийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсний дагуу шууд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирж түргэн тусламжийн эмчтэй уулзахад таны ээжийн бие тааруу байж байгаад эмнэлэг рүү явж байх замдаа өнгөрчихлөө гэж хэлсэн. Ингээд шууд шүүх эмнэлэгт цогцсыг хүргэсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 73/,

Яллагдагч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэрэг болохоос 7 хоногийн өмнө манай ээжийн дүү нас бараад ажил явдлынх нь буяны зул нь ирчихсэн  байсан юмаа. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой би гэртээ ээж Лхамноржим, охин Оюунханд, хүү Мөнххүслэн нарын хамт дөрвүүлээ байсан бөгөөд орой унтахын өмнө 21 цагийн үед буяны зулыг нь асаагаад цонхон дээр тавьчихсан юм. Тухайн үед манайх нүүж ирээд 3 хонож байсан учраас гэр доторх эд зүйлс эмх цэгцгүй байдалтай байсан. Ингээд зулаа асааж орхиод бага хүү Мөнххүслэнг унтуулах гээд хэвтсэн бөгөөд тухайн үед ядраад тэр чигтээ унтчихсан байсан. 1 мэдсэн аймар халуун оргиод байхаар нь сэртэл гал гарч унртаах боломжгүй болсон байсан учраас гэр бүлийнхнийгээ гаргаад 101-т дуудлага өгсөн. Галын машин бараг 40 минутын дараа ирэх шиг болсон. Зул асаасантай холбоотой өөрийн хайхрамжгүй үйлдлээс гал алдсантай холбоотой маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 141/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2117 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. 2. 3. Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

4. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй эрүүл байжээ.

5. Талийгаач нь АВО системээр А/II/ бүлгийн цустай байна.

6. Талийгаач нь угаарын хийн хурц хордлогын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.

7. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй” гэх дүгнэлт   /1хх-ийн 165-166/,

Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №52/2339 дугаартай:

  1. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталт, тархан дэлгэрэлт зэргээс үзэхэд гао түймэр нь ил галын улмаас гарсан байна. /Ил гал гэдэгт асаасан тамхи, асаасан шүдэнз, галын цог, ил задгай үнс, нурам, бусад ил галыг тооцно/ Хэргийн материалын 50 дугаар хуудас...Өчигдөр буюу 2016.11.16-ны өдөр бид 4 гэртээ хоолоо хийж идчихээд би өөрөө зул асаагаад цонхны тавцан дээр байсан жижиг ус буцалгагч төмөр материал дээр тавьсан байсан. Хажуугаар нь ном дэвтэр тавцан дээр байсан. Тэгээд хүүгээ унтуулчихаад эргэж хараад өөр газар тавьна гэж бодож байгаад унтсан байсан. Тэгээд нэг мэдэхэд толгой дээр халуу дүүгээд юм унах шиг чимээ гарахаар нь харахад цонхны тавцан дээр гал дүрэлзээд асаж байсан. Цонхны доод талын буйдан шатаж эхэлж байсан.
  2. Хэргийн газрын үзлэгээр тогтоох боломжгүй.
  3. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталтаас үзэхэд галын голомт нь тухайн 2 өрөө байрны дотор талд цонхны хэсэгт байх ба хэргийн материалын 17 дугаар хуудас гэрэл зургийн үзүүлэлт №4-д гэрэл зургаар бэхжүүлсэн хэсэгт байна.
  4. Үзлэгийн явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно. гэх дүгнэлт /1хх-ийн 200/,

Хэргийн газарт үзлэг хийсэн  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 17-59/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 26-28/, шүүх хуралдааны хурлын тэмдэглэл /2хх-ийн 163, 173-179/, шүүгчийн захирамж /2хх-ийн 164, 169/,  үл хөдлөх хөрөнгө, зээлдэгчийн амь насны баталгаа /2хх-ийн 189/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 192/, иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 116/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2хх-ийн 118/, хохирлын баримтууд зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66е дугаартай байрны 1 дүгээр орцны 4 давхрын 14 тоот гэртээ асаасан лаагаа унтраагаагүй унтсаны улмаас гал түймэр гарч улмаар 7 давхрын 42 тоотод оршин суух Ж.Пүрэвсүрэн нь угаарын хурц хордлогын улмаас нас барсан болох нь:

Хохирогч Ч.Идэрийн: “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 02 цагийн үед гэртээ унаж байхад дүү Янжиндулам утсаар манай байранд гал гараад ээж ухаангүй болоод түргэн тусламжийн эмч цэргийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсний дагуу шууд Батлан хамгаалах хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирж түргэн тусламжийн эмчтэй уулзахад таны ээжийн бие тааруу байж байгаад эмнэлэг рүү явж байх замдаа өнгөрчихлөө гэж хэлсэн. Ингээд шууд шүүх эмнэлэгт цогцсыг хүргэсэн...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.Оыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Идэр нь уг гэмт хэргийн улмаас талийгаач Ж.Пүрэвсүрэнг оршуулахад гаргасан оршуулгын зардлын талаарх нотлох баримт бүхий хохирол 9.051.305 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Б.Оаас гаргуулж хохирогчиийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.О-д  хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Б.О-д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн, хохирогчид учруулсан хохирлыг 4 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулан тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.О-ыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 сарын хугацаанд хохирол төлбөрийг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.О-аас нийт 9.051.305 /ёсөн сая тавин нэгэн мянга гурван зуун таван/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Идэрт олгосугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР