Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 407

 

 

 

 

 

 

 2020            4                2                                              2020/ДШМ/407  

 

 

Б.Од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч С.Чулуунбаатар,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 12 дугаартай эсэргүүцлээр Б.Од холбогдох эрүүгийн 201625014020 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Б.О, 1981 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 3, эх, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Монгол хотхоны 66е байрны 1-4-14 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ТК81051701/;

 

Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66е байрны 1-4-14 тоот гэртээ асаасан лаагаа унтраагаагүй унтсаны улмаас гал түймэр гарч, улмаар 7 давхрын 42 тоотод оршин суух Ж.Пүрэвсүрэн нь угаарын хурц хордлогын улмаас нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Б.Оыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 сарын хугацаанд хохирол төлбөрийг нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Оаас нийт 9.051.305 /есөн сая тавин нэгэн мянга гурван зуун таван/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Идэрт олгохоор шийдвэрлэжээ.

 

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр” заасан. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч С.Чулуунбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Б.Од 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнссэн. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой маргах зүйлгүй. Давж заалдах шатны шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. Шүүгдэгч Б.О нь 1 ой 6 сартай хүүхэдтэй, хүүхэд нь хатгаатай, асарч байгаа учир өнөөдрийн шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа. Мөн хохирол болох 9.000.000 төгрөгийг анхан шатны шүүхээс 4 сарын хугацаанд төлж барагдуулах боломж олгосон. 3.000.000 төгрөгийг прокурорын эсэргүүцэл бичигдэхээс өмнө, шүүхийн шийдвэр гармагц өгсөн. Үлдсэн хохирлыг шийтгэх тогтоолд заасан хугацаанд төлж барагдуулна. ...” гэв.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.О нь 2016 оны 11 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Монгол” хотхоны 66е байрны 1-4-14 тоот гэртээ өргөсөн зулаа унтраагаагүй унтсаны улмаас гал түймэр гарч, улмаар 7 давхрын 42 тоотод оршин суух Ж.Пүрэвсүрэнг угаарын хурц хордлогод оруулан болгоомжгүйгээр амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Идэрийн “...2016 оны 11 дүгээр сарын 16-ны  шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байхад дүү Янжиндулам утсаар манай байранд гал гараад ээж ухаангүй болоод түргэн тусламжийн эмч цэргийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсний дагуу шууд Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг дээр ирж түргэн тусламжийн эмчтэй уулзахад таны ээжийн бие тааруу байж байгаад эмнэлэг явж байх замдаа өнгөрчихлөө гэж хэлсэн. ...” /1хх 73/,

 

Шүүгдэгч Б.Оын яллагдагчаар өгсөн: “...Хэрэг болохоос 7 хоногийн өмнө манай ээжийн дүү нас бараад ажил явдлын нь буяны зул барьчихсан байсан юм. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой би гэртээ ээж Лхамноржим, охин Оюунханд, хүү Мөнххүслэн нарын хамт байсан. Орой унтахын өмнө буюу 21 цагийн үед буяны зулыг нь асаагаад цонхон дээр тавьчихсан юм. Тухайн үед манайх нүүж ирээд 3 хонож байсан учраас гэр доторх эд зүйлс эмх цэгцгүй байдалтай байсан. Ингээд зулаа асааж орхиод бага хүү Мөнххүслэнг унтуулах гээд хэвтэж байгаад тэр чигтээ унтчихсан байсан. 1 мэдсэн аймаар халуун оргиод байхаар нь сэртэл гал гарч унтраах боломжгүй болсон байсан учраас гэр бүлийнхнийгээ гаргаад 101-т дуудлага өгсөн. Галын машин бараг 40 минутын дараа ирэх шиг болсон. Зул асаасантай холбоотой, өөрийн хайхрамжгүй үйлдлээс гал алдсантай холбоотой маргах зүйлгүй. ...” /2хх 141/ гэх мэдүүлгүүд,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2117 дугаартай “...Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй эрүүл байжээ. Талийгаач нь АВО системээр А/II бүлгийн цустай байна. Угаарын хийн хурц хордлогын улмаас амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна. ...” 1хх 165-166/,

 

            Шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 2339 дугаартай “...Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталт, тархан дэлгэрэлт зэргээс үзэхэд гал түймэр нь ил галын улмаас гарсан байна. Хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталтаас үзэхэд галын голомт нь тухайн 2 өрөө байрны дотор талд цонхны хэсэгт байх /хх 17/ гэрэл зургаар бэхжүүлэгдсэн хэсэгт байна. Үзлэгийн явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно. ...” /1хх 200/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-59/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, оршин суугчдыг гэрчээр асуусан мэдүүлгүүд зэрэг дүгнэлт цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотлож чадсан байх ба шүүгдэгч Б.Оыг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Оын өргөсөн зулаа унтраагаагүй унтсаны улмаас гал гарч, уг галаас үүссэн угаарын хийд хордон хүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглжээ.  

 

Шүүгдэгч Б.О нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Идэрт 3.000.000 төгрөгийг төлсөн байна. Мөн шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлыг 4 сарын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Оыг  тэнссэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Гэхдээ шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг ялыг тэссэнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг аригласан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр Б.Оыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шийтгэх тогтоолыг зөвтгөн зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв. Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авав.

 

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б. Отгонжаргалд  хохирол, хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсэн нь зөв боловч  “хохирлыг 4 сарын дотор  төлөх заалтыг” тэнссэн хугацаатай уялдуулан уг үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Оын 1 ой 6 сартай хүүхдээ гэрээр асардаг, ар гэрийн амьдрал, хувийн байдлыг давж заалдах шатны шүүхээс харгалзан үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг мөн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 сарын хугацаанд хохирол төлбөрийг нөхөн төлөх үүрэг хүлээлгэсүгэй” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Оыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Од гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй.” гэсэн,

 

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн,

 

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй” гэсэн тус тус нэмэлт заалтууд оруулж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                       ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

 

                       ШҮҮГЧ                                                             О.ЧУЛУУНЦЭЦЭГ