Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 683

 

Д.Туваасүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Мөнхжаргал,

шүүгдэгч Д.Туваасүрэнгийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батхишигийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 7 дугаартай эсэргүүцлээр Д.Туваасүрэнд холбогдох 2017 2400 0258 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Буурал овгийн Довоогийн Туваасүрэн, 1969 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Автотерминал трейд” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москвагийн 141/1 дүгээр байрны 30 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ПЮ69121070/,

Яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Д.Туваасүрэн нь 2017 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын замд “Даевоо бус 106” загварын, 74-31 УНВ улсын дугаартай, авто тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчин, авто тээврийн хэрэгслийн жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч С.Мөнхнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Д.Туваасүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Туваасүрэнгийн өмгөөлөгч Л.Энх-Амгалангийн хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хянан хэлэлцээд:

 1. Уг хэрэг гарахад хохирогч нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг тогтоох, хохирогч нар нь согтолтын улмаас өөрийгөө удирдан жолоодох чадвартай эсэх, уг автобусыг өөрсдөө очиж мөргөсөн, явж байгаа автобусны урдуур гүйсэн зэргийг мөрдөн байцаалтын туршилтыг боломжит хэмжээнд явуулах, хэргийн газрын үзлэгийг гэрч, хохирогч, яллагдагч нарыг оролцуулан дахин явуулах, гэрч, хохирогч нарыг дахин асуух зэргээр шалгалт явуулах.

2. Дээрх үзлэг туршилтыг хийсний дараа шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах.

3. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмнэлгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн жижүүрийн эмч, цагдааг яллагдагчийн өмгөөлөгчийг байлцуулан гэрчээр асуух.

4. Анагаах ухааны нүүрний мэс заслын сургуульд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гарч байсан жижүүрийг гэрчээр асуух.

5. Гэрч Алтантуяаг яллагдагчийн өмгөөлөгчийг оролцуулан гэрчээр асуух.

6. Хэргийн газарт байсан малгай, архины шилийг хэнийх болохыг тогтоох.

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбар хүсэлтийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батхишиг бичсэн эсэргүүцэлдээ: “... Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсгийн 17-д заасан аль асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргах тухайгаа тодорхой заагаагүй, ... мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэснийг зөрчиж урьдчилсан хэлэлцүүлгийг шууд зарласан.

2. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хохирогч М.Мөнхнасан, талийгаач Г.Баяндүүрэн нар нь зам тээврийн осол гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь драйгер багажны болон цусны шинжилгээгээр тогтоогдсон. Түүнчлэн хохирогч М.Мөнхнасан нь явган хүний гарцаар явсан талаараа хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг өгсөн, хэргийн газрын болон давтан үзлэг, хэмжилтийн бүдүүвч, схем гэрэл зургийн үзүүлэлтээс харахад явган зорчигч нарын гарч явсан замын явган хүний гарцаас бусад зорчих хэсгийг хязгаарласан хайстай, явган зорчигч нар нь өөр замаар гарах боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Мөн А цэгээс 40.4 км цагийн хурдтай яваа автобусанд мөргүүлсэн хүн 18.65 метр газар унаж амьд үлдсэнийг туршилт хийж тогтоох боломжгүй тул шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Д.Туваасүрэн нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...урд талд хоёр хар юм харагдангуут тоормос гишгэсэн...” талаараа мэдүүлсээр байхад автобусыг өөрсдөө очиж мөргөн, урдуур гүйсэн талаар мөрдөн байцаалтын туршилт хийх гэсэн шүүгчийн захирамжийн заалт үндэслэлгүй гэж үзэж байна.

3.  Шүүгчийн захирамжид Гэмтэл согогийн эмнэлгийн жижүүр эмч, цагдаа, Анагаах ухааны нүүрний мэс заслын сургуулийн жижүүр, гэрч С.Алтантуяа нарыг өмгөөлөгч оролцуулан дахин байцаах гэсэн боловч дээрх нэр бүхий хүмүүсээс юу асуух, ямар нөхцөл байдал, үйл баримтыг сэргээх зорилгоор асуух талаар захирамжид тодорхой тусгаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэрч С.Алтантуяад хууль сануулан байцаалт авахад “автобус нь тэр хоёр хүнийг мөргөж байхыг нь хараагүй, автобусны жолооч нь эрүүл байсан” талаар /1 хх 64/ тодорхой мэдүүлэг өгсөөр байхад дахин байцаах шаардлагагүй болно.

4. Хэргийн газраас хураан авсан 4 гэж дугаарласан малгайг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Уранчимэгт /хх 17/ хүлээлгэн өгсөн ба шүүхийн урьдчилсан хэлүүлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оролцоогүй, харин иргэний нэхэмжлэгч Х.Байдолда “автобус компанийг иргэний хариуцагчаар татан оршуулгын зардал, эмчилгээний зардал гаргуулахаар хүсэлт гаргасан, “Автотерминал” ХХК-иас иргэний хариуцагчаар П.Очирпүрэвийг томилон байцаалт авахад бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй талаараа /хх 92-93/ мэдүүлсэн байдаг.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

 

Прокурор Ц.Мөнхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүхээр дахин шийдвэрлүүлэх саналтай байна ...” гэв.

Шүүгдэгч Д.Туваасүрэнгийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэл байхгүй. Прокурор шүүхийн тайлбартаа Д.Туваасүрэн нь мөрдөн байцаалтад “урд талд 2 хар юм харагдангуут тоормос гишгэсэн” гэх мэдүүлэг өгөөгүй. Замын голд бөөрөнхий зүйл харагдаад жолоогоо зайлуулж дарсан гэдэг. Зайлуулж дарна нь гэдэг хүнийг дайрахгүйн тулд зайлуулаад замын цагаан хашлагад тулсан. Прокурор үүнийг ойлгоогүй замын голд 2  бөөрөнхий зүйлийг хүн гүтгээд бичсэн байдаг. Прокурор Д.Туваасүрэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт бичихдээ зүйл ангийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.3 дугаар зүйлд зааснаар гээд буруу бичсэн. Анхны хэргийн газрын үзлэг хийхэд тухайн автобусны урд 2 хүн хэвтэж байсан. Үүнийг гэрч Алтантуяа “тоормос дуугарахаар нь цонхоор харсан чинь автобусны урд 2 хүн хэвтэж байсан. Жолооч ирээд хүн мөргөчихлөө, цагдаа, түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн” гэж мэдүүлдэг. Түргэн тусламж ирээд автобусны урд хэвтэж байсан 2 хүнийг авч яваад дараа нь цагдаа ирсэн. Явган хүний гарцгүй газраар ертөнцийн зүгээр зүүн талаасаа баруун тийшээ гарч байсан. Яагаад нүүр ам судлалын их сургуулийн жижүүрээс байцаалт авах шаардлагатай вэ гэхээр тэр хүн аль зүгээс автобусны буудал руу явж байсан гэдгийг мэддэг. Мөрдөн байцаалтын шатанд 2 удаа хүсэлт бичиж өгсөн. Шинээр гарсан Эрүүгийн хуульд хэргийг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоо гэсэн ч огт ажиллагаа хийгээгүй. 45 хоногийн дараа М.Мөнхнасан гэх хүн гарч ирээд явган хүний гарцаар гарсан гэж яриад байдаг. Гэтэл автобусны урд ямар 2 хүн хэвтэж байсныг одоо болтол тогтоогоогүй, хавтаст хэрэгт нотлогдсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Д.Туваасүрэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд гаргасан шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Д.Туваасүрэнд холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байна.

Д.Туваасүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалт зөрчсөний улмаас явган зорчигч С.Мөнхнасангийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Г.Баяндүүрэнгийн амь нас хохирсон талаар гэрч, хохирогч нар тодорхой мэдүүлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан байхад хэн учруулсан болохыг заавал дахин тогтоолгохоор хэргийг мөрдөн байцаалтад буцаах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.  

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой  тул “… шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх …”-ээр бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Д.Туваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 595 дугаар захирамжийг хүчингүй болгож, Д.Туваасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Туваасүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

         3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                      ШҮҮГЧИД                                          М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ