Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 223/МА2016/00013

 

Морьтхангай ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сар 22-ны өдрийн 151/ШШ2016/00843 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Морьтхангай ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайланг, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүй болгуулж,

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг хүчингүйд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Алтанцэцэгийн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлж, дүгнэлт гаргуулах,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулын Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба-ны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот тодорхойлолт-оор Хан уул дүүргийн 1 дүгээр хороо Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлүүлэх ,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарын Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот тодорхойлолт-оор Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13б байрны 121 тоот 3 өрөө Зайсангийн гудамж 25/1 байрны 09 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, дахин үнэлүүлэх иргэний хэргийгхариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Төмөрбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Эрдэнэ,

Хариуцагчийн төлөөлөгч П.Ганбат

нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Морьтхангай ХХК, захирал Ц.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Манай компани нь 2009 оны 04 сарын 06-ны өдөр Зоос банк ХХК-тай 51 тоот зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан мөн өдөр 51 тоот барьцааны гэрээ байгуулсан бөгөөд барьцаанд дараах үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан болно. Үүнд: Миний өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 12 хороолол 13 байрны 04 тоот 3 өрөө орон сууц, Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууц, 1 автомашины граж, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот хоёр өрөө орон сууц, Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг, С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Н.Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зоос банкны нэхэмжлэлээр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 тоот захирамж гарсан бөгөөд гүйцэтгэх хуудсаар Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж байгаа юм. Ингээд Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээч томилох тухай 2012 оны 86/01 тоот тогтоолыг үндэслэн үнэлгээ хийсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2012 оны 03 сарын 21-ний өдрхийн 103 тоот хөрөнгийн үнэлгээний тайландаа Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууцыг 67146.0 төгрөг, 1 автомашины гражийг 9900.0 төгрөг, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг 93280.0 төгрөгөөр, Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 04 сарын 17-ны өдөр 1/328 тоот тодорхойлолтоор Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр, С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцыг 93840 төгрөгөөр үнэлсэн болно.

Дээрх үнэлгээг эс зөвшөөрч 2012 оны 03 сарын 29-ний өдөр 1/33 тоот албан бичгээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлтийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан боловч 2012 оны 03 сарын 29-ний өдрийн 3/235 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргах ёстой гэсний дагуу 2012 оны 04 сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхийн 2012 оны 04 сарын 16-ны өдрийн 560 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзсан тул ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч 2012 оны 05 сарын 01-ний өдрийн 86/03 тоот албан бичгээр мөн хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан болно. Ингээд 2012 оны 05 сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: 1. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот хоёр өрөө орон сууц, 1 автомашины граж, мөн дүүргийн 3 хороо Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууц, С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Цолмон нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байр 121 тоот 3 өрөө орон сууцуудыг үнэлгээг хүчингүй болгуулж, дээрх 3 орон сууц, 1 гражийг ижил мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон зах зээлийн ханшаар, бодит байдалд нийцүүлэн үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү.

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ гаргахдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарт огт мэдэгдээгүй, эд хөрөнгийг хураах битүүмжлэх ажиллагаанд оролцуулаагүй зэрэг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу ажиллагаа хийгээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэв. /3 дугаар хавтас 179-181, 4 дүгээр хавтас 1, 111-112, шүүх хуралдааны тэмдэглэл/ Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Туулын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Саран шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2012 оны 04 сарын 17-ны өдөр 1/328 дугаартай албан бичгээр Д.Туулын өмчлөлийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 25/1 байрны 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ орон сууцыг хураах, битүүмжлэх, үйл ажиллагаанд өмчлөгч Д.Туулыг огт оролцуулаагүй, түүнд мэдэгдээгүй, үнийн санал аваагүй зэргээр шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд Д.Туулын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтай холбоотой ажиллагаа явуулсан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагаа болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 дугаартай албан тоотоор үнэлсэн үнэлгээг тус тус хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв. / 3 хавтас 182, 4 хавтас 4, 116, хуралдааны тэмдэглэл/

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Алтанцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Шүүгчийн 2016 оны 05 сарын 24-ний өдрийн 151/ШЗ2016/01600 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалиудыг хариуцагчаас гаргуулан авах ажиллагааг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсэний дагуу хариуцагчийн зүгээс 2016 оны 06 сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд гүйцэтгэх ажиллагааны материалуудыг эх хувиар нь шүүхэд ирүүлсэн болно. Гүйцэтгэх баримт бичгээс үзэхэд шийдвэр гүйцэтгэх албанаас шинжээчээр томилсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээний тайланаар тогтоосон хөрөнгийн үнэлгээг эрхийн улсын бүртгэлийн 000151846 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204017247 дугаартай Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө сууц, 1 автомашины граж, мөн эрхийн улсын бүртгэлийн 000054186 дугаар гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2204023262 дугаартай Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч Д.Алтанцэцэгт мэдэгдээгүй, танилцуулаагүй болох нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжилэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдэлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж хуульчилсныг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь ноцтой зөрчсөн байна.

Иймд Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Д.Алтанцэцэгийн өмчлөлийн 2 орон сууц, 1 машины гражийг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд С.Цэрэн-Очир, Н.Цолмон нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Солонго шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Хариуцагчийн зүгээс ирүүлсэн шийдвэр гүйцэтгэх баримт бичгээс үзэхэд Улсын бүртгэлийн Ү-2205012700 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 3 дугаар хороолол 13Б-121 тоот 3 өрөө орон сууцны өмчлөгч нар болох С.Цэрэн-Очир, Н.Цолмон, Ц.Солонго нарт үнэлгээний талаар үнийн санал аваагүй, тэдэнд мэдэгдээгүй, танилцуулаагүй болох нь нотлогдож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдэлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасныг Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь зөрчсөн болох нь үүгээр тогтоогдож байна. Иймд С.Цэрэн-Очир, Ц.Солонго, Н.Цолмон нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлж, үйл ажиллагаа явуулсан Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа болон тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 дугаартай албан тоотоор үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцож, дахин үнэлгээ тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан тайлбартаа... Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2010 оны 03 сарын 31-ний өдрийн 215 дугаар захирамжаар Морьтхангай ХХК-иас 559387265 төгрөг гаргуулж Зоос банкны эрх хүлээн авагчид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу тус алба нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж барьцаа эд хөрөнгө болох 4 орон сууцыг битүүмжлэн хурааж, албадан дуудлага худалдан оруулах явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гуравдагч этгээд болон Морьтхангай ХХК-иас гомдол гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний төвөөр үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийдэггүй, хуульд зааснаар шинжээчээр үнэлгээ тогтоолгодог. Иймд тус алба нь үнэлгээг хариуцах байгууллага биш юм. Харин үнэлгээ тогтоосон мэргэжлийн шинжээч нар нт үнэлгээний тайлангаа шүүх танхимд хариуцах үүрэгтэй. Морьтхангай ХХК-ийн нэхэмжлэл, эд хөрөнгийн эздийн хүсэлтээр мэргэжлийн шинжээчийг шүүхээс томилж, эд хөрөнгийн үнэлгээ шинэчлэн тогтоолгоход татгалзах зүйлгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаас Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууцыг 67146.0 төгрөгөөр, 1 автомашины гражийг 9900.0 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг 93280.0 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ,

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр үнэлсэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллааг хүчингүйд тооцож, дээрх үнэлгээг тус тус хүчингүй болгож, Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг, Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцанд дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Баянгол дүүргийн 14 хороо 3 хороолол 13/Б байрны 121 тоот 3 өрөө орон сууцыг үнэлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, үнэлгээг тус тус хүчингүйд тооцож, дахин үнэлүүлэх тухай гуравдагч этгээд Ц.Солонгийн бие даасан шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.2, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Морьтхангай ХХК-иас 2252400 төгрөг, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2252400 төгрөг тус тус гаргуулан Лэндс ХХК-ид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар төрийн сангийн орлогоос тэмдэгтийн хураамж Морьтхангай ХХК-ид 140200, гуравдагч этгээд Д.Алтанцэцэгт 140200 төгрөг, Д.Туулд 140200 төгрөг, Ц.Солонгод 140200 төгрөг буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч П.Ганбат давж заалдах гомдолдоо: ... Морьтхангай ХХК-иас Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 215 тоот шүүгчийн захирамжтай гүйцэтгэх баримт бичгийн дагуу зээлийн төлбөрт 559.387.265 төгрөг гаргуулж Зоос банкинд олгохоор шийдвэрлэгдсэн. Талуудын барьцааны болон бусад гэрээнд дурьдсан орон сууцыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад битүүмжлэн хураан авч манай алба мэргэжлийн шинжээч томилон үнэлгээг гаргуулахад хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч болон бусад этгээдээс гаргасан гомдолд Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх 2012 оны 04 дүгээр сард иргэний хэрэг үүсгэн одоог хүртэл шалгасан. Шүүгч Цолмон иргэний хэргийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хурлыг даргалж 843 тоот шийдвэрийг гаргасныг дараахи үндэслэлээр зөвшөөрөхгүй тул хүчингүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг анх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба үүсгэн Морьтхангай ХХК-иас зээлийн барьцаанд тавьсан орон сууцнуудыг битүүмжилж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн явуулж байсан бөгөөд ШШГЕГ-аас харъяалал тогтоон манай алба ажиллагааг бүхэлд нь эсвэл аль хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Шүүгч Цолмон 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1864 тоот захирамж гаргаж Итгэлт Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилон орон сууцны үнэлгээ гаргуулахаар шийдвэрлэж байсан боловч энэ үнэлгээг гаргуулахгүйгээр энэ захирамжаа үндэсгүйгээр хүчингүй болгож энэ тухай манай албанд мэдэгдээгүй, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 201 дүгээр захирамж гаргаж Лэндс ХХК-г шинжээчээр томилж үнэлгээ хийлгэсэн боловч шинжээчийн ажлын хөлсийг төлбөр төлөгч болон орон сууцны эздээр биш шийдвэр гүйцэтгэх албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Лэндс ХХК-г үнэлгээ хийхэд манай алба огт оролцоогүй. Шүүх хурал арван нэгэн удаа зарлаж эцэст нь шалтгаангүй хурал хойшлуулан хянан шийдвэрлэх ажиллагааг дур мэдэн хууль бус явуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Морьтхангай ХХК, Зоос банкнаас гаргасан гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон улсын ерөнхий гүйцэтгэгч хүлээн авч тухай бүр нь шийдвэрлэж хариуг өгч байсан. Эдгээр албан тушаалтны хариу хүчин төгөлдөр байна. Үүнийг зөвшөөрөхгүй байсан бол хуулийн хугацаанд шүүхэд гомдол гаргах байсан. Эдгээр эрхийн актуудыг 843 дугаар шийдвэр бүрхэгдүүллээ.

Шүүгчийн захирамжаар шинжээч томилж үнэлгээ нь өмнө нь гаргуулсан байтал шүүгч Цолмон манай албыг давхар тогтоол үйлдэж шинжээч томилоогүй, шүүхээс томилсон шинжээчийн гаргасан үнэлгээг хариуцагч болон төлбөр төлөгчид албан тоотоор мэдэгдсэнийг эд хөрөнгийг албан тоотоор үнэлсэн гэж буруу ойлгож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг буруутган шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байгаа гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулаагүй гэж үзсэнийг зөвшөөрөх боломжгүй байна. Манай алба Морьтхангай ХХК-ны хөрөнгийг 2012 онд үнэлгээ хийлгэсэн бөгөөд үүнээс хойш шүүхээс шинжээч томилж үнэлгээний маргааныг шийдвэрлэж байгаа бөгөөд 4 жилийн хугацаанд орон сууцны үнэ ямар ч хэлбэрээр өөрчлөгдөж болох бөгөөд эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний гомдолд шийдвэр гүйцэтгэх алба хариуцагчаар оролцох үндэсгүй бөгөөд шүүгч Цолмонгийн даргалж шийдвэрлэсэн 843 дугаар шийдвэрээр бол Төв аймаг дахь ИХАШ-ны шүүх нь өөрөөр хариуцагчаар оролцож, шийдвэр гаргаж, шинжээчийн ажлын хөлсийг төлөх болж байна. Учир нь шүүгчийн захирамжаар шинжээч 2 удаа томилсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн тул тус албан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар орох үндэсгүй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гомдол ерөнхий шүүгч болон давах шатны шүүхэд гаргахад Цолмон шүүгч өөрөө хариуг нь манай албанд өгч байсан. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн хувьд давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох хүсэлтэй байна. Зоос банкийг энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулах манай албаны хүсэлтийг хүлээж аваагүй, 843 дугаар шийдвэрийн тогтоох хэсэг нь үндэслэх хэсэгтэйгээ зөрчилдөөнтэй байна. Энэ шийдвэрийн талаар танай шүүхэд давж заалдсан гомдлыг албаны дарга хурандаа Ц.Алтантулга гарын үсэг бүхий албан тоотоор хүргүүлэхэд шүүгч Цолмон алба төлөөлөх эрхгүй гэж хүлээж аваагүй, Албаны дэд дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч хошууч Б.Хишигжаргал хүргүүлэхэд эхлээд хүлээж авсан боловч 2 хоногийн дараа шүүгч Цолмонгоос дуудаж гомдлоо дахин 1 хувийг нэмж өг гэж шаардаж авсан болно. Гэвч 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 2854 тоот захирамж анхан шатны шүүгч Цолмон гаргаж давж заалдсан гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна. 843 тоот шийдвэр, 2854 дүгээр шүүгчийн захирамжийн хуулбарыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Морьтхангай ХХК нь Баянзүрх дүүргийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины гарааш, мөн дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууц, 13 дугаар байрны 04 тоот 3 өрөө орон сууцыг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хөрөнгийн үнэлгээ хийж, нийт 260.326.000 төгрөг, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол 13-ийн Б байрны 121 тоот 3 өрөө орон сууцыг 93.840.000 төгрөг, Хан-уул дүүргийн 1 хороо 25/1 дүгээр байр 9 тоот 3 өрөө орон сууцыг 100.800.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төвХХК-ийн гүйцэтгэсэн үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжилсэн бөгөөд 2015 оны 10 сарын 15-ны нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай хүсэлтэндээ:

  1. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-ний өдрийн үнэлгээний тайланг бүхэлд нь хүчингүй болгуулах,
  2. Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах,
  3. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц,
  4. 1 автомашины гарааш
  5. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууц,
  6. Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13Б байрны 121 тоот, 3 өрөө орон сууц,
  7. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Зайсангийн гудамж 25/1 байрны 9 тоот 3 өрөө орон сууцнуудыг ажил мэргэжлийн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон, зах зээлийн ханшаар бодит байдалд нийцүүлэн, тодорхой буюу бүрэн, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлүүлж, шинжээчийн дүгнэлт гаргуулах гэсэн бол мөн нэхэмжлэгчийн 2016 оны 06 сарын 27-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай хүсэлтэнд: ... Төв аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээний тайлангаар тогтоосон хөрөнгийн үнэлгээг нэр бүхий өмчлөгч нарт хуульд заасны дагуу мэдэгдэж, танилцуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоож, шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх болон үнэлгээний үйл ажиллагааг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн шаардлагуудыг гаргаж байжээ.

Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сувд-Эрдэнэ, Ц.Саран, гуравдагч этгээд Ц.Солонго нар нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ны үнэлгээний тайланг хүчингүй болгуулах, бүрэлдэхүүнтэй шинжээчдээр үнэлгээ хийлгүүлж, тайлан гаргуулах хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох ... зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн дагуу шаардаж байжээ.

Анхан шатны шүүх дээрх шаардлагын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.3, 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасныг баримтлан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2012 оны 03 сарын 21-нйи өдрийн 103 тоот үнэлгээний тайлангаасД.Алтанцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг 93280.0 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2012 оны 04 сарын 17-ны өдрийн 1/328 тоот албан бичгээр Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцыг 100800.0 төгрөгөөр үнэлсэн Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүйд тооцож, дээрх үнэлгээг хүчингүй болгож, Д.Алтанцэцэгийн өмчлөлийн Баяндүрх дүүргийн 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 42/1 дүгээр байрны 1 тоот 2 өрөө орон сууц, 1 автомашины граж, Баянзүрх дүүргийн Энхтайваны өргөн чөлөө 44 дүгээр байрны 16 тоот 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг, Д.Туулын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 25/1 дүгээр байр, 9 тоот 3 өрөө орон сууцанд дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд шүүх энэ шийдвэрийг гаргахдаа ямар нотлох баримтанд үндэслэж үнэлэлт дүгнэлт хийсэн нь тодорхойгүй, хавтаст хэрэгт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хэрхэн яаж явагдсан талаархи баримтууд авагдаагүй байна.

Хавтаст хэрэгт 2016 оны 06 сарын 22-ны өдөр сум дундын шүүгчийн туслахаас шийдвэр гүйцэтгэгч П.Ганбатад Морьтхангай ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны 2 хавтас хувийн хэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл авагдсан байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн төлөөлөгч П.Ганбатаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сум дундын шүүхийн шүүгчийн 2016 оны 5 сарын 10-ны 1364 тоот, 2016 оны 5 сарын 24-ний 1600 тоот, 2016 оны 6 сарын 2-ны 1681 тоот захирамжаар Морьтхангай ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэлийн 2 хавтас хувийн хэргийг нотлох баримтаар албадан гаргуулсан боловч шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэхээс өмнө буцаан авсан гэж тэмдэглэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим, нотлох баримт бүрдүүлэх талаархи хуулийн заалт шаардлагыг зөрчсөн шинжтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д зааснаар шүүх зохигч талын хүсэлтээр нотлох баримтыг албадан гаргуулах хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай бөгөөд зохигч өөрөө олж авч чадахгүй баримтыг зохигч талын хүсэлтээр шүүх бүрдүүлэх ёстой.

Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх нь Шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас нотлох баримт албадан гаргуулахаар захирамжилсан атлаа ямар үндэслэлээр нотлох баримтыг буцааж өгч байгаа нь тодорхойгүй байх тул шүүхийн энэхүү ажиллагаа нь хуульд заасан журамд нийцээгүй байна. Хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл болсон нотлох баримтгүй байхад чухам юунд үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь тодорхойгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан, шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах заалтыг шүүх зөрчсөн байна.

Шүүхэд иргэний хэрэг үүсгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болсон Морьт хангай ХХК-ны үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ямар нэг дүгнэлт хийж шийдвэр гаргаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсгийн заалтыг зөрчжээ.

Хавтаст хэрэгт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд авагдаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийх боломжгүй, маргааны үйл баримтад эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй болгосон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг үндэслэн үнэлэх бөгөөд дээрх хуулийн 37.2.5-д зааснаар төлбөр төлөгч үнэлгээг зөвшөөрөхгүй бол шинжээчээр үнэлүүлэх журамтайг зааснаас гадна төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдсон тохиолдолд хуульд заасан тодорхой хугацаанд шүүхэд хандахаар зохицуулжээ.

Анхан шатны шүүх дээрх онцлог маргааныг шийдвэрлэж буй атлаа ердийн хянан шийдвэрлэх ажиллагаа шиг шинжээч томилж дүгнэлт гаргуулах болон бусад үндэслэлүүдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, хойшлуулсаар 2012 онд гарсан гомдлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэхгүй удаашруулсан зөрчил гаргасныг магадлалд тэмдэглэж байна. Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээ тогтоохдоо төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэх журамтайг хуульд заасан бөгөөд зах зээлийн үнээс доогуур үнэлэгдсэн гэж үзвэл төлбөр төлөгч үүнийг нотлох ёстой.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Энэ хэргийн хариуцагч болох шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн оронд түүнээс шаардан гаргуулсан баримтыг ямар нэг үндэслэл гаргалгүй буцаан авсан хянан шийдвэрлэх ажиллагааны журамд заагдаагүй үйлдэл болохыг тэмдэглэж байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 151/ШШ2016/00843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
  2. Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ш.ТӨМӨРБААТАР