Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 426

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 15-10 тоотод оршин суух, 1982 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ82072876, Мээрэн овогт Цэвээний Ганбатын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Увс аймаг дахь Гаалийн газарт холбогдох,

          Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ганбат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, хариуцагч Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Ц.Ганбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо дахь гаалийн салбарт 2013 оны 10 дугаар сард галчаар ажилд орж ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сард тус газарт жолоочоор шилжин ажиллах болсон. Миний бие ажиллаж байх хугацаандаа Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ сайн гүйцэтгэж ирсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа, зөрчил гаргаж сахилгын шийтгэл авч байгаагүй болно. Гэтэл Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Өлзий нь гэнэт намайг Боршоо гаалийн салбарт ажил үүргээ гүйцэтгэж байхад яаралтай орж ир гэж дуудуулсан. Намайг ирэхэд чиний ажлыг өөр хүн авахаар болсон машинаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Ингээд 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан байсан. Уг тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн байна. Гэтэл миний бие тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Өлзийтэй уулзаж ярилцсан, тохирсон зүйл байхгүй бөгөөд намайг ажлаас чөлөөлсөн гэдгийг ч мэдээгүй байсан. Нэг өдөр л ажлаас чөлөөлсөн, машинаа хүлээлгэж өг гэж хэлсэн. Иймд Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Өлзийгийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/14 тоот тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд намайг Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын жолоочийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

           Хариуцагч Д.Төмөр-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Увс аймаг дахь Гаалийн газар нь Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/39 тоот тушаалаар батлагдсан нийт 44 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулахаар батлагдсан. Үүнээс 21 гаалийн улсын байцаагч, 14 үйлчилгээний ажилтан, гэрээт 9 ажилтантай. Нэхэмжлэлч Ц.Ганбат нь Боршоо салбарт 2013 оноос эхлэн галч, жолоочийн ажлыг хавсран хийж ирсэн. 2016 оноос хойш одоо хүртэл байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгүй ажиллаж ирсэн байна. Тус Гаалийн газрын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар үйлчилгээний ажилчдыг мэргэжлийг нь харгалзан сэлгэн ажиллуулах саналыг зөвлөлийн гишүүд гаргаж ажилтнуудыг аль болохоор халахгүйгээр нэг ажлын байранд сэлгэн ажиллуулж байх нь зүйтэй гэсэн саналууд гарсан. Ингэхдээ Хөдөлмөрийнтухай хуулийн 24.2, 26 дугаар зүйлийг үндэслэл болгосон. Хилийн боомт нь бүтэн сайн өдөр амардаг болохоор хагас сайн өдөр буюу 4 дүгээр сарын 01-ний өдөр жолооч Ц.Ганбатын ажлыг дуусгаад хамт ирээрэй гэж салбарын дарга С.Хайдавт хэлүүлсэн. Танай жолоочийг сэлгэн ажиллуулна гэдгийг хэлсэн. Дараа нь Боршоогоос жолооч Ц.Ганбат нь орж ирээд манай өрөөнд надтай уулзахад сэлгэн ажиллуулах талаар хэлсэн. Ц.Ганбат анхааралтай сонсож байгаад юу ч хэлэлгүй гарсан. Тухайн үедээ Ц.Ганбат юу ч хэлэхгүй гарсан учир хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн. Харин эхнэр нь жирэмсний амралт авсны дараа ажлыг нь хавсран ажиллаж болох юм, тухайн үедээ шийдвэрлэе гэж гэсэн. Бидний хооронд үүссэн яриа бол энэ. Ер нь тус гаалийн газраас гарч байгаа бүх А, Б тушаалуудыг ерөнхий газрын хуулийн хэлтэст хянуулдаг журамтай юм. Ц.Ганбат нь тус газрын хүний нөөцийн ажилтнаас хяналтад ороогүй байсан тушаалыг авч шүүхэд өгсөн байна. Тухайн үед уг тушаал Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтэст явуулсан боловч хариу нь ирээгүй байсан. Дараа нь хянагдаад ирсэн тушаалын хуулбарыг тайлбартаа хавсаргаж хүргүүсэн. Ер нь урьд нь ч одоо ч гаалийн газрын үйлчилгээний ажилтнууд хилийн боомт болон гүний гааль хооронд сэлгэн ажиллаж ирсэн. Ажилтнуудын гэр орон болон нийгмийн асуудлын үүднээс ингэж ажиллуулахаас ч өөр арга байхгүй. Энэ бол байгууллагын дотоод эрх хэмжээний асуудал гэж үздэг. Гаалийн үйлчилгээний ажилчид төдийгүй гаалийн улсын байцаагч нар Гүний гааль-Боршоо боомт, Тэс боомтод сэлгэн ажиллуулдаг. Ажил төрөл нь өөрчлөгдөж байгаа болон сэлгэн ажиллаж байгаа тохиолдолд ажлаа хүлээлцэх ёстой. Нэн ялангуяа автомашин эзэмшиж байгаа жолоочид тушаал гаргаж машинаа нэг бүрчлэн хүлээлцсэн байх естой. Нам даралтын уурын зуухны галч гэдэг бол жилийн 9 дүгээр сарын 15-наас дараа оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 8 сар бүтэн ажиллана гэсэн үг. Зуны үлдсэн 4 сард нь амрах, эсвэл өөр төрлийн ажил гарсан тохиолдолд ажиллуулж болно. Ц.Ганбатын хувьд жолооч хүн учраас ээлжийн амралттай жолоочийн оронд ажиллаж болох талтай. Тус гаалийн газарт машин нэмэгдэж ирэх магадгүй байгаа тул буцаад жолоочоор тавих боломжтой гэж хэлсэн. Ц.Ганбатыг ажлаас нь бүрмөсөн халсан тушаал гаргаагүй. Тухайн байгууллагын дотроо ажлын байрны зохицуулалт хийсэн. Ер нь жолооны курс төгссөн хүн болгон жолооч биш. Мэргэжлийн жолооч гэдэг бол өөр асуудал. Иймд Ц.Ганбатыг хууль бусаар халсан асуудал байхгүй бөгөөд энэ асуудал байгууллагын дотоод ажлын онцлог байдлаас шалтгаалан ажилтнуудаа сэлгэн ажиллуулсан дотоод зохион байгуулалтын шинж чанартай тул Ц.Ганбатын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Ганбат нь хариуцагч Увс аймаг дахь Гаалийн газарт холбогдуулан Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюуөөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуулинд нийцсэн байна.

       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Хариуцагч нь тушалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар талууд харилцан тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон гэсэн заалтыг үндэслэж гаргасан байна. Гэтэл миний бие тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Төмөр-Өлзийтэй уулзаж ярилцсан, тохирсон зүйл байхгүй гэж тодорхойлжээ.

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын жолоочоор ажиллаж байсан Ц.Ганбатыг ажлаа халаагүй. Байгууллага дотроо ажлын байрны зохицуулалт хийж Ц.Ганбаттай тохиролцсоны үндсэн дээр галчийн ажилд сэлгэн ажиллуулсан. Иймд Ц.Ганбатын шүүхэд гаргасаннэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

         Нэхэмжлэгч Ц.Ганбат нь Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарт галчаар ажиллаж байгаад 2015 оны 5 дугаар сараас эхлэн тус газарт жолоочоор ажилласан болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

         Ц.Ганбатыг Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1, Гаалийн ерөнхий газрын Улаанбаатар хот, орон нутаг дахь гаалийн газар, хороо, салбарын дүрэм-ийн 4.3.11, Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/39 тоот тушаалыг тус тус үндэслэн Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын галчаар ажиллуулахаар шилжүүлсэн байна.

       Ажил, албан тушаалд шилжүүлэх, түр шилжүүлэн ажиллуулах талаарх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Гамшгийн эрсдэлийг бууруулах, хор уршгийг арилгах зэрэг зайлшгүй шаардлага гарсан болон байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулахад хүргэсэн  урьдчилан мэдэх боломжгүй бодит нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй өөр ажилд 45 хүртэл хоногийн хугацаагаар шилжүүлж болно, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Сул зогсолтын үед ажилтныг байгууллага дотроо хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд, эсхүл өөр байгууллагад түр хугацаагаар өөртэй нь тохиролцсоны үндсэн дээр шилжүүлэн ажиллуулж болно, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийг үндэслэн ажилтныг эрүүл мэндэд нь харшлахгүй өөр ажилд түүнтэй тохиролцон шилжүүлнэ гэж зааснаар зохицуулсан байдаг.

        Гэтэл хариуцагч Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг баримтлахгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 37 дугаар зүйлийн 37.1.1 зүйлүүдийг баримталж Ц.Ганбатыг өөр ажилд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна.

        Хариуцагчийн Байгууллага дотроо ажлын байрны зохицуулалт хийж Ц.Ганбатыг галчийн ажилд сэлгэн ажиллуулсан гэх үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заагаагүй байх тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

        Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр ажилтныг өөр ажилд шилжүүлэхийг шаарддаг бөгөөд хариуцагчийн Ц.Ганбат нь манай өрөөнд орж ирэхэд нь өөр ажилд шилжүүлэн ажиллуулах болсныг хэлэхэд юу ч хэлэлгүй гарсан гэх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь өөр ажилд шилжүүлэн ажиллуулахыг зөвшөөрөөгүй бөгөөд талууд харилцан тохиролцсон гэж үзэх боломжгүй байна.

         Мөн хариуцагч нь нэхэмжлэгчид Увс аймаг дахь Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/14 дүгээр Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын эх хувийг өгсөн боловч уг тушаал хянагдаагүй байсан хэмээн тайлбарлаж хариу тайлбартайгаа хянасан тушаал хэмээн хуулбарыг нь ирүүлсэн ба уг тушаалыг газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг нэмж үндэслэн гаргаж, хурлын тэмдэглэлийг ирүүлсэн боловч уг хурлын тэмдэглэлийг албан бланк дээр хэвлээгүй, тэмдэглэл бичсэн болон хянасан албан тушаалтан нэр, гарын үсгээ зурж тамга, тэмдэг дарж баталгаажуулаагүй байна.

        Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна, 23 дугаар зүйлийн 23.2.2-д энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан байх ба энэ тохиолдолд ажилтан, ажил олгогчийн тохиролцооны үндсэн дээр тодорхой үндэслэл, шаардлага үүссэн байхыг шаарддаг. Ажил олгогч нь Ц.Ганбаттай галчаар ажиллаж байхад нь буюу 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэрээ ирүүлсэн ба талууд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэлээ хөдөлмөрийн гэрээндээ тусгаагүй, ажил олгогч нь гарын үсгээ зурж баталгаажуулаагүй, жолоочоор ажиллахад нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байгааг дурдах нь зүйтэй.

        Мөн Ц.Ганбаттай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг нь Увс аймаг дахь Гаалийн газарт хуулиар ногдсонбөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.

         Ажил олгогч нь ажилтныг ажлаас чөлөөлөх болон өөр ажилд шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэж хуульд нийцсэн эрх зүйн акт гаргах ёстой.

        Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ганбатыг Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын жолоочийнажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймаг дахь Гаалийн газраас ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Ганбатыг Увс аймаг дахь Гаалийн газрын Боршоо салбарын жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймаг дахь Гаалийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ