Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00596

 

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2571 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч С.Н-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “М” ХХК-д холбогдох,

Амь нас хохирсны нөхөн төлбөр, алдангид нийт 183 214 524 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Т.Ариунаа нарын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Одгал, Э.Ганбат, Д.Төмөрбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунаа, О.Нямаа, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Н- миний төрсөн дүү С.Оюунчимэг нь 1994 оноос эхлэн Баянгол, Хан-уул дүүргийн шүүх, Сум дундын 28 дугаар шүүх, Хэнтий аймгийн сум дундын шүүх, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, шүүгчээр тус тус нийтдээ тасралтгүй 29 жил ажиллаж байсан ба сүүлд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд /элэгний хатуурал ээнэгшил, улаан хоолойн варизозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал/ оноштой хэвтэж, эмчилгээ авалгүй цус алдаж нас барсан. 

Шүүхийн Ерөнхий зөвлөл /цаашид ШЕЗ гэх/ нь 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “М” ХХК-тай Шүүгчийн амь нас эрүүл мэндийн даатгал ШХНЭМДҮ-00/2016-01 гэрээг байгуулсан байдаг ба энэхүү гэрээгээр шүүгчийн амь нас эрсдэх, эрүүл мэндэд бэртэл учирсан болон хохирол учруулсан нөхцөлд даатгагч нь даатгалын зүйлд учирсан хохирлыг нөхөн төлөх, даатгалын гэрээ байгуулагч нь даатгалын хураамж төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан. Гэрээний хугацаа 1 жил байдаг ба 505 шүүгчийн даатгалын хураамжид 596 000 000 төгрөгийг ШЕЗ нь “М” ХХК-д төлсөн байдаг. ШЕЗ-ийн ажлын албанаас 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/199, 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01/591 тоот албан бичгүүдээр талийгаач С.Оюунчимэгийн ар гэрт Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр олгох талаар “М” ХХК-д хандсан болно.

“М” ХХК нь 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн НТА-17/045 тоот албан бичгээр даатгалын гэрээний 7.1.3 дахь заалт болон Даатгалын тухай хуулийн 8 зүйлийн 8.5.3 дахь заалтыг үндэслэн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох боломжгүй болохыг мэдэгдэж байна гэсэн ба үүнийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд хандахад 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 9/2025 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний маргааныг талууд иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг тус тус өгсөн болно. Гэтэл дүү С.Оюунчимэгийн гэнэт цус алдаж нас барсан нь даатгалын гэрээний 2.1.10, 4.1.8-д заасан даатгалын эрсдэл, мөн гэрээний хавсралтын Үйлчилгээний үр дүнгийн тодорхойлолт гэсэн бүлэгт заасан даатгалын эрсдлийн Амь насны даатгал хэсгийн 2-т заасан Амь насанд аюултай бүхий л өвчин эмгэгийн улмаас эрүүл мэндийн шалтгаанаар амь нас нь хохирсон гэдэгт хамаарч байгаа юм. Дүү С.Оюунчимэг нь маш их ачаалалтай, хагас бүтэн сайнгүй ажилладаг байсан бөгөөд эмнэлэгт очоод 24 цаг ч болоогүй нас барсан. Урьд нь цөсний хагалгаанд л орж байснаас өөрөөр өвдөж, үзүүлж харуулж байгаагүй. Архинд донтсон байгаагүй. Хагас сайны орой бие нь муудаад очиход учир нь ойлгогдохгүй олон зүйл яриад байхаар нь архи уучихаж гэж бодож ярьсан. Гэтэл өвчний шокт орсон байсныг мэдэхгүй байсан, үүнийг эмч хэлснээр л бид ойлгосон юм.  Талийгаач эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаад нас барсан ба цогцост задлан шинжилгээ хийлгэхгүй гэж нас барахынх нь өмнө гэрт нь гаргасан тухай бичиг баримтыг бүрдүүлсэн юм.

Гэрээний дагуу шүүгч асан С.Оюунчимэгийн нас барсан өвчний онош нь даатгалын эрсдэлд орж байгаа тул гэрээний 5.1-д заасан 133 246 974 төгрөгийн нөхөн төлбөр, гэрээний 9.2-т заасны дагуу даатгагч “М” ХХК-иас 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 75 хоногийн алданги 49 976 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөгийг авах эрхтэй гэж үзэж байна.

Иймд “М” ХХК-иас Шүүгчийн амь нас, Эрүүл мэндийн даатгал ШАНЭМДҮ-00/2016-01 тоот гэрээний 2.1.10, 4.1.8, 6.2.3-т тус тус заасны дагуу талийгаач С.Оюунчимэгийн амь нас хохирсны нөхөн төлбөрт 133 246 974 төгрөг, алданги 49 976 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.3 дахь заалтаар шүүгчийг албан үүргээ гүйцэтгэх явцад амь нас, эрүүл мэндэд нь учирч болох эрсдлээс хамгаалах, нийгмийн хамгаалалтыг төр хариуцаж, даатгалын хураамжийг улсын төсвөөс гаргаж даатгуулах, 24.2.1 дэх заалтаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх гэсэн хууль зүйн зохицуулалттай байдаг. Энэ нь ерөнхийдөө бэртэл, гэмтлийг хамаараад байгаа юм.

“М” ХХК нь 2016 оны 08 дугаар сард тендерээр шүүгчдийн даатгалыг авч, дээрх хуульд заасан тохиолдлоос гадна ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох зарим гэнэтийн өвчнийг тооцон Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын ШАНЭМДҮ-00/2016-01 тоот гэрээг ШЕЗ-төй байгуулсан бөгөөд дээрх гэрээний 1.2-т хоёр тал гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөөр, 4.1-т даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учрах гэнэтийн эрсдлүүдийг даатгалын үндсэн эрсдэлд тооцохоор тохиролцсон. Тухайлбал, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, 24.2.2, 24.2.3 дахь хэсгүүдэд заасан эрсдлүүдээс гадна байгалийн эрсдэл, ахуйн эрсдэл, мал амьтдын нөлөөгөөр үүсэх эрсдэл, гуравдагч техниктэй харьцах үеийн эрсдэл, гуравдагч этгээдээс учруулах хохирол, бусдад хорлогдох, буу, хутга, мэс зэрэг зэвсэгт болон гадны дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл гэсэн үндсэн эрсдлээс хамгаалахаар заасан.

Гэрээний 4.1.8-д Гэнэтийн өвчлөл гэдгийг тодорхойлон ажил үүргээ гүйцэтгэх явцад гэнэт гарч болох дараах өвчнийг нэр заан эрсдэлд тооцно гэж тохиролцсон. Үүнд: мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт, гэдэсний хурц түгжирэл, хоол боловсруулах эрхтний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого гэж заасан. Гэтэл ШЕЗ-ийн ажлын албаар дамжуулан ирүүлсэн даатгалын нөхөн төлбөртэй холбоотой цугларсан нотлох баримтуудаас үзэхэд талийгаач нь шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх явцтай огт холбоогүй шалтгаантай буюу 2015 оноос өвчилсөн цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчин түүний ээнэгшил алдсан үе шат, хоол боловсруулах дээд замын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний хурц дутагдал, комын байдал, бөөрний цочмог дутагдал гэсэн онош бүхий ердийн өвчнөөр нас барсан нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1 дэх шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр  шүүгчийн өв залгамжлагчид төлөх, даатгалын гэрээний 4.1-д даатгуулагч албан үүргээ гүйцэтгэх явцад, албан үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор учирсан эрсдэл, 4.1.8-д гэнэтийн өвчлөл гэсэн заалтуудад хамаарахгүй, даатгалын тохиолдол үүсээгүй. Харин даатгалын гэрээний 7.1.3 дахь заалт болон Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3-т даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан, 8.5.5-т Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл гэсэн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал үүссэн тул даатгалын сангаас нөхөн төлбөр олгохооc татгалзаж шийдвэрлэн, энэ тухай хариуг албан бичгээр ШЕЗ болон талийгаачийн эгч С.Н-т даатгалын гэрээнд заасан хугацаанд өгсөн. С.Н-ийн нөхөн төлбөр авах өргөдлийг дараах нотлох баримтуудыг үндэслэн татгалзсан. Үүнд: Хэнтий аймгийн Хаштун эмнэлгийн тодорхойлолтоор 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр элэгний билиар цирроз өвчин оноштойгоор тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан, цаашид нарийн мэргэжлийн эмчийн хяналтад бай гэсэн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгчийн картын 6 хуудас баримт, талийгаачийн эгч С.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр буюу амралтын өдрийн 18 цаг 24 минутад Нийслэлийн түргэн тусламжийн төв буюу 103-т олон хоног гэрээр архи уусан, өнөөдрөөс цусаар бөөлжүүлж эхэлсэн, эмчид үзүүлээгүй, цус гарахаар нь 103 дуудсан гэсэн дуудлага өгсөн, түргэний эмч Б.Анхбаяр талийгаачийн Баянгол дүүрэг дэх гэрт нь очиж үзлэг хийн архины хордлого гэсэн урьдчилсан онош тавьж Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн нь Нийслэлийн түргэн тусламжийн төвийн MCIB11467263 дугаартай түргэн тусламжийн хуудсаар батлагддаг. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай түргэн тусламжийн баг зохих эмнэлгийн үйлчилгээ тусламж үзүүлэн эмчлэгч эмч О.Сувданцэцэг яаралтай тусламжийн хуудсыг 20 цаг 35 минутад нээн бичиж хорт зуршил: архи, өвдөлт: архаг, өмнөх өвчний түүх элэгний өвчин, онош: элэгний хатуурал, ээнэгшил алдсан үе, хоол боловсруулах дээд замын цус алдалт гэсэн урьдчилсан онош тавьсан байдаг. Мөн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасаг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 05 минутад 535 тоот өвчний түүх нээсэн, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад өвчтөнийг эмнэлгээс гаргаж өвчний түүхийг хаасан байдаг. Эмчлэгч эмч Г.Норовсүрэн өвчний түүх дээр хэвтэх үеийн онош: К74 буюу элэгний ширэгдэл ба хатуурал, эмнэлгээс гарах үеийн үндсэн онош: элэгний хатуурал, ээнэгшил алдах үе, дагалдах онош: архисах өвчин өвчний хүндрэл: ходоод гэдэсний дээд замын цочмог цус алдалт, элэгний дутагдал комын байдал 2 дугаар үе шат, элэг бөөрний хам шинж гэж бичиж тэмдэглэсэн байдаг.

Мөн талийгаачийг эмнэлэгт хүргэж ирсэн түүний эгч С.Н-ийн өвчтөний талаарх эмчийн асуултанд хариулсан: 2014 оны 11 дүгээр сард цөсний хүүдий авахуулах мэс засал хийлгэсэн, 2015 онд элэгний хатуурал оношлогдсон, эмнэлэгт үзүүлж хяналтанд байдаггүй, дүү нь сувилагч гэрээр дусал тариа хийдэг, сүүлийн нэг cap архи ууж байгаа, 3 хоногийн өмнөөс гэрээр дусал тариа хийлгэж байгаа, хоол идээгүй, өнөөдөр 19 цагийн үед амнаас нь цус гарч, бүлэгнэсэн цус байсан тул 103 дуудаж ирсэн гэсэн хариулт тэмдэглэсэн байдаг. Талийгаачийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж яаралтай тусламж үзүүлэн 15 цаг өнгөрсний дараа буюу 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 12 цаг 45 минутад биеийн байдал нь дээрдэх боломжгүй, бид ойлгосон, цус алдах, амьсгал хураах, зүрх зогсох хүндрэл учрахыг ойлгосон гэсэн хүсэлт гаргаж, өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудсыг ар гэрийнхэн нь бичгээр гаргаж өгснөөр эмчилгээг зогсоож, талийгаачийг гэрт нь гаргаж, мөн өдрөө буюу 02 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нас барсан байдаг. Талийгаачийн өвчин гэнэтийн өвчин эсвэл ердийн өвчний аль болох нь тусгай мэдлэг шаардсан ажил тул Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Даваадорж эмчид хандахад өвчний түүхтэй холбоотой эмнэлгийн бүх баримт материалтай танилцаад С.Оюунчимэг 2015 онд анх цөсний шалтгаант элэгний хатуурал оношлогдсон байна. Өвчний түүхэнд архины өндөр хэрэглээтэй байсан. Уг өвчнийг хүндрүүлсэн, 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цөсний шалтгаант элэгний хатуурал өвчний ээнэгшил алдсан үе шатанд ХБДЗ-н цус алдалт, элэгний хурц дутмагшил үүсч биеийн байдал маш хүндэрсэн байна, уг өвчний төгсгөл үе шат болох ээнэгшил алдах үе шатанд элэгний үйл ажиллагааны хурц дутагдал үүсэх нь эмнэлзүйн практикт нилээд тохиолддог хүндрэлийн нэг бөгөөд С.Оюунчимэгт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн болно гэсэн дүгнэлт гаргасан.

Дээрх байдлуудаас үзэхэд талийгаач элэгний архаг өвчтэй байж нас барсан ба энэ нь албан үүргээ гүйцэтгэхтэй огт холбоогүй гэдэг нь нотлогддог юм. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хороо С.Н-ийн гомдлоор даатгагчийн татгалзсан шийдвэрийг хянаж үзээд, нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэл бүхий байна гэсэн хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 75 хоногийн алданги 49 967 550 төгрөг тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. ШЕЗ-ийн ажлын албаны 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04/199 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан /өрөгдөл, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, нас барсан гэрчилгээ, даатгалын баталгаа, амбулаториор эмчлүүлэгчдийн картын 6 хуудас, эмнэлгийн тодорхойлолт/ баримт материалыг манай нөхөн төлбөрийн алба 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч танилцахад нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд нас барсан шалтгаан, шүүгчийн ажил үүргээ гүйцэтгэх үед даатгалын тохиолдол гарсан эсэх нь тодорхой биш, нотлох баримт дутуу байсан тул даатгалын гэрээний 1.2, 8.1.3, 8.1.8 дахь заалтын дагуу дутуу байгаа баримт материалыг бүрдүүлж өгөхийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 03/12-369 тоот албан бичгээр ШЕЗ-ийн ажлын албанаас шаардахад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 04/306 тоот албан бичгээр ...амбулаториор эмчлүүлэгчийн карт, нас барсны гэрчилгээг эгч С.Н-ээс авах, нас барахын өмнөх оношилгоо, эмчилгээ хийлгэсэн баримтыг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд хандаж авна уу... гэсэн хариу ирүүлсэн. Энэ албан бичигт бичсэний дагуу талийгаачийн эгч С.Н-т хандаж энэхүү баримт бичгийг ирүүлэхийг хүсэхэд С.Н- нь амбулаториор эмчлүүлэгчийн карт гэх мэт баримт байхгүй гэж ирүүлээгүй. Харин Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 тоот албан бичгээр яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх, оношилгоо, эмчилгээг зогсоож өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудас, эмчилгээ, шинжилгээний бусад холбогдох баримт болох 34 хуудас баримт бичгийг манайд ирүүлсэн. Эдгээр баримт бичгүүдтэй танилцаж судлаад Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор Д.Даваадорж эмчид хандан дүгнэлт гаргуулсан.

Ингээд ШЕЗ-ийн ажлын албанд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/12-476 тоот албан бичгээр, С.Н-т 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 01/12-483 тоот албан бичгээр тус тус хариу мэдэгдсэн. Иймд хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй. Манай нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай хариуг аваад ШЕЗ-өөс 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 61/591 тоотоор ...талийгаачийн ар гэрт учраад байгаа гачигдлыг боломжоороо шийдэж өгөөч гэсэн бичиг ирүүлсэн, С.Н- нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр талийгаачийн орон сууцны асуудлыг нааштай шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргасан, судалж үзэхэд хүсэлтэд дурдсан гачигдал нотлогдоогүй, орон сууцны зээлгүй байсан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1-т тус тус заасан даатгалын тохиолдол гараагүй, даатгагчид Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй гэдэг нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан “М” ХХК-аас 133 246 974 төгрөгийг гаргуулж, С.Н-т олгож, нэхэмжлэгчийн 49 967 550 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1 074 023 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 824 185 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2571 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 824 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Нямаа, Т.Ариунаа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэлийг “Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 263 тоот албан бичигт өвчний оношийг “элэгний хатуурал, ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдал комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэж тодорхойлсноос үзвэл өвчлөлийг бүхэлд нь архаг, урьд нь оношлогдож байсан гэж үзэхээргүй, хүлээгдэж байгаагүй, эрүүл мэндэд хохирол учруулахуйц гэнэтийн шинж чанартай хоол боловсруулах замын цус алдалт, бусад хүндрэлийн улмаас нас барсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд гэрээний 4.1.8-д заасан “хоол боловсруулах эрхтэний цооролт”-д хамаарах даатгалын эрсдэл үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэж заасан нь хариуцагчийн нотлох баримтын шаардлага хангуулж гаргаж өгсөн дээрх 263 тоот албан бичигт дурдсан онош нь өвчний түүхэнд тэмдэглэгдсэн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээ, оношлогоо, эмчилгээний баримтуудад үндэслэсэн байдаг бөгөөд эдгээр баримтуудад “даатгалын гэрээнээс өмнө бүр 2015 оноос цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчнөөр өвчилсөн, 103-аар эмнэлэгт ирэхдээ уг өвчин нь сүүлийн шатандаа орсон, элэгний хурц дутагдалд орж хүндэрсэн, уг өвчний хүндрэлийн шинж болох хоол боловсруулах дээд замын цус алдалт эхэлсэн, улмаар бөөрний цочмог дутагдалд орж хүндэрсэн, өвчний олон улсын код буюу онош К74 гэсэн онош тогтоогдсон, энэ нь шүүгчийн ажил үүрэг гүйцэтгэхтэй огт холбоогүй гэнэтийн биш ердийн өвчин, даатгал хийлгэхээс өмнө энэ өвчнөөр өвчилсөн нь оношлогдсон, ийм үедээ удаан хугацаагаар архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас элэгний дутагдал комын байдалд орж улмаар нас барсан нь тогтоогдсон, эдгээр баримтыг үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байхад даатгалын гэрээний 4.1.8-д заасан “хоол боловсруулах эрхтний цооролт” гэсэн дээрх эмнэлгийн баримтуудад огт дурдагдаагүй өвчин болгож даатгалын эрсдэл үүссэн болгож гэж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн ашиг сонирхолд зориуд нийцүүлсэн ноцтой үйлдэл гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх “даатгуулагч С.Оюунчимэг нь 2014 онд цөсний хүүдий авахуулах мэс засал хийлгэсэн, Хэнтий аймгийн Хаштун эмнэлэгт 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 22 хоног билиар цирроз оноштойгоор хэвтэж эмчлүүлснээс өөр өвчин оношлогдсон, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байсан баримт хэрэгт авагдаагүй бөгөөд ...даатгалын гэрээ байгуулагдах үед болон түүнээс хойшхи хугацаанд архаг өвчнөөр өвдөж, эрсдэлтэй байдал хүлээгдэж байсан гэж үзэх ...нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэж шийдвэртээ заасан нь даатгалын гэрээнээс өмнө буюу 2015 оноос “элэгний билиар цирроз” өвчнөөр өвчилсөн гэдгийг шүүх хүлээн зөвшөөрсөн боловч хэрэгт авагдсан өвчний түүхэнд тэмдэглэгдсэн нотлох баримтуудад бүрэн гүйцэд тал бүрээс нь хандаагүй нэхэмжлэгч талд өрөөсгөл дүгнэлт гаргасан гэдэг нь баримтаар нотлогдоно.

Давж заалдах шатны шүүх “эрсдэлтэй байдал хүлээгдэж байгаагүй гэж үзсэн нь” үндэслэлгүй гэдэг нь дараах баримтаар нотлогддог. Талийгаачийн эгч буюу нэхэмжлэгч С.Н- талийгаачийн эрүүл мэндийн талаар өгч байсан мэдээллүүд нь гэнэтийн өвчин биш гэдгийг нотолдог. Мөн даатгуулагч С.Оюунчимэг гэнэтийн өвчнөөр биш хүлээгдэж байсан, үр дагавар нь тодорхой, ар гэрийнхэн нь мэдэж байсан өвчнөөр нас барсан, эмнэлгийн оношлогоо, эмчилгээнд ар гэрийнхэн нь ямар ч гомдол санал гаргаагүй, харин ч эсрэгээрээ эмчилгээг зогсоож эмнэлгээс гаргасан байдаг. Энэ нь Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж яаралтай тусламж үзүүлэн 15 цаг өнгөрсний дараа буюу маргааш өдөр нь 2017 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 12 цаг 45 минутад ар гэрийнхэн нь хүсэлт гаргаж эмчилгээг зогсоож эмнэлгээс гаргахдаа Эрүүл мэндийн сайдын 2013 оны 446 тоот тушаалаар батлагдсан “өөрийн хүсэлтээр эмнэлгээс гарах тухай зөвшөөрлийн хуудасны маягт дээр “биеийн байдал нь дээрдэх боломжгүй, найдваргүй, бид ойлгосон, цус алдах, амьсгал хураах, зүрх зогсох хүндрэл учрахыг ойлгосон” гэсэн өргөдлийг бичиж хоёр ах нь гарын үсэг зурсан байдгаар нотлогддог, мөн гэртээ нас барсан нь №0000193490 дугаартай “нас барсан гэрчилгээ”-ээр нотлогддог, нэхэмжлэгч болон гэрчүүд энэ үйл баримтыг шүүх хуралдаан дээр өөрөөр ярьдаг боловч нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй.

Давж заалдах шатны шүүх “Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор, хоол боловсруулах эрхтэн судлалын экспертийн тусгай зөвшөөрөлтэй Д.Даваадорж эмчийн гаргасан “С.Оюунчимэг 2015 онд анх цөсний шалтгаант элэгний хатуурал оношлогдсон байна. Өвчний түүхэнд архины өндөр хэрэглээтэй байсан. Уг өвчнийг хүндрүүлсэн, 2017 оны 02 дугаар сарын 04-нд цөсний шалтгаант элэгний хатуурал өвчний ээнэгшил алдсан үе шатанд хоол боловсруулах дээд замын цус алдалт, элэгний хурц дутмагшил үүсч биеийн байдал маш хүндэрсэн, уг өвчний төгсгөл үе шат болох ээнэгшил алдах үе шатанд элэгний үйл ажиллагааны хурц дутагдал үүсэх нь эмнэлзүйн практикт нилээд тохиолддог хүндрэлийн нэг юм. С.Оюунчимэгт БГДЭМН-н эмч ажилтнууд стандартын дагуу эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн болно” гэсэн дүгнэлтийг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш, хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт биш гэж үзсэнийг нэг талд нийцүүлсэн, тусгай мэдлэгтэй мэргэжилтний ил тодорхой дүгнэлтийг нотлох баримт биш болгохын тулд зориуд хийсэн хуулийн үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар энэ хуулийн хүрээнд шинжээч томилох эрх бүхий этгээд нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч, төрийн байгууллага байдаг бөгөөд харин Даатгалын Компани нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хувьд энэ хуулийн заалтаар шинжээч томилдог субьект биш харин Даатгалын тухай хууль болон түүнтэй холбоотой гарсан Санхүүгийн Зохицуулах Хорооны багц дүрэм, заавар, даатгалын гэрээгээр тохирсон нөхцлөөр хийгддэг 2 талын даатгалтай холбоотой үйл ажиллагаа байдаг бөгөөд тусгай мэдлэгтэй мэргэжилтэнд хандаж дүгнэлт гаргуулах нь даатгагчийн хувьд хуулиар хориглоогүй үйлдэл тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.4 дэх заалт, 2 талын тохиролцсон нөхцөл болох даатгалын гэрээний 1.2, 6.1-д зааснаар талийгаачийн өвчин нь ажил үүргээ гүйцэтгэхтэй холбоотой гэмтэл, бэртэл, эсвэл даатгалын эрсдэл болох урьдчилан мэдэхийн аргагүй гэнэтийн өвчин эсвэл ердийн өвчний алин болохыг тогтоосны эцэст даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэх зорилгоор Монгол Улсын Зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор, хоол боловсруулах эрхтэн судлалын эксперт эмч Д.Даваадоржид хандсан. Д.Даваадорж эмчийн дүгнэлт нь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн Төвийн архивт одоо ч хадгалагдаж байгаа өвчний түүх, эмч нарын үзлэг, оношлогоо, эмчилгээний баримтуудад тусгай зөвшөөрлөөр олгосон эрх бүхий хоол боловсруулах эрхтэн судлалын эксперт эмчийн хувьд хийсэн дүгнэлт бөгөөд худал, буруу хийсэн гэдэг асуудлаар анхан шатны шүүх ч нэхэмжлэгч ч маргаагүй, дүгнэлтийн хувьд маргаан гарвал энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал билээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар даатгуулагч С.Оюунчимэг нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1, даатгалын гэрээний 4.1, 4.1.8, 7.1.3, Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8.5.3, 8.5.5-д заасан даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөл байдал тогтоогдсон, хариуцагчийн татгалзал нь хангалттай нотлох баримтуудаар нотлогдсон, нэхэмжлэлийн үндэслэл, гэрчүүдийн мэдүүлэг нь эдгээрийг үгүйсгэх нотлох баримт болж чадахгүй, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байхад нэхэмжлэгчийн ашиг сонирхолд нийцүүлэн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн, шударга ёсонд үл нийцсэн шийдвэр гэж үзэж байна.

Иймээс давж заалдах шатны шүүхийн 2571 дугаартай магадлалыг хянаж хэрэгт авагдсан дээр дурдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авна уу гэжээ.

                                                                   ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Н- нь хариуцагч “М” ХХК-иас өөрийн төрсөн дүү, шүүгч асан талийгаач С.Оюунчимэгийн амь насны даатгалын нөхөн төлбөрт 133 246 974 төгрөг, нөхөн төлбөрийг хугацаанд төлөөгүйн алдангид 49 967 550 төгрөг, нийт 183 214 524 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “М” ХХК шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг татгалзжээ.

Нэхэмжлэгчийн дүү С.Оюунчимэг нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн орой цус алдаж, түргэн тусламжийн дуудлагаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэгдэн “Элэгний хатуурал, ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдлын комын байдал, бөөрний цочмог дутагдал” оношоор эмчлэгдэж, 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байна.

Шүүгч, түүний гэр бүлийн гишүүдийн нийгмийн хамгаалалтыг тодорхойлсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай тухай Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д зааснаар шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан бол даатгалын төлбөрийг түүний авч байсан сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр шүүгчийн өв залгамжлагчид төлөх ёстой байна. Хуулийн 24.2-т заасан даатгалын төлбөрийг улсын төсвөөс гаргаж, даатгалын байгууллагаас төлөхөөр мөн зүйлийн 24.3.-т заажээ.

Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөл болон хариуцагч “М” ХХК-ийн хооронд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаанд үйлчлэх “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын гэрээ байгуулагджээ.

Энэхүү гэрээний зүйл нь гэрээний хавсралтад заасан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн амь нас, эрүүл мэнд байна. Гэрээний хавсралтын 228-д Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Самбуугийн Оюунчимэгийн нэр тусгагджээ.

Шүүгчдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын нийт үнэлгээ 67 289 721 870 төгрөг байх ба даатгалын нийт хураамжид 596 000 000 төгрөг төлөгджээ.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д зааснаар шүүгчийн өв залгамжлагчид шүүгчийн амь насны даатгалын төлбөр олгоход дараахь нөхцөл бүрдсэн байх учиртай байна:

-шүүгч албан үүргээ гүйцэтгэж байсан

-шүүгчийн бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан

-энэхүү бэртэл, гэмтлийн улмаас шүүгч нас барсан.

Шүүгч асан С.Оюунчимэг нь нас барах үед ээлжийн амралт, захиргааны чөлөөтэй байгаагүй, албан тушаалын үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан байна.

Түүний нас барсан шалтгааныг эмнэлгийн байгууллагаас “элэгний хатуурлын ээнэгшил, улаан хоолойн варикозын цус алдалт, эзлэхүүн багадалтын оврого, элэгний дутагдал комын байдал, бөөрний цочмог дутагдал” гэж оношилсныг “бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирсан” нөхцөлд хамааруулж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

“Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-ын гэрээний 6.2.3.-т даатгуулагч гэрээнд заасан эрсдлийн улмаас болон албан үүргээ гүйцэтгэх явцад нас барсан тохиолдолд тухайн шүүгчийн сүүлийн 15 жилийн цалинтай тэнцэх хэмжээгээр буюу даатгалын үнэлгээний 100 хувиар түүний өв залгамжлагчид нөхөн төлбөрийг олгохоор заажээ.

Гэрээний 4.1.-д даатгалын эрсдэлд байгалийн, ахуйн, мал амьтны нөлөөгөөр үүсэх, техниктэй харьцах үеийн, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-24.2.3.-т заасан, гуравдагч этгээдээс учруулах хохирол, гадны дайралтад өртөх, гэнэтийн өвчлөл зэрэг 8 нөхцлийг хамааруулсан байна.

Даатгалын гэрээний дээрх зохицуулалтаас үзвэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.-д заасан “шүүгч албан үүргээ гүйцэтгэх явцад бие махбодь нь бэртсэн буюу эрүүл мэндэд нь гэмтэл учирснаас нас барсан” гэх нөхцөл  “гэнэтийн өвчлөл” гэх нөхцлөөс даатгалын тусдаа эрсдэлд тусгагдсан боловч “гэнэтийн өвчлөл” гэх нөхцлийн эрх зүйн үндэслэлийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2.1.- д заасан зохицуулалтад хамааруулахгүй байх боломжгүй байна. Шүүгчийн амь насны даатгалтай холбоотой өөр зохицуулалт тухайн хуульд байхгүй болно.

Гэрээний 4.1.8.-д “гэнэтийн өвчлөл” гэдгийг “мухар олгойн хурц түгжрэл болон түүний архаг өрөвслийн сэдрэлт, гэдэсний хурц түгжрэл, хоол боловсруулах эрхтний цооролт, түлэгдэлт, цус харвалт, ухаан алдалт, зүрхний цусан хангамж алдагдах болон цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах, зүрхний цочмог шигдээс, гэнэтийн ухаан алдалт, татаж унах, хордолт, бүх төрлийн хордлого гэх мэт” гэж заажээ.

Дээрх тодорхойлолт нь өвчний нийтлэг шинжийг агуулсан байгаагаас гадна  ойлгомж муутай, тодорхой бус тусгагдсан байна. Тухайлбал, “ухаан алдалт”-ыг “гэнэтийн ухаан алталт-аас, “хордолт-ыг “бүх төрлийн хордлого”-оос хэрхэн зааглах нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн, тухайн “гэнэтийн өвчлөл”-ийг урьд өмнө огт өвдөж байгаагүй, архаг өвчингүй хүн гэнэт өвчлөх ойлголт гэж үзэх үндэслэлгүй байна. Тухайлбал, “гэнэтийн өвчлөлд”-д “мухар олгойн архаг өрөвслийн сэдрэлт”, “цус багадалтаас үүдэлтэй зүрх хаагдах” зэргийг хамруулсанаас үзвэл нас барагч нь урьд өмнө мухар олгойн архаг үрэвсэл, цус багадалт гэх өвчнөөр өвчилж, эмчлүүлж байсан байх магадлалтай байна.

“Ухаан алдах”, “татаж унах” зэрэг нь хурц болон архаг олон өвчний шинж байх боломжтой, “цус харвалт” нь цусны даралт ихсэх өвчний, эсхүл гэмтлийн улмаас үүсэх үндэслэлтэй учир урьд өмнө тархины цусан хангамжийн дутагдал, цусны даралт ихсэх өвчнөөр өвчилж байсан хүнд хамаарахгүй гэж үзэх нөхцөл гэрээнд байхгүй байна.

Дээрх байдлаас үзвэл гэрээнд заасан “гэнэтийн өвчлөл”-ийг өвчний онош биш харин даатгуулагчид өвчний улмаас гэнэтээр илрэх шинж тэмдэг гэж дүгнэхээр байна.

Энэ утгаар, талийгаач С.Оюунчимэг нь цөсний хүүдий \чулуу\ авахуулах мэс заслын улмаас “цөсний шалтгаантай элэгний хатуурал өвчин” оношоор урьд өмнө эмчлүүлж байсан байдал нь уг өвчний хурц хүндрэл, гэнэтийн шинжтэй цус алдалт, комын байдалд хүргэсэн “гэнэтийн өвчлөл”-ийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Гэрээний 4.1.8.-д заасан “гэнэтийн өвчлөл”-ийн жагсаалтыг хангалттай бүрэн буюу өөр өвчлөлийг нэмж ойлгохгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь гэрээнд заасан өвчлөлийн жагсаалтыг “гэх мэт” гэж дуусгасан байх тул гэрээнд зааснаас өөр төрлийн өвчлөл байх боломжтой гэж үзнэ.

Гэрээний 7.1.-д даатгагчийн зүгээс даатгалын нөхөх төлбөр олгохгүй байх 16 тохиолдлыг заасан байх ба хариуцагчийн зүгээс гэрээний 7.1.3.-т заасан “даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан” гэх нөхцөл үүссэн гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Талийгаач С.Оюунчимэгийн нас барахад хүргэсэн өвчний шинж тэмдэг гэрээний 4.1.8.-д заасан “гэнэтийн өвчлөл” гэх даатгалын эрсдэлд хамаарахгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хариуцагчийн зүгээс гаргасан татгалзал, гомдол үндэслэлгүй байна.   

Даатгалын хураамж бүрэн төлөгдсөн, даатгуулагч талаас үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл байхгүй ба гэрээний нөхцөл ойлгомжгүй, тодорхой бус тусгагдсан байдлыг даатгуулагчид ашиггүй байдлаар тайлбарлах үндэслэлгүй болно. Шүүх гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарч, гэрээний нөхцлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлох нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1., 198.2.-т заасан шаардлагад нийцнэ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд тодорхой тусгагдсан шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1.-д зааснаар бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулж болох бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх бүхий л эрхийг ашиг сонирхол нь даатгагдсан этгээд эдлэнэ. Мөн хуулийн 443 дугаар зүйлийн 443.1.-д зааснаар гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Шүүх даатгуулагчийн өв залгамжлагчийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Шүүх нэхэмжлэлээс алданги гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон талаар нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй байна.   

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн тухайн маргаанд хэрэглэвэл зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2017/02016 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2571 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 824 185 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН