Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2021/0087

 

  

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 659 дүгээр шийдвэртэй, “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 659 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзсан нь хууль бус болохыг тогтоож, “О” ХХК-ийн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “О” ХХК-ийн захирал Ц.Д-оос 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19/03 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргасан. Хүсэлтэд ...хүлээн авах боломжгүй байна гэсэн хариу өгсөн. “О” ХХК-аас 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19/6 дугаар албан бичгээр ...хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах өргөдлийг хүлээн аваагүй ...холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж ирүүлээгүй... энэ утгаараа бидний хүндэтгэн үзэх шалтгааны улмаас сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй байдлыг судлахгүйгээр ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн шаардлага үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал ...учрал шалтгааны улмаас ...өргөдлийг үндэслэлтэй шийдвэрлээгүй гэжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл “О” ХХК-ийн захирал Ц.Д нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үедээ хамтран ажиллах гэрээ байгуулаад явж байсан. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дээр гарын үсэг зурж байсан зэргээс харахад хуулийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө сунгуулах өргөдөл гаргах боломж байсан нь харагдаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасны дагуу “О” ХХК-ийн зүгээс сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө гаргаагүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Маргаан бүхий энэ тохиолдолд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д ...Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д ...шүүхээс даалгаж шийдвэрлэх үндэслэл болж байна” гэжээ.

“О” ХХК нь сунгуулах өргөдөл гаргахдаа хуульд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй тул сунгуулах өргөдлийг нь хүлээн авч шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулж төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байсан.

Гэтэл анхан шатны шүүхээс хуульд заасны дагуу өргөдөл гомдлыг шийдвэрлээгүй албан тушаалтны нийтлэг үүргийг зөрчигдсөн байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:     

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          “О” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоолгож, өргөдөл хүлээн авч шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг[1] Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргажээ.

          Нэхэмжлэгчээс “өргөдөл хүлээн авч шийдвэрлэхдээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө хугацаандаа өгөөгүй нөхцөл байдлыг судлахгүйгээр өргөдлийг хүлээж авахгүй гэж татгалзаж байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус” гэж маргаж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн.

          Гэтэл хариуцагчаас “...захирал Ц.Д нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан үедээ хамтран ажиллах гэрээ байгуулаад явж байсан, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан дээр гарын үсэг зурж байсан зэргээс хуулийн хүчин төгөлдөр хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс өмнө сунгуулах өргөдөл гаргах боломж байсан нь харагдаж байна” гэж нэхэмжлэгчийн маргаж буй зүйлтэй хамааралгүй үндэслэлээр гомдлыг гаргаж байх тул хариуцагчийн энэхүү гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

          Нэхэмжлэгч компанид Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын даргын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1134 дүгээр шийдвэрээр[2] Булган аймгийн Бүрэгхангай сумын Од нэртэй талбайд хайгуулын ХV-019231 дугаартай тусгай зөвшөөрлийг[3] олгож, тусгай зөвшөөрлийн 3 дахь жилийн төлбөрийг төлсөн учир 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл тус тусгай зөвшөөрлийн хугацааг[4] сунгасан.

          Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу нэхэмжлэгч компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрөөс өмнө хуульд заасан баримт бичгийг хавсарган тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргах байжээ. 

          Харин нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Д-оос “хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульд заасан 2019 оны 12 дугаар сарын 04ий өдрөөс өмнөх хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй тул хайгуулын тусгай зөвшөөрлийн 4-6 дахь жилийн сунгалтыг хийж өгөхийг хүссэн агуулга бүхий өргөдлийг[5]” хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан.

          Хариуцагчаас 2019 оны 01 дүгээр сарын 25-ны 7/540 дүгээр албан бичгээр[6] “танай компанийн эзэмшлийн ХV-019231 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлжээ.

          Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.” гэж заасан.

          Хуулийн энэ зохицуулалтаас үзэхэд, хариуцагч нь хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, бүртгэлд бүртгэдэг байна.      Түүнчлэн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д төрийн байгууллага, албан тушаалтан нь өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүргийг хүлээжээ.

          Гэтэл хариуцагчаас хуульд заасан энэхүү үүргээ биелүүлж нэхэмжлэгч өргөдлөө хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргаагүй гэх нөхцөл байдлыг хянан үзэхгүйгээр “тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгч байгаа нь хуульд заасан нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна.

          Үүний учир хариуцагч нь нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах өргөдлийг гаргаагүй нөхцөл байдлыг хянан үзэж, үндэслэлтэй эсэх, өргөдөл нь хуульд заасан шаардлага хангасан эсэх, гомдолд дурдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хуульд заасан хугацаанд батлуулсан эсэхийг хянан шалгах үүрэгтэй тул өргөдлийг хуульд заасны дагуу хүлээн авч, шийдвэрлэхийг даалгахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

          Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 659 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                               Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                              А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 2-р хавтас 164-165 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 138 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 13-15 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 14 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 19 дэх тал