Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2016/00016

 

Р.Энхбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийншүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сар 24-ны өдрийн 151/ШШ2016/00518 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Р.Энхбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Батбаяр, Ц.Уранчимэг нарт холбогдох

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хөрх булаг ХХК-ний хувьцаа болон Мандал худалдааны төвийг худалдаж авахад зарцуулсан хөрөнгийн 70 хувийг оруулсан болохыг тогтоолгох, Хөрх булаг ХХК-ний хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоох ,

Н.Батбаяр, Ц.Уранчимэг нарын хууль бус үйлдэл, хууль зөрчин үндэслэлгүй гарсан захирамж шийдвэрийн улмаас учирсан хохирол болох зураг төсөв хийлгэсэн 15.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 50.000.000 төгрөг, аудитын байгууллагад төлсөн 6.212.000 нийт 71.212.000 төгрөг гаргуулах,

Хөрх булаг ХХК-ний хувьцаа болон Мандал худалдааны төвийг худалдаж авахад оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр Хөрх булаг ХХК-ний хөрөнгийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Хөрх булаг ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж шүүхээс тогтоосон хувь хэмжээнд тохирох хэмжээгээр Р.Энхбаярыг хувьцаа эзэмшигчээр тооцож, компанийн үндсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн тоо хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийлгэхийг хариуцагч Хөрх булаг ХХК-ний захирал Н.Батбаярт даалгах,

2010 оны 8 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөрх булаг ХХК-ний үйл ажиллагааны дүнд бий болсон ашиг орлогоос өөрт ногдох 192.000.000 төгрөгийг Хөрх булаг ХХК-иас тус тус гаргуулахыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгчЦ.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал, Г.Ганбадрах,

Хариуцагч Н.Батбаяр, Ц.Уранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, нарийн бичгийн даргаА.Доржпүрэв нар оролцов.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ үзэглэж Ц.Саранцэцэгээс Хөрх булаг ХХК-ийг Мандал худалдааны төвийн хамт найз Н.Батбаярын хамт худалдаж авсан. Ингэж худалдаж авахад миний зүгээс хамаатан садан, өөрийн 19 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг Монголын Санхүүгийн групп ББСБ-д барьцаалан өөрийн нэрээр зээл авч, 250.000.000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээл авч Ц.Саранцэцэгийн дүү Мөнхбямбын дансанд шилжүүлсэн. Мөн тухайн үед үйл ажиллагааны зардал дутагдаж найз н.Билэгсайханаас 17.000.000 төгрөг, хүүхдүүдийнхээ хадгаламжнаас мөнгийг авч Н.Батбаярт өгсөн. 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Н.Батбаяр, Ц.Уранчимэг бид гурвын хооронд би Хөрх булаг ХХК-ний 50 хувийн хувьцаагаа зарах хэлцэл байгуулсан. Ц.Уранчимэгт 155.000.000 төгрөгөөр худалдаад дээр нь Хөрх булаг ХХК-иас худалдаа үйлчилгээний төв барих газар авахаар тохиролцож, Н.Батбаяр, Ц.Уранчимэгтэй хэлцэл хийж хувьцаагаа зарсан. Зарснаас хойш 2013 оны 4 дүгээр сар хүртэл би байшин барих зураг төсөл гаргаж байшингаа бариулахаар хөөцөлдөж явтал хариуцагч талын зүгээс аймгийн Засаг захиргаа, газрын албанд хүсэлт гарган, тохиролцож авсан миний газрыг хүчингүй болгож цуцалсан байдаг. Үүнээс болоод Н.Батбаяр, Ц.Уранчимэг нартай олон удаа очиж уулзаж, энэ газрыг цуцлуулж болохгүй, нэгэнт бид ярьсан тохиролцсон би газрыг авч тус тусдаа бизнесээ хийж явах ёстой гэсэн боловч эд нар хүлээж авалгүй тохиролцоонд хүрч чадалгүй, цагдаа, хуулийн байгууллагад хандсан. Үүнээс болж Уранчимэгтэй наймаагаа буцаж хэлцэл хүчин төгөлдөр бус болгох шийдвэрт хүрээд гомдлоо өгсөн. Хариуцагчийн зүгээс хийсэн наймаа, хэлцэл нь хүчин төгөлдөр болоогүй нэг үйлдэл бол 155.000.000 төгрөгийг өгсөн боловч миний ирээдүйд бизнес хийх газрыг цуцлуулж, намайг хохироосон.

Ийм учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувьцаагаа албан ёсоор авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хөрх булаг ХХК-ийг анх Н.Батбаяртай нийлж авахад би Улаанбаатар хотоос өндөр хүүтэй зээл авсан байсан учраас Дундговь аймгаас 250.000.000 төгрөгийг зээлээ дарахын тулд миний нэр албан ёсоор орох боломжгүй гэж үзээд Батбаярыг ганцааранг нь бүртгүүлсэн. Үүнийг Н.Батбаяр мэдэж байгаа. Бид хоёр хувьцааг 50:50 эзэмшье гэсэн нь мөнгөндөө бус найзын хувиар хувьцааг 50:50 гэж аман хэлцлээр тохирсон байдаг. Одоо бол би оруулсан хөрөнгийн хэмжээгээр тогтоолгох нь зүйтэй гэж үзэж байна. Урьд нь албан ёсоор хувьцаанд ороогүй хуурч мэхлүүлж, ингэж явж байгаа учраас албан ёсоор хуулийн дагуу бүртгүүлж, хувьцаа эзэмшигч болохоо тогтоолгож өгөхийг хүсэж байна. Ийм 3 шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Ц.Уранчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэлцэл гэж байгаа боловч мөнгө өгсөн авсан л баримт. Газрын хувьд тухайн үед би мэдээгүй. Би сүүлд газрын талаар мэдсэн. Газрын албанд би хүсэлтээ тавьсан. Үнэн. Газрын алба нь шүүхийн шийдвэр гараагүй байхад бусдад шилжүүлсэн байна гэж үзээд хүчингүй болгосон байсан. Анх Р.Энхбаяр Н.Батбаяр нар машины зогсоол дээр барилга барина гэж яриагүй юм байна лээ. Дэлгүүрийн хажууд барина гэж ярьсан байсан. Мөнгө л өгсөн баримт, хувьцааг буцааж авна гэсэн зүйл байхгүй. Өөрсдөө сая хэллээ. Хувьцаа эзэмшигч биш байсан гэж. Хувьцааны талаар би мэдэхгүй гэжээ.

Хариуцагч Н.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн энэ хэлцлийг байгуулахад газрын талаар огт яриагүй. Надад хэлсэн би мэдэж байх ёстой гэж байна. Зогсоолын талбайд байшин барих энэ асуудал нь тухайн хэлцлийг хийж мөнгө төгрөгөө өгч авалцсанаас хойш 4 сарын дараа болсон яриа байсан. Ц.Уранчимэг газрын талаар Р.Энхбаяртай ярьсан яриаг огт мэдэхгүй. Тэр хэлцэл газраа өгнө гэж болзол тавьж хийсэн хэлцэл гэж байна. Тийм биш. Газар өгөөгүй учраас хэлцлийг хүчин төгөлдөр бус болгоно гэж байна. Хэлцэл нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байна. Хувьцаа худалдаж аваагүй гэдгээ өөрсдөө хэлээд байна. Мөнгө л хүлээлцсэн баримт. Би эд нарт хэлцэл хий гэж хэлээгүй. Энхбаяр нь өөрөө ийм юм бичих ёстой гэж Уранчимэгээр бичүүлсэн гэж хэлдэг. Хөрх булаг ХХК болон Мандал худалдааны төвийг худалдаж авахад Р.Энхбаяр бид хоёр хамтран хөрөнгө барьцаалж, гарын үсэг зурж, Банк бус санхүүгийн байгууллагаас 250.000.000 төгрөгийн зээл авсан. 250.000.000 төгрөгийг компани авахад бүрдүүлсэн. Тэрийг сарын дотор хүүтэй нь би өөр банкнаас дангаараа зээл аваад хүүтэй нь төлсөн. Би дангаараа төлсөн. Мөн 20.000.000 төгрөгийг хүүтэй нь төлсөн. Р.Энхбаяртай 1 төгрөгийн тооцоо үлдээгүй. Баримт нь бүгд байгаа. Р.Энхбаярыг би гайхаад байна. Анх тохиролцоод хувьцаа эзэмшигч болох уу гэсэн яриа зөндөө болж байсан. Тэгэхэд үгүй гэж байсан. 250.000.000 төгрөгийг хамтарч авсан. Би дангаараа бие дааж бүгдийг хүүтэй нь төлсөн.

Дээрээс нь Энхбаярын өөрийнх нь хүссэнээр 100.000.000 төгрөг өгсөн. Жил гарны дараа. Тэгээд одоо эргээд би хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч байх ёстой гэж байгааг нь би ерөөсөө ойлгохгүй байна. Өөрөө хөрөнгө оруулаад албан ёсоор бичиг баримт бүрдүүлээд хувьцаа эзэмшигч болох ёстой. Өөрөө тэгэхгүй гэж хэлчихээд нэг ч төгрөг оруулаагүй, дээрээс нь өөрийнх нь хүссэнээр 100.000.000 төгрөг өгсөн. Тухайн үед өөрөө хүсэлт гаргасан бол би хүлээн зөвшөөрөх л байсан. Одоо мөнгийг хүүтэй нь төлүүлчихээд 100.000.000 төгрөгийг авчихаад одоо хувьцаа эзэмшигчээр тогтоолгоно гэж байгаа нь ямар ч ой тоонд орохооргүй нэхэмжлэл гаргасан байна. Хүлээн зөвшөөрөхгүй. Нэг ч хөрөнгө оруулаагүй байж хөрөнгө эзэмшигчээр тогтоолгоно гэдгийг би ойлгохгүй байна хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3, 59 дүгээр зүйлийн 59.2, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчР.Энхбаярын хариуцагч Ц.Уранчимэг Н.Батбаяр нарт холбогдуулан гаргасан 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Хөрх булаг ХХК-ний хувьцаа болон Мандал худалдааны төвийг худалдаж авахад зарцуулсан хөрөнгийн 70 хувийг оруулсан болохыг тогтоолгох, хөрөнгийн хувь хэмжээгээр, Хөрх булаг ХХК-ний хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоох, Хөрх булаг ХХК-ний хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж шүүхээс тогтоосон хувь хэмжээнд тохирох хэмжээгээр Р.Энхбаярыг хувьцаа эзэмшигчээр тооцож, компанийн үндсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн тоо хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийлгэхийг хариуцагч Хөрх булаг ХХК-ний захирал Н.Батбаярт даалгахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.870.900 төгрөг, 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хойшлуулсан 514.010 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж, нийт 4.384.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-дзааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Төв аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-дзааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдажшийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр давж заалдах гомдолдоо: ... 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2016/00518 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул ... гомдол гаргаж байна. Үүнд: шүүгч хууль тайлбарлах бус хууль хэрэглээний зөв бурууг дүгнэх ёстой байтал шүүхийн шийдвэрийн 5 дахь талд ...Р.Энхбаяр, Ц.Уранчимэг нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэлцэл хийгдсэн, хэлцлийг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч миний бие 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн хэлцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хууль зүйн үндэслэлтэй, нотлох баримтын үндсэн дээр хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар шаардлага гаргаж шүүхэд хандсан байхад маргахгүй хүлээн зөвшөөрсөн гэснийг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ...Хариуцагч Ц.Уранчимэг яаж нуун дарагдуулсан болох нь, ямар нөхцөл байдлыг нуусан байсныг Р.Энхбаяр хожим мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдохгүй байна... гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний бие Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдаж авахад шаардлагатай мөнгөний 70%-тай тэнцэх хөрөнгө мөнгийг гаргаж худалдагч этгээдийн дансанд шилжүүлсэн /хавтаст хэрэгт баримтаар авагдсан/. Хөрх булаг ХХК-ны үйл ажиллагааг удирдаж, үйл ажиллагаанд нь оролцож Н.Батбаяртай хамтран ажиллаж байсан. Хамтран ажиллах боломжгүй болсон тул бизнесээ салгаж тус тусдаа бизнес эрхлэхээр тохиролцож Мандал худалдааны төвийн хажууд байх газрыг шилжүүлэн авах, тус газар дээр шинэ худалдааны төв барьж үйл ажиллагаа эрхлэхэд Н.Батбаярын зүгээс дэмжлэг үзүүлэх, Хөрх булаг ХХК-ны өөрийн эзэмшлийн 50%-ийн хувьцааг Н.Батбаярын бэр эгч иргэн Ц.Уранчимэгт худалдахаар тохиролцож хэлцэл нэртэй баримт үйлдсэн /хавтаст хэрэгт баримтаар авагдсан/. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хөрх булаг ХХК-ийг иргэн Саранцэцэгээс худалдаж авахад Н.Батбаяр нь Мандал худалдааны төвийн хажууд байрлах автомашины зогсоолын зориулалттай газрыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон тохиролцооноосоо буцсан тул Ц.Уранчимэгтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй гэж дүгнэснийг ойлгохгүй байна. Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдаж авсан үйл явдал нь цаг хугацааны хувьд өмнө нь, тухайн үед дээрх тохиролцоо хэлцэл яригдаагүй байсан, маргаан үүсээгүй байсан болох нь илт байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Н.Батбаяр, Ц.Уранчимэг нар нь залилангийн шинжтэй үйлдэл хэрэгжүүлж, үндэслэлгүйгээр хөрөнгөжин иргэн намайг хохироосон болохыг нь мэдээд цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан мөн Иргэний хуулийн 113 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн хэлцэл хийсэн зэрэг асуудлыг шүүх анхаарч үзээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... нэхэмжлэгч Р.Энхбаярын гаргасан зээлийн гэрээний хуулбаруудаар үгүйсгэгдэж байна... гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухайн үед Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдаж авахын тулд банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болоод бусдын эд хөрөнгийг барьцаалж зээл авсан, авсан зээлийг худалдагчийн дансанд шилжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан, түүнчлэн цагдаагийн байгууллагад Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдсан этгээдүүд тэр талаар тайлбар мэдүүлэг өгсөн байхад шүүх хэт нэг талыг барьж нотлох баримтыг миний эрх ашгийг дордуулсан байдлаар үнэлж дүгнэсэнд гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Түүнчлэн Р.Энхбаяр нь Хөрх булаг ХХК-ны хувьцаа эзэмшигч болохоо нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй ... гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөрх булаг ХХК-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоог 1 гэж Н.Батбаярын нэрээр бүртгүүлсэн талаарх тайлбар, баримтыг цагдаа, шүүхийн байгууллагад удаа дараа гаргаж өгсөн. Өөрийн хохирсон эрх ашгийг сэргээлгэх гэж, дээрх хууль бус нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдүүлэх гэж Хөрх булаг ХХК-ныг худалдаж авахад зарцуулсан хөрөнгийг гаргасан болохоо, тус компанийн хувьцаа эзэмшигч мөн болохоо тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан шүү дээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Р.Энхбаяр өөрийн зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд мэдүүлэх эрхтэй боловч иргэн Н.Батбаярыг хариуцагчаар татаж, Хөрх булаг ХХК-ны хувьцаа болон эд хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох шаардлагууд гаргаж байгаа нь иргэн Н.Батбаярт хамааралгүй байна гэжээ. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Батбаяртай харилцан тохиролцож Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдаж авахын тулд миний зүгээс банк бус санхүүгийн байгууллагад өөрийн болоод бусдын хөрөнгийг барьцаалж зээл авсан, авсан зээлийг худалдагчийн дансанд шилжүүлж худалдаж авсан. Хөрх булаг ХХК-ны хувьцаа, хөрөнгийг худалдсан этгээдүүд тэр талаар тайлбар мэдүүлэг өгсөн. Н.Батбаяр нь иргэн миний эрх ашгийг зөрчиж хохироосон талаарх баримт хэрэгт хангалттай авагдсан, мэдүүлсэн байхад дээрх байдлаар нэг талыг барьж дүгнэсэнд гомдолтой байна.

Миний бие анхан шатны шүүх дээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж шаардлагын зарим хэсгээс татгалзсан байхад улсын тэмдэгтийн хураамжийг буруу тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 2,3,4-р хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 24-ны өдрийн 151/ШШ2016/00518 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Баяржаргал давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д ...нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ... гэж зааснаас үзэхэд Р.Энхбаяр, Ц.Уранчимэг нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хэлцэл хийгдсэн, хэлцлийг талууд хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Дээрх хэлцлийг хийхэд саад болох нөхцөл байдлыг хариуцагч Ц.Уранчимэг нуун дарагдуулсан болох нь, ямар нөхцөл байдлыг нуусан байсныг Р.Энхбаяр хожим, хэзээ мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан 2012 оны 8 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд шилжүүлсэн нийт 155.000.000 төгрөгийг Уранчимэгээс Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн байна.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр нь Хөрх булаг ХХК-ийг иргэн Саранцэцэгээс худалдаж авахад Н.Батбаяр нь Мандал худалдааны төвийн хажууд байрлах автомашины зогсоолын зориулалттай газрыг нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон тохиролцооноосоо буцсан тул Ц.Уранчимэгтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна... гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж үзэхэд хүрч байна.

Анхан шатны шүүх иргэн Ц.Уранчимэг, Р.Энхбаяр нарын хооронд байгуулсан 2012 оны 08-р сарын 15-ны өдрийн хэлцлийн огноо,

-Н.Батбаяр, Р.Энхбаяр нар харилцан тохиролцож, Хөрх булаг ХХК-ны эзэмшлийн газраас 2012 оны 12-р сарын 11-ны өдөр 282 м.кв газрыг Энхбаярын эзэмшлийн Эдмоор ХХК-д шилжүүлсэн огноо,

-Ц.Уранчимэг Дундговь аймгийн Засаг даргад гомдол гаргаж, Р.Энхбаярын эзэмшлийн Эдмоор ХХК-ны эзэмшлийн газрыг 2013 оны 03-р сарын 28-ны өдөр А/124 тоот захирамжаар хүчингүй болгуулсан огноо,

-Ц.Уранчимэг компанийн хувьцаа эзэмшигчээр 2013 оны 05 сарын 15-нд Улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн огноо,

-2012 оны 08-р сарын 15-ны өдрийн Хөрх булаг ХХК-ны хувь эзэмшигч нь зөвхөн зөвхөн Н.Батбаяр ганцаараа байсан... зэрэгт анхаарлаа хандуулаагүй нь буруу шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзнэ.

Энд хамгийн түрүүнд МУ-ын Иргэний хуулийн 56-р зүйл, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцно гэсэн заалтыг зөрчсөн эсэхийг дүгнэх ёстой. Дээрх хуулийн заалтын дагуу зөрчсөн эсэхийг шууд дүгнэвэл: Р.Энхбаяр нь албан ёсоор өөрийн хөрөнгө оруулсан Хөрх булаг ХХК-нд холбогдох хууль дүрмийн дагуу бүртгүүлээгүй байхдаа гуравдагч этгээдтэй хэлцэл байгуулсан. Компанийн хуулийн холбогдох заалтын дагуу Хөрх булаг ХХК-ны тухайн үеийн цорын ганц хувьцаа эзэмшигч Н.Батбаярт хувьцаагаа зарах талаар албан ёсоор мэдэгдэж үнийн санал бичгээр өгч зохих зөвшөөрөл аваагүй байдаг нь УДШ-ийн 2010 оны 06-р сарын 22-ны өдрийн 17-р тогтоолын 5-т мөн зүйлийн 58.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан шаардлагад хамааралтай бол энэхүү хэлбэрийн шаардлагад энгийн бичгийн хэлбэрээс гадна нотариатаар болон эрх бүхий этгээдээр гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх хэлбэрийг мөн хамруулан үзнэ гэснийг шууд зөрчсөн байдаг нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйл, 116.2-ийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Мөн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж Р.Энхбаяр, Ц.Энхмаа нарын хооронд хийсэн илт хууль бус хэлцлийг хүчин төгөлдөр байна гэж дүгнэснээс үйлчлүүлэгч Р.Энхбаярын Хөрх булаг ХХК-д оруулсан хөрөнгө оруулалтаа баталгаажуулах язгуур ашгийг хаасан гэж үзнэ.

Энд хамгийн гол шударга ёсны зарчим алдагдсан дээр шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр Ц.Энхмаа нь би ажил орлогогүй хүн..., Н.Батбаяр нь Р.Энхбаяр зөвхөн зээл авч компани авахад тусласан. Би буцааж төлсөн, өглөг авлагагүй мэтээр шүүхийг төөрөгдүүлсэн мэдүүлэг өгсөн. Бодит байдал дээр Н.Батбаяр нь Р.Энхбаярыг Хөрх булаг ХХК-д хөрөнгө оруулсныг өөрийн үйлдлээр баталсан байдаг. Учир нь Р.Энхбаяртай харилцан тохиролцсоны дагуу 2012 оны 12-р сарын 11-ны өдөр түүний компанид оруулсан хөрөнгийн зарим хэсэгт бодож Хөрх булаг ХХК-ний эзэмшлийн газраас 288 м.кв газрыг үнэ төлбөргүйгээр 30 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр Р.Энхбаярын эзэмшлийн Эдмоор ХХК-ний нэр дээр бүртгүүлсэн. Дундговь аймгийн Засаг даргын А/677 тоот захирамж гаргуулсан. Энэ газрын үнэ нь Р.Энхбаярын оруулсан хөрөнгөнөөс зах зээлийн үнэлгээгээрээ хавьгүй бага учир газар нэмж өгөхөөсөө өмнө буюу 2012 оны 08 сарын 15-ны өдөр чиний компанид оруулсан хөрөнгөний зарим хэсгийг манай бэр эгч Ц.Уранчимэг авъя гээд байна. Дээр нь компани ашиггүй ажиллаж байгаа учир чамд газар нэмж өгье гэж ятган үнэмшүүлж дээрх хууль бус хэлцлийг хийхээс өөр аргагүй байдалд хүргэсэн байдаг. Хэрэв Н.Батбаяр дээрх хоёр тохиролцоондоо тууштай байсан бол тэдний хооронд олон жилийн эрүү, иргэний маргаан үүсэхгүй байсан юм. Ц.Уранчимэгээс миний үйлчлүүлэгчид төлсөн 155 сая төгрөгийг ч гэсэн Р.Энхбаярын өөрийн хөрөнгөөр буюу компанийн ашгаас төлсөн байдаг.

Учир нь Ц.Уранчимэгт хөрөнгө мөнгөний чадамж мууг аймгийн төвд ажиллаж, амьдардаг бүх хүн мэдэх бөгөөд Н.Батбаяр түүнийг Хөрх булаг ХХК-д албан ёсны хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй байснаар давхар батлагдана. Харин Р.Энхбаяр Дундговь аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсэх үед буюу 2015 оны 05-р сарын 15-ны өдөр түүнийг хувь эзэмшигчээр Хөрх булаг ХХК-д аргагүйн эрхэнд бүртгүүлсэн байдаг.

Харин Ц.Уранчимэг нь компанид албан ёсоор хувь эзэмшигчээр бүртгүүлээгүй байхдаа Н.Батбаярын зааврын дагуу Дундговь аймгийн засаг даргад хувь эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Р.Энхбаярын Эдмоор ХХК-д хамтран газар эзэмшүүлэх захирамж гаргуулсан байна гэж гомдол гаргасны дагуу Дундговь аймгийн засаг даргын 2012 оны 12р сарын 11-ны өдрийн А/677 тоот захирамжийг 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/124 тоот захирамжаар хүчингүй болгуулсан байдаг. Мөн анхан шатны шүүх Н.Батбаярын доор дурьдсан миний үйлчлүүлэгч Р.Энхбаярын Хөрх булаг ХХК-д хөрөнгө оруулсны дагуу хийсэн үйлдлүүдийг дүгнээгүй нь алдаатай шийдвэр болох үндэслэл болсон. Үүнд: 1. Н.Батбаяр анхан шатны шүүх нь Хөрх булаг ХХК-ийн газраас Р.Энхбаярын ганц хүний эзэмшлийн Эдмоор ХХК-д газар эзэмшүүлэхээр шилжүүлж байгаа.

2. Р.Энхбаяраас Ц.Саранцэцэг нь 155 сая төгрөгөөр хувьцаа хуульд заасан шаардлага хангахгүй байдлаар авч төлбөр төлөөд байгаа.

3. Ц.Саранцэцэгийг ямар шалтгааны улмаас Хөрх булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгэх болсон зэрэг үйл явдал, бичгийн нотлох баримтыг дүгнэлгүйгээр үндэслэх хэсэгтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл Р.Энхбаяр нь Хөрх булаг ХХК, болон Мандал худалдааны төвийг худалдаж авахад хөрөнгө оруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн, хэт нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байгаагаас гадна иргэний хэргийн материалд эрүүгийн хэргийн материалаас хуулбарлан хавсаргасан төлбөрийн даалгаврууд, зээл барьцааны нотлох баримтуудыг хуулийн дагуу үнэлж дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05-р сарын 24-ны өдрийн 151/ШШ2016/00518 тоот шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбадрах/ шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Р.Энхбаяр, Ц.Уранчимэг нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн Хөрх булагХХК-ийн хувьцааг 155.000.000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулахаар хариуцагч Ц.Уранчимэгт холбогдуулан гаргажээ. /хэргийн 1-р хавтас, хх-ийн 1 дугаар тал/

Нэхэмжлэгч Р.Энхбаяр нь Г.Ганбадрах нарын өмгөөлөгчтэй 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан, үүний дараа буюу 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.Ганбадрахад ...анхан, давах, хяналтын шатанд нэхэмжлэгчийн эдэлдэг бүх эрхийг эдэлж, шүүхэд нэхэмжлэл гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, хариу тайлбар гаргах, нэхэмжлэлийн зарим хэсгээс буюу бүхэлд нь татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, нэхэмжлэлийн зүйлийг өөрчлөх, эвлэрэх, давж заалдах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлөөлөх, шүүхийн шийдвэрээр олгосон мөнгө, эд хөрөнгийг гаргуулан авах, гүйцэтгэх бичиг баримтыг нэхэж өвөх, холбогдох баримтанд төлөөлж гарын үсэг зурах зэрэг бүрэн эрхийг итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгосноор Г.Ганбадрах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 32 дугаар зүйлийн 32.2., 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 36 дугаар зүйлийн 36.1., 36.2.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болжээ. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Ганбадрах нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож итгэмжлэлийн үндсэн дээр түүнийг бүрэн төлөөлж байгаа эсэх, эсхүл эрх зүйн туслалцаа үзүүлж, өмгөөлөгчөөр оролцож байгаа эсэх эрх зүйн байдал нь тодорхойгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.4, 33, 34 дүгээр зүйлд нийцээгүй байна.

Хариуцагч Н.Батбаяр нь хариуцагч Ц.Уранчимэгийн өмгөөлөгч Д.Дарьсүрэнгийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтээр 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн байна /хэргийн 1-р хавтас 18-р тал/.

Дээрх хэргийг Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 780 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 06 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар оролцуулах тухай нэхэмжлэл, хүсэлт гаргаж, Хөрх булаг ХХК-ийн хувьцаа болон Мандал худалдааны төв-ийг худалдаж авахад зарцуулсан хөрөнгө, мөнгөний 70 хувийг Р.Энхбаяр оруулсан болохыг тогтоолгох, Р.Энхбаярыг Хөрх булаг ККК-ийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгох гэсэн 2 шаардлагыг гаргаж, хамтран хариуцагчаар Н.Батбаярыг оролцуулахаар хүсэлт гаргажээ./хэргийн 1-р хавтас, хх-ийн 134-137-р тал/

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр болсон шүүх хуралдаанд Н.Батбаяр нь хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдааны оролцогч болсон гэрчийн хувьд шүүх хуралдаанд оролцуулахаар ирүүлсэн байх ба шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, хамтран хариуцагчаар Н.Батбаярыг оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг тухайн шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүх хуралдаан даргалагч шүүгчээс ...Н.Батбаярын хувьд эрх зүйн байдлыг нь тодорхойлчихлоо. Хариуцагчаар оролцуулахаар боллоо... гэсэн талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, тухайн шүүх хуралдаанаас шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүгчийн захирамж гаргасан боловч /хх-ийн 170-174-р тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчиж, шүүгчийн захирамж гаргахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож байсан шүүх хуралдааны оролцогч Н.Батбаярыг хэргийн зохигч буюу хамтран хариуцагч болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 85 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Р.Энхбаяр 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа хариуцагч Н.Батбаяр, Ц.Уранчимэг нараас тэдний хууль бус үйлдэл болон хууль зөрчин үндэслэлгүй гарсан газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой захирамж шийдвэрийн улмаас учирсан хохирол 71.212.000 төгрөгийг гаргуулахаар тодорхойлжээ. Мөн өдрөө нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд нэхэмжлэлийн хариуцагчийг Н.Батбаярыг гэснийг Хөрх булаг ХХК-ийн захирал Н.Батбаяр гэж тодруулж байна гэсэн бичиг ирүүлсэн байна /хэргийн 1-р хавтас, хх-ийн 185-187-р тал/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбадрах 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр /нэхэмжлэл 2014 он гэж огноотой боловч улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2015 он гэж байгаа/нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай нэхэмжлэлдээ Хөрх булаг ХХК-ийн захирал, иргэн Н.Батбаярт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа иргэн Р.Энхбаяр нь Хөрх булаг ХХК-ийн хувьцаа болон Мандал худалдааны төв-ийг худалдаж авахад оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр Хөрх булаг ХХК-ийн хөрөнгийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох, Хөрх булаг ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж, шүүхээс тогтоосон хувь хэмжээнд тохирох хэмжээгээр Р.Энхбаярыг хувьцаа эзэмшигчээр тооцож, компанийн үндсэн дүрэм, хувьцаа эзэмшигчийн тоо хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийлгэхийг хариуцагч Хөрх булаг ХХК-ийн захирал Н.Батбаярт даалгах, 2010 оны 8-р сараас 2012 оны 8 дугаар сарын 15-ныг хүртэлх хугацаанд Хөрх булаг ХХК-ийн үйл ажиллагааны дүнд бий болсон ашиг орлогоос өөрт ногдох 192.000 төгрөгийг Хөрх булаг ХХК-иас гаргуулах гэсэн 3 шаардлага тодорхойлжээ /хэргийн 2-р хавтас, хх-ийн 85-86-р тал/.

Нэхэмжлэгчийн 2014 /2015/ оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарыг Хөрх булаг ХХК шүүхэд бичгээр гаргаснаас /хэргийн 2-р хавтас, 91-р тал/ бусад ажиллагаанд хариуцагчаар хуулийн этгээд бус, иргэн Н.Батбаярыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байна.

Нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлох эрхтэй тул нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх учиртай.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийн эрх зүйн агуулга тодорхой бус бол шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байдаг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрт нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхыг шаарддаг байна.

Энэ нь шүүх хөндлөнгийн байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимтай холбоотой бөгөөд нэхэмжлэгчийн хүсээгүй зүйлийг шүүх шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар байхгүй юм.

Шүүх нэхэмжлэлийг нэгэнт хүлээн авсан тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх нь зүйтэй юм.

Дээрх байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлохгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн ямар шаардлага хэнд, ямар үндэслэлээр холбогдуулж гаргасан нь тодорхойгүй, хариуцагч нь иргэн Н.Батбаяр, эсхүл Хөрх булаг ХХК буюу хуулийн этгээдийн аль нь болох нь тодорхой бус нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 26 дугаар зүйлийн 26.3, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.6 дахь хэсгийн заалт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх болон талуудын зарчмыг зөрчжээ.

Шүүх хариуцагчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосноор зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлох, улмаар тухайн харилцаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглэх учиртай.

Анхан шатны шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс гадна нэхэмжлэлийг хянан шийдвэрлэсэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах хариуцагч нараас 71.220.000 төгрөгийн хохирол гаргуулах, компанийн ашиг орлогоос ногдох хувь 192.000.000 төгрөг гаргуулах шаардлагаа буцаан авч байна гэсэн агуулгаар гаргасан татгалзлыг шүүх хуралдаан дээр тодруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу шийдвэрлээгүй нь буруу байна.

Анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн алдаа болон хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-т заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 151/ШШ2016/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. ИХШХШТХ-ийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Р.Энхбаярын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.073.350 төгрөгийг Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ӨРНӨНДЭЛГЭР