Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 377

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 05 өдөр

     Дугаар 151/ШШ2017/00377

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, 88 тоотод оршин суух, 47 настай, эрэгтэй, “Эдмоор” ХХК-ийн захирал, Төвөг овогт Равжирын Энхбаяр /ЕЭ69110291/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Нарлаг 31-1 тоотод оршин суух, 53 настай, эмэгтэй, Боржигон овогт Цэрэндоржийн Уранчимэг /ЗЮ63121223/,

 

Хариуцагч: Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7-р баг, Нарлаг, өөрийн байр “Хөрх булаг” ХХК-нд холбогдох,

 

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Хөрх булаг” ХХК-д холбогдуулж тус компанийг худалдаж авахад хөрөнгийн 70%-ийг оруулсан, хувьцаа эзэмшигч, хөрөнгө эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, мөн компанийн үндсэн дүрэмд хувьцаа эзэмшигчийн зохих тоо, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг “Хөрх булаг” ХХК-д даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

     Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Уранчимэг, “Хөрх Булаг” ХХК-ийн захирал Н.Батбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Дарьсүрэн, Ц.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбадрах 2013 оны 7 дугаар сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ: “2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ц.Уранчимэгт “Хөрх булаг” ХХК-ийн өөрийн эзэмшлийн хувьцааг 155.000.000 төгрөгөөр худалдаж, компанийн эзэмшлийн газар дээр шинэ худалдааны төв барих, газрын зөвшөөрлийг нь шилжүүлэн авахаар тохиролцон хэлцэл хийсэн. Бидний хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56, 57, 58, 59-р зүйлийг зөрчиж хийгдсэн төдийгүй компаний хувьцааг хэлцлээр бус гэрээгээр зохицуулдаг хууль зүйн шаардлагыг хангаагүй. Хариуцагч тал энэхүү хууль бус хэлцлээрээ агуулгын хувьд хүлээсэн үүргээсээ нэг ч зүйлийг биелүүлээгүй. Иймд 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэж /1-р хх 1/,

 

            Мөн түүнчлэн хариуцагчаар Нэргүйн Батбаярыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа  “2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа болон “Мандал” худалдааны төвийг худалдаж авахад зарцуулсан хөрөнгө, мөнгөний 70 хувийн хөрөнгө оруулсан болохыг тогтоолгох” /1-р хх 134-137/,

 

            2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр “Н.Батбаяр, Ц.Уранчимэг нарын хууль бус үйлдэл болон үндэслэлгүй гаргасан захирамж шийдвэрийн улмаас учирсан хохирол зураг төсөв хийлгэсний төлбөр 15.000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 50.000.000 төгрөг, аудитын байгууллагад төлсөн 6.212.000 төгрөг нийт 71.212.000 төгрөгийг гаргуулах” /1-р хх 185-186/,

 

            2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хөрх булаг” ХХК-ийг худалдаж авахад оруулсан хөрөнгийн хувь хэмжээгээр “Хөрх булаг” ХХК-ийн хөрөнгийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

 

            “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдын хурлыг хийж шүүхээс тогтоосон хувь хэмжээнд тохирох хэмжээгээр хувьцаа эзэмшигчээр тооцож, компаний дүрэм, хувьцаа эзэмшигчийн тоо хэмжээнд зохих өөрчлөлтийг оруулж, Улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийлгэхийг хариуцагч “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаярт даалгах,

 

            2010 оны 8 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “Хөрх булаг” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоос өөрч ногдох 192.000.000 төгрөгийг “Хөрх булаг” ХХК-иас гаргуулах”-аар тус тус нэмэгдүүлжээ. /2-р хх 85-86/

 

Нэхэмжлэгч Р.Энхбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2010 оны 9 дүгээр сард Ц.Саранцэцэгээс “Хөрх булаг” ХХК, “Мандал” худалдааны төвийг найз Н.Батбаярын хамт худалдаж авахад өөрийн болон хамаатан садангийн нийлсэн 19 ширхэг үл хөдлөх хөрөнгийг “Монголын Санхүүгийн групп” ББСБ-д барьцаалан, 5 хувийн хүүтэй, 250.000.000 төгрөг, найз н.Билэгсайханаас 17.000.000 төгрөгийг тус тус зээлж авсан. Ц.Уранчимэгт 155.000.000 төгрөгөөр хувьцаагаа худалдахдаа худалдаа үйлчилгээний төв барих газар авахаар тохиролцож хувьцаагаа зарсан. Үүнээс хойш 2014 оны 4 дүгээр сар хүртэл зураг төсөл гаргаж байшингаа бариулахаар хөөцөлдөж явтал хариуцагч талын зүгээс аймгийн Засаг захиргаа газрын албанд хүсэлт гаргаж миний авсан газрыг хүчингүй болгосон. Үүнээс хойш Ц.Уранчимэг, Н.Батбаяр нартай олон удаа очиж уулзаж тус тусдаа бизнесээ хийж явах ёстой гэсэн боловч хариуцагч талаас хүлээж авалгүй тохиролцоонд хүрч чадалгүй өдий хүрсэн. “Монголын Санхүүгийн групп” ББСБ-аас өндөр хүүтэй зээл авсан учраас зээлээ дарахын тулд Хаан банкинд “Хөрх булаг” ХХК-ийг барьцаалж зээл авсан. Би өөрөө зээлтэй байсан учраас хувьцаа эзэмшигчээр Н.Батбаярыг оруулсан. Бид хоёр мөнгөн дүнгээр бус найзын хувиар хувьцааг 50/50 хувиар авъя гэж тохиролцсон боловч би оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувьцаа эзэмших эрхтэй болохоо тогтоолгох шаардлага гаргасан. Иймд дээрх шаардлагуудаа дэмжиж “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгэж, Р.Энхбаярыг хувьцаа эзэмшигчээр тооцож, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулсан талаар бүртгэл хийлгэхийг “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаярт даалгах шаардлагаа дэмжиж байна. Учир нь олон удаа хуурч мэхлүүлж байсан учраас албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлттэй байна гэжээ. /3-р хх 199-200/

 

Хариуцагч Ц.Уранчимэг шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэлцэл биш зүгээр мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн. Р.Энхбаярыг хувьцаа эзэмшигч биш гэж би мэдэж байсан. Р.Энхбаяр манай эхнэрийн данс руу мөнгөө хийчих гэхээр нь дараа үзүүлэх юмтай үлдэнэ гээд мөнгө шилжүүлсэн баримт үйлдсэн. Ер нь бол нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. “Хөрх булаг” ХХК 2010 онд худалдан авахад Р.Энхбаяртай ярьж байгаад 2 талаасаа хөрөнгө гаргаад хамтран зээл авсан. Компани худалдаж авсны дараа 250.000.000 төгрөгийг хүүгийн хамт би ганцаараа төлсөн. Энхбаярт хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үү гэхэд өөрөө дургүйцсэн. Компани авахад тусалсан гэдгээр ашиг авах ёстой тэрийгээ авъя гэхээр нь надад мөнгө байхгүй байсан учир Уранчимэг эгчид санал тавихад 155.000.000 төгрөгийг Энхбаярт өгсөн. Уранчимэг эгч Энхбаярыг хувьцаа эзэмшигч биш гэдгийг мэдэж байсан. Энхбаяр өөрөө ашиг авъя, хувьцаа эзэмшихгүй гэсэн. Тийм учир би Уранчимэг эгчид та Энхбаярт мөнгөө өгөөд та хувьцаа эзэмш гэж хэлэхэд Уранчимэг эгч зөвшөөрсөн. Хэлцэлд би оролцоогүй мөнгө өгөхийг бол мэдэж байсан. Хэлцэл гэж мөнгө шилжүүлсэн баримт. Саранцэцэгээс би 2010 онд Батбаяр миний бие ганцаараа компани худалдаж авсан. 2010 онд би ганцаараа хувьцаа эзэмшигч байсан. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 70 хувийн хөрөнгө оруулсан гэдгийг ойлгохгүй байна. Хамтарч зээл аваад би ганцаараа бүх зээлээ төлсөн. Энхбаяр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт компанид оруулаагүй. Хөрөнгө оруулалт гэдгийг бодитойгоор өгсөн мөнгө, эд хөрөнгө гэж үздэг. Тийм болохоор Энхбаяр хөрөнгө оруулаагүй учраас хувьцаа эзэмшигч биш. Анхнаасаа би хувьцаа эзэмшигч болохгүй мөнгө авмаар байна гэсэн санал тавьсан. Энхбаяр бид хоёр найзууд. 20 гаруй жил найзалж байна. Найзын хувьд би хамтран зээл авъя гэж санал тавьж байсан. Прокурорын байгууллагад 5 удаа гомдол гаргахад 5 удаа хэрэгсэхгүй болсон. Би нэхэмжлэл гаргах эрхтэй ч нэхэмжлэл гаргаагүй. Үндэслэлгүй гаргасан гомдлоос нь болж би холбогдох зардлуудаар зөндөө хохирч байгаа. Бүртгэлийн тал дээр анхнаасаа тохиролцоод явсан бол ойлголцох байсан. Өөрөө хувьцаа эзэмшихгүй гэсэн. Шагнал гээд 100.000.000 төгрөгийг авсан. Хамтарч авсан зээлээ манай компани хүүтэй нь төлсөн. 100.000.000 төгрөгийг Уранчимэг эгч шилжүүлж хувьцаа эзэмшигч болсон. Маргаан үүссэн шалтгаан нь надад өгөх ёстой газрыг надад өгөөгүй учир би гомдолтой байна гэсэн. Тэр газар нь одоо хүртэл маргаантай шүүх дээр байгаа. Тухайн үед манай компанийн газар байсан. Маргаантай байсан газрыг Энхбаярт шилжүүлж өгсөн байсан. Бид хоёрын дунд яригдаж байгаад манай компани Энхбаяртай хамтран эзэмшигч болж байсан. Энхбаярын компани, манай компанийн дундын газрын захирамжийг засаг дарга нь хүчингүй болгосон нь надад хамаагүй. Би тэрийг хүчингүй болгоогүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх, нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                    ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нар 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдааны үед “Н.Батбаяр, Ц.Уранчимэг нарын хууль бус үйлдэл, хууль зөрчин үндэслэлгүй гарсан захирамж, шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу зураг төсөв хийлгэхэд гарсан зардалд 15.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 50.000.000 төгрөг, аудитын байгууллагад төлсөн 6.212.000 төгрөг, нийт 71.212.000 төгрөгийг гаргуулах, мөн 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд “Хөрх булаг” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоос өөрт ногдох 192.000.000 төгрөгийг “Хөрх булаг” ХХК-иас гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно. /3-р хх 199/

 

Нэхэмжлэгч Р.Энхбаяр нь өөрийн хөрөнгийг барьцаалж, “Хөрх булаг” ХХК-ийг худалдаж авахад хөрөнгө оруулсан, хувьцаа эзэмших эрхтэй, мөн түүнчлэн Ц.Уранчимэгт өөрийн эзэмшлийн “Хөрх булаг” ХХК-ийн 50 хувийн хувьцааг 155.000.000 төгрөгөөр худалдсан, худалдсан хэлцэл нь тохиролцоондоо хүрээгүй учраас хүчин төгөлдөр бус юм гэж тайлбарлаж, маргаж байна.

 

Хариуцагч Ц.Уранчимэг нь “нэхэмжлэгч Р.Энхбаярыг “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш гэдгийг мэдэж байсан. Мөнгө л өгсөн баримт гэж маргаж тайлбарлаж байна.

 

Хариуцагч “Хөрх булаг” ХХК-ийн захирал Н.Батбаяр нь ““Хөрх булаг” ХХК 2010 онд худалдан авахад Р.Энхбаяртай ярьж байгаад 2 талаасаа хөрөнгө гаргаад хамтран зээл авсан. Компани худалдаж авсны дараа 250.000.000 төгрөгийг хүүгийн хамт би ганцаараа төлсөн. Энхбаярт хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх үү гэхэд өөрөө дургүйцсэн. Компани авахад тусалсан гэдгээр ашиг авах ёстой тэрийгээ авъя гэхээр нь надад мөнгө байхгүй байсан учир Уранчимэг эгчид санал тавихад 155.000.000 төгрөгийг Энхбаярт өгсөн.  ... Энхбаяр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт компанид оруулаагүй. Хөрөнгө оруулалт гэдгийг бодитойгоор өгсөн мөнгө, эд хөрөнгө гэж үздэг. Тийм болохоор Энхбаяр хөрөнгө оруулаагүй учраас хувьцаа эзэмшигч биш. Анхнаасаа би хувьцаа эзэмшигч болохгүй мөнгө авмаар байна гэсэн санал тавьсан гэж тайлбарлаж маргаж байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд:

2012 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Тус компаний 50 хувь эзэмшигч байсан Равжирын Энхбаярын хувьцаа 155.000.000 төгрөгөөр худалдаж авлаа” гэсэн хэлцлийг Ц.Уранчимэг, Р.Энхбаяр нар хийсэн байна. /1-р хх 2/

 

Дээрх хэлцлийн дагуу 2012 оны 8 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд нийт 155.000.000 төгрөгийг Уранчимэгээс Отгонтуяагийн дансанд шилжүүлсэн байна. /1-р хх 57/ Мөнгө авсан, аваагүй гэдэгт зохигч маргахгүй байна.

 

“Хөрх булаг” ХХК-ийг үүсгэн байгуулагч Цэрэнсамба овогтой Саранцэцэгээс 2010 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдан авах гэрээгээр Нэргүй овогтой Баярбаярт шилжсэн, мөн 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Цэрэндоржийн Уранчимэг нь тус компаний хувь эзэмшигчээр нэмж бүртгүүлсэн болох нь   Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 4/747, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/786 дугаар албан бичгүүд, 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хөрх булаг” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2012 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, гишүүний анкет, компаний 2010 оны 9 дүгээр сарын 1-ний, 2013 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дүрмүүд, 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар “Хөрх булаг” ХХК-иас Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан Ц.Саранцэцэгийн хүсэлт 2010 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар “Хөрх булаг” ХХК-ийн хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэр, 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Эрх шилжүүлэх гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №10/01 Эскроу дансаар үйлчлэх “Н.Батбаяраас Н.Саранцэцэгт 350.000.000 төгрөг шилжүүлэх” гэрээ, 100.000.000 төгрөг байршуулсан баримт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /1-р хх 35-36, 54-65, 66, 67, 69, 71-73, 74-78, /2-р хх 18-20/

 

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан “Голден пэйж аудит” ХХК-ийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/108 тоот тайлангийн дүгнэлт, 2010 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Р.Энхбаяр, “Мега мастер” ХХК-ийн хооронд “Ажил гүйцэтгэх гэрээ” “Голден пейж аудит” ХХК-д төлбөр төлсөн баримт, 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн №13/12 Хяналт шалгалтын ажил гүйцэтгэх гэрээ, “Уран проект” ХХК-д “Эдмоор” ХХК-ийн захирал Р.Энхбаярын төлбөр төлсөн баримт, 2013 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн №13/01 тоот Ажлын зураг төсөл боловсруулах гэрээ, 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/027 тоот Ажил гүйцэтгэх гэрээ, Монгол Санхүүгийн групп ББСБ, Р.Энхбаяр нарын хооронд байгуулагдсан 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 12/338 дугаар 60.000.000 төгрөгийн зээл, барьцааны гэрээ, 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/30 дугаар 30.000.000 төгрөгийн зээл, барьцааны гэрээ зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Р.Энхбаяр нь “Хөрх булаг” ХХК-д хөрөнгө оруулсан, хувьцаа эзэмших эрхтэй гэх байдал нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл: нэхэмжлэгч Р.Энхбаяр нь “Хөрх булаг” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй байж өөр бусад компанитай гэрээ байгуулж, зөвхөн гарын үсэг зурах төдий байдлаар эрх хэрэгжүүлснийг компанийг бүрэн төлөөлж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. /1-р хх 147-151, 156-157, 140-141, 192-194, 196, 197, 198-199, 200-202/, 2-р хх 27-39/

 

Дундговь аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 63 тоот “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” албан тоот “Танай компаний хүсэлтээр автомашины зогсоолын талбайн зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн тул хуулийн дагуу Аймгийн Засаг даргын захирамжаар үйлчилгээний зориулалттай болгож өөрчилсөн захирамжийг хүчингүй болгож автомашины зогсоолын хуучин захирамж, газар эзэмших гэрчилгээг хүчинтэйд тооцсон болно”, 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4/124 дугаар Дундговь аймгийн Засаг даргын  захирамж /1-р хх 237/ зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа “газар шилжүүлэх тохиролцоо байсан тохиолцоондоо хүрээгүй” гэсэн байдал нь тогтоогдохгүй байна. Дээрх албан бичгээс үзэхэд “автомашины зогсоолын талбайн зориулалтыг үйлчилгээний зориулалттай болгон өөрчилсөн нь Газрын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн” гэдэг нь харагдаж байна.

 

Харин Монгол Санхүүгийн групп ББСБ, Р.Энхбаяр, Н.Батбаяр нарын хооронд байгуулагдсан 2010 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 08/267 дугаартай 250.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ /2-р хх 40-45/,  зээл төлсөн баримтууд /2-р хх 47-61/-аар, нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбарладаг хамтарч зээлж авсан гэх байдал нь тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн тайлбар нь 2010 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийн Хаан банкны зээлийн гэрээ, Р.Энхбаярын нэрээр Н.Батбаяраас зээл төлсөн баримтуудтай нийцэж байна гэж үзлээ. /1-р хх 164-166, 3-р хх 193-195/,

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх... зэрэг эрх эдэлнэ” гэж хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “компаний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор хууль заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Р.Энхбаяр нь хувьцаа эзэмших эрхтэй гэдэг нь тухайн үеийн компаний дүрэм, эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлснээр тодорхойлогдоно гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл: Улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний эрх зүйн чадвар чадамж үүсэх бөгөөд тухайн үед Р.Энхбаяр нь компани худалдаж авахад хөрөнгө босгосон хэдий ч хувьцаа эзэмших, өмчлөх эрхээ хуульд зааснаар баталгаажуулаагүй байж “Хөрх булаг” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг мэтээр Ц.Уранчимэгт 155.000.000 төгрөгөөр худалдсан гэх баримтад гарын үсэг зурсан, мөн түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэлээ “компаний “Мандал” худалдааны төвийн машины зогсоолын зүүн урд байрлах “Хөрх булаг” ХХК-ийн эзэмшлийн газар дээр шинэ худалдааны төв барих, газрын зөвшөөрлийг шилжүүлэн авахаар тохиролцон тохиролцооноосоо буцсан тул хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэгтэй болно.

 

Хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд нэхэмжлэгч Р.Энхбаяр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүйг дурдах нь зүйтэй байна.  

 

Хариуцагч Н.Батбаярын тайлбараар “нэхэмжлэгч Р.Энхбаяр нь “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэхгүй, худалдаж авахад хөрөнгө босгож өгсөн гэж мөнгө авна гэсний дагуу Ц.Уранчимэг эгч Р.Энхбаярт 155.000.000 төгрөг өгсөн, мөнгө өгсөн учраас Ц.Уранчимэг нь “Хөрх булаг” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон. Р.Энхбаяр “Хөрх булаг” ХХК-нд нэг ч төгрөгийг хөрөнгө оруулалт хийгээгүй” гэх байдлыг үгүйсгэх бичгийн баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.384.910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нь хуралдааны танхимд тогтоосон журам зөрчсөн учраас түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, хариуцагч талаас гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар нэхэмжлэгч талын эзгүйд үргэлжүүлж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.3, 56 дугаар 56.1.1, 56.1.8, Компаний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2-д зааснаар нэхэмжлэгч Р.Энхбаярын хариуцагч Ц.Уранчимэг, “Хөрх булаг” ХХК-д холбогдуулан гаргасан 2012 оны 8-р сарын 15-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, “Хөрх булаг” ХХК-д холбогдуулж тус компанийг худалдаж авахад хөрөнгийн 70%-ийг оруулсан, хувьцаа эзэмшигч, хөрөнгө эзэмших эрхтэй болохыг тус тус тогтоолгох, мөн компанийн үндсэн дүрэмд хувьцаа эзэмшигчийн зохих тоо, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулахыг “Хөрх булаг” ХХК-д даалгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Энхбаяр, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нар 2016 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдааны үед “Н.Батбаяр, Ц.Уранчимэг нарын хууль бус үйлдэл, хууль зөрчин үндэслэлгүй гарсан захирамж, шийдвэрийн улмаас учирсан хохирол буюу зураг төсөв хийлгэхэд гарсан зардалд 15.000.000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 50.000.000 төгрөг, аудитын байгууллагад төлсөн 6.212.000 төгрөг, нийт 71.212.000 төгрөгийг гаргуулах, мөн 2010 оны 8 дугаар сараас 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртлэх хугацаанд “Хөрх булаг” ХХК-ийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон ашиг орлогоос өөрт ногдох 192.000.000 төгрөгийг “Хөрх булаг” ХХК-иас гаргуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар Сум дундын 11 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 61/432 дугаар захирамж нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.870.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Р.Энхбаяраас 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжаар хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамжид 514.010 төгрөгийг нөхөн гаргуулж, “Хас” банк дахь Төв аймаг дахь Татварын хэлтсийн 5001196835 тоот дансанд тушааж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНТУУЛ