Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 686

 

 

 

 

 

 

 

 

 

       Н.Э, Т.О нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                             

            прокурор А.Намдаг,

            шүүдэгч Н.Эрдэнэ-Ундах, ялтан Т.О нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг,

            нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Т.О, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Н.Э, Т.О нарт холбогдох 201726020250 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

1. Хатгин овгийн Намхайн Н.Э, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1988 оны 2 дугаар сарын 6-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, цагдаагийн ахлагч цолтой, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаа ажилтай, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-334 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: ЛЮ88020630/

 

2. Тайчууд овгийн Төртогтохын Т.О, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1986 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн ахмад цолтой, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт бүлгийн цагдаа ажилтай, ам бүл 1; Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхоны 2-1 тоотод оршин суух хаягтай. /регистрийн дугаар: МЮ86012397/

Н.Э нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсахуй” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж Н.С, Б.Т нарт хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан, мөн танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн тус баарны хамгаалагч Т.Сүх-Эрдэнийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэгт,

 

Т.О нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дурсахуй” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн тус баарны зохион байгуулагч Т.Э, хамгаалагч Т.С нарт хүч хэрэглэж Т.Эийн биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний дотор буланд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

            Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Э, Т.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокурор Н.Э, Т.О нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг яллахаас татгалзсан үндэслэлээр,

Н.Эад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

Т.Од 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж,

Т.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосныг 6 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Од мэдэгдэж,

шүүгдэгч Т.О, Н.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, хэрэгт хураагдаж ирсэн Си Ди-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Т.О давж заалдах гомдолдоо: “... Намайг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр миний хувьд танхайрах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Харин шүүгдэгч Н.Эын “Дурсахуй” бааранд эмх замбараагүй байдал үүсгэхэд түүнийг таслан зогсоох зорилгоор, хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй маргаан үүсч, түүний эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үйлдэл болох үед 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Тус Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан cap өнгөрсөн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй гэсэн. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй” гэжээ. Үүнээс үзвэл 2002 оны Эрүүгийн хуульд 6 cap байсан хөөн хэлэлцэх хугацааг 2015 оны Эрүүгийн хуульд 1 жил байхаар зохицуулжээ. Энэ нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт байх бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэвэл миний бие эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэлтэй болно. Хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Эндээс үзвэл шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх ёстой байтал 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэсэн нь хууль буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

Миний бие анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад тасралтгүй 11 жил ажилласнаас гадна спортын төрлөөр Монгол Улсыг гадаадад төлөөлж оролцож, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медаль, Ази тивийн аварга болсон.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 303 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

 

Ялтан Т.О, шүүгдэгч Н.Э нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Од шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгээр Т.Огийн хувьд танхайрах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Харин шүүгдэгч Н.Эын “Дурсахуй” бааранд эмх замбараагүй байдал үүсгэхэд түүнийг таслан зогсоох зорилгоор хохирогч Т.Этэй хувийн таарамжгүй маргаан үүсч, түүний эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан.

Мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” болно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Прокурор А.Намдаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Т.О нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Дурсахуй” бааранд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан, үйлдлийг нь таслан зогсоох гэсэн баарны зохион байгуулагч, хамгаалагч нарт хүч хэрэглэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүх шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “Үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн. Мөн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу Т.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй. Өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан Т.Огийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Н.Э, Т.О нарт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр, бусад хэргийн оролцогчид гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэхэд дараах байдал тогтоогдов.

 

Н.Э, Т.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулаагүй, шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

 

1. Прокуророос Н.Э, Т.О нарыг танхайрах гэмт хэргийг тус тусдаа үйлдсэн мэтээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцээгүй байхад энэ асуудлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтуудыг ноцтой зөрчжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд үйлчилгээний газарт бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан Н.Эын үйлдэлд түүнтэй хамт явсан Т.О үйлчилгээний газрын ажилтнуудад хүч хэрэглэн гэмтэл учруулах байдлаар хамтран оролцсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул энэ асуудлыг тодруулж Эрүүгийн хуульд нийцүүлэн хэргийг зөв зүйлчилсний дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8 дахь хэсгүүдэд заасан зохицуулалтаас үзэхэд шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэсний дараа гэм буруутай гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг явуулж мөн зөвлөлдөх тасалгаанд шийдвэрлэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх Н.Э, Т.О нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэм буруугийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлуудыг нэг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж хуульд заасан шүүх хуралдааны үе шат, дарааллыг зөрчжээ. 

 

3. Шийтгэх тогтоолоос үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэл зэргийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтуудад заасан шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг зөрчсөн байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтын дагуу ноцтой зөрчилд тооцов.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Э, Т.О нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх” талаар ялтан Т.О, өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцээгүй болно. 

 

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.Э, Т.О нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Ялтан Т.Огийн болон шүүгдэгч Н.Э, ялтан Т.О нарын өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэлэлцэхгүй орхисныг дурдсугай.

 

3. Хэрэг шүүхэд очтол Н.Э, Т.О нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

М.ПҮРЭВСҮРЭН