Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 34

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа,

Улсын яллагч Б.Сүрмандах,

Насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.М,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа, Л.Сарантуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Н.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.Ид холбогдох эрүүгийн 1918000000474 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Н.И /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Н.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.И нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн хажууд 15 настай Б.О, Б.М нараас тамхи, мөнгө асууж, улмаар Б.Мгийн 120.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 3 загварын гар утас, Б.Оын 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс 7 эдже загварын гар утас, биет 200 төгрөгийг авч, тэднийг “өөр гар утас эсвэл мөнгө олж ирээд гар утаснуудаа буцаан аваарай, үгүй бол гар утаснуудыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаална, хохирогч нарыг оршуулгын газарт аваачиж булна гэх зэргээр айлгасан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Н.Игийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 16-нд Дархан-Уул аймгийн Политехникийн коллежийн ард Б.О гэдэг хүүхэдтэй тааралдаад “тамхи байна уу?” гэж асуухад “тамхи татдаггүй, байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ангийнхаа хүүхдийг дуудчихаач” гэхэд насанд хүрээгүй хохирогч Б.О нь ангийнхаа Б.Мг дуудсан. Насанд хүрээгүй хохирогч Б.Мгаас би “тамхи байна уу? тамхи татдаг уу?” гэхэд, Б.М нь “ахаа би тамхи татдаггүй, байхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгвэл та хоёрт мөнгө байна уу?, надад хоёр зуун төгрөг байна, гурвуулаа дээд талын дэлгүүр орж тамхи авъя” гээд насанд хүрээгүй хохирогч Б.Мг дэлгүүр онгойсон эсэхийг шалгуулахаар явуулсан. Тэгтэл Б.М “дэлгүүр онгойгоогүй байна” гээд ирсэн. Тухайн үед би хэдэн цаг болж байгааг мэдэх гэж цаг хэд болж байгааг асуухад Б.М, Б.О нар утсаа гаргаж цагаа хараад 9 цаг өнгөрч байна гэхээр нь “би утсаа өгч байгаач үзчихээд буцаагаад өгье” гээд гар утаснуудыг нь авсан. Надад мөнгө хэрэгтэй байсан учраас насанд хүрээгүй хохирогч нарын утсыг барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалах гэж байсан. Хохирогч нар гар утсыг нь авах гэж байхад эсэргүүцсэн. Гэхдээ би айлган сүрдүүлээгүй. Би гар утсыг авсны дараа хохирогч нарыг оршуулгын газарт очиж булна гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Оын өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өглөө 8 цагийн үед сургууль руугаа явж байхад нэг ах таараад тамхи асуусан. Би “тамхи татдаггүй, байхгүй” гэхэд “тэгвэл ахын дүү хоёулаа жоохон юм ярья, хамт байж бай” гэж хэлсэн. Тэр үед Б.М ирсэн. Б.Мгаас бас тамхи асуугаад байхгүй гэхэд Н.И нь “надад хоёр зуун төгрөг байна. Та хоёрт мөнгө байна уу? Дээд дэлгүүр тамхи ширхэглэн зардаг юм. Тэр дэлгүүр онгойсон эсэхийг шалгаад ир” гээд Б.Мг явуулсан. Удалгүй Б.М “дэлгүүр хаалттай байна” гээд ирэхэд Н.И “цаг хэд болж байна?” гэж бид хоёроос асуусан. Бид хоёр утсаа гаргаад цаг хараад 8 цаг 20 минут болж байна гэхэд “ахдаа утсаа өгч бай” гэсэн. Би гар утас өгөх үедээ шүүгдэгч нь надаас ах, намайг зодож магадгүй гэж бодоод айсан байсан. Тэгтэл гэнэт “танай сургуульд олигтой утастай хүүхдүүд байдаг уу? Байвал их завсарлагаанаар тоглоомын талбайд дагуулаад ир, эсвэл өөр утас олж ирээд утсаа аваарай үгүй бол утсыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаална эсвэл зарна шүү” гэсэн. Шүүгдэгч Н.И нь намайг “хөөе нааш ир” гээд дуудахад нь би араас ирээд зодчих болов уу гэсэн айдастай уулзсан гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 14-нд сургууль руугаа явж байхад Б.О намайг хамт сургууль явъя гээд дуудсан. Би Б.О дээр очиход шүүгдэгч Н.Итэй хамт байж байсан. Шүүгдэгч И нь надаас тамхи асуухаар нь би “тамхи татдаггүй, байхгүй” гэж хэлэхэд “мөнгө байна уу?” гэсэн би “байхгүй” гээд түрийвчээ харуулсан. Гэтэл намайг “дээд талын дэлгүүр онгойсон эсэхийг үзээд ир” гээд явуулсан. Би дэлгүүр лүү явсан боловч хаалттай байсан. Тэгээд гудамжны мухарт зогсож байхад шүүгдэгч цаг асуухаар нь би цаг хэд болж байгааг хэлэхэд “гар утсаа өгч бай үзье” гээд миний гар утсыг авснаа халаасандаа хийчихсэн. Тэгээд “өөр хоёр утас олж ирж байж утсаа ав, үгүй бол 50.000 төгрөг өгч байж утсаа ав” гэсэн. Би “чадахгүй” гэсэн. Гэтэл намайг харсан царай байна гээд байсан. Шүүгдэгч нь намайг өшиглөхөөр нь би айсан. Шүүгдэгч нь гар утсыг авсны дараа оршуулгын газарт очиж булна гэж хэлсэн гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

...Н.Игийн хүрэмний зүүн талын халааснаас хар өнгийн хавтсан гэртэй Самсунг гэсэн бичигтэй гар утас, цагаан өнгийн дэлгэц нь хагарч цуурсан доод товчлуур нь унасан Самсунг гэсэн бичигтэй гар утас, баруун талын халааснаас Нокиа гэсэн бичигтэй жижиг хар өнгийн гар утас, 4 ширхэг 100 төгрөгийн дэвсгэрт гарав. Самсунг загварын 2 ширхэг гар утас, 2 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртийг хураан авч, Нокиа загварын гар утас, 2 ширхэг 100 төгрөгийн дэвсгэртийг Н.Ид буцааж өгөв... гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/,

Насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.М нар нь 15 настай гэх хохирогч нарын насыг тоолсон тухай тэмдэглэл, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-9/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “иргэн Б.Оын эзэмшлийн Самсунг эс-7 эдже загварын шинэвтэр гар утас 350.000 төгрөг, иргэн Б.Мн эзэмшлийн Самсунг Эс-3 загварын хуучин гар утас 120.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

Шүүгдэгч Н.Игээс хураан авсан Самсунг эс-7 эдже загварын гар утас, бэлэн 200 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.Оод, Самсунг Эс-3 загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Мд тус тус хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Н.И нь насанд хүрээгүй хохирогч нарын утсыг авах санаа зорилготой байсан, үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахад саад болж байгаа аливаа этгээд буюу өмчлөгчид хүч хэрэглэхээр идэвхтэй довтолсон үйлдлийг ойлгоно. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний өдрийн тайлбарт төстэй гэмт хэргээс ялгагдах гол зүйл нь айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно, энэхүү хүчирхийлэл нь идэвхтэй байдлаар илэрнэ гэсэн байдаг. Насанд хүрээгүй хохирогч нарын айсан үйлдэл нь шүүгдэгчийн хийсэн идэвхтэй үйлдлээс болоогүй, ах хүнийг хүндлэх гэсэн суурь хүмүүжил нөлөөлсөн. Харин оршуулгын газарт аваачиж булна гэхэд хохирогч нар айсан нь шүүгдэгч гар утсыг авсны дараа буюу дээрмийн гэмт хэрэг болсны дараа өрнөсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч нарын “Н.И ах утас авсны дараа оршуулгын газарт аваачиж булна гэж айлгасан” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдож байна. Иймээс насанд хүрээгүй хохирогч нарын утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг нь төгссөн гэж үзэж болохоор байгаа тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг баримтлан шүүгдэгч Н.Иг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэсэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй үйлдэл байдаг. 

“Хүч хэрэглэхээр заналхийлэх” шинж нь тодорхой болон тодорхой бус хүчин зүйлийн нөлөөнд оруулж айлган сүрдүүлэх, эсхүл сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлэх хэлбэрээр илэрч болдог.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.М нарын мэдүүлгээр шүүгдэгч Н.И нь насанд хүрээгүй хохирогч Б.О, Б.М нарыг дуудан, “ахтайгаа хамт жаахан бай” гэж хэлэн саатуулсан, улмаар тамхи, мөнгө асууж Б.Ооос 200 төгрөг авсан, тамхи авахуулахаар явуулсан, насанд хүрээгүй хохирогч нараас “гар утсаа өгч бай, үзчихээд өгье” гэж хэлэн гар утаснуудыг нь авсан, дараа нь хохирогч нарыг “өөр гар утас эсвэл мөнгө олж ирээд гар утаснуудаа буцаан аваарай, үгүй бол гар утаснуудыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаална”, “оршуулгын газарт аваачиж булна” гэж хэлсэн, хохирогч Б.Мг өшиглөсөн гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Н.Ин дээрх үйлдэлд сэтгэл зүйн болон бие бялдрын хувьд илт давуу байдлаа ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн шинж тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Игийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Политехникийн коллежийн хажууд 15 настай Б.О, Б.М нараас тамхи, мөнгө асууж, улмаар Б.Мгийн 120.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 3 загварын гар утас, Б.Оын 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс 7 эдже загварын гар утас, биет 200 төгрөгийг авсан, тэднийг “өөр гар утас эсвэл мөнгө олж ирээд гар утаснуудаа буцаан аваарай, үгүй бол гар утаснуудыг чинь барьцаалан зээлдүүлэх газарт барьцаална, хохирогч нарыг оршуулгын газарт аваачиж булна гэх мэтээр айлгасан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогч Б.Мгийн 120.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Эс 3 загварын гар утас, Б.Оын 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс 7 эдже загварын гар утас, биет 200 төгрөгийг тус тус авсан боловч хохирогч нар нь гар утас, 200 төгрөгөө буцаан авсан, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Игээс хураан авсан Самсунг эс-7 эдже загварын гар утас, бэлэн 200 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч Б.Оод, Самсунг Эс-3 загварын гар утсыг насанд хүрээгүй хохирогч Б.Мд тус тус хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 25-26/, хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа, Л.Сарантуяа нарын өгсөн “...гар утас болон 200 төгрөгийг буцаан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33, 40/ зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.И нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс ял, эрүүгийн хариуцлагын талаар санал гаргаагүй болно.

Шүүгдэгч Н.И нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Н.Игийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н.Иг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Иг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Ид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР