Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 19

 

Н.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0004/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                       Д.Энхтуяа

Шүүгдэгч                                       Н.И-

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолтой, Н-ийн И-д холбогдох, 1918000000474 дугаартай эрүүгийн  хэргийг шүүгдэгч Н.И-н өмгөөлөгч Н.Баярмаагийн  давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн  танилцуулснаар  хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, Б- овогт Н-ийн И-.

         Шүүгдэгч Н.И- нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Политехникийн коллежийн хажууд 15 настай Б.О-, Б.М- нараас тамхи, мөнгө асууж, улмаар Б.М-гийн 120.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс 3” загварын гар утас, Б.О-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг эс 7” загварын гар утас, бэлэн 200 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт Н-ийн И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т заасан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар Н.И-г 2 /хоёр/ жил  хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар Н.И-д оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, насанд хүрээгүй хохирогч болон хууль ёсны төлөөлөгч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.И-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.И-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.И-н өмгөөлөгч Н.Баярмаа давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо мөрдөгч нь насанд хүрээгүй хохирогч Б.О-оос хөтөлж асуусан асуултын хариулт болох ...таныг айлгаж сүрдүүлсэн үү... гэсэн асуултанд:  ...ална, сайн гар утастай хүүхэд дагуулж ирэхгүй бол ... зодно гэж,  хохирогч Б.О-оос ...тэр хүн таныг зодож цохисон уу... гэж асуухад  ...тэр ах миний баруун хөлний шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн... гэх хариултыг /х.хийн 11/ үнэлж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал бүрэн хангагдаагүй., 16.15 дугаар зүйлийн 2.т заасан “Шүүх хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн зарчмыг зөрчсөн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Яагаад гэвэл мөрдөгч нь асуултыг асуухдаа утас авахдаа айлган сүрдүүлсэн эсэхийг тодруулах ёстой байтал энэ талаар тодруулаагүй хөтөлж асуулт тавьсан байдаг.

Гэтэл хохирогч нар мөрдөн байцаалтын явцад ч шүүх хуралдааны явцад ч мэдүүлэг өгөхдөө утсаа үзээд өгье гэхэд нь өөрсдөө ямар нэг шахалт дарамт сүрдүүлэггүй өгснөө тогтвортой өөрчлөлтгүй мэдүүлдэг.,

               Харин утсаа буцааж өгөөч гэхэд ... сайн утастай хүүхэд дагуулж ирэхгүй бол зарна, барьцаанд тавина, шарилын газар аваачиж булна гэх мэт үгнүүдийг хэлсэн байдаг ба насанд хүрээгүй хохирогч М-н хөл рүү бусдыг хочоор нь дуудлаа гэж өшиглөсөн гэдгийг насанд хүрээгүй хохирогч нар мэдүүлдэг. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч өөрийн болгосоноор төгсдөг, хүндрүүлэх нөхцөл болох хүч хэрэглэхээр заналхийлэх нь бусдын эд хөрөнгийг авахад саад болсон тохиолдолд өмчлөгчид хүч хэрэглэхээр довтолсон үйлдлийг ойлгодог. Монгол улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 сарын 29-ний 41 дүгээр тогтоолын 1.4.т “хүч хэрэглэх” гэж бие махбодийн хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдэл хийхийг ойлгоно, “хүч хэрэглэхээр заналхийлэх” гэдэгт бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор хийсэн сэтгэл санааны хүчирхийллийг ойлгоно. Энэ хүчирхийлэл нь идэвхтэй үйлдлээр илрэнэ гэж ааасан байдаг.

Гэтэл Н.И- нь насанд хүрээгүй хохирогч нартай уулзаад цаг эсуухад утсаа гаргаж ирээд цаг хэлэхэд нь үзээд өгье гэхэд хохирогчид өөрсдөө өгсөн байгаа нь ямар нэг идэвхтэй заналхийлсэн үйлдэл харагдахгүй байна.

Дээрмийн гэмт хэргийн бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг өөрийн мэдэлд оруулж авснаас үл хамааран довтолсон довтолгоогоор төгсгөл болдог. Н.И- нь бусдын эд хөрөнгийг илээр хууль бусаар авч өөрийн халаасанд хийснээр гэмт хэрэг төгсгөл болсон гэж үзэж байна.

Насанд хүрээгүй хохирогч нар Н.И-гээс айсандаа ямар нэг дарамт шахалттай байхдаа утсаа өгөөгүй нь мөрдөн байцаалтын болон шүүх хурал дээр өгсөн мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд тэдний ах хүнийг хүндлэх тэрнээс эмээх суурь хүмүүжил нөлөөлснөөс хэлсэн зүйлийг нь биелүүлсэн байна.

Иймд насанд хүрээгүй хохирогч нарын утсыг илээр хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг төгссөн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг  хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1.р зүйлийн 4.д заасан эрх хэмжээнд ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж, хэрвээ эргэлзээ төрвөл мөн хуулийн 1.15-р зүйлийн 2.т зааснаар ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү.

            Шүүгдэгч Н.И-гийн эцэг Н.Э- нь харвалтын улмаас 80 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан групптэй эх Н.Н-ийн асаргаанд байдаг ба Н.И- ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг, анх нх удаа гэмт хэрэгт холбогдсон өөрийн хийсэн хэрэгтээ дүгнэлт хийн гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэхийг хүсэж байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.И-н өмгөөлөгч Н.Баярмаа тайлбартаа:

Давж заалдах гомдлоо дэмжиж байна.,  хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь бусдад хүч хэрэглэсэн байдал тогтоогдоогүй тул зүйлчлэлийг өөрчилж өгнө үү, мөн түүний ахуй амьдралыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Н.И- тайлбартаа:

Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна., өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа., хорихоос өөр ял оногдуулж өгнө үү гэв.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Энхтуяа дүгнэлтдээ:

Шийтгэх тогтоол үндэслэлтэй  байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Н.И-г 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, Политехникийн коллежийн дэргэд 15 настай Б.О-, Б.М- нараас тамхи, мөнгө асууж, улмаар Б.М-гийн 120.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг S-3”  загварын гар утас., Б.О-ын 350.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг S-7”  загварын гар утас, бэлэн 200 төгрөгийг хүч хэрэглэхээр заналхийлж  дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хрэгийг шүүхэд шилжүүлсэн  бөгөөд анхан шатны шүүх Н.И-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил  хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүгдэгч Н.И- нь тухайн үед насанд хүрээгүй 2 хүүхэд хичээлдээ явж байхад нь  дуудаж тамхи асууж шалтгаан гарган тэднээс мөнгө байна уу., утас байна уу гэж асуусан., цаг асуусан., утсаа өг гэж аваад халаасандаа хийсний дараа ...өөр утас олж ирж байж утсаа ав., үгүй бол 50.000 төгрөг өг., танай сургуульд олигтой утастай хүүхэд байна уу., дуудаад ир., гэх мэтээр сүрдүүлж,   хохирогч нарыг ... мэдэхгүй... гэхэд нь өшиглөсөн., утсыг оршуулгын газар аваачиж булна гээд аваад явсан.,  хохирогч нар  ..энэ үед бид айсан... гэсэн үйл баримтаас үзвэл  шүүгдэгч нь насанд хүрээгүй хүүхдүүдийг өшиглөж, үгээр  айлган заналхийлж утсыг нь дээрэмдэж авсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийн  мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагджээ.

Гэвч шүүгдэгч Н.И- нь нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан /хохирлыг / эд зүйлийг буцаан өгсөн, одоо төлөх төлбөргүй  зэрэг хувийн байдал, хохирогч  нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг харгалзан  үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн хуулийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүлйийн 2.д заасан  ялын  доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял  буюу 1 жил хорих ял оногдуулж, энэ талаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах боломжтой  гэж давж заалдах шатны шүүх үзлээ.  

           Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн гаргасан ... шүүгдэгчийн үйлдэлд  хүч хэрэглэсэн.,  хүч хэрэглэхээр заналхийлсэн шинж байхгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилж, ял оногдуулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2., 3  дугаар заалтыг :

        - Шүүгдэгч Н.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг журамлан  мөн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.т зааснаар  1 /нэг/ жил  хорих ялаар шийтгэсүгэй., гэж,

         - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Н.И-д оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй  гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн  магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч  хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МАНЛАЙБААТАР

                                                                ШҮҮГЧИД                              Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                               Ц.ТУЯА