Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2018/00832

 

Х

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг,  Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/002600 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч:

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

      Нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрт 333.188.030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч Д.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46.2-т зааснаар ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1-д “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын санд шилжүүлнэ” мөн хуулийн 17.1.1 Албан журмаар даатгуулагч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2017-01-05-ны өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 222,125,353 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 111,062,677 төгрөг, нийт 333,188,030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан “Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана” гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 333 188 030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг Э ХХК-иас гаргуулж, шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү. Нийгмийн даатгалын улсын байцаагч нь зөрчил хянан шалгасны үндсэн дээр акт тавьдаг. Уг төлбөрт акт тавих шаардлагагүй, алданги ногдуулахаар хуульд тусгасан байдаг тул нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэжээ.

          Хариуцагч хариу тайлбартаа: 333,188,030 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэлд үндсэн төлбөр 222,125,353 төгрөгийн өрийг хүлээн зөвшөөрч байна. Э ХХК барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд 2013 оноос барилгын салбар бүрэн зогсож 4 жил бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй, орлого олохгүй бүрэн зогсонги байдалд орсон байгаа хүнд нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Иймд хугацаа хэтрүүлсэн алдангид тооцогдсон 111,062,677 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 25.1.3-т Нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах гэж зааснаас үзвэл нийгмийн даатгалын байгууллага алдангийг тооцохдоо нийгмийн даатгалын байцаагч заавал акт гаргахаар хуульчилсан байна. Нийгмийн даатгалын байцаагч нь мөн хуулийн 26.2.4-т “...Тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах...” гэж заасан эрхтэй ч ийнхүү үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 26.1-д зааснаар Засгийн газрын баталсан “Нийгмийн байцаагчийн дүрэм”-ийг дагаж мөрдөх үүрэгтэй. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм журам батлах тухай тогтоолын 2-р хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байцаагчийн дүрмийн 3 дугаар зүйл Нийгмийн даатгалын байцаагчийн үйлдэх баримт бичиг-ийн 3.5-д Нийгмийн даатгалын тухай хуулиудыг зөрчсөн буруутай байгууллага, холбогдох албан тушаалтны хариуцан төлөх, алданги, торгууль...зардлыг шийдвэрлэхээр акт үйлдэнэ гэж зохицуулжээ. Гэтэл нийгмийн даатгалын байцаагчийн зүгээс 111,062,677 төгрөгийн акт үйлдээгүй актыг албан ёсоор Э ХХК-нд шуудан болон бичиг хэргээр хүргүүлээгүй, Э ХХК нь актын хууль зүйн үндэслэлийн талаар дээд шатны байгууллага албан тушаалтан, шүүхэд гомдол гаргаж актын хууль зүйн үндэслэлийг хянуулах боломжийг хязгаарласан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 2.1.2-т заасан алданги ногдуулах ажиллагааг хууль ёсны дагуу хийгээгүй нь алданги шаардах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байна. Акт үйлдээгүй учир шимтгэл ногдуулах эрх үүсэхгүй. Акт үйлдсэнээр эрх зүйн зөрчил гаргасныг тогтооно. Өөрөө хэлбэл, 222,125,353 төгрөг төлөөгүй байна гэдгийг тогтоож, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож байгааг санкц буюу 111,062,677 төгрөгийн алдангийг тогтоож акт үйлдэж, төлбөр төлөгчид гардуулах ёстой. Төлбөр төлөгчид гомдол гаргах эрхийг нээж өгөх ёстой. Нийгмийн даатгалын байцаагч хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэн хуулийн этгээдийн хууль эрх ашиг сонирхол зөрчигдсөн бол энэ тухай мэдэгдэж энэ талаар гомдол гаргах эрхийг хангах үүрэгтэй. Бид 2 үндэслэлээр актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүнд хууль ёсны дагуу нийгмийн даатгалын байцаагч бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрх үүсээгүй, акттай холбоотой эрхээр хангаагүй байна. Өнөөдрийн нэхэж байгаа 111,062,677 төгрөгийн алдангийг төлөх хууль ёсны үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. 222 сая төгрөгийг эдийн засаг хүндрээд үндсэн төлбөрөө төлж чадахгүй байгаа нь хариуцагч санаатай төлбөрөө төлөхгүй байгаа хууль бус үйлдэл гараагүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсэг болох алданги ногдуулсан 111,062,677 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16.1, 17.1.1-г зөрчин 2017-10-05-ны байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 222,125,353 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 111,062,677 төгрөг, нийт 333,188,030 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Иймд уг мөнгийг  Э ХХК-с гаргуулж өгнө үү гэжээ.

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02600 дугаар шийдвэрээр Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагчаас 333,188,030 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүрэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 1,823,890 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/02600 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...333,188,030 төгрөг...” гэснийг “...222,125,353 төгрөг...” гэж өөрчлөн, 2 дахь заалтын “...1,823,890 төгрөг...” гэснийг “...1,268,577 төгрөг...” тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлээс алданги 111,062,677 төгрөг хэрэгсэхгүй болгосон. Шүүх магадлалдаа “Хуулиар тогтоосон алдангийг шаардахын тулд хуульд заасан урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай” гэж дүгнэжээ. Алданги шаардах хуульд заасан урьдчилсан нөхцөл нь хариуцагчийн хууль зөрчсөн үүргийн зөрчил бий болсон буюу тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ биелүүлээгүй байхыг л шаардана. Хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь талуудын тайлбар болон хариуцагч талын тайлангаар нотлогддог. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасны дагуу алданги ногдуулж шаардах эрх нь нэхэмжлэгчид хуулиар олгогдсон байна. Хуулиар олгогдсон шаардах эрхийг шүүх хязгаарлаж алдангийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 222,125,353 төгрөг, алданги 111,062,677 төгрөг нийт 333,188,030 төгрөг шаардсан байна. 

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “...    ажил олгогч сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй...ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь алданги төлөх хариуцлагыг бий болгоно...энэ тохиолдолд нийгмийн даатгалын байцаагч хуулиар акт тавих шаардлагагүй...” гэсэн дүгнэлт хийжээ.

       Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “...байцаагч...бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ...акт...зэргийг үйлдэнэ гэж заасан байна... актад алдангийн хэмжээг тодорхой заасан байх ...төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалыг баримтлаагүй...буюу хуульд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлээс алданги 111,062,677 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Нийгмийн даатгалын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг  суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй ажил олгогчид хариуцлага хүлээлгэх, нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, шаардлагатай мэдээ, судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулах бүрэн эрхтэй  бөгөөд энэ  бүрэн эрхийн хэмжээнд  акт гаргахаар байна. 

       Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд Нийгмийн даатгалын байгууллагын бүрэн эрхийг тусгахдаа алдангийг зөвхөн актын дагуу шаардах тухай зохицуулалт байхгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

        Харин анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Нийгмийн даатгалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

        Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг хуулиар хүлээнэ.

        Хуулиар тогтоосон хариуцлагын зохицуулалтад акт гарсан байхыг шаардахгүй тул нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 294 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2017/002600 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРСАЙХАН

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ