Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 880

 

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2017/00880

Улаанбаатар хот

 

 

   Зохигч талуудын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан      би,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-96 тоотод оршин суух Боржигон овогт Гунаажавын Оюундарийн /РД:ХЙ72120761/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэхийн хороолол, 66 байр, 46 тоотод оршин суух Замч овогт Маамын Буяннэмэхд /РД:НЩ76111362/ холбогдох                   зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 655 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  Г.Оюундарь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

            Г.Оюундарь миний бие нь 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр М.Буяннэмэхтэй бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Үүнд: НР0113 фасад 18л-ээр савласан 26 ширхэг х 170 000 төгрөг=4 420 000 төгрөг, Цагаан фасад 18 л-ээр савласан 7 ширхэг х 98 000 төгрөг= 686 000 төгрөг, Фасад грунт 18л-ээр савласан 3 ширхэг х 118 000 төгрөг=354 000 төгрөг, Улбар шар фасад 18л савласан, 1 ширхэг х 160 000 төгрөг=160 000 төгрөг, Хөх фасад 18л-ээр савласан 1 ширхэг х 150 000 төгрөг=150 000 төгрөг, нийтдээ 5 770 000 төгрөгний бараа материалыг 2016 оны 9 сарын 23-ны өдөр М.Буяннэмэхт хүлээлгэн өгч зарлагын баримт үйлдсэн.

Гэрээ ёсоор 2016 оны 11 сарын 01-ний өдөр бараа материалын үнийг төлөхөөр тохиролцсон байтал үндэслэл шалтгаангүй төлөхөөс татгалзаад байна. Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд Иргэний хуулийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн  тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцосон.

Иймд хариуцагчаас бараа материалын үндсэн төлбөрт 5 770 000 төгрөг, алдангийн хэмжээнд 2 885 000 төгрөг, нийтдээ 8 665 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

      ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Оюундарь нь хариуцагч М.Буяннэмэхд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 655 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд ”...иргэн Г.Оюундарийн нэхэмжлэлийн дагуу үндсэн төлбөр болох 5 770 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төлөхөөр харилцан  тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Хүү алдангийг төлөхгүйгээр тохиролцов”  гэжээ.

Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 8 655 000 төгрөгийг 2 885 000 төгрөгөөр багасгаж 5 770 000 төгрөгний хэмжээнд зохигч эвлэрч, уг 5 770 000  төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.       

 

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 430 төгрөгний 50 хувь болох 76 715 төгрөгийг улсын төсвийн орлогод нь хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 76 715 төгрөг, хариуцагч М.Буяннэмэхээс талуудын эвлэрсэн хэмжээний буюу 5 770 000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 53 635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.  

                                                                                                                         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Г.Оюундарийн нэхэмжлэлтэй, хариуцагч  М.Буяннэмэхд холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 8 655 000 төгрөг гаргуулахыг  хүссэн иргэний хэргийн зохигч 5 770 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч нь уг 5 770 000 төгрөгийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Оюундарийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 153 430 төгрөгийн 76 715  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаас 76 715 төгрөг, хариуцагч М.Буяннэмэхээс 53 635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй. 

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                            Д.ХУЛАН