| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0041/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/46 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2020/ШЦТ/46
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогч Л.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1918008180004 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “.............................” ХК-ийн Шуурхай үйлчилгээ, мэдээллийн албанд ээлжийн диспетчер ажилтай, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1 дэх заалтыг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Х.Быг мөргөж зам тээврийн осол гаргажээ.
Уг ослын улмаас Х.Бын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь дагз ясны хугарал, тархины баруун чамархай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл учирч, улмаар Х.Б нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гавал тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Бгийн өгсөн: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 18:30 цагаас 19:00 цагийн хооронд шинэ Дарханаас хуучин Дархан руу авто замын 2 дугаар эгнээгээр явж байсан. Гэнэт хүн гүйж гарч ирэхээр нь би хурдаа хассан боловч мөргөсөн. Би мөргөсний дараа цагдаа, эмнэлэг дуудаад, араас нь эмнэлэг дээр очсон. Гэм буруу дээр маргаж байгаа зүйл байхгүй. Хохирол төлбөрт 17.715.000 төгрөгийг төлсөн гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Эын өгсөн: Миний хувьд гомдол санал байхгүй, шүүгдэгч нь хохирол төлбөр нөхөн төлсөн, шүүгдэгч нь өөрөө ажил явдалд нь биечлэн оролцож байсан учир санал гомдолгүй. Шүүгдэгч Б.Б нь эцэг, эхтэйгээ хамт амьдардаг, гэр бүлээ авч явдаг хүн байна гэж ойлгож байна. Иймд түүнд хөнгөн ял оногдуулах боломж байдаг юм болов уу? энэ хүний ирээдүйд хар толбо үлдээгээд яах вэ. Оршуулгын зардалд 5.000.000 төгрөг, талийгаачийн хүүхдэд нь 10.000.000 төгрөг, би 12 сараас хойш ажлаасаа чөлөө авсан тул энэ хугацаанд авах байсан цалин болох 2.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч А.Мийн өгсөн: ...Х.Б нь манай эрчимт эмчилгээний тасагт 21:15 цагт хүлээн авах тасгаас хөөрлийн байдалтай, эмх замбараагүй хөдөлгөөнтэй, орчны харьцаа маш сул, зам тээврийн осолд орсон гэх байдалтай ирсэн. Өвчтөнд тархины хаван хөөх, тархины цусан хангамж сайжруулах, өвчин намдаах шингэн сэлбэлт, антибиотик, зүрх дэмжих, тайвшруулах эмчилгээ хийж байна. Биеийн байдал нь их хүнд зүрхний цохилт нь зогсчих гээд байна... /хх-ийн 37-38/,
Гэрч З.Эын өгсөн: ...хэрэг болдог өдөр талийгаач Бтай биллъяард тоглосон. Тоглож дуусаад талийгаач гэр лүүгээ харина гээд явсан. Бид 2 архи согтууруулах ундаа хэрэглээгүй, талийгаачийн биеийн байдал хэвийн байсан. Би гэртээ хариад байж байтал талийгаачийн ар гэрээс Б машинд мөргүүлээд бие нь муу байна гэж ярьсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт Хас банкны байрнаас ертөнцийн зүгээр зүүн хойд талд сөрөг урсгалтай тусгаарлах зурвастай 2 эгнээ бүхий хатуу хучилттай асфальтан зам байх... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-7/,
Х.Бын толгойн дагз орчимд зулгаралт үүссэн, хамар болон амнаас цус гарна, дагз орчимд овойж хавдсан, баруун нүдний дээд зовхи хөхөрч хавдсан гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 8-9/,
Дархан-Уул аймгийн Дархан сумын Өргөө багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд 00-00 ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийв. Гэрч Б.Б нь “тухайн мөргүүлсэн хүн нь миний машины копутны урд хамар хэсэгт тохойлдож унасан” гэж машины копут хэсэгт үүссэн хонхорхойг өөрөө заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх тээврийн хэрэгсэлд үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 225 дугаартай “Шинжилгээнд авсан Х.Бын цусанд спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 124 дугаартай “Шинжилгээнд авсан Х.Бын цусны бүлэг нь АВIY, Rh-/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 125 дугаартай “Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь дагз ясны хугарал, тархины баруун чамархай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Талийгаачийн биед учирсан дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг АВIY, Rh-/+/ байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-52/,
Тээврийн цагдаагийн албаны Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, ахмад П.Мөнхбаатарын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Жолооч Б.Б нь 00-00 ДАХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөн байна. Явган зорчигч Х.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Жолооч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д заасныг зөрчсөн нь зам тээврийн ослын үндсэн шалтгаан болж байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 60-61/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 108 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Х.Бын гэх хувцаснуудад ямар нэгэн техник хэрэгсэл болон бусад хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэлгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр, цагаан өнгийн хөндлөн судалтай эрээн цамцны захын энгэр талд 70х10 миллиметр хэмжээтэй хуучин гэмтэл нь зах ирмэг сэмэрч таслагдсан эдэлгээний явцад үүссэн элэгдэлт байна. Шинжилгээнд ирүүлсэн Х.Бын гэх хувцаснуудын гадаргууд ямар нэгэн техник хэрэгслийн мөр, мөргөгдсөн, цохигдсон, дайруулсан, чирэгдсэн гэх ул мөр илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 66-70/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Б.Бгийн жолоодож явсан приус-20 маркийн 00-00 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд ангийн эвдрэлгүй, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй. Автомашины хөдөлгүүрийн хаалт баруун гар талын дээд хэсэгт хонхойсон нь ослын дараах эвдрэл гэмтэл байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-77/,
Талийгаач Х.Бын нас барсны бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 121/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бгийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны хажуугийн хатуу хучилттай асфальтан зам дээр 00-00 ДАХ улсын дугаартай Тоёота приус 20 загварын автотээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар бүлгийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчиж, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Х.Быг мөргөсөн үйлдэл нь талийгаач Х.Бын биед учирсан гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь дагз ясны хугарал, тархины баруун чамархай, суурийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, бага тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйхан доорх цус хуралт, баруун өвдөгний гадна хэсгийн цус хуралт, зулгаралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд улмаар талийгаач нь эмнэлэгт эмчлүүлж байгаад гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байгаа ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Х.Бын амь нас хохирсон бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрт 17.715.000 төгрөг төлсөн, хохирогч Л.Э нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Б, хохирогч Л.Э нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээний баталгаа /хх-ийн 29/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 27-28/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Эын өгсөн “...Миний хувьд гомдол санал байхгүй, шүүгдэгч нь хохирол төлбөр нөхөн төлсөн...“ гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, осол болсон даруйд хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирол төлбөрийг барагдуулсан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн боломжийг хэрэглэх боломжтой байна гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, “.............................” ХК-нд Шуурхай үйлчилгээ мэдээллийн албанд ээлжийн диспетчер ажилтай зэрэг хувийн байдал нь “.............................” ХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01/1601 дугаартай албан бичиг /хх-ийн 93/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 107/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 120/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай албан бичиг /хх-ийн 128/ зэргээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Б.Бгийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь түүний гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бд оногдуулсан эрх хасах ялын зорилгыг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Б.Бд тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хэргийн хамт ирүүлсэн 000006 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
9. Хэргийн хамт ирүүлсэн 000006 дугаартай жолоочийн үнэмлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР