Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 05

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч З.С,

Хохирогчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Д.П, Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Д.Пн, Ц овогт Н.З нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002960403 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, 17 дугаар хороолол, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овогт Д.П,

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувцасны загвар зохион бүтээгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, ......... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ц овогт Н.З,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П, Н.З нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.П нь Капитал банкны  салбарын эрхлэгчээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, хохирогч 3.Сүрэнгээс 3 удаагийн үйлдлээр “солонгосын визэнд орох гэсэн юм мөнгөний хэрэг болоод байна, удахгүй зээл аваад буцаагаад хүүтэй нь өгнө, маргааш өгнө” гэж хэлэн 2018 оны 11-р сарын 23, 30, 12 дугаар сарын 04-ний  өдөр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан 32,500,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Н.З нь Д.П урьдчилан үгсэн тохирч “удахгүй их хэмжээний зээл аваад эргүүлэн төлнө” гэж худал хэлэн 2018 оны 12-р сарын 4-ний өдөр хадгаламж барьцаалсан 30 сая зээл авахуулахад хамтран оролцсон болох нь:

 

Хохирогч З.С “…Би анх 30,000,000 төгрөгийг өгөхдөө тэр З уулзсан. З нь би зээл авах гэж байгаа юм, урьд авсан зээлээ хаагаад шинээр Төрийн банкаар өндөр хэмжээний зээл авч байгаа, удахгүй 7 хоногийн дотор зээл гарна, энэ зээлийг гарангуут таны мөнгийг өгнө. Өдрийн 3 хувийн хүүтэй танд эргүүлж төлнө гэж хэлсэн. Тэр үед П хажуугаас нь наад З чинь найдвартай, би Төрийн банкны захирлыг танина, би хөөцөлдөж байгаа, тохирсон зээл нь 7 хоногийн дотор найдвартай гарах болно гээд хэлэхээр би П болон З нарт итгэсэн. ...1.500.000 төгрөгийг Солонгос улсын виз мэдүүлэх гэж байгаа юм түр мөнгөний хэрэг гараад байна, маргааш буцаагаад өгнө гэж хэлээд авсан. Дараа нь мөнгөний хэрэг гараад байна, маргааш өгнө гээд 1,000,000 төгрөг дансаар шилжүүлж аваад одоо болтол өгөөгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

 

Гэрч Ш.Б “…2018 оны 12 дугаар асрын 04-ний өдөр З.Сүрэн гэж манай харилцагч Хадгаламж барьцаалсан зээл аваад миний ард Д.П захирал зогсоод урдаас С харилцагч өөрөө зээлээ авсан. Тэр 30 сая төгрөгийг кассаар бэлнээр гаргаад захирал миний ард зогсож байгаад З, У нарын зээлийг хаасан. Зээл хааж байхад З ямар ч байсан ирсэн байсан. ...Би энэ зээлүүдийг 2018 оны 12 дугаар сард Төв банкнаас шалгалт ирэх үед  бичиг баримт дутуу, тэтгэвэр авдаггүй хүн  хүмүүст зээл олгосон талаар мэдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

Капитал банк ХХК дахь банк эрх хүлээн авагчаас ирүүлсэн албан бичиг, ажлаас чөлөөлсөн тушаал, хөдөлмөрийн контракт, ажилд томилсон тушаал /хх-ийн 144-153, 171/,

З.С Хаан банкны дансны хуулга баримтууд /хх-ийн 9-11/,

 

З.С Капитал банкны дансны хуулга баримтууд /хх-ийн 157/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд Д.П албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 3 удаагийн үйлдлээр З.С 32,500,000 төгрөг залилан авсан, шүүгдэгч Н.З нь 30,000,000 төгрөг авах үйлдэлд урьдчилан үгсэн тохиролцож их хэмжээний зээл гарч байгаа талаар худал хэлж хамжигчаар хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

 

Шүүгдэгч Н.З нь Д.П гуйснаар зээл авах ямар ч боломжгүй атлаа хохирогч З.С итгэл төрүүлэх зорилгоор худал хэлсэн,  З.С авсан зээлээс Н.З нэр дээр байсан 7,881,000 төгрөгийн зээлийг хаасан болох нь хэрэгт авагдсан банкны хуулга бусад баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан гэрч М.Г: ”...Капитал банкны эрхлэгчээр ажиллаж байсан Д.П тэтгэврийн зээл гаргаад уг зээлийг өөрөө авсан болох нь манай төв банкнаас томилогдож ирсэн албан тушаалтны шалгалтаар тогтоогдсон” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

 

Гэрч Д.У “...саяхан манай эгч П чиний нэр дэр хуурамч зээл авсан юм гэж байсан. Би огт зээл авч  байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

 

Гэрч М.О “...2018 оны 11 дүгээр сард П 15,000,000 төгрөг нэг сарын хугацаатай хэрэг болоод байна зээлэх хүн байна уу гэхээр нь хамаатны дүү Отгоогоос 10,000,000 төгрөг аваад би өөрөө 5,000,000 төгрөг нэмээд өгсөн. П зээлсэн мөнгөө хугацаандаа 15,300,000 төгрөг болгоод өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/,

Д.У, Н.З нарын нэр дээр авсан тэтгэврийн зээл, Капитал банкны дансны хуулга баримтууд /хх-ийн 176-187/,

 

Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 83 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн Капитал банкны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2037028531 дугаартай Тэтгэврийн зээлийн гэрээн дээр харилцагч гэсэн хэсэгт Н.З гэсэн гарын үсэг нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн Капитал банкны 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 2037028531 дугаартай Т зээлийн гэрээн дээр харилцагч гэсэн хэсэгт Н.З гэсэн гарын үсэг, Капитал банкны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2018011688500053393, 20181011685800053379 дугаартай кассын зарлагын баримтны доод талд харилцагч гэсэн бичвэрийн ард талд зурагдсан Н.З гэх гарын үсэг нь чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загварт ирүүлсэн гарын үсгийн загвартай зонхилох хэлбэр, хөдөлгөөний маяг, хэмжээ, бичгийн чадвар зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, хэлбэр хэмжээ, чиглэл холболт, байрлал зэрэг элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна” гэх  дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 42-54/,

 

Хэв загвар, дээж авсан тэмдэглэл /хх-ийн 57/,

 

Иргэн Н.З Капитал  банкны дансны хуулга баримтууд /хх-ийн 176/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.П нь Д.У, Н.З нарын нэр дээр зээл авч өөртөө ашиглаад уг байдал нь илэрч болзошгүй нөхцөл байдал тулсан үед З.С хадгаламж барьцаалсан зээл авахуулж дээрх зээлүүд болон М.О авсан 15 сая төгрөгийн зээл бусад өр төлбөрөө хаасан байдал тогтоогдож байх ба энэ нь хохирогч З.С зээл авахуулах үедээ уг зээлийг төлөх бодит боломж Д.П байгаагүйг нотлож байна.

 

Мөн хохирогч З.С шүүгдэгч Д.П нар нь банкны ажилтан үйлчлүүлэгчийн харилцаатай байсан байх ба Д.П нь албан тушаалын нэр нөлөө, харилцагчийн мэдээллийг мэддэг байдлаа ашиглан залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Д.П нь албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл Д.П нь банкны салбарын захирлаар ажиллаж байгаагүй бол З.С итгэл төрүүлэх боломжгүй, хэдий хэмжээний зээл авч болохыг мэдэх боломжгүй байжээ.

 

Шүүгдэгч Н.З хувьд хэдийгээр албан тушаалтан биш ч Д.П албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон тул уг гэмт хэрэгт адил гэм буруутай ба гэмт хэрэгт оролцсон оролцоо, бусад байдлыг харгалзан харилцан адилгүй ял шийтгэл хүлээлгэхэд харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарахаас бус зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй юм.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч З.С хадгаламжаа барьцаалан 30 сая төгрөгийн зээл авч Д.П-д өгсөн бөгөөд уг зээлийг хүүгийн хамт 31,830,000 төгрөгөөр хаасан байх тул өмнө авсан 2,5 сая төгрөг, нийт 34,330,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах үндэслэлтэй байна.

 

30 сая төгрөгийн хүүнд төлөгдсөн 1,830,000 төгрөг нь гэмт хэргийн шууд хохиролд хамаарахгүй боловч хор уршигт хамаарна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон байдал, уг мөнгийг хэн хэрхэн зарцуулсан зэргийг харгалзан Н.З нэр дээр нь байсан зээлийг хаасан хэмжээгээр буюу 7,881,000 төгрөг, Д.П үлдэх 26,449,000 төгрөг гаргуулж  хохирогчид олгохоор шийдвэрлэсэн ба хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг завсарлуулсан үед шүүгдэгч Д.П нь 7,000,000 төгрөг, шүүгдэгч Н.З нь 3,000,000 төгрөгийг хохирогч З.С төлсөн байх тул З.С учирсан хохирлоос хасч шүүгдэгч Д.П 19,449,000 төгрөг, шүүгдэгч Н.З 4,881,000 төгрөг тус тус гаргуулж хохирогч З.С олгох нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Н.З албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэм буруутайд тооцсон тул залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Н.З гэмт хэрэгт оролцсон гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, түүний хувийн байдал /бага насны хүүхэдтэй, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар торгох ялаар шийтгэж, торгох ял биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаанд төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Д.П нь учруулсан хохирлыг гүйцэд нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй байх ба шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, учруулсан хохирлын тодорхой хувийг нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэрэг байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээгээр ял шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул Д.П, Ц.Уу нарын 2003 оны 5-р сарын 23-нд төрсөн хүү У.Ө, 2016 оны 12-р сарын 21-нд төрсөн охин У.А нарыг асран хамгаалахыг эцэг Ц.У даалгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.П авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх авч эдлэх ялыг энэ өдрөөс тоолох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.П, Н.З нарт Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 71, 72 дугаар захирамжаар Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Д.П хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, Ц овогт Н.З хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч үлэмж хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Д.П 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих, Ц овогт Н.З 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.П оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З оногдуулсан 10,000,000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр 277,778 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.П 19,449,000 /арван есөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга/ төгрөг,  Н.З 4,881,000 /дөрвөн сая найман зуун наян нэгэн мянга/ төгрөг тус тус гаргуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-5-57 тоотод оршин суух И овогт З.С-д олгосугай.

 

6.Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж  ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар 2003 оны 5-р сарын 23-нд төрсөн хүү У.Ө, 2016 оны 12-р сарын 21-нд төрсөн охин У.А нарыг асран хамгаалахыг эцэг Ц.У даалгасугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.З авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Д.П, Н.З нарт Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 71, 72 дугаар захирамжаар авсан Монгол Улсын хэлээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан өдрөөс хүчингүй болгосугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Пүрэвнасанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД