Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 21

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч О.О.Г-,

Хохирогчийн өмгөөлөгч С.Чинбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч О.Н.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 1918002170226 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1967 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Баян-Уул аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, урьд 2003 оны 09 сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 20 хоног баривчлах ялаар, 2004 оны 02 сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.2-т зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2017 оны 03 сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 153-р зүйлийн 153.1, 181-р зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн, 2017 оны 07 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1 сая төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн Н.Б-

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Н.Н.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод иргэн О.О.Г-тай маргалдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр  гэх гэмт хэрэгт холбогджээ.  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Н.Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 19:00 цагийн орчим О.О.Г- над руу залгаж, гэртээ байна уу. Би ажлаасаа гарч байна, та хоол хийгээд байж байгаач гэж хэлсэн. Тухайн өдөр над руу 4-5 удаа залгасан байдаг. Би орой 5 цагаас хойш гэрээсээ гараагүй гэртээ амарч байгаад унтсан байна лээ. Шөнийн 23:00 цагийн үед хаалга нүдэхэд, би сэрээд хартал, миний гар утас руу бас олон залгасан байсан. Би гэртээ амарч байсан учир цээж нүцгэн байсан. Харин намайг хаалга онгойлгож өгөхөд О.О.Г- нэлээн халамцуу орж ирээд, хувцсаа тайлаад миний орон дээр унтаад өгсөн. Тэгээд бид хоёр бэлгийн харьцаанд ороод, би унтаад өгсөн байсан. Гэтэл миний цээжийг урах шиг болоход нь сэрээд хартал О.О.Г- хувцсаа өмсчихсөн, чамайг хэнд ч хэрэггүй болгоно гээд миний цээжийг түлхүүрээр сийчээд байсан. Одоо хүртэл сорви нь арилаагүй байна. Би О.О.Г-г суран тэлээгээр хоолойг нь боосон гээд байгаа боловч тийм зүйл болоогүй, О.О.Г- галзуу солиотой хүн шиг над руу дайраад байсан учир би биеэ хамгаалж байсан. О.О.Г-г тайвшрах шинжгүй болохоор нь явуулах гэж хаалга түлхээд хаалгаа хаах гэтэл О.О.Г- гарахгүй гээд хаалганд гараа хавчуулсан. Би утсаар цагдаа дуудаж чадаагүй, О.О.Г-г өөрөө цагдаа дууд гэж хэлж байгаад цагдаа дуудуулсан. О.О.Г- гарнаасаа гарсан цусаа хананд нялсан байсан. Ноцолдож байхдаа миний өмдний тэлээг суга татаж аваад намайг ороолгоод дайрсан. Би бүсийг нь булааж аваад дарсаар байгаад хохирогчийг унтуулсан. Цагдаа орж ирэхэд нь би энэ хүнийг дуудаж сэрээсэн. Энэ хүн урьд нь манай гэрт ирж байгаа гэж хэлдэг боловч бид хоёр бие биенийхээрээ орж гардаг, бие биенийхээ машин тэргийг нь хүртэл барьдаг байсан. 2019 оны 03 дугаар сард О.О.Г- Бодь даатгалд ажиллаж байхдаа танай байгууллага олон техниктэй учир манай даатгалд хамруулах талаар хэлээд өгөөч гэхэд нь би мэдэхгүй гэж хэлж байсан. Намайг машинаа засварт оруулаад өгөөч гэхэд нь би машиныг нь засуулж байсан. Гэтэл намайг огт танихгүй хүн шиг мэдүүлэг өгөөд байдаг юм.  Мөн сумын засаг даргад нэрээ дэвшүүлж байгаа надад туслаач гэхэд нь би сурталчилгааг нь аваад, дарханыг тойрч тусалж байсан. Намайг танихгүй юм бол яагаад манай гэрт 23:00 цагт орж ирсэн болохыг гайхаад байдаг юм. Энэ хэргээс хойш миний сэтгэл санаа маш тогтворгүй байгаа. Байнга цагдаа дээр дуудагдаж очдог. Харин энэ хүн цагдаа дээр ирдэггүй байсан. Цагдаагийн байцаагчид О.О.Г- миний хөл хугарсан гээд байдаг боловч хөлнийх нь хавчаар яс хугарах боломжгүй, би хөлнийх нь зургийг нь дахин авахуулж, гэмтэлийн гэрэг тогтоолгоё гэсэн хүсэлт гаргасан боловч биелүүлээгүй. О.О.Г- манай гэрт орж зүгээр орж ирээд, хазгай ч гишгээгүй шүү дээ. Хохирогч манай гэрт ирэхийн өмнө ажлынхантайгаа шагнал урамшууллаа угааж, архи уусан байсан. Хохирогч манай гэрт 3 удаа ухаан алдаж унасан хүн гээд байгаа, ухаан алдсан болохоо тэр мэдэх боломжтой юу, намайг О.О.Г-д архи шахаад, шилийг нь цонхоор шидсэн гээд байгаа юм. Гэтэл тухайн үед миний согтолтын зэрэг 0,18 хувь гарсан байдаг. Намайг согтоогүй байхад эрүүлжүүлсэн, О.О.Г-гч ч гэсэн эрүүлжүүлсэн, дараа нь эмчийн үзлэгээр оруулахад, О.О.Г- эмч эмэгтэйтэй ярьж байхад сөөнгө хоолойгоор ярьж байсан. Та яагаад Н.Н.Б-гийн гэрт нь очсон юм бэ гээд ярьж байхыг нь сонсож байсан. Харин яагаад манай гэрт очсоноо хэлээгүй. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гарахад О.О.Г- доголсон байсан. Бид хоёр бие биенээ заамдсан зүйл байгаа, би архи уусан байсан нь үнэн, гэхдээ би энэ хүнийг цохиогүй, намайг алах зорилготойгоор боосон гээд байгаа боловч тийм зүйл болоогүй, бид хоёр харьцаанд орсон байсан тул би тэлээгээ тайлаад хаясан байсныг хохирогч өөрөө авсан шүү дээ”

Хохирогч О.О.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.Н.Б- надруу 11:00 цагаас хойш 24 удаа залгасан байдаг юм. Энэ дуудлагын талаар цагдаад хэлсэн учир Н.Н.Б-гээс над руу залгасан дуудлагын талаар шалгасан байх  ёстой. Юнител, Мобикомын дугаараас над руу шүүгдэгч залгасан байдаг юм. Би гар утсан дээрээ байсан дуудлагыг цагдаад үзүүлж байсан. Намайг ажил дээр байхад л хүрээд ирээч гээд залгаад байсан. Би маргааш хөдөө явж ажиллах байсан учир бэлтгэлээ хангаад нэлээн оройтсон, намайг машиндаа бараагаа хийж байхад шүүгдэгч гэрийнхээ цонхоор хараад байсан ба хоол хийчихлээ ороод ир гэсэн болохоор нь гэрт нь ороход шүүгдэгч согтуу, цээж нүцгэн байдалтай байсан. Гэрт нь ортол, хоол хийсэн байна гэсэн мөртлөө хоол, цай байгаагүй, нэлээн согтуу байхаар нь би гарлаа гэхэд намайг гаргахгүй гэсэн. Та одоо яагаад байгаа юм бэ, та согтуу байна шүү дээ дараа уулзъя гээд гарах гээд хаалга руу явтал намайг гаргахгүй гээд, үснээс татаад хаалга хаахдаа миний хурууг хаалганд хавчуулаад тасалсан. Миний гараас цус гараад байсан учир цусаа тогтоохоор, цэвэрлэе гээд би гал тогоонд нь сууж байсан, гар хавчаад цус гаргасан учир надад гар боох юм авч өгөх байх гэж бодож байтал чиний наад нүдийг чинь сохолчихъё гээд миний нүдрүү хатгасан, би айсандаа балмагдаад хэсэг суусан. Чамайг яасан ч яадаг юм бэ гээд, энэ том хүн над руу дайрахад нь би амиа хамгаалахаар, ноцолдсон, нэлээн ноцолдсоны дараа, тэлээгээ авахаар явахад нь би гар утсаа аваад цагдаа руу залгаж дуудлага өгсөн. Шүүгдэгч тэлээгээ авч ирээд миний хоолойг боогоод дээр гарчихсан, тухайн үед амь тэмцэж байгаад халаасандаа байсан машиныхаа түлхүүрээр шүүгдэгчийн гар хүрэх газраа сийчсэн юм. Эхлээд намайг дээш нь харуулсан байдалтай тэлээгээр боосон байсан, би амь тэмцэж байгаад доошоо харахад тэлээгээ миний хоолойг бүтэн ороогоод, миний нуруун дээр өвдөглөж, татаад, энэ муу ямар үхдэггүй юм бэ гээд татаад байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирээд хаалга нүдэхэд, шүүгдэгч намайг жижиг өрөөндөө авч ороод, хутга бариад чамайг дуугарах юм бол ална шүү гэхэд нь би ямар ч байсан цагдаа ирсэн юм чинь хаалга эвдээд ч болтугай ороод ирэх байх, намайг дуугарлаа гээд энэ хүн алчихаж магадгүй гэж бодоод би юу ч дуугараагүй. Цагдаа хаалга тогшиж байгаад чимээгүй болчихсон, энэ үед шүүгдэгч миний хоолой боож намайг ухаан алдуулсан байсан. Ухаан ороогүй байхад миний толгой руу өшиглөсөн байна лээ. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ам руу юм цутгаад, хоолой дээр юм тээглэхэд би сэрсэн. Тухайн үед цагдаа нар хаалга эвдээд орж ирж байсан юм билээ, тэр хоолой руу архи цутгаж, архины шил намайг огиулаагүй бол би сэрэх байсан эсэхийг мэдэхгүй байна. Цагдааг орж ирэхээс өмнө шүүгдэгч урт хүзүүтэй миний ам руу цутгаж байсан архины шилийг цонхоор шидчихээд, цагдаа нарт хаалгаа онгойлгож өгсөн. Би шүүгдэгчийн гэрт орохдоо машиндаа цүнх зэрэг эд зүйлээ үлдээгээд, гар утас, машины түлхүүрээ аваад, цахилгаан шатанд суугаад 8 давхарт бууж, 9 давхар луу алхаж гарсан, ямар нэгэн гэмтэл надад байгаагүй, би гар утсаа аваад, цагдаа дуудсан дуудлагаас хойш 1 цаг 40 минутын дараа утсаа үзсэн учир ойролцоогоор тэр хугацаанд ухаангүй хэвтэж байсан гэж бодож байна. Миний хувьд цагдаа дээр ирээд, ярих гэхэд хоолой дуугарч болохгүй таг болсон учир ярьж чадаагүй, маргааш нь мэдүүлэг өгсөн. Би бөөрний өвчтэй болохоос хоолойн өвчин бол байхгүй. Мөн түүнчлэн шүүгдэгч тэлээг сүүлд авсан гээд байгаа боловч цагдаа дээр ирсэн эхний өдөр таны хоолой боосон тэлээ мөн үү гэж асуугаад мөн гэж хэлэхэд хурааж авсан. Миний анх удаа өгсөн мэдүүлэг өөрчлөгдөөд байсан зүйл байхгүй. Би хүний эрхэнд орсон, намайг ийш тийш нь авч шидээд байхад эдний ханан дээгүүр цус болсон байна лээ. Хэрэв надаас өөр туранхай хүн байсан бол үхэх байсан байх. Миний хоолойг боосон талаар эмнэлгийн магадлагаа гарсан. Би шүүгдэгчийн гэрээс гарахад явж чадахгүй, газар унасан, явах гэхэд хөл болохгүй байсан. Би аймаар цус болсон байсан тул дуудлагаар ирсэн цагдаа хүртэл надад хүрч, тусалж чадахгүй байсан. Би эмнэлэг дээр очихдоо ярьж чадахгүй очсон шүү дээ, дохиогоор ярьж эмчтэй ойлголцож байсан. Эмнэлэг дээр очиж гартаа оёдол тавиулж, цагдаа дээр очиж мэдүүлэг өгч чадахгүй байсан боловч амьд гарсан учиртай ямар ч байсан учир нь олдох байх гэж бодож байсан. Би боолгуулсны улмаас юм ярьж чадахгүй, 1 сар гаруй хугацаанд дуу хоолойн өнгөний эмчилгээ хийлгэсэн байдаг юм. 1 сар орчмын дараа ярьж эхэлсэн ба бамбай булчирхай цочирсон байна гэж эмч хэлж байсан. Би амь тэмцэж, халааснаас түлхүүр гарч ирэхэд нь би шүүгдэгчийн биеийг сийчсэн, шүүгдэгч намайг боож, яагаад үхдэггүй юм бэ гэж хэлэхэд нь би үхэж болохгүй шүү дээ, 2 хүүхэдтэй хүн шүү дээ гэж хэлж байсан. Цагдаа нарт хаалга эвдлээ шүү дээ гээд, шүүгдэгч өөрөө хаалга тайлж өгсөн. Цагдаа нарын мэдүүлгээр намайг согтуу байсан гэж хэлэх нь аргагүй шүү дээ миний улаан хоолой руу архи цутгаж, архины шил хийсэн, би юм ярьж чадахгүй байсан юм шүү дээ. Сүүлд мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар миний хоолой наалдсан байсныг архи салгаж та амьд үлдсэн байна лээ гэж хэлж байсан. гэв.

 

Эрүүгийн  1918002170226 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Н.Н.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 16-ны орой 19 цагийн орчим О.О.Г- миний 993**890 дугаарын гар утас руу залгаад “чи гэртээ байна уу? би одоо ингээд очлоо хоол хийгээд байж байгаач” гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь би хоол хийгээд О.О.Г-г хүлээж байгаад нэг мэдсэн чинь унтсан байсан. Ингээд 23 цагийн орчим О.О.Г- манай гэрийн хаалгыг тогшоод миний гар утас давхар дуугараад би сэрсэн бөгөөд утсаа харсан чинь О.О.Г- миний утас руу 4-5 удаа залгасан байсан. Ингээд би хаалгаа тайлаад О.О.Г-г гэртээ оруулсан бөгөөд О.О.Г- нэлээн согтуу байсан. О.О.Г- манай гэрт орж ирээд за одоо унтья, сая нэг хэдэн хүнээс салах гээд удчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би хоол хийсэн идэхгүй юм уу гэж асуусан чинь за одоо хоол ундаар яахав яршиг гээд шууд миний унтаж байсан унтлаганы өрөөний орлуу бүх хувцсаа тайлаад орсон. Би ч гэсэн орлуугаа ороод О.О.Г- бид хоёр бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би хэсэг дуг хийгээд сэрсэн чинь О.О.Г- хувцсаа өмссөн байсан бөгөөд гэнэт надруу дайраад чамайг би хэнд ч хэрэггүй болгоод өгье гээд гартаа барьсан машины түлхүүрээрээ миний цээжийг сийчсэн бөгөөд унтлаганы өрөөний тумбучкин дээр байсан аяга, халбага над руу авч шидээд гал тогооны өрөө рүү ороод шургуулганаас хутга авах гээд байхаар нь би араас нь очоод хоёр гартай нь хамт тэвэрч аваад үүд рүү гаргах гээд өргөсөн чинь О.О.Г- газар суучихаад босохгүй байсан. Тэгэхээр нь би түлхэж унталаганы өрөө рүү оруулаад за чи цагдаа дууд гэсэн чинь О.О.Г- би цагдаа дуудна миний аав Очирбат гэж цагдаагийн дарга байсан гэж хэлээд өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би О.О.Г-г орон дээр дарж байгаад унтуулсан юм. Би О.О.Г-г унтуулсныхаа дараа гэрээ цэвэрлэж байсан чинь хаалга тогшихоор нь очоод хаалгаа тайлсан чинь цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг /хх 34/,

 

            Хохирогч О.О.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.Б- хаалгаа чанга татаж хаасан. Тэгэхэд миний гар хаалганд хавчуулагдаад миний гарнаас цус гарч эхэлсэн. Тэгээд би буцаад гал тогооны өрөөнд нь ороод сандал дээр суугаад гараа сэгсэрсэн чинь миний цус гал тогооны хана, таазанд цацарч наалдсан. Тэгсэн чинь Н.Б- яасан ухаад хаячихмаар нүдтэй юм бэ гэж хэлээд миний хоёр нүд рүү хоёр хуруугаа хийхээр нь доошоо болоод нүдээ дараад гарах гээд ухас хийсэн чинь Н.Б- миний үснээс татаж газар унагачихаад жижиг өрөө рүүгээ явсан. Тэгэхээр нь утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд Н.Б- жижиг өрөөнөөс гарч ирээд миний утсыг надаас булааж аваад газар шидсэн бөгөөд Н.Б- өмдний тэлээ гаргаж ирээд миний хоолойг боох гээд дайраад байсан. Би эсэргүүцэл үзүүлж гартаа барьсан машины түлхүүрээрээ Н.Б-гийн цээжийг урсан. Гэтэл Н.Б- намайг цааш нь харуулж байгаад миний араас өмдний тэлээгээр боогоод миний нуруун дээр өвдөглөж байгаад миний хоолойд өмдний тэлээгээр 2 ороож байгаад намайг ухаан алдуулсан. Би ухаан алдахынхаа өмнө битгий намайг алаач дээ гэж зөндөө гуйсан боловч чи муу яасан үхдэггүй юм бэ гээд боогоод байсан. Ингээд би нэг сэрсэн чинь жижиг өрөөний шалан дээр хэвтэж байсан бөгөөд Н.Б- миний ам руу архи цутгаад би архиар нь хахаж цацаад сэрсэн бөгөөд цутгасан архиныхаа шилийг Н.Б- цонхоор шидэж байсан. “... Миний биед үүссэн дээрх бүх гэмтлийг Н.Б- учруулсан. Миний зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтлийг Н.Б- миний араас үсдэж газар унагаах үед би зүүн хөлөө дарж унасан. Би өөрөө 95 кг жинтэй хүн тэгэхэд л миний зүүн хөлийн гадна хавчаар яс хугарсан. Миний биед үүссэн дууны хөвчний бүрэн бус саажилт, хүзүүн хоолойн дахь дарагдлын ором нь Н.Б- намайг өмдний тэлээгээр бооход учирсан. Нүүр 2 нүдний салстын цус хуралт гэмтлийг Н.Б- миний хоёр нүд рүү баруун гарынхаа долоовор дунд хурууг хийхэд үүссэн. Баруун гарын 3-р хурууны шарх гэмтлийг Н.Б- миний гарыг хаалганд хавчуулж учруулсан” гэх мэдүүлэг /хх 27-28/,

 

            Гэрч О.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ахлах ахлагч У.Э-бид хоёр 14-р байрны захын орцонд ороод 9 давхар хүртэл айл болгоны хаалгыг шалгаж үзэхэд 9 давхарт нь цусны дусал байсан бөгөөд уг цусны дусал нь 34 тоот айл руу орсон байхаар нь 34 тоот айлын хаалгыг чагнаж үзэхэд эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Тэгээд хаалгыг нь тогшиход эмэгтэй хүний орилох чимээ гарахгүй чимээгүй болсон. Тэгэхээр нь хаалгыг нь улам чанга тогшиход огт хаалгаа тайлахгүй цаана нь хүн дуугархаа больсон. Ахлах ахлагч У.Э- бид хоёр 10-15 минут орчим тогшоод цагдаа байна, хаалгаа онгойлго гэж орилсон. Тэгэхэд ямар ч чимээ аниргүй таг болсон. Тэгэхээр нь ерөнхий жижүүр лүү мэдэгдээд ерөнхий жижүүр прокурорын зөвшөөрөл аваад хаалгыг нь эвдэж оръё эргээд мэдэгдье гэж хариу өгсөн юм. Ингээд удалгүй жижүүрийн офицер Шинэбаяр, эрүүгийн мөрдөгч О.Э- нар ирсэн бөгөөд хаалгыг нь эвдэх гэж оролдсон би 8 давхрын айлын тагтаар дамжиж дээшээ орох гээд доод айлын тагтан дээр зогсож байхад хаалга онгойх чимээ гарсан тэгэхээр нь буцаж буугаад дээшээ 9 давхрын 34 тоотод яваад орход 2 өрөө байр байсан бөгөөд уг айлын үүдний хэсгийн хана, унтлагын өрөөний хана, гал тогооны хана, том өрөөний хана цус болсон байсан бөгөөд нэг өндөр эрэгтэй доогуураа жинсэн өмдтэй, дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэй хүн “энэ хүүхэн галзуу хүүхэн байна, түлхүүрээр миний цээжийг ураад орц руу гаргасан чинь буцаж орж ирэх гэхээр нь хаалгаа хаасан чинь хаалганд гараа хавчуулчихсан, би гэрт оруулж ирээд тайвшруулах гээд орон дээр дарж хэвтэж байтал ашгүй та нар ирлээ” гэж ярьж байсан. Жижиг өрөөнөөс нэг эмэгтэй хүн гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэйгийн хоолой нь гарахгүй сайн ярьж чадахгүй байсан ба тэр эрэгтэй намайг зодоод хоолой боосон гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх 36/,

 

            Гэрч О.Ш- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...34 тоот хаалганы цоожны бариулыг авахад дотроос нь дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн хаалга тайлсан юм. Тэр эрэгтэй хүний цээжний хэсэг зулгарсан байсан бөгөөд уг айлын хана тааз нь цус мэт хүрэн улаан өнгийн зүйл цацарсан байдалтай байсан. Унтлагын өрөөнөөс нэг эмэгтэй гарч ирсэн бөгөөд тэр эмэгтэйгийн хоолой нь гарахгүй сөөнгө ярьж байсан бөгөөд хүзүү нь улайсан дарагдлын оромтой байсан юм. Анх хаалга онгойлгож өгсөн эрэгтэй “ашгүй цагдаа нэр ирлээ энэ хүүхэн намайг алах гэж байна ямар аймар хүүхэн бэ би яг алуулах гэж байна” гэж ярьж байсан. Харин эмэгтэй нь “энэ эрэгтэй намайг боогоод ухаан алдуулсан, би алуулах гэж байна” гэж ашгүй цагдаа ирлээ гэж ярьж байсан /хх 39/,

 

            Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 4-р сарын 03-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 450 000 төгрөг байна” /хх 50/,

Капитал зууч ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар 169 000 төгрөг байна” /хх 56/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.О.О.Г-гийн биед зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү хоолойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

4.О.О.Г-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 43/,

 

Шинжээч эмч Д.Туяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би О.О.Г-гийн биед Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт биечлэн очиж үзлэг хийснээс гадна Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2983 тоот өвчний түүх, ясны рентген зургийг үндэслэн дүгнэлт гаргасан юм. О.О.Г-гийн биед үүссэн зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шинэ гэмтэл гэдэг нь О.О.Г-гийн рентген зургаас хархад зүүн хөлийн хавчаар ясны ташуу байрлалтай зөрүү багатай битүү хугаралтай шинэ гэмтэл байсан бөгөөд О.О.Г- нь зүүн хөлөндөө гөлтгөнөн /гипс/ боолттой байсан. О.О.Г-гийн биед үүссэн гэмтэл нь тэлээгээр бооход үүсэх боломжтой гэмтэл юм. Би О.О.Г-гийн биед үзлэг хийхэд О.О.Г-гийн хүзүү хоолойны өмнө, 2 хажуу, ар хэсэгт хөндлөн байрлалтай, зарим хэсэгт бор өнгийн нимгэн тав тогтсон зулгаралт бүхий дарагдлын оромтой тэлээгээр бүтэн ороож боосон байж болох гэмтэл байсан. О.О.Г-гийн биед үзлэг хийхэд О.О.Г-гийн баруун гарын 3-р хурууны дотор хэсэгт хөндлөн байрлалтай мэс заслын оёдлууд бүхий, зах ирмэг тэгш бус шархтай гэмтэлтэй байсан дээрх гэмтэл нь хаалганд хавчуулагдахад үүсэх боломжтой гэмтэл юм. О.О.Г-гийн биед үүссэн хоёр нүдний салстын цус хуралт гэмтэл нь нүдэнд гадны биет орох, амьсгал бүтэлт буюу дарагдлын улмаас үүсэх гэмтэл юм гэх мэдүүлэг /хх 48/,

 

Шүүгдэгч Н.Н.Б-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 71, 75-81/, Шүүгдэгч Н.Н.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 73/,

Шүүгдэгч Н.Н.Б-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт, тээврийн хэрэгслийн лавлагаа, О.О.Г-гийн учруулсан гэх гэмтлийг харуулсан фото зураг /хх 86-92/,

Хохирогч О.О.Г-гийн эрүүл мэндийн картын хуулбар, эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх, эмчилгээний зардалтай холбоотой баримтууд, Бодь даатгал ХХК-ийн захирлын тодорхойлолт, Н.Н.Б-гийн учруулсан гэх гэмтлийг харуулсан фото зураг /хх 93-114/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Н.Б- нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, 12-р баг, 14-р байрны 34 тоотод хохирогч О.О.Г-г “хоол идээд яв, гэрээсээ гаргахгүй” гэж маргалдан улмаар түүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд халдан хүч хэрэглэн зодсоны улмаас биед нь зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал, дууны хөвчний бүрэн бус саажилт, тархи доргилт, баруун гарын 3-р хуруун дахь шарх, хүзүү хоолойн дахь дарагдлын ором, нүүр, 2 нүдний салстын цус хуралт бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Н.Н.Б- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Н.Б-, түүний өмгөөлөгч Л.Оюунсувд, Ө.Өлзиймаа нар хохирогчид учирсан зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтлийг учруулаагүй, цаг хугацааны хувьд хэрэг учралын үед үүссэн байх боломжгүй, эргэлзээтэй гэж мэтгэлцсэн боловч хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтаар үйл баримтыг хөдөлбөргүй нотлон тогтоосон байна. Үүнд:

 

Хохирогч О.О.Г-гийн ...”...Н.Б- ах намайг үсдэж газар унагаасан. Тэгэхэд миний зүүн хөлийн шагай орчим их хүчтэй өвдсөн бөгөөд босох гэтэл хөл өвдөөд босож чадахгүй байсан учраас хаалга руу мөлхөж байхад Н.Б- ах жижиг өрөөндөө ороход нь би цагдаад дуудлага өгч амжсан” гэх мэдүүлгээр,

 

 

 

Шинжээч эмч Д.Т-...”би О.О.Г-гийн биед Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт биечлэн очиж үзлэг хийснээс гадна Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2983 тоот өвчтний түүх, ясны рентгэн зургийг үндэслэн дүгнэлт гаргасан юм. О.О.Г-гийн биед үүссэн зүүн хөлийн шилбэний гадна хавчаар ясны битүү хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Шинэ гэмтэл гэдэг нь О.О.Г-гийн рентгэн зургаас харахадзүүн хөлийн хавчаар ясны ташуу байрлалтай зөрүү багатай битүү хугаралтай шинэ гэмтэл байсан бөгөөд О.О.Г- нь зүүн хөлөндөө гөлтгөнөн боолттой байсан” гэх мэдүүлэг /1хх-48/,

            Амбулаториор эмчлүүлэгчдийн картанд... 2019.03.18-ны өдөр “зүүн шагай хөхөрч хавдсан” /1хх-93/

            Өвчтний түүхэнд...хөлний джитал зураг авахуулах заалт байх бөгөөд оношийн үндэслэл хэсэгт зүүн хөлийн шагайн үеэр бага зэрэг хавдсан хөлөнд гидсэн боолттой. R0 –д гадна хавчаар яс... зөрөө багатай” гэжээ.

 

            Гэрч О.Г- 2019 оны 07 сарын 18-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”тухайн үед /шүүгдэгч/ О.О.Г- нь хөлөн дээрээ явж чадахгүй эмзэглээд байсан. Миний бие О.О.Г-г доошоогоо буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /2019,07,18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл 1хх-208/

 

            Гэрч О.Ш- 2019 оны 07 сарын 18-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...”Тухайн үед О.О.Г- шатаар буух үед хөл нь доголсон байдалтай байсан гэв” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл 1хх-206/ зэрэг болно.

 

            Дээрх мэдүүлэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлгийн нотлох баримт бөгөөд нотлох баримтаар үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах үндэслэл тогтоогдоогүй тул үнэн зөвд тооцож шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

            Шүүгдэгч Н.Н.Б-гийн гэм бурууг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч О.О.Г- нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2 270 830 төгрөг нэхэмжилсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эм тарианы зардал, ор хоногийн төлбөр зэрэгт 695288 төгрөг, эд хөрөнгийн хохирол 450000 төгрөг нийт 1.145.288 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажилгүй байсан хугацааны цалин-760000, элэгний архаг шинжилгээ41600 төгрөг, эко ногоон ургамлын үнэ “60000 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Учир нь: ажилгүй байсан хугацааны цалин тооцон гаргахад хөдөлмөрийн чадвар алдалт хэдий хугацаанд үргэлжилсэн, Нийгмийн даатгалын сангаас хэдэн хувиар тэтгэмж олгогдсон эсэх нь тодорхой бус байх тул шийдвэрлэх боломжгүй байна. Зүрхний хэрх болон хавхлагын эмгэг -243000 төгрөгийн баримт нь он сар өдөр тодорхойгүй, Энхийн тун эмийн сангийн 24000 төгрөгийн баримт нь гэмт хэрэг үйлдэгдэн гарахаас өмнөх хугацааных байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Н.Б- “Эко алт” ХХК-д операторчин, гэмт хэрэгт холбогдоод чөлөөтэй байгаа, торгох ял оногдуулж өгнө үү” гэх,

Өмгөөлөгч Л.Оюунсувд, Ө.Өлзиймаа нараас... “2000 нэгжтэй тэнцэх буюу 2000000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: Шүүгдэгч Н.Н.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, “Эко алт” ХХК-д оператор ажилтай гэх боловч хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг нотолсон нотлох баримт ирүүлээгүй, цалин хөлс түүнтэй адилтгах орлого олдог гэх үндэслэл тогтоогдоогүй тул торгох ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд орших тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Н.Б-гийн хүрэн бор өнгийн арьсан тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч О.О.Г-гийн рентген зураг 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-г 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н.Б-гээс 1.145.288 төгрөг гаргуулж хохирогч О.О.Г- олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 267.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин 760.000 төгрөг, эмчилгээний зардал 101.600 төгрөгийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Н.Б-гийн хүрэн бор өнгийн арьсан тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч О.О.Г-гийн рентген зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н.Б-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ