Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0075

 

   

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Б.Б, Д.Д, хариуцагч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэртэй, “М” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Татварын газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарт тус тус холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрээр:

1. Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 13 дугаар зүйлийн 13.6, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ын гаргасан “Нийслэлийн татварын газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б Д.Днарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 220180014 тоот актыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн 8-р талд "...Гомдол гаргагч хуулийн этгээд өөрийн оноосон нэрээ өөрчилсөн өөрчлөлтийг харьяа татварын албанд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш бөгөөд ийнхүү оноосон нэрээ өөрчилсөн явдал нь тухайн татвар төлөгч хуулийн этгээдийг нөхөн татвараас чөлөөлөх цаашлаад зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй..." гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа нөхөн татвараас чөлөөлөгдөх, хариуцлагаас чөлөөлөгдөх тухай байдлаар тодорхойлоогүй бөгөөд 2007 онд үүсгэн байгуулагдахдаа "И" ХХК нэртэй байсан компани 2014 оны 01 сарын 14-ний өдөр “М" ХХК оноосон нэртэй болсон байхад хариуцагч нар 2018 онд шийтгэлийн хуудас бичихдээ яагаад хуучин нэрээр нь буюу "И" ХХК нэртэй байсан компани 2015 оны 01 дүгээр 14-ний өдөр “М” ХХК оноосон нэртэй болсон байхад хариуцагч нар 2018 онд шийтгэлийн хуудас бичихдээ яагаад хуучин нэрээр нь буюу “И” ХХК-аар захиргааны акт гаргасан нь ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай гэж Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээр бол хуулийн этгээд оноосон нэрээ өөрчилснөө татварын албанд бүртгүүлээгүй бол тухайн хуулийн этгээд хуучин нэрээрээ явах ёстой гэж ойлгогдохоор байна. Гэтэл гомдол гаргагч тал хариуцагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2011 оны 03 сарын 16-ны өдрийн "И" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ өгсөн байдаг энэ хэрэгт авагдсан бөгөөд уг гэрчилгээний ар талд 7-д "И оноосон нэр М ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэв 2014.01.14" гэсэн бүртгэл байсан.

Уг гэрчилгээг хариуцагч нар захиргааны акт гаргахдаа гаргуулан авч хавсаргаж, мэдсэн атлаа яагаад "И" ХХК нэрээр шийтгэлийн хуудас бичсэн нь ойлгомжгүй, мөн анхан шатны шүүх үүнд ямар ч хууль зүйн дүгнэлт ерөөсөө хийгээгүй байна. Энэ нь Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт "Хуулийн этгээд өөрийн нэртэй байна.", 27.5 дахь хэсэгт "Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ.", Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт "Компанийн оноосон нэр нь бусад компани, өөр хуулийн этгээдийн оноосон нэртэй давхардаагүй байх бөгөөд компани оноосон нэрээ бүртгэх байгууллагад бүртгүүлснээр түүнийг хэрэглэх онцгой эрхтэй болно." гэж тус тус заасан заалтуудыг зөрчиж, гомдол гаргагч талын зүгээс хуулийн дагуу оноосон нэрээ өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад өөр нэрээр захиргааны акт гаргаж, захиргааны актыг гүйцэтгэхийг нэхэмжлэгчээс шаардаж байгаа нь илт хууль бус гэж үзэж байгаа болно.

2. Мөн шүүхийн дээрх дүгнэлтээр оноосон нэрний өөрчлөлтийг хийлгэснээс хойш 20 хоногийн дотор татварын албанд бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн хохь, татварын албан бүртгүүлээгүй юм чинь хуучин нэрээр нь захиргааны акт гаргах нь хариуцагч нарыг зөв гэж ойлгогдохоор байна. Оноосон нэрний өөрчлөлтөө татварын албанд бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу мөн боловч энэ тохиолдолд Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/06 дугаар тушаалаар батлагдсан "Татвар төлөгчийг бүртгэх журмын 8.4-т "Татвар төлөгч өөрийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийг журамд заасан хугацаанд харьяалагдах татварын алба, гэрчилгээ олгосон байгууллагад мэдэгдээгүй, орсон өөрчлөлт нь татварын хяналт шалгалт, татварын тайлангаар болон бусад хэлбэрээр илэрсэн тохиолдолд татварын албад тухайн аж ахуйн нэгж. байгууллага, иргэнд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, ТБ-06 маягтыг хөтлүүлэн гэрчилгээ, мэдээллийн бааз, хувийн хэрэгт өөрчлөлт хийнэ" гэж заажээ. Хариуцагч буюу татварын алба нь журмын дээрх заалтыг хэрэгжүүлээгүй байхад дан ганц нэхэмжлэгчийг буруутгаж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

3. Хэрэгт цугларсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан 2011 оны 03 сарын 16-ны өдрийн "И" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг зарим баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байсан бөгөөд миний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас нотлох баримтын шаардлага хангасан баримтуудыг гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргасан боловч шүүх хүлээж авалгүй хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 12.1.2-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 05-ны өдрийн 128/ШШ2020/0734 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3заасны дагуу захиргааны хэргийг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          “М” ХХК-иас “Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 220180014 дугаар шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нарт холбогдуулан гаргажээ.

          Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, Д.Д нараас “Шарцэхээ тэньда” ХХК-ийн 1802000030 дугаартай зөрчлийн хэргийг шалгах явцад шалгалтаар гомдол гаргагч “И” ХХК нь “Ш” ХХК-иас 2014 онд 0014613153, 0014613154, 0014613156 дугаартай падаанаар 137,272,726.40 төгрөгийн худалдан авалтыг бодитоор хийж, бараа ажил, үйлчилгээг аваагүй, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс авсан бараа, ажил үйлчилгээндээ хуурамч хий бичилттэй падаан болон бусад холбогдох анхан шатны баримтыг бүрдүүлсэн, эдгээр баримтад бүртгэгдээгүй байхад албан татвар ногдуулах орлогыг бууруулсан, нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар татвараас хасч тооцсон гэж үзжээ.

          Энэхүү шалгалтаар 137,272,726.40 төгрөгийн зөрчилд 13,727,272.60 төгрөгийн нөхөн татвар, 4,118,181.7 төгрөгийн торгууль, 6,863,636.3 төгрөгийн алданги оногдуулснаас, 10,981,818 төгрөгийн торгууль алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан чөлөөлж,  13,727,272.60 төгрөгийн нөхөн татварыг төлөхийг холбогдогч компанийн захирал З.Итгэлтэд   даалгажээ.

          Гомдол гаргагч “М” ХХК-иас маргаан бүхий шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлтэй маргаагүй харин компанийн өөрчилсөн нэрээр шийтгэлийн хуудсыг бичээгүй хариуцагчийн үйлдэл нь уг шийтгэлийн хуудсыг ойлгомжгүй, утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус учир илт хууль бус захиргааны акт гэж маргажээ.

          Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/06 дугаар тушаалаар батлагдсан Татвар төлөгчийн бүртгэх журмын 8.4-т “татвар төлөгч өөрийн үйл ажиллагаанд орсон өөрчлөлтийг журамд заасан хугацаанд татварын албанд мэдэгдээгүй, энэ өөрчлөлтийг бүртгүүлээгүй нь татварын хяналт шалгалтын явцад илэрсэн тохиолдолд татварын албад тухайн хуулийн этгээдэд хариуцлага тооцож, хувийн хэрэгт өөрчлөлт хийх” гэж заасны дагуу хариуцагч улсын байцаагч нараас хяналт шалгалтын явцад зөрчилд холбогдогч “И” ХХК нь  нэрээ өөрчилсөн гэдгийг мэдсэн боловч зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн хувийн хэрэгт өөрчлөлт хийгээгүй гэдэг нь тогтоогдож байна.

          Хэдийгээр зөрчил хянан шалгах ажиллагаа явуулахаас өмнө гомдол гаргагч компани нь “И” нэрээ “М” болгон өөрчилсөн байсан, үүнийг хариуцагч улсын байцаагч нар нь мэдэж байсан атлаа дээр дурдсан журамд заасны дагуу хувийн хэрэгт өөрчлөлт оруулаагүй, улмаар маргаан бүхий шийтгэлийн хуудсыг тус компанийн өмнөх “И” нэрээр шийтгэлийн хуудсыг гаргасан алдаа гаргасан гэдгээ хариуцагч улсын байцаагчаас хүлээн зөвшөөрч байгаа боловч давж заалдах гомдолд дурдсанаар маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.4-д заасан гүйцэтгэх этгээд тодорхой бус шинжүүдийг агуулсан илт хууль бус захиргааны акт бөгөөд уг актыг анхнаасаа хүчин төгөлдөр бус, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

          Учир нь гомдол гаргагч компанийн татвар төлөгчийн регистрийн дугаар өөрчлөгдөөгүй тул “И” нэрээ “М” болгон өөрчлөгдсөн байдлаас шалтгаалж хариуцагч улсын байцаагч нараас шалган тогтоосон татварын зөрчлийг гомдол гаргагч “М” ХХК үйлдээгүй, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан нөхөн татварыг тус “М” ХХК-ийг төлөх этгээд биш гэж үзэх үндэслэлгүй юм.

          Тодруулбал, шийтгэлийн хуудсанд гомдол гаргагч компанийн өмнөх нэрийг бичсэн алдаанаас шалтгаалж гомдол гаргагч компанийг татварын зөрчлийг хүлээх этгээд, нөхөн татварыг төлөх үүрэгтэй татварын албанд бүртгэлтэй татвар төлөгч биш гэж үзэх аливаа андуурал гарах, түүнийг “М” ХХК нь гүйцэтгэхгүй байх тодорхой бус байдлыг бий болгосон эрх зүйн үр дагавар үүссэн гэх үндэслэлгүй, татварын албанд бүртгэлтэй байгаа татвар төлөгчийн дугаарын дагуу тус компани шийтгэлийн хуудсаар оногдуулсан нөхөн татварыг төлөх үүрэг үүснэ.

          Мөн Татварын ерөнхий (2008 оны) хуулийн 13 дугаар зүйлийн 13.6татвар төлөгч нь хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрт өөрчлөлт орсноос хойш ажлын 20 өдрийн дотор татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэхээр заасны дагуу гомдол гаргагч компани нь татвар төлөгчийн хувьд өөрийн компанийн өөрчлөгдсөн нэрийг татварын албанд мэдэгдэж, татварын албанд бүртгэлтэй хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байгааг дурдах нь зүйтэй.

          Гомдол гаргагчаас шүүх хуралдааны явцад гаргасан “нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан Улсын бүртгэлийн газраас гаргуулах” хүсэлтийг анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасны дагуу “гомдол гаргагчийн хүсэлтэд дурдсан баримт нь талуудын тайлбар болон гомдол гаргагчийн гарган өгсөн баримтуудаар нэгэнт илэрхий үйл баримт учир давхардуулан баримт гаргуулах шаардлагагүй” гэсэн үндэслэлээр шийдвэрлэснийг[1] давж заалдах гомдолд дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

          Тодруулбал, хэрэгт “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ[2], зөрчлийг шалгасан тэмдэглэл[3], гомдол гаргагч компанийн захиралтай ярилцсан ярилцлагын тэмдэглэл[4], шийтгэлийн хуудас[5], гомдол гаргагч болон хариуцагчийн хариу тайлбар[6] зэрэг нотлох баримтын шаардлага хангасан баримтуудаар “И” ХХК нь нэрээ 2014 оноос “М” ХХК болгон өөрчилж, энэ нь улсын бүртгэлд бүртгэлтэй гэдэг нь тогтоогдож байхад давхардуулан энэхүү нөхцөл байдлыг тодруулах нотлох баримтыг гаргуулах шаардлагагүй, гомдол гаргагчийн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан  зэргээс  анхан  шатны  шүүх

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

          Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 734 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 71 дэх тал

[2] Хэргийн 9 дэх тал

[3] Хэргийн 14 дэх тал

[4] Хэргийн 36 дахь тал

[5] Хэргийн 11-12 дахь тал

[6] Хэргийн 32-33 дахь тал