Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0098/З |
Дугаар | 744 |
Огноо | 2017-10-16 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 744
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Халиуна нарын шүүх бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: С.Э ,
Хариуцагч: Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн С.Э д холбогдох “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах, төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүүг олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх”
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: “Миний бие Сарангэрэлийн Э нь 1990 онд МУИС-ийн БУФ-ын химийн ангийг химич мэргэжлээр төгсөж, Байгаль орчны шинжилгээний төв лабораторид 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, Цаг уур, орчны шинжилгээний газрын Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албанд 2006 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мэргэжилтнээр, 2010 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус газрын Салбарын бодлого, төлөвлөлтийн хэлтэст орчны хяналт шинжилгээ хариуцсан мэргэжилтнээр, 2013 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тус газрын Орчны шинжилгээний хэлтэст орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан. Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуульд сурч 2010 онд төгссөн. Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг 2006 онд өргөж, төрийн жинхэнэ албан хаагчаар 11 жил ажилласан ба ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргаагүй байсан.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 дугаар тушаалаар Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлагдсанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А/81 дүгээр тушаал гаргаж миний биеийг 1 дүгээр хавсралтаар (17) чөлөөлсөн. Улмаар тэр өдрөө буюу 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 дугаар тушаал гаргаж тушаалын үндэслэх хэсэгт “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар тогтоол, “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоол, “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаалыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 дахь удаагаа дахин чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн хууль бус шийдвэрүүдийг гаргаж миний ажиллах хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, эрхийг ноцтой зөрчиж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтэц, чиг үүргийн өөрчлөлтөөр С.Э миний ажиллаж байсан “Орчны шинжилгээний хэлтэс”-т харьяалалтай орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ ажлын байр “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээ хэлтэс”-т Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан ажлын байр болсон ч ажлын байрны чиг үүрэг, миний ажиллаж байсан ажил хэвээр хадгалагдаж байгаа юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан тус агентлагийн үйл ажиллагааны стратеги, чиг үүрэг, орон тоо хэвээр байсаар байтал миний биеийг төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагч болгон эрх зүйн статус бууруулсан, мөн цалин хөлс буурч надад бодит хохирол учирч байгаа тул Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолуудыг ноцтой зөрчиж гаргасан хууль бус тушаалын С.Э д хамаарах хэсгийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, цалин бууруулсан цалингийн зөрүүг олгуулах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг болон мөн өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, Улсын сүлжээ, уур амьсгалын даргын албан тушаалд томилуулах, цалингийн зөрүү олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/32 тоот тушаалаар “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр” батлагдсанаар Цаг уур, орчны шинжилгээний газрын өмнөх бүтцэд ажиллаж байсан “Цаг уурын хэлтэс” нь “Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс” нэртэй болж тус хэлтэст тус тусын улсын сүлжээ хариуцаж байсан мэргэжилтнүүд харьяалагдан ажиллах болсон.
С.Э миний бие өмнөх бүтцээр Орчны шинжилгээний хэлтэст харьяалагдан орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцан ажиллаж байсан бөгөөд миний ажлын байр Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан нэртэй болж, нэр нь өөрчлөгдсөн ч ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдан үргэлжилж байгаа.
Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор Цаг уур, орчны шинжилгээний газрын орон тоо хэвээрээ, Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт агентлагийн зорилт, зорилго, үйл ажиллагааны стратеги, чиг үүрэг хэвээр байсаар байтал миний биеийг төрийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаас төрийн үйлчилгээний албан хаагч болгон эрх зүйн статус бууруулсан, мөн цалин буурсан нь Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн гэж үзэн төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар ажилд эгүүлэн томилуулах, хууль бусаар ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгох, цалин бууруулсан цалингийн зөрүүг олгуулах эрх зүйн үндэстэй гэж үзэж байна.
Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн С.Э д холбогдох “Албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулж, төрийн захиргааны байгууллагад төрийн жинхэнэ албан хаагчаар Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, цалингийн зөрүүг олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний хууль зүйн үндэслэлээ: “Сайдын 2014 оны 1/5972 дугаар дүгнэлт, зөвлөмж, 2016 оны А/32 дугаар тушаал, Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны А/81 дугаар тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн.
Нэхэмжлэгч С.Э г тус газрын орчны шинжилгээний хэлтсийн орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлж, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б\42 дугаар тушаал нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй гэж үзэж байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “ ...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, С.Э г Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлэн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн усны шинжилгээний лабораторид инженерээр томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй болохыг нотолж байна.Нэхэмжлэгч цалингийн зөрүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй ба энэхүү шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5.2-д заасан шаардлагыг хангаагүй байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” А/77 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Цаг уур, орчны шинжилгээний газар нь Захиргаа хамтын ажиллагааны хэлтэс, Цаг уурын хэлтэс, Орчны шинжилгээний хэлтэс, Архив мэдээллийн хэлтэс, Санхүү, аж ахуйн хэлтэстэй байхаар батлагдсан.
Цаг уурын хэлтэс нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс болсон ба С.Э гийн ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дахь зорилт буюу “Орчны шинжилгээний чиглэлээр салбарын хэмжээнд баримтлах бодлого, эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих”, “Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ” чиг үүрэг нь Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын 1, 2 дахь зорилтод, 2 дахь зорилтын “Улсын сүлжээний орчны шинжилгээний салбарыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, заавар зөвлөмж өгөх” чиг үүрэг нь тус хэлтсийн Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтэнд, 3 дахь зорилт буюу “Орчны шинжилгээний ажлын хөтөлбөртэй уялдуулан ашиглах хэмжих хэрэгсэл, тоног төхөөрөмжийн сонголт хийх, захиалах, хуваарилах, ашиглалтад нь хяналт тавих” чиг үүрэг нь Уур амьсгалын автомат станц, цахим технологи хариуцсан мэргэжилтэнд шилжсэн.
С.Э г Орчны хяналт шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тушаалаар томилсон байна.
Дөрөв дэх зорилт буюу “Орчны хяналт шинжилгээний мэдээ, мэдээллээр төр, засаг, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хангах” чиг үүрэг нь “Орчны чанарын төлөвийн байдлын талаар гарсан мэдээ, тайланг нэгтгэх, хяналт тавих, мэдээ мэдээллээр төр засаг холбогдох байгууллага нийгмийн хэрэгцээг хангах” болж өргөжиж, тус хэлтсийн Орчны хяналт шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн гүйцэтгэх болсон.
Дээрх байдлаас дүгнэхэд нэхэмжлэгчийн ажлын байр байхгүй болж, ажлын чиг үүрэг нь 2 хэлтсийн 4 ажлын байрны чиг үүрэгт шилжсэн байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 дүгээр тушаалаар С.Э г ажлаас чөлөөлөөгүй, 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар тушаалаар чөлөөлж, Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлсэн.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар С.Э г мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилж ажиллуулахыг Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захиралд үүрэг болгосон.
С.Э г Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажилд томилох тухай” Б/11 дүгээр тушаалаар усны шинжилгээний лабораторид инженерээр томилж өнөөдрийг хүртэл ажиллаж байна.
2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/81 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулснаар ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй. Уг тушаал нь 2 хавсралттай гарсан тул аль хэсгийг хүчингүй болгуулах гэж байгаа нь тодорхой бус байх ба түүний эрхийг зөрчөөгүй.
Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа алдсан, сэргээх тухай хүсэлт гаргаагүй. Байгаль орчин хэмжил зүйн төв лабораторийн усны шинжилгээний лабораторид инженерийн албан тушаалд томилсон талаар гомдол гаргаагүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, нэмэгдүүлсэн шаардлагынхаа хууль, эрх зүйн үндэслэлийг нотолж чадаагүй, түүний ямар эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тодорхойгүй тул хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна” гэжээ.
Хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Э******* шүүхэд ирүүлсэн гаргасан тодруулсан хариу тайлбартаа:
“Тус газрын даргын 2016 оны А/81 тушаалаар байгууллагын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн салбар, нэгжийн ажлын ачааллыг нягтруулж, мэргэжлийн хэлтсүүдийн чиг үүргийн хуваарийг нарийвчлан, мэргэжилтнүүдийн хариуцсан ажил үүргийн давхардлыг арилгаж, мэргэжлийн ур чадвар, хариуцлагын оновчлолыг сайжруулж, байгууллагын тогтвортой үйл ажиллагааны тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 тушаалаар баталсан Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтад бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрт Орчны шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааны стратегийн зорилт нь хүрээлэн буй орчны төлөв байдлыг үнэлэх, мэргэжлийн дүгнэлт гаргах, орчны хяналт шинжилгээний үйл ажиллагааг мэргэжил арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, агаарын чанарын мэргэжлийн албаны үүргийг гүйцэтгэхээр заагдсан тул орчны шинжилгээний улсын сүлжээ хариуцсан үндсэн чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт, орон тоо тус хэлтэст байхгүй болсон юм.
Дээрх тушаал нь Монгол Улсын Их Хурлын 2016 оны 47 дугаар тогтоол, Засгийн газрын 4 дүгээр тогтоолын 6-д заасан “Төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийн давхардал, хүнд суртлыг багасгах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг шуурхай болгох зорилго", удирдамжийн шаардлагыг үндэслэн Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаал, тус газрын даргын 2016 оны А/81 дүгээр тушаалын хэрэгжилтийн хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж дагалдан гарсан шийдвэр болно.
С.Э г тус газрын Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, тус газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторид мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 'зүйлийн 27.2.4-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан /цөөрсөн/ тохиолдолд мэргэжлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах гэсэн заалтын хэрэгжилтийг хангаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/32 дугаар тушаалаар шинэчлэн батлагдсан тус байгууллагын бүтэц, зохион байгуулалтаар Орчны шинжилгээний хэлтсийн үйл ажиллагааны стратегийн зорилт, агаар, ус, хөрсний чанарын төлөв байдлын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх үндсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангах үүднээс усны чанарын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын шаардлагын дагуу тус ажлын байранд мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Нэхэмжлэгч С.Э тус шүүхэд хандаж “Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, цалингийн зөрүү олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ “...ажлын байр үгүй болоогүй, чиг үүрэг хадгалагдаж байгаа, ...өөр ажилд шилжүүлсэн нь хууль бус” гэж тодорхойлон маргаж байна.
Нэхэмжлэгч С.Э нь анх Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тушаалаар тус газрын Орчны шинжилгээний хэлтэст Орчны хяналт, шинжилгээний сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг батлах тухай” А/32 дугаар тушаалыг үндэслэн гарсан, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох, чиг үүрэг, орон тоо, төсөв шилжүүлэх, цалин хөлс тогтоох тухай” А/81 тоот тушаалаар Цаг уур, орчны шинжилгээний газрын бүтцийг Урьдчилан мэдээлэх хэлтэс, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс, Удирдлага төлөвлөлт, санхүү хамтын ажиллагааны хэлтэс, Орчны шинжилгээний хэлтэс, Архив, мэдээллийн сангийн хэлтэс зэрэг 5 хэлтэстэй байхаар өөрчлөн зохион байгуулснаар уг тушаалын 1 дүгээр хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлсний дотор нэхэмжлэгч С.Э орсон /сүүлд уг тушаалыг өөрчилсөн/, 2 дугаар хавсралтаар нэр бүхий албан хаагчдыг албан тушаалд буцаан томилоход түүнийг оруулалгүй, тус газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 дугаар бүхий “Албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаар С.Э г Орчны шинжилгээний хэлтсийн Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс чөлөөлж, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн мэдэлд шилжүүлэн, С.Э г мэргэжлийн дагуу зохих албан тушаалд томилж ажиллуулахыг Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лхагвасүрэнд үүрэг болгосон байна. Ингэснээр Цаг уур, орчны шинжилгээний газрын Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Б/11 тоот “Ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт болон тус газрын даргын дээр дурдсан Б/42 тоот тушаалыг тус тус үндэслэн “...ажилд орохыг хүссэн С.Э г 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн усны шинжилгээний лабораторид инженерээр томилон ажиллуулах, сарын цалинг ТҮ-7 зэрэглэлээр нэг сарын үндсэн цалин 608457
төгрөг, ур чадварын нэмэгдэл 15 хувь буюу 91268 төгрөг, үндсэн ба нэмэгдэл цалинг унаа хоолны хөнгөлөлт оруулан 754726 төгрөг, шинээр тогтоосон сарын цалинг нийт 754700 төгрөгөөр тус тус тогтоожээ.
Хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг баримталсан, үүнийгээ “С.Э гийн урьд эрхэлж байсан албан тушаал болох Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын зорилго, 4 чиг үүрэг нь 2 хэлтсийн 4 хүний ажлын зорилго, чиг үүрэгт шилжиж ажлын байр байхгүй болсон” гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин эсрэгээрээ С.Э гийн өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байна гэж шүүх дүгнэв.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, мөн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тус тус заажээ.
Хуулийн дээрхи заалтууд болон хэрэгт авагдсан нотлох баримт болох Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны хяналт шинжилгээний улсын сүлжээ хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “Чиг үүрэг” буюу ажлын байрны зорилгод “Цаг уур, орчны шинжилгээний газрын болон салбарын чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орчны хяналт шинжилгээний салбарын хэмжээнд орчны хяналт шинжилгээний улсын сүлжээг удирдан зохион байгуулах, сүлжээний хөтөлбөр, арга зүй, боловсруулах, тэдгээрийг байгуулах, шилжүүлэх, татан буулгах үндэслэлийг боловсруулах, сүлжээний тасралтгүй ажиллагаа, стандартын шаардлагыг хангуулах, бодлого боловсруулахад санал оруулах, мэргэжлийн үнэлгээ, дүгнэлт өгөх, мэдээллээр хэрэглэгчдийг хангах ажлыг нэгтгэн зохион байгуулах, арга зүйгээр хангах, хяналт тавих” гэж, шинээр батлагдсан бүтцийн өөрчлөлтийн хүрээнд байгуулагдсан Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “Чиг үүрэг”, Ажлын байрны зорилгод “Цаг уур, орчны улсын сүлжээний орчны шинжилгээ, мэдээлэл, үйлчилгээний хөтөлбөрийн хэрэгжилт, технологи, хэмжлийн нэгдмэл байдалд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, техник, технологи нэвтрүүлж, заавар, технологийн баримт бичгийг боловсронгуй болгох” гэж тус тус зааснаас үзвэл С.Э гийн урьд эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны зорилго болон хэрэгжүүлэх чиг үүрэг нь бүхэлдээ Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний ажлын байранд хадгалагдаж үлдсэн байна.
Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг шууд ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсны дээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцон төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан, С.Э тай тохиролцсон нь нотлох баримтаар тогтоогдохгүй байхын дээр албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэсэн гэдгээ хариуцагч нотлоогүй тул “өөр ажилд шилжүүлсэн” гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Иймд нэхэмжлэгч С.Э г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Б/42 тоот тушаал нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул хүчингүй болгож, Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэст Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан тус газрын Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоос үзвэл уг ажлын байранд тавигдах шаардлагыг С.Э бүрэн хангаж байгааг тэмдэглэж байна.
Нэхэмжлэгч С.Э нь нэхэмжлэлдээ 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойшхи цалингийн зөрүүг олгохыг даалгах шаардлага гаргасан байх бөгөөд Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот тушаалаар Усны шинжилгээний лабораторид инженерээр 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн томилогдож ажилласан тул С.Э д 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүүг сард 327,684 төгрөгөөр тооцож олгон, дээрхи хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, энэ тухай зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/42 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Э г Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний салбарын хөтөлбөрийн хэрэгжилт, технологи хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан цалингийн зөрүүг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 327,684 төгрөгөөр тооцож хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаг уур, орчны шинжилгээний газрын даргаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ХАЛИУНА
Д.ОЮУМАА