Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 735

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Д.Х а нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Бат овогт М гийн Э , Алаг адуун овогт С ийн С ,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Ч ын М ,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Л-н Э , М-н Ө, С-н Д ,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.М ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э , нэхэмжлэгч нар болон гуравдагч этгээд С.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б , нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч П.Ц , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л , бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ч.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц , Б.Х , гуравдагч этгээд Л.Э , М.Ө , иргэдийн төлөөлөгч Э.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э , С.С  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлээ: 

 “М  овогтой Э , С  овогтой С  бид Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” 163 дугаар захирамжийн дагуу авч, газрын гэрээ, гэрчилгээ албан ёсоор гарсан.

Бид хуулийн дагуу өөрийн газраа эзэмшиж, хашаалж, газрын төлбөрүүдээ цаг тухайд нь төлсөөр ирсэн. Түүгээр зогсохгүй цахилгааны техникийн нөхцөл ч авсан бөгөөд газар дээрээ барих зуслангийн байшингийнхаа зураг зэргийг боловсруулж, тухай бүрт нь тодорхой зардлууд гаргасаар байгаа.

Гэвч шинэ жилийн үеэр би газар дээрээ очиход бидний газрыг үл таних хүмүүс нэмж хашаалж байсан бөгөөд ямар учиртай хүмүүс болохыг асуухад “Энэ газрыг авсан хүн нь юм хийлгэж байна” гэсэн. Учрыг албан ёсоор тодруулахад Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “Танай эзэмших эрхтэй газрыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган иргэн Л.Э д шилжүүлсэн, Л.Э  нь иргэн Ч.М ад шилжүүлсэн байх тул шүүхэд хандана уу” гэсэн хариу өглөө.

Ямар учраас бидний газрыг, миний эзэмших эрх байсаар байтал бусдад шилжүүлж байгааг ойлгохгүй байна. Л.Э д бүр 2011 онд шилжүүлсэн байх юм. Газрын тухай хуулиар газар эзэмшихийг хүссэн этгээд нь газар эзэмших хүсэлт гаргах бөгөөд энэ нь бусдын эзэмшил газартай давхцахгүй байхаар хуульчлагдсан.

Иймд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг 31.3 дахь хэсгийг зөрчиж иргэн Л.Э д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамж, Л.Э аас уг газрыг Ч.М ад шилжүүлсэн мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Газар эзэмших эрхийг Л.Э д, дараа нь Ч.М ад олгосон талаар бид огт мэдээгүй, эдгээр иргэд ч газар дээр ирж байгаагүй, үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/434 дугаартай албан тоотоос л мэдсэн болно” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т , Г.У , Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлээ:

 “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн М.Э , С.С  нарын Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э , 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.М ад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159

дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 2.0 га газрыг анх “О” ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613

дугаар захирамжаар дээрх компанийн газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгаж 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.

Улмаар “О” ХХК нь өөрийн эзэмшлийн 20000 м.кв /2.0 га/

газраас 2837.03 м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын

30-ны өдрийн 438 дугаар захирамжаар /5 жилийн хугацаатай/ Л.Э д

шилжүүлжээ. Иргэн Л.Э  нь тухайн газар эзэмших эрхийн гэрчилгээгээ 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 тоот захирамжаар иргэн Ч.М ад шилжүүлсэн байна.

Харин иргэн М.Э т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр

хороо, Баянголын аманд 0.04 га газрыг “О” ХХК-д эзэмшүүлсэн газартай давхцуулан олгосон нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д

зааснаар “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай

ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд иргэн Л.Э  болон Ч.М  нарт эзэмшүүлсэн Нийслэлийн

Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй тул Нийслэлийн

Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э , 2013 оны

А/1050 дугаар захирамжийн Ч.М ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие М.Э , С.С  нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар оролцож байгаагийн хувьд дараах тайлбарыг гаргаж байна.

Дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжийн дагуу 0001715 тоот эзэмших эрхийн гэрчилгээгээр “О” ХХК-д эзэмшүүлсэн бөгөөд миний бие Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар иргэн Л.Э аас шилжүүлэн авсан болно.

“О” ХХК нь 2003 онд уг газрыг хуульд заасан журмын дагуу эзэмшиж, гэрчилгээ гаргуулан авсан байхад М.Э т дээрх гэрчилгээ гарснаас хойш 1 жилийн дараа 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дүүргийн Засаг даргын захирамж гарч дээрх газрыг бусдад давхардуулан эзэмшүүлсэн байна. Энэ нь дүүргийн Засаг даргын судалгаа шинжилгээгүй, ажлын уялдаагүй ажиллаж байсныг нотлох илрэл бөгөөд бусдын эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг зөрчсөн үйлдэл болжээ.

Би уг газрыг 2013 онд хуульд заасны дагуу эзэмшин уг газар дээр зуслангийн орон сууцны газраа барихаар төлөвлөн зураг төсөл, цахилгаан татуулах техникийн нөхцөлөө төлөвлөж, хашаа барьж гаргасан тул Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаартай 0001715 тоот захирамжийн дагуу олгосон газар эзэмших гэрчилгээ нь хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж хариуцагч талыг дэмжиж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Л.Э  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн иргэн Л.Э , мөн 2013 оны А/1050 дугаар захирамжийн иргэн Ч.М ад холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулахаар иргэн М.Э  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Энэхүү хэрэгт шүүхээс иргэн Л.Э ыг гуравдагч этгээдээр татсан байх бөгөөд гуравдагч этгээд дараах тайлбарыг гаргаж байна.

Иргэн Л.Э  би “О” ХХК-ийн эзэмшил 2.0 га газраас

2837.03 м.кв газрыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу Нийслэлийн Засаг

даргын 2011 оны 438 дугаар захирамжаар шилжүүлж авсан. 

“Одон онсальтинг” ХХК нь дээрх газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар эзэмшиж, 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 15 жилээр сунгуулсан байсан. Улмаар холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий этгээдтэй газар эзэмших гэрээг байгуулж, газрын төлбөрийг төлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлж байсан.

Иргэн би Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар бүхий

захирамжаар өөрийн газар эзэмших эрхээ иргэн Ч.М ад шилжүүлсэн. Би “О” ХХК-аас газар шилжүүлж авах бүхий л үйл ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу явагдсан болно” гэжээ.

Гуравдагч этгээд Ч.М  шүүхэд гаргасан бие даасан шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ: “...Иргэн Ч.М  миний бие 2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүулэх гэрээ” байгуулан иргэн Л.Э тай Сонгинохайран дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай 2837 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авсан. Улмаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу холбогдох материалаа бүрдүүлэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүсэлтээ гаргасан. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 000479961 дугаар газар ззэмших эрхийг гэрчилгээг авч, “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг”-г байгуулан өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэн, газрын төлбөрөө хугацаанд төлж хууль ёсоор эзэмшиж байгаа билээ.

Гэтэл 2016 оны 03 дугаар сард Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс М.Э  С.С  нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулж байгаа гэж иргэн надад мэдэгдсэн. Тодруулбал иргэн М.Э , С.С  нар нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан иргэн Л.Э ы “О” ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2011 оны 438 дугаар захирамж, иргэн Ч.М  миний иргэн Л.Э аас газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2013 оны А/1050 дугаар захирамжийг холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байсан.

Дээрх иргэд нь нэхэмжлэл гаргахдаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд тус тус 400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийг олж авсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамж, 2013 оны А/1050 дугаар захирамж нь хууль бус гэж тайлбарладаг. Иргэн Ч.М  миний эзэмших эрх бүхий газар нь анх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дүгээр захирамжаар “О" ХХК-д зуслангийн сууцны зориулалтаар 2 га газрын эзэмшүүлсэн бөгөөд 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар захирамжаар иргэн Л.Э  нь “О" ХХК-иас 2837 м.кв газрыг шилжүүлэн авсан бөгөөд Ч.М  миний хувьд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжаар иргэн Л.Э аас 2837 м.кв газрын газар эзэмших эрхийн шилжүүлэн авсан болно.

Иргэн М.Э , С.С , С.Д  нар нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар тус тус 0.04 га газар эзэмших эрх олж авсан байдаг. Гэтэл дээрх иргэдийн газар баталгаажуулалтын хувийн хэргийн материалд буй газар эзэмших эрх хүссэн өргөдөл нь 2005 оны 01 сарын 10-ны өдөр байх бөгөөд энэ нь газар эзэмшүүлэх; захирамж гарсны дараа байгаа юм. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл газар эзэмших тухай хүсэлт гаргах асуудлыг зааж өгсөн бөгөөд 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана" гэж заасан бөгөөд 32.2-д зааснаар иргэн нь газар эзэмших хүсэлтэд овог нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, газар эзэмших хугацаа, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг тусгахаар заасан байна.

Мөн уг хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэж заасан.

Гэтэл иргэн М Э , С.С , С.Д  нар нь хуульд заасан журмын дагуу хүсэлт болон холбогдох баримтаа ирүүлээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь захирамж гарган газар эзэмших эрх олгосон нь хууль бус байна. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамж нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасны дагуу иргэний газар эзэмших хусэлт болон холбогдох баримт нь байхгүй байхад гаргасан илт хууль бус захиргааны акт юм.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны 163 дугаар захирамжаар иргэн М.Э , С.С , С.Д  нарт Баянголын аманд ерөнхий байдлаар эзэмших газрын тойм зураггүй газар эзэмших эрх олгосноор иргэн Ч.М  миний эзэмших эрх бүхий газар дээр давхцал үүсч иргэн миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа учир ийнхүү нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана”, 32.2-д Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлийг тусгана, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар”, 32.2.2-д “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа”, 32.4-д "Энэ хуулийн 32.2, 32.3-д заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө”, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр үйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тодорхойлж байгаа болно. Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, илт хууль бус захиргааны актыг үндэслэн хийгдсэн иргэн М.Э , С.С , С.Д  нарын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү" гэжээ. 

Тус шүүхээс гуравдагч этгээд Ч.М ын гаргасан бие даасан шаардлагын “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд “Илт хууль бус захиргааны актыг үндэслэн хийгдсэн иргэн М.Э , С.С , С.Д  нарын 2006 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг буцаасан.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л  гуравдагч этгээд Ч.М ын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 

“...Иргэн М.Э , С.С , С.Д  нар нь Монгол Улсын Газрын тухай хуулийн 32.1-д заасны дагуу газар эзэмших хүсэлтээ гаргасан байна. Өргөдөлийг судлан үзэхэд Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж байсан тул дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар иргэн М.Э , С.С , С.Д  нарт 1 дүгээр хороо, Баянголын аманд зуслангийн зориулалтаар тус бүр 0.04 га газар эзэмших эрх олгожээ. 

Дээрх захирамжийн холбогдох хэсэг нь Монгол Улсын Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр/ 9.1-д заасан шинжийг агуулаагүй тул илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх үндэслэл бүрдээгүй байна. Иймд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд М.Ө  гуравдагч этгээд Ч.М ын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.М ын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, илт хууль бус захиргааны актыг үндэслэн хийгдсэн иргэн М.Э , С.С , С.Д  нарын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингуй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно. Учир нь миний төрсөн ах болох М.Э  өөрийн найзуудтайгаа Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших болсон. 2004 оноос хойш тус газар дээрэээ хашаа барьж өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байгаа болно. Миний бие ахын найз С.Д той 2014 оны “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулан Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Баянголын аманд орших зуслангийн зориулалттай газрын эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан.

Улмаар миний бие дүүргийн газрын алба орж кадастрын мэдээллийн санд нэр шилжсэн бүртгэл хийлгэхэд газрын мэргэжилтэн нь ихэд цочирдон гайхаж, даргаасаа тодруулж байсан. Тухайн үед нэг их тоогоогүй боловч дараа нь М.Э , С.С  нарын газар дээр Ч.М  гэх хүн маргаан үүсгэсэн.

Нөхцөл байдлыг тодруулахаар М.Э  ах 2016 оны 3 сард Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт хандахад 2005-2009 онуудад М.Э , С.С , С.Д  нарын эзэмшил газрын кадастрын зураг Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй, ямар нэгэн давхцалгүй байсан, Харин 2009 онд тус газруудын кадасртын зураг мэдээллийн сангаас ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр устгагдсан байдаг.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 03 дугаар -сарын 15-ны өдрийн 1/420 дугаартай албан бичгээр ирсэн нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон байдлаас харвал миний эзэмшил газрын кадастрын мэдээлэл 2011, 2012 онуудад мэдээллийн сангаас устгагдаж иргэн Л.Э ы эзэмшил газарт орсон байдалтай байдаг. Харин 2014 оны С.Д оос газрын эрх шилжүүлэн авсны дараа иргэн Л.Э ы эзэмших эрхтэй гэх газраас миний эзэмшил газрыг хасч бүртгэсэн байдал тус албан бичгийн 4 дүгээр хавсралтад авагдсан байдаг.

Эндээс дүгнэвэл иргэн М.Э , С.С , С.Д  нар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянголын аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтээ хуулийн дагуу гаргаж байсан бөгөөд дүүргийн газрын алба зохих журмын дагуу бүртгэж, дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гарган газар эзэмшүүлсэн байдаг.

Харин М.Э , С.С , С.Д  нарын газар нь 2005 онд кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсныг 2009 онд ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр устгаж, тухайн газруудтай давхцуулан “О” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчлөн бүртгэж, улмаар иргэн Л.Э д, иргэн Л.Э аас иргэн Ч.М  нарт шилжүүлсэн хууль бус үйлдэл болсон байна. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, илт хууль бус захиргааны актыг үндэслэн хийгдсэн иргэн М.Э , С.С , С.Д  нарын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Э , С.С , гуравдагч этгээд С.Д  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б  гуравдагч этгээд Ч.М ын бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Ч.М ын нэхэмжлэлтэй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох, илт хууль бус захиргааны актыг үндэслэн хийгдсэн иргэн М.Э , С.С , С.Д  нарын 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн кадастрын зураглалыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлд дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гээд 21.5.3-т “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэсэн байдаг.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэсний дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гарган иргэн М.Э , С.С , С.Д  нарт бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцуулалгүйгээр газар эзэмших эрх олгосон байдаг.

Иргэн М.Э , С.С , С.Д  нар нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянголын аманд зуслангийн зориулалтаар газар эзэмших хүсэлтээ хуулийн дагуу гаргаж байсан бөгөөд дүүргийн газрын алба зохих журмын дагуу бүртгэж, дүүргийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд захирамж гарган газар эзэмшүүлсэн болно.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон газрын алба иргэн М.Э , С.С , С.Д  нарт 2004 онд Баянгольн аманд зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцуулаагүй болно. 

Нэхэмжлэгч нь иргэн М.Э , С.С , С.Д  нарт 2004 онд олгосон газар нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарьн 25-ны өдрийн 159 дугаар захирамжаар “О” ХХК-д зуслангийн зориулалтаар 2 га газартай давхцаж байгаа мэтээр тайлбарладаг ч энэ нь үндэслэлгүй юм. Учир нь 2011 он хүртэл тус газрууд нь ямар нэгэн давхцалгүй тус тусдаа нэгж талбар бүхий, өөр өөр газарт байрлалтай байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас тодорхой харагддаг.

Иргэн М.Э , С.С , С.Д  нар нь 2004 оноос хойш эзэмшил газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн. Эдгээр иргэд нь эзэмшил газар дээрээ барилга барихаар барилгын зураг төсөл боловсруулж, цахилгааны техникийн нөхцөл гаргуулсан байдаг.

“О” ХХК нь 2003 оны Нийслэлийн Засаг даргын захирамжаар Ёлын ам гэх газарт 2 га газар эзэмших болсон байдаг бөгөөд энэхүү газар нь иргэн М.Э , С.С , С.Д  нарын эзэмшил газартай ямар нэг байдлаар давхцалгүй, тусдаа нэгж талбар бүхий газар байсан болно.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар иргэн М.Э , С.С , С.Д  нарын газар нь 2005 онд кадастрын мэдээллийн санд бүртгэлтэй байсныг 2009 онд ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр устгаж, тухайн газруудтай давхцуулан “О” ХХК-ийн газрын кадастрын зургийн хэлбэр, байршлыг өөрчлөн бүртгэж, улмаар иргэн Л.Э д, иргэн Л.Э аас иргэн Ч.М  нарт шилжүүлсэн байдаг.

Нэхэмжлэгчийн гаргасан газар баталгаажуулалтын хувийн хэрэгт авагдсан газар хүссэн өргөдөл нь захирамж гарсны дараах огноотой байгаа учир захиргааны акт илт хууль бус гэсэн нь үндэслэлгүй юм. Тэгээд ч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга иргэн М.Э , С.С , С.Д  нарыг хүсэлт гаргаагүй байхад нь хүчээр газар олгосон асуудал огт байхгүй, иргэд газар эзэмших хүсэлтээ өгч, тэр дагуу холбогдох хуулийн хүрээнд захирамж гаргасан ба тус захиргааны акт гарснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн зүйл байхгүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Э , С.С  нар тус шүүхэд хандаж “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Э д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.М ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага, хэргийн гуравдагч этгээд Ч.М аас “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор бие даасан шаардлага гаргасны хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжаар Баянголын аманд 400 м.кв газрыг эзэмших эрхтэй болсон байхад уг газар дээр Нийслэлийн Засаг дарга давхцуулж газар олгосон нь Газрын тухай хуулийг зөрчсөн...” гэж, гуравдагч этгээд шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгч нар нь хуульд заасан журмын дагуу хүсэлт болон холбогдох баримтаа ирүүлээгүй, газрын тойм зураггүй газарт эзэмших эрх олгосноор миний эзэмшил газар дээр давхцал үүсгэсэн...” гэж тодорхойлон маргаж байна.

Нэг. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн газрын албанаас ирүүлсэн Газар баталгаажилтын хувийн хэргээс үзвэл нэхэмжлэгч С.С  болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Д  нар 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолон, нэхэмжлэгч М.Э  огноо бичилгүйгээр “Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд зуслангийн зориулалтаар газар олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, уг хүсэлтдээ тус тусын иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргасан байх ба С.Д ын газар баталгаажилтын хувийн хэрэгт байгаа “Газрын байршлын зураг схем” гэх баримтанд “...цэвэрлэх байгууламжийн доод хэсэгт “энэ орчимд” гэж зураглал үйлдэж хавсаргажээ.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн М.Э , С.С , С.Д  нарт тус бүрд Баянголын аманд 0,04 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, М.Э т 2006 оны 03 дугаар сарын 10-нд, С.С т 2006 оны 08 дугаар сарын 18-нд, С.Д т 2006 оны 03 дугаар сарын 10-нд тус тус Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт 2002 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан “О” ХХК-ийн хүсэлтийг үндэслэн тус компанид Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ёлын аманд байрлуулан 20000 м2 газрыг зуслангийн зориулалтаар олгохоор шийдвэрлэж 2003 оны 10 дугаар сарын 28-нд газар эзмших эрхийн гэрчилгээ олгосон, уг эрхийн гэрчилгээний хугацааг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 613 дугаар захирамжаар 15 жилээр сунгаж баталгаажуулжээ.

“О” ХХК-ийн захирал Б.Оюунбилэг, иргэн Л.Э  нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хийгдсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” болон тэдгээрээс гаргасан хүсэлт, бусад нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамжаар О ХХК-ийн эзэмшиж байсан 20000 м.кв газраас 2837 м2 газрыг иргэн Л.Э ы нэр дээр шилжүүлснийг баталгаажуулсан үйл баримтууд тогтоогдов. 

Түүнчлэн Л.Э аас өөрийн эзэмшиж байсан 2837 м.кв газрыг Ч.М ад шилжүүлэх хүсэлт гарган, уг хүсэлтдээ талуудын хооронд байгуулсан “Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ” болон бусад нотлох баримтуудыг хавсаргаж өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжаар Л.Э ы эзэмшиж байсан 2837 м.кв газрын эзэмших эрхийг Ч.М ад шилжүүлжээ.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д зааснаар газар эзэмшигч нь “газар эзэмшүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх” эрхтэй бөгөөд энэ тохиолдолд “О” ХХК нь өөрийн хууль ёсны эзэмшил газрын тодорхой хэсгийг эзэмших эрхийн гэрчилгээг Л.Э д шилжүүлсэн, Л.Э  нь Ч.М ад шилжүүлсэн үйлдэл нь мөн хуулийн 38 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна. 

Дээр дурдсан үйл баримтууд болон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзвэл нэхэмжлэгч нар нь “О” ХХК-д анх газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 159 дугаар захирамжтай маргаагүй атлаа уг захирамжийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн зарим хэсгийг гуравдагч этгээд Л.Э д шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 438 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” захирамж болон Л.Э аас өөрийн эзэмшиж байсан 2837 м.кв газрыг Ч.М ад шилжүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай” захирамжийн Ч.М ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжаар Л.Э  нь “О” ХХК-ийн газраас 2837 м.кв-ыг шилжүүлж авсан бөгөөд ийнхүү шилжүүлж авах үед тухайн газрын байршилд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт нотлох баримтаар авагдсан “О” ХХК-ийн газрын байршлын кадастрын 2009 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн зураг нь Л.Э аас эзэмшил газрыг шилжүүлэн авах үеийн буюу 2011 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн газрын байршлын кадастрын зурагтай зөрөхгүй байгаагаас үзвэл 2009 онд “О” ХХК-ийн газрын байршлын кадастрын зургийг мэдээллийн санд оруулах үед л нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн газарт давхцал үүссэн байх ба цаг хугацааны хувьд уг давхцал нь “О” ХХК-ийн газраас 2837 м.кв газрыг Л.Э  шилжүүлж авахаас өмнө үүссэн байжээ. 

Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13-д зааснаар “газар дээр нь тэмдэглэж газрын кадастрын зурагт буулгасан ерөнхий хил нь газар олгохдоо тогтоосон хилийн цэстэй...,оноосон хил нь газар олгоход эрх бүхий этгээдээс тогтоосон хилтэй тохирч байх” шаардлагатай бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаас үзвэл “Газрын кадастрыг суманд газрын даамал, аймаг, нийслэл, дүүрэгт газрын алба, улсын хэмжээнд газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэх” чиг үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нар нь 2009 онд “О” ХХК-ийн газрын байршлыг кадастрын мэдээллийн санд оруулсан, холбогдох газрын албаны үйлдэл, үйл ажиллагааны талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамж болон 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1050 дугаар захирамжуудын холбогдох хэсгээр нэхэмжлэгч нарын газрыг давхцуулж шийдвэрлэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул эдгээр захирамжуудын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хоёр. Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн М.Э , С.С , С.Д  нарт тус бүрд Баянголын аманд 0,04 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн хүсэлт холбогдох баримтуудыг үндэслэсэн байх ба нэхэмжлэгч нараас гаргасан хүсэлтийн огноо нь тэдгээрт газар эзэмших эрх олгосон захирамжийн огнооноос сүүлд байгаагаар тэмдэглэгдсэн хэдий ч энэ нь уг хүсэлт гаргагч иргэдийн газар эзэмших эрх хүссэн хүсэл зоригийг бүхэлд нь үгүйсгэх нөхцөл болохгүй юм. 

Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлүүдийг тодорхойлсон бөгөөд дээрхи тохиолдол нь эдгээрийн алинд ч хамаарахгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын, 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар бүхий “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “...21.2.2-т заасны дагуу дүүргийн хэмжээнд эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж зохион байгуулах” гэж зааснаар тус дүүргийн 2004 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд бусдад эзэмшүүлж болохоор тусгагдсаныг үндэслэн нэхэмжлэгч М.Э , С.С , С.Д  нарт зуслангийн зориулалтаар газар олгосон Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 163 дугаар захирамж нь хууль зөрчөөгүй, тэдгээрт олгосон газар нь мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасан “бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцаагүй” байна. 

Харин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгч нарт олгосон гэх газрыг мэдээллийн санд бүртгэхдээ гуравдагч этгээдүүдийн газартай давхцал үүсгэсэн байх хэдий ч нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь уг бүртгэлийн алдаатай асуудлаар дүүргийн газрын алба болон Нийслэлийн газрын албанд холбогдуулж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй.

Цаашид нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь газрын мэдээллийн сангийн бүртгэлийн асуудлаар маргаан үүсгэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.13, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.Э , С.С  нараас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 438 дугаар захирамжийн Л.Э д холбогдох хэсэг, мөн Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1050 дугаар захирамжийн Ч.М ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээд Ч.М аас гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2004 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 163 дугаар захирамжийн иргэн М.Э , С.С , С.Д  нарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын тус тусын төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114-.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.