Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2021/0089

 

     

М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Я, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, О.М, хариуцагч Ө.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, Ц.Л, Д.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаар шийдвэртэй, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаар шийдвэрээр:

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13, Татварын ерөнхий /2019 оны/ хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.3, Гаалийн тухай хуулийн 2931  дугаар зүйлийн 2931.1 /2017 оны байдлаарх/ дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч Гаалийн улсын байцаагчийн 2017 оны 17/42 дугаар актаар ногдуулсан үнийн дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж, 230,545,166 төгрөгөөр тогтоож, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828.25 төгрөгийн 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт, шийдвэрийн 9-10 дахь талд “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13, 41 дүгээр зүйлийн 41.12.3 дахь заалт, Гаалийн тухай хуулийн 2931..1 дахь заалтуудыг дурдаад 2931.2 дугаар зүйлд “2931.1-т заасан зөрчлийг болгоомжгүйгээр үйлдсэн буруутай этгээдэд Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гээд, хуулийн дээрх заалтаас үзвэл гаалийн болон бусад татвар төлөөгүй бол тэдгээрийг хураах ажиллагаанд Татварын ерөнхий хуулийг хэрэглэх бөгөөд татвар төлөгч хяналт шалгалтын үед шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй байна гэжээ”. Гаалийн байцаагч зөрчил тооцсон үндэслэлийг тоо хэмжээ нуун дарагдуулсан зүйл байхгүй, үнийг бууруулж мэдүүлсэн гэж тайлбарладаг /2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, ХХ№2-17 дахь тал/ бөгөөд уг тайлбараар “М” ХХК “Ч” ХХК-д төлсөн 55 тэрбум төгрөгийн барааг гаальд 43 тэрбум төгрөгөөр, “Ж” ХХК-д шилжүүлсэн 23 тэрбум 137 сая төгрөгийн клинкерийг гаальд 6 тэрбум 931 сая төгрөг болгон бууруулж, 44/17 актаар 26,859,031,405.69 төгрөгийн барааг болгоомжгүйгээр нуусан буюу бууруулж мэдүүлсэн гэж үзэхээр байна. Бүхэл бүтэн 26 тэрбум төгрөгийг болгоомжгүйгээр дутуу мэдүүлсэн гэж үзэж байгаа гаалийн байцаагч болон шүүхийн дүгнэлт ойлгомжгүй бөгөөд хэрэв нуусан бол ийм их хэмжээний орлогыг зөвхөн санаатай нуух боломжтой.

Энэ үүднээсээ Гаалийн тухай хуулийн 293 дугаар зүйлийн 293.1-т “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол буруутай этгээдэд татварын ерөнхий хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1-т “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ”. Мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.1-т “их хэмжээний хохирол” гэж таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж тус тус заасны дагуу их хэмжээний орлогыг бууруулж, мэдүүлсэн буюу нуусан үйлдэл нь Гаалийн байцаагчийн эрх мэдэлд хамаарахгүй асуудал байх тул гаалийн байцаагчийн шалгаж шийдвэрлэсэн 44/17 акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан. Бид хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллагаар шалгуулж гаалийн байцаагчийн үзэмж, таамаг дүгнэлтээр бус прокурор, мөрдөн байцаах байгууллагын хуулийн дагуу нотлох баримт цуглуулан шалгаж тогтоосны дагуу байцаагчийн гүтгэж байгаа зөрчлийг үйлдээгүй гэдгээ эрх бүхий байгууллага, түүний мэргэжлийн дүгнэлтээр тогтоолгох чин хүсэлтэй бөгөөд гаалийн болон татварын байцаагчдын хууль бус, шударга бусаар дур зоргоороо ААН байгууллагад гүтгэлгийн шинжтэй зөрчил оногдуулж буй эл үйлдлийг таслан зогсоох хүсэлтэй байна. Иймээс гаалийн байцаагч болон шүүх Гаалийн тухай хуулийн 2931 дугаар зүйлийн 2931.2  дахь хэсгийг үндэслэж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй заалтыг хэрэглэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсэг, шийдвэрийн 10 дахь талд шүүгч “нэхэмжлэгч компани журнал гаргаж өгсөн болох нь хэрэгт хариуцагчийн тайлбар болон гаргаж өгсөн байцаагч нар нэхэмжлэгч компанийн гаргаж өгсөн баримтад үндэслэн хяналт шалгалтаа гүйцэтгэн акт үйлдсэнийг буруутгах боломжгүй гэж дүгнэжээ”. Гэтэл хяналт шалгалтын эхлэх үед 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны баримт болох гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримтууд, холбогдох гаалийн мэдүүлгүүд, журнал, санхүүгийн тайлангуудыг бүгдийг гаргаж өгсөн, түүнийг байцаагч бүгдийг үзэж шалгасан талаар тайлбартаа хэлсэн /2018 дугаар сарын 08 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл ХХ№2-12/ Гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын ахлах байцаагч болон даргын бичгээр өгсөн зөвшөөрөлтэйгөөр /ХХ№1-149-150 дахь тал/ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэл хөтлөлтөд гарсан алдааг алдаа гарсан бөгөөд зөвшөөрсөн болон залруулга хийсэн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулна” заалтыг үндэслэн хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд аудитын байгууллагаас санхүүгийн зөвлөх үйлчилгээг авч, эрх бүхий аудитын байгууллагын дүгнэлтийг үндэслэн журнал, санхүүгийн тайлангаа засварлаж төрийн сангийн хэлтсээр 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр баталгаажуулан хяналт шалгалтын хугацаанд багтаан 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ГЕГ-ын бүрдүүлэлтийн дараах шалгалтын газарт хүлээлгэж өгсөн /ХХ№3, 81-85 дахь тал/ Гаалийн байцаагчид баримтуудыг засварласан журнал, тайланг огт шалгаж  үзэлгүй хуучин алдаатай журналын харилцагчийн данс, гүйлгээ балансын хөл дүнг тулгаж харах хэлбэрээр одоо хүчингүй болсон журналын бичилт дээр тулгуурлан, гаалийн хилээр оруулж ирээгүй барааны дүнд буюу гадаад гүйлгээ импортолсон барааны зөрүүнд шууд нөхөн татвар торгууль ногдуулсан. Гэтэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “гаалийн татвар” гэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах, эсхүл түүнээс гаргах бараанд гаалийн тарифын дагуу ногдуулах, хураах төлөх албан татварыг” хэлнэ гэж заасны дагуу гаалийн татварыг гадаад төлбөр тооцоонд бус гаалийн хилээр орж ирсэн бараанд оногдуулдаг болно. Зүй нь тухайн алдаатай бичилтийн дүнгээр бодит нөхцөл байдал дээр хилээр орж ирсэн эсэх, үнэ бууруулсан эсэхийг тухайн алдааг үндэслэн зайлшгүй шалгаж тогтоох шаардлага байсан боловч огт шалгахгүйгээр гадаад гүйлгээний үлдэгдэлд шууд төлбөрийн акт оногдуулсан гаалийн байцаагчийн үйлдэл илт хууль бус байсан. Засварласан журнал санхүүгийн тайлангаар дээрх бүртгэлийг алдааг бүрэн залруулсан байдаг бөгөөд хяналт шалгалтын хугацаанд гаргаж өгсөн, түүнийг хүлээн авсан гаалийн байцаагчийг гарын үсэгтэй акт байсаар байтал /ХХ№3, 81-85 дахь тал/ шүүгч “тухайн үед гаргаж өгсөн баримтын хүрээнд акт тавьсныг буруутгах боломжгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг, 10 дахь талд “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 болон 15.2-т зааснаар М ХХК нь тайлангаа залруулсан нь тухайн үед тайлангаа алдаатай гаргасан болох нь нотлогдож байна гээд үүнийгээ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгожээ. Гэтэл тайлангаа алдаатай гаргасан /санхүүгийн зөрчил буюу тоо бүртгэлийн алдаа/ нь харин ч нэхэмжлэгч тухайн зөрчлийг үйлдээгүй болохыг нотолж байгаа ба алдаатай бүртгэлийн улмаас санхүүгийн зөрчлийг шууд захиргааны зөрчилд тооцсон гаалийн байцаагчийн буруутай үйлдлийг шүүх зөвтгөн дүгнэж байгаа нь буруу байна. Алдаатай бүртгэл гэдэг нь 44/17 актад дурдсан тоног төхөөрөмжийн тухайд гаалийн хилээр 2013-2016 онд оруулж, гаальд үнэн зөв мэдүүлж татварыг нь нэгэнт төлчихсөн тоног төхөөрөмжүүдийг бүртгэлд аваагүй нь Гаалийн ерөнхий газрын статистик бүртгэлээр нотлогдож байгаа /ХХ№1-195-211 дахь тал, Шинжээчийн дүгнэлт Хавсралт №2/, клинкерийн тухайд 2015 оны эцсийн үлдэгдэл дээр харагдаж буй 17 тэрбум төгрөгийн үлдэгдэл 2016 оны эхний үлдэгдэл дээр программын алдаанаас болж мэдээлэл тайланд дутуу татагдсанаас болж шууд хаягдсан бөгөөд 2017 онд 2016 оны  тайлан, бүртгэлийг засварлах эрх болон тайлан засварласан үйлдэл нь гаалийн хилээр оруулж ирсэн барааны дүн, тоо хэмжээ, нэгэнт төлсөн татварын хэмжээнд огт нөлөөлөхгүй, түүнийг бодит нөхцөл байдал дээр гаалийн байцаагч шалгаж тогтоох үүргээ биелүүлэлгүй шууд акт тавьсан байхад шүүх санхүүгийн зөрчлийг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгож байгаа нь буруу байна. 44/17 актад дурдагдсан барааны тоо хэмжээ, үнийг бууруулж мэдүүлээгүй болох нь тухайн барааны гэрээ, анхан шатны баримт, гаалийн мэдүүлгүүд, Гаалийн ерөнхий газрын статистик мэдээ /ХХ№1, 195-211 дахь тал/, тэдгээрийн үндсэн дээр гаргасан Шинжээчийн дүгнэлтүүдээр бүрэн нотлогдож байгаа болно.

3. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн мөн 10 дахь талд "Хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр 62,511,031,742. 28 төгрөгийн төхөөрөмж оруулж ирсэн байна гэсэн боловч хяналт шалгалтын үед гаргаж өгөөгүй анхан шатны баримтад үндэслэн гарсан байх бөгөөд шинжээчийн дүгнэлтийн дагуу гаалийн улсын байцаагчийн актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ гэжээ”. Шүүхийн шинжилгээний байгууллагын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 91 тоот шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хуудас асуулт 2-ын хариултад “Ч” ХХК-аас 62,511,031,742 төгрөгийн тоног төхөөрөмж оруулж ирсэн байна гэж дүгнээд ийнхүү дүгнэхдээ Гаалиар оруулсан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Гаалийн ерөнхий газрын статистик хэлтсээс ирүүлсэн хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шинжилгээ хийснээ дурдаад /хх№3, 31 дэх тал, Шинжээчийн дүгнэлт асуулт 2-ын хариулт/ хавсралтаар дэлгэрэнгүй харуулав гээд шинжээчийн дүгнэлтийн хавсралт №2/XX№3,33-51 дэх тал/-д “Ч” ХХК-аас импортолсон тоног төхөөрөмж нэг бүрийн гаалийн мэдүүлгийн дугаар, огноо, нэр төрөл, тоо хэмжээ, үнэ өртөг, төлсөн татварын талаар тооцоолон хавсаргасан байна. Ингээд гадаад шилжүүлэг 55 114 сая төгрөг болон импортолсон барааны дүн 62 тэрбум 511 сая төгрөгийн зөрүү 7 тэрбум төгрөгийг 2019 оны 12 дугаар сард шилжүүлж хаасан нь шалгалтын үед байцаагч буруу дүгнэлт өгч байсныг давхар нотлон харуулж байна. Гэтэл Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээ, хавтаст хэрэгт авагдсан гаалийн байцаагчийн гаргаж өгсөн гар материал, байцаагчийн хуулбарлаж авсан журнал тайланг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан байхад нэхэмжлэгчийн шалгалтад гаргаж өгөөгүй анхан шатны баримтад үндэслэн гаргасан гэж шүүх алдаатай дүгнэж улсын байцаагчийн актыг хүчингүй болгох боломжгүй гэж үзсэн нь илт буруу байна.

Шүүх дээрх үндэслэлүүдээс гадна хэргийг хянан шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлуудыг огт хянаж үзэхгүй орхигдуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Үүнд:

1. 44/17 актын 1 дэх хэсэгт дурдсан Ч ХХК-аас импортолсон тоног төхөөрөмжөөс гадна тус актын 2 дахь хэсэгт дурдсан У ХХК-д шилжүүлсэн 23,137,776,080 төгрөгөөс үлдэгдэл 16,206,583,149 төгрөгийг зөрчилд тооцсон нь хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй, дүгнэлгүйгээр хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй, дүгнэлгүйгээр орхигдуулж, шууд 44/17 актыг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Үндэслэх нь хэсэгт дурдсан гаалийн хилээр мэдүүлсэн 62 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлээгүй гэх 10 тэрбум төгрөг бол 44/17 актаар ногдуулсан 26,859,031,405 төгрөгийн зөвхөн нэг хэсэг байсан бөгөөд шүүх мөн шинжээчийн дүгнэлтийг хэрэглэлгүй үндэслэлгүйгээр гаалийн байцаагчийн үйлдлийг зөвтгөж дүгнэсэн.

2. 44/17 актын 2 дахь “У” ХХК-д шилжүүлсэн 23 тэрбум 137 сая төгрөгийн үлдэгдэл 16,206,583,149 төгрөгийн зөрчлийн тухайд манай компани 2015 онд тээвэр орсон үнээр 1 тонн клинкерийг 524 юан буюу 157,000 төгрөгөөр тооцсон нийт 200,000 тонн клинкерийг 31 тэрбум төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож /Нотлох баримтын 1-р хавтас 89-92 тал/ түүнээс гэрээнд заасны дагуу 70 хувийн төлбөр бодож 23,137 сая төгрөгийг урьдчилан буюу явцын дунд төлсөн. /Нотлох баримтын 1-р хавтас 93-98 тал/ байсан. Ингээд 2015 оны 4-8 саруудад 83978 тонн клинкерийг гаальд 6,931,192,930 төгрөгөөр мэдүүлсэн. /Нотлох баримтын 1-р хавтас 114-162 дахь тал гаалийн мэдүүлгүүд/ зохих татваруудыг бүрэн төлсөн боловч Монгол Улсад хэд хэдэн цементийн үйлдвэр ашиглалтад орсноор цемент, цементэн бүтээгдэхүүний гаалийн татвар 20% болж /Нотлох баримтын 1-р хавтас 156-162 тал/, НӨАТ-тай нийлээд 39 хувь болж ашиггүй болсны улмаас 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөр барааны импортыг зогсоож 2016 онд гэрээг цуцалж /Нотлох баримтын 103-106 тал/, урьдчилан төлсөн зардлын зөрүү үлдэгдэл төлбөр 12 тэрбум төгрөгийг “У” ХХК болон “У” ХХК, “М” ХХК нарын хооронд үүссэн өр авлагад тооцож хаасан /нотлох баримт 1-р хавтас 103-106, 106-107 хх№3-31 талууд, Шинжээчийн дүгнэлт хавсралт №3/ бөгөөд өр авлагын гэрээ цуцалсан актаар шууд хаахаар тохиролцсон ба өр авлагад тооцон хааж байгаа нөхцөлд огт мөнгөн шилжүүлэг хийгдэхгүй гэдгийг ойлгоогүй гаалийн байцаагч өөрийн санхүүгийн дутагдалтай мэдлэгийн үндсэн дээр мөнгөн шилжүүлэг огт хийгдээгүй гэж тайлбарлан хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн анхан шатны нотлох баримт, гэрээ гаалийн мэдүүлэг, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, гаалийн ерөнхий газрын статистик мэдээ, Шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа болно. Гэтэл бусад баримттай харьцуулан дүгнэлгүй зөвхөн алдаатай журналыг үндэслэн /хууль тогтоомжийн дагуу засварлан хугацаанд нь гаргаж өгсөн журнал тайланг хэрэгсэхгүй орхисон/ гаалийн хилээр оруулж ирээгүй бараанд нөхөн татвар, торгууль ногдуулсан нь илт хууль бус байсан.

3. “М” ХХК нь журналын бүртгэлд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ нь гаалийн хилээр нэгэнт орж ирж татвар төлөгдсөн барааны тоо хэмжээ, үнэд огт нөлөөлөхгүй буюу огт нөлөөлөөгүй бөгөөд гагцхүү аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогын хувь хэмжээнд л өөрчлөлт орж, зөрүү үүсэж байгаа бөгөөд бид уг тайлангийн залруулгаар гаалийн байцаагчийн гүтгэж байгаа татвараас зайлсхийн нуун дарагдуулах бус харин ч 17 тэрбум төгрөгийн татвар ногдох орлогыг нэмж нөхөн тайлагнасан байдаг. Үүнтэй холбоотой баталгаажсан аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг мөн хавтаст хэрэгт гаргаж өгсөн.

4. Анхан шатны шүүх хуралдаан дээр нотлох баримтыг шинжлэн судлах шатанд дээрх нөхцөл байдлуудтай холбоотойгоор анхан шатны баримт /гаалийн мэдүүлэг, гаалийн ерөнхий газрын статистик мэдээ гэх мэт/-ыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулсан байдлаар судлуулан дээрх нөхцөл байдлуудыг тогтоолгох хүсэлтэй байсан боловч шүүх бүрэлдэхүүн нэгэнт шинжээчийн дүгнэлт гарсан байхад анхан шатны нотлох баримтыг судлах шаардлагагүй гэж татгалзаж анхан шатны нотлох баримтыг судлаагүй мөртлөө шинжээчийн дүгнэлтийг баримтлаагүй, ямар ч үндэслэлгүй шалтгаанаар шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Гаалийн улсын байцаагчийн. 412,094,828.25 төгрөгийн төлбөр ногдуулсан 44/17 тоот акт нь анхнаасаа өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарахгүй асуудлаар шийдвэрлэсэн илт хууль бус акт байсан бөгөөд тоног төхөөрөмжийн тухайд зөвхөн гадаад шилжүүлгийн дагуу гаалийн хилээр орж ирсэн бараагаа бүртгээгүй байсан, цементийн клинкерийн тухайд гэрээ цуцлагдаж үлдэгдэл барааны төлбөрийг буцаасан нь манай компанийн бүхий л санхүү, нягтлан бодох бүртгэлийн баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, оруулж ирсэн барааны тоо хэмжээ, үнэ, төлсөн татвар нь Гаалийн ерөнхий газрын статистик бүртгэлээс тодорхой харагдаж байгаа, холбогдох залруулсан тайлан баримт бичгийг шалгалтын хугацаанд гаргаж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримтыг сайтар шинжлэн судлалгүй, гаалийн байцаагчийн илт хууль бусаар оногдуулсан 44/17 актыг зөвтгөн бүхэлд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул 2020-10-20 өдрийн дугаар 128/ШШ2020/0668 шийдвэрт өөрчлөлт оруулж 2017-06-30 өдрийн 5 412 094 828,25 төгрөгийн 44/17 актыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж тус гаалийн байцаагчийн хууль бус 44/17 актыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын маргаж буй үндэслэлд дутуу дүгнэлт өгснөөс өмнө хэргийг хянан шийдвэрлэж, дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 511 дүгээр магадлалд заасан зөрчлийг арилгаагүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн, үүнийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул хэргийг гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “М” ХХК-иас “Гаалийн ерөнхий газрын дэргэдэх бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828.25 төгрөгийн 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгох, 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 265,735,005.89 төгрөг ногдуулахаар заасан 17/42 дугаар актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөг болгон тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаалийн улсын байцаагч Ө.З, С.Г нарт холбогдуулан гаргажээ.

          Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын “гаалийн улсын байцаагч нарын 2017 оны 17/42 дугаар актаар ногдуулсан үнийн дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж, 230,545,166 төгрөгөөр тогтоолгох” хэсгийг хангаж, харин “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5,412,094,828.25 төгрөгийн 44/17 дугаар актыг бүхэлд нь хүчингүй болгуулах” хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

          1.Гаалийн улсын байцаагч нараас гаргасан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17/42 дугаар актын тухайд:

          Маргаан бүхий 17/42 актаар нэхэмжлэгч “М” ХХК-ийг 2013-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэн, гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 1,318,784,148.34 төгрөгт ногдох гаалийн татварт 65,939,207.42 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 138,472,335.58 төгрөг, торгуульд 61,323,462.90 төгрөг, нийт 265,735,005.89 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

          Анхан шатны шүүхийн шийдвэрээр маргаан бүхий 17/42 актын хувьд “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч... актаар ногдуулсан 265,735,005.89 төгрөгөөс 230,545,166 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна,...нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл өөрчилснийг хариуцагч эс зөвшөөрч тайлбар гаргаагүй, актын дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулахыг зөвшөөрсөн нөхцөл байдлуудад үндэслэн ...17/42 дугаар актын ...үнийн дүнг 35,189,839 төгрөгөөр бууруулж 230,545,166 төгрөгөөр тогтоож шийдвэрлэлээ” гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэжээ.

          Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67 дугаар зүйлд заасан нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал эсэхийг нэхэмжлэгч, хариуцагч талуудаас тодруулан, шалган тогтоосны үндсэн дээр уг маргаан бүхий 17/42 дугаар актын хувьд хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх эсэхэд дүгнэлт өгч, шийдвэр гаргах байтал “хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргаагүй учир ...нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.

          2.Гаалийн улсын байцаагч нараас гаргасан 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар актын тухайд:

          Маргаан бүхий 44/17 актаар нэхэмжлэгч “М” ХХК-ийг 2014-2015 онд БНХАУ-аас импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал мэдүүлж, гаалийн болон бусад татвараас зайлсхийсэн зөрчил гаргасан гэж үзэн, гаалийн байгууллагад дутуу мэдүүлсэн барааны үнийн дүн 26,859,031,405.69 төгрөгт ногдох гаалийн татварт 1,342,951,570.28 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 2,820,198,297.60 төгрөг, торгуульд 1,248,944,960.36 төгрөг, нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.

          Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 511 дүгээр магадлалд заасан гаалийн улсын байцаагч нарын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 44/17 дугаар акттай холбоотойгоор шалгах, тодорхой нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй, уг 44/17 акттай холбоотой нэхэмжлэгч, хариуцагч талуудын маргаж байгаа зүйлийг хэрэгт авагдсан /хэргийн 3 хавтас, нотлох баримтаар авагдсан 32 хавтас бүхий баримтын хүрээнд/ нотлох баримтуудыг талуудын тайлбартай хамт харьцуулан үнэлж, дүгнээгүй, актын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт огт өгөөгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцээгүй байна.

          Тодруулбал, “нэхэмжлэгч компанийн “Ч” ХКК-тай байгуулсан гэрээний дагуу 55,112,770.026 төгрөгийн барааг зөвхөн 2014 онд орж ирсэн барааны 43,283,446.413 төгрөгтэй харьцуулж 10,652,448.256 төгрөгийн барааг гаальд дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан гэснийг зөвшөөрөхгүй, улсын байцаагч нар 2015-2016 оны гаалийн мэдүүлэг болон гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн статистик мэдээг тулган шалгалгүй, дутуу тооцоолол хийсэн, 2014, 2015, 2016 онуудад нийт 63,370,387.216 төгрөгийн тоног төхөөрөмжийг гаальд мэдүүлж оруулж ирсэн байдлыг шалган тогтоогоогүй”[1] гэж маргаан бүхий 44/17 актын эхний хэсгийн талаар нэхэмжлэгч талаас маргадаг.

          Харин хариуцагч талаас “2015-2016 онуудад 19,2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүдийн гаалийн мэдүүлэг байгаа боловч 2014 онд “Ч” ХХК-тай хийгдсэн гадаад худалдааны гэрээнд 2015, 2016 оны тоног төхөөрөмжүүд заагдаагүй, дээрх компанитай холбоотой санхүүгийн бүртгэлд 2015, 2016 онд импортолсон тоног төхөөрөмж, түүний төлбөр тусгагдаагүй байгаа зэрэг нь 2014 онд импортолсон тоног төхөөрөмжтэй хамааралгүй, үүнийг аудитын компани шалгаж үзээгүй, 2015, 2016 онд импортолсон гаалийн мэдүүлгийг шалгаж үзэхэд тоног төхөөрөмж биш сэлбэг хэрэгсэл болох нь харагдаж байгаа, 2015, 2016 онд импортолсон бараа нь санхүүгийн бүртгэлд тусгагдаагүй байхад санхүүгийн тайлангийн үзүүлэлтэд оруулж тооцсон нь нотлох баримтаас зөрүүтэй, санаатайгаар статистик мэдээнд тааруулж хийсэн.”[2] гэж маргажээ.

          Дээрхээс гадна, маргаан бүхий 44/17 актын хоёр дахь хэсгийн талаар нэхэмжлэгч компаниас “актад 23,137,776.000 төгрөгөөс 16,206,583.149 төгрөгийн барааг гаальд мэдүүлээгүй гэж үзэж нөхөн татвар, торгууль ногдуулахдаа гадаад худалдааны гэрээний биелэлт болон гадаад төлбөр тооцооны биелэлтийг бүрэн шалгаж, нотлохгүйгээр гаалийн хилээр нэвтрүүлээгүй буюу татан авалт хийгдээгүй барааг нотлох баримтгүйгээр хийсвэрээр тооцож, нөхөн татвар, торгууль ногдуулсан, 2015 онд Ж ХХК-иас 200.000 тонн цементийн клинкер авахаар харилцан тохиролцож, гэрээний үнийн дүнгийн 23,137,776.000 төгрөгийг урьдчилан төлсөн, үүнээс 5,948,116,337.68 төгрөгийн 83,978 тонн клинкерийн татан авалт хийж, гаалийн хилээр нэвтрүүлсэн, гаальд тээврийн зардал шингэсэн 6,931,192.931 төгрөгөөр мэдүүлсэн, клинкерийн гаалийн татвар нэмэгдсэн тул 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр харилцан тохиролцож гэрээг цуцалсан, татан авалт хийгдээгүй 115 тонн цементийн клинкерийн төлбөрийг тохиролцооны дагуу толгой компанид буцаан төлсөн баримтаар нотлогдоно”[3] гэж маргадаг.

          Харин хариуцагч талаас “М” ХХК нь 2015 онд 23,381,074.740 төгрөгийн цементийн клинкерийн төлбөрийг шилжүүлж, дээрх үнийн дүн бүхий барааг гаалийн байгууллагад 6.931,192.930 төгрөгийн зөрчилтэй гаалийн бүрдүүлэлт хийж, барааг орлогод авсныг санхүүгийн дэлгэрэнгүй бүртгэлээр тайлагнасан,  У компанитай холбоотой авлагын дансны үлдэгдэл зөрүү дүнг санхүү бүртгэлээр хаасан байсан нь цементийн клинкерийг шилжүүлсэн төлбөрийн дүнгээр бүрэн хүлээн авсан болох нь  нотлогдож байгаа, клинкерийн илүү төлбөр болох авлагын үлдэгдлийг толгой компанид буцаж шилжиж орсон гэсэн тодруулга өгч байгаа боловч дээрх гүйлгээтэй холбоотой бүртгэл, тооцоо, санхүүгийн тайлан, журналд тусгагдаагүй, 2015 онд бий болсон авлагын тооцоо 3 жилийн турш хүлээгдэж байснаа 2018 оны шүүх хуралдааны явцад цементийн клинкерийн өмнөх жилүүдийн илүү төлбөр шийдэгдэж, төлбөр буцаах гэрээ бий болж, бэлэн мөнгөний баримтууд гарч ирсэн нь хүчин төгөлдөр баримт гэж үзэхэд эргэлзээтэй.”[4] гэж маргасан.

           Иймээс анхан шатны шүүхээс энэхүү нэхэмжлэгч, хариуцагчийн маргаж байгаа үндэслэл бүрийг хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд, ерөнхий журнал, гаалийн мэдүүлгүүд, гаалийн статистик мэдээ, аудитын дүгнэлтүүд болон тодруулга, шинжээчийн дүгнэлт, гадаад худалдааны гэрээ, түүнтэй холбоотой санхүүгийн болон анхан шатны баримтуудтай тулган шалгаж, нэхэмжлэгч, хариуцагч талуудын маргаж байгаа үндэслэлийн батлагдаж, эсхүл үгүйсгэгдэж байгаа баримтуудын талаар үнэлэлт, дүгнэлт өгөх, шаардлагатай тохиолдолд нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах шаардлагатай.

          Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 511 дүгээр магадлалд “2015 онд 17,940,365.664 төгрөгөөр мэдүүлж, 2016 онд 1,287,190.613 төгрөгөөр мэдүүлж оруулж ирсэн тоног төхөөрөмж нь гэрээгээр тохирсон тоног төхөөрөмжтэй тохирч байгаа эсэхийг шалгах, ...55,112,770.026 төгрөг болон 2014, 2015, 2016 онуудад гаальд мэдүүлсэн 63,370,387,216.71 төгрөгийн хооронд зөрүү гарсан нь гаалийн байгууллага жишиг үнээр гаалийн татварыг тогтоосонтой холбоотой гэх нэхэмжлэгчийн тайлбарт дүн шинжилгээ хийж шалгаснаар 55,112,770.026 төгрөгийн тоног төхөөрөмжийн үлдэгдэл 2015 болон 2016 онд Монгол Улсын хилээр орж ирсэн эсэхийг тогтоох, ... 2014 онд “Ч” компани дээр үүсгэсэн данс хаагдсан, 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайландаа авлага, өглөгөөр тусгаагүй нь бараа татан авалт хийснийг нотлох баримт болох эрх зүйн зохицуулалт ямар хэм хэмжээнд тусгагдсан эсэх” гэж  заасан нөхцөл байдлуудыг шалган тогтоох шаардлагатай.

          Дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган тогтоосны үндсэн дээр нэхэмжлэгч компанийг зөрчил гаргасан гэж нийт 5,412,094,828.25 төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоосон маргаан бүхий 44/17 акт нь Гаалийн тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай болон Татварын ерөнхий хууль, холбогдох бусад хуулиар зохицуулсан гаалийн бүрдүүлэлтийн дараах шалгалт хийх зорилго, нэхэмжлэгч компани нь гаалиар оруулж ирсэн буюу импортолсон барааны тоо хэмжээ, нэр төрлийг худал, дутуу мэдүүлсэн зөрчил гаргасан эсэх, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийсэн зөрчлийг нэхэмжлэгч компани үйлдсэн эсэх, улсын байцаагч нараас акт гаргахдаа гаалийн мэдүүлэг болон гаалийн ерөнхий газрын гаалийн бүрдүүлэлтийн статистик мэдээг тулган шалгалгүй, дутуу тооцоолол хийсэн эсэх, гаалийн хилээр нэвтрүүлээгүй буюу татан авалт хийгдээгүй барааг нотлох баримтгүйгээр хийсвэрээр тооцсон эсэх, маргаан бүхий акт нь хууль тогтоомжид нийцэж байгаа, хууль зүйн үндэслэлтэй эсэх, уг актын улмаас нэхэмжлэгч компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөөгүй эсэхэд бүрэн дүгнэлт өгөх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.

          Эдгээр үндэслэлээр, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 668 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                              Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 221-222 дахь тал

[2] Хэргийн 3-р хавтас 71-72 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 222 дахь тал

[4] Хэргийн 3-р хавтас 72 дахь тал