Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2021/0083

 

                                  О.Д-ийн нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, О.Г нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0790 дүгээр шийдвэртэй, О.Д-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч О.Доржсүрэн, түүний өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0790 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар:  Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 14 дүгээр зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд холбогдуулан гаргасан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 тоот тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-ын Ерөнхий захирлаар эгүүлэн томилуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн дүгнэлт, шийдэл нь үндэслэлгүй бөгөөд маргаан бүхий актын хэлбэрийн талыг барьж өрөөсгөл байдлаар дүгнэлт өгснөөс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил болсон гэж үзэж байна.

Хариуцагчаас анх нэхэмжлэгчийг Олон улсын хүүхдийн найрамдал цогцолборын Ерөнхий захирлаар томилсон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаж байсан, хариуцагчаас төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхэд Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтуудыг баримтлах ёстой гэж үзэж байна. Хариуцагчаас нэхэмжлэгчтэй нэгэнт хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, үр дүнгийн гэрээ байгуулсан тул энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Төрийн албанаас чөлөөлөх, шилжүүлэхтэй холбоотой харилцаанд Хөдөлмөрийн хуулийг баримтлах боломжгүй нарийвчилсан зохицуулалт бүхий хууль болох Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийг шилжүүлэх талаарх зохицуулалт, 46 дугаар зүйлд заасан төрийн албанаас чөлөөлөх талаарх зохицуулсан заалтыг баримтлах ёстой юм.

Гэтэл маргаан бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны Б/29 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 44, 46 дугаар зүйлүүдэд заасан зохицуулалтыг огт хэрэглээгүй дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэл бүрдээгүй байсан.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг өөр ажилд шилжүүлэх шаардлага байгаагүй. Төрийн албан хаагчтай харилцан тохиролцож, зөвшилцөөгүй хэрнээ огт байгуулагдаагүй хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцож цуцлах асуудлыг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг баримталсан нь хууль бус мөн Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтныг өөр ажлын байранд шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтуудын алийг ч хэрэглэх үндэслэл байхгүй байхад маргаан бүхий актыг гаргасан нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хуульд заасан үндэслэлгүйгээр шууд дуусгавар болгосон, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Маргаан бүхий актаар төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн эсхүл шилжүүлэн ажиллуулсан эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байхын зэрэгцээ Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийг өөр ажилд шилжүүлэх, чөлөөлөх болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажилтныг өөр ажилд шилжүүлэх үндэслэлүүдийн аль нь ч бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн эрхэд хууль бусаар халдсан шинжийг агуулж байна. Энэ тохиолдолд  нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой бөгөөд маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус байх шинжийг агуулж байна

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн дээрх үндэслэлд огт дүгнэлт хийлгүйгээр зөвхөн маргаан бүхий актын хэлбэрийн талыг барьж өрөөсгөл байдлаар дүгнэн Б/29 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасантай нийцээгүй, дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн дөрөв дэх хэсэгт ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах боломжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,энэ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн зөрчил гэж үзэж байна. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг баримталсан бөгөөд хуульд байхгүй заалт баримталсан нь мөн хуульд нийцээгүй гэж үзэж гомдол гаргаж байна. 

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 790 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. 

Давж заалдах гомдолд “хариуцагчаас хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул албан тушаалаас чөлөөлж шилжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 44, 45 дугаар зүйлийг баримтлах ёстой. ... эдгээр заалтад заасан өөр ажилд шилжүүлэх шаардлага байгаагүй, тохиролцож шилжүүлээгүй нь төрийн албан хаагчийг хуульд үндэслэхгүйгээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д заасныг буруу хэрэглэсэн” гэжээ.

Нэхэмжлэгч О.Д-ийн эрхэлж байсан Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаал болохын хувьд үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан байх бөгөөд “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг тусгайлан зохицуулсан 44, 45 дугаар зүйлийг баримтлах хууль зүйн үндэслэлгүй. Учир  нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж заасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/29 дүгээр тушаал нь утга агуулгын илэрхий алдаагүй, О.Д-г өөртэй нь тохиролцсон гэх үндэслэлээр эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлснийг хууль бус үйлдэл хийхийг шаардсан гэж үзэхгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэжээ. 

Мөн хариуцагчийн дээрх тушаалыг гарснаас хойш нэхэмжлэгч О.Д нь “талууд харилцан тохирсон” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримтлан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосонтой маргалгүй, 2020 оны 8 дугаар сар хүртэл Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежийн дэд захирлын албан тушаалд томилогдон 8 сарын хугацаанд ажиллаж байснаас үзвэл “харилцан тохиролцоогүй” эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хууль бусаар халдсан гэж үзэхээргүй байна.

Учир нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг “харилцан тохиролцсон” бол хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бөгөөд энэ тохиолдолд “талууд харилцан тохирсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасныг баримталсныг буруутгах үндэслэлгүй.

Харин дээрх хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох нөхцөл үүсээгүй буюу “харилцан тохиролцоогүй” байхад үндэслэлгүйгээр албан тушаалаас чөлөөлж, өөр ажилд шилжүүлсэн гэж үзсэн бол О.Д нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд хандах боломжтой атал хандаагүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны Б/29 дүгээр тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6-д зааснаар илэрхий алдаатай буюу илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлоор хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Харин давж заалдах гомдолд дурдсан “хуульд байхгүй заалтыг баримталсан” гэсэн нь үндэслэлтэй боловч шүүхийн шийдвэрийн Үндэслэлд заасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг 40 дүгээр зүйл гэж тогтоох хэсэгт бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулав.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2020/0790 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6” гэснийг “47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.5, 47.1.6” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                    Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ