Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2018/00878

 

 “П” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 240 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “П” ХХК

          Хариуцагч: Д.М, П.С нарт холбогдох

         Нийт 58.788.900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

     Хариуцагч П.С, хариуцагч Д.Мын төлөөлөгч Ц.Э гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П, өмгөөлөгч Т.У, хариуцагч Д.Мын төлөөлөгч Ц.Э, П.С төлөөлөгч Д.М, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.С, Д.М нар 2015-07-02-ны өдөр биечлэн хандаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо /Бэлх/ зуслангийн зориулалттай 700 м.кв талбайтай газар болон Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Бэлх 21 дүгээр хэсэг гудамж, 2160 тоот хаягт байршилтай 322 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж 40сая төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. П.С, Д.М нарт 40сая төгрөгийн зээлийг нэг сарын 5% хүүтэй, 12 сарын хугацаатай зээлүүлэхээр Зээлийн хорооны хурлын шийдвэр гарч 11-15061895 дугаартай зээлийн гэрээ, 11-15071895 дугаартай баталгаат ипотекийн гэрээ, 11-15071895 дугаартай барьцааны гэрээ, 11-15061895 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулсан. Мөнгийг бэлнээр гарт нь олгосон.  Д.М 2015-08-04-ний өдөр 11-15081922 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 26-89 УНИ улсын дугаартай Тоёото Хариер маркийн машиныг барьцаалан 10,5 сая төгрөгийн зээлийг дахин тус байгууллагаас  авсан. Өөрөөр хэлбэл, авто машин барьцаалж 2 удаагийн зээл авсан. Д.М 10 500 000 төгрөгийн зээлийг 2016-08-15-ны өдрийн дотор төлж барагдуулах, хэрэв төлөхгүй бол фидуцийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хүсэлтийг өөрөө гаргаж түүний хүсэлтээр 16 863 000 /үндсэн зээл, зээлийн хүү/ төгрөг, зогсоолын төлбөр 197 000 төгрөг нийт 17 060 000 төгрөгийг Ж.Гантөмөр гэдэг хүн төлж зээлийг нь хааж автомашиныг худалдан авч 10 500 000 төгрөгийн зээлийг хаасан.Энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдсан ба хариуцагч нар маргадаггүй. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Ц.Энхбаяр маргаад байна. Зээлдэгч нар  2015-07-02-ны өдөр авсан зээлийг 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш нэг ч төгрөг төлөөгүй. Зээлийн барьцаагаар газрыг 30 сая төгрөг, фидуцийн гэрээгээр  авто машиныг 18сая төгрөг, ипотекийн гэрээгээр хувийн сууцыг 50сая төгрөгөөр талууд харилцан тохиролцож үнэлээд 40сая төгрөгийн зээл гаргасан. Зээлээ төлөхгүй байсан учир Д.Мт удаа дараа мэдэгдэл, шаардах хуудас өгөөд төлөх боломжгүй болсон учир өргөдлөө гаргаж зээлийн төлбөртөө шилжүүлэн өгсөн. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь банк бус болсон боловч хурааж авсан асуудал байхгүй. Д.М нийтдээ 6 063 491 төгрөгийн хүү, 14 477 598 төгрөгийн үндсэн зээлийн төлбөр төлсөн, торгууль 782 909 төгрөг, нийт 21 324 000 төгрөг төлсөн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Д.М, П.С нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25,522,401.01 төгрөг, зээлийн хүү 15,017,980.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,628,808.23 төгрөг, нийт 43,169,190.02 төгрөг шаардсан. Хариуцагч төлбөр төлөөгүй 2017-01-06-ны өдөр 3,215,821.72 төгрөгөөр, 2017-01-27-ны өдөр 1,071,940.9 төгрөг, 2017-02-17-ны өдөр 2,143,881.81 төгрөг, 2017-09-06-ны өдөр 10,260,005.83 төгрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 58,788,900.38 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч Д.М, П.С нар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П ХХК-иас 2015 оны 07 дугаар сард 40 000 000 төгрөг зээлж, 15 000 000 төгрөгийг буцааж төлсөн. Үлдсэн 25 000 000 төгрөгийн хүүг төлж байгаад эдийн засгийн хямралаас болж 2016 онд төлж чадахгүй болсон. Зээлийн хүүг төлж чадахгүй болсныг удаа дараа мэдэгдсэн боловч П ХХК нь өдийг хүртэл хүү, алданги тооцож явсан. Иймд уг зээлийн хүү, алданги төлөх боломжгүй. Үлдсэн зээл болох 25 000 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна. Хэрэгт авагдсан 2015 оны 07 дугаар сарын зээлийн гэрээгээр 40сая  төгрөгийн зээлийг хариуцагч нарт олгосон байдаг. Энэ гэрээг үндэслээд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу фидуцийн гэрээг 26-89 УНИ улсын дугаартай Тоёото хариер маркийн авто машин дээр байгуулсан, фидуцийн гэрээгээр 40сая төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Иймээс фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 40сая төгрөгийн барьцаанд байсан Тоёото хариер маркийн авто машиныг П ХХК нь хураан авч фидуцийн гэрээ дуусгавар болсон. Хариуцагчийн зүгээс нэгэнт фидуцийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон учир энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон, мөн зээлийн үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Иймд П ХХК-д хариуцагч Д.М, П.С нар төлөх төлбөр байхгүй, гэрээний үүрэг бүрэн дуусгавар болсон учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.М, П.С нараас 58,788,900.38 төгрөг гаргуулж  П ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч П ХХК-иас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 451,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Д.М, П.С нараас 451,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 240 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Д.М, П.С нараас 46,249,138 төгрөг гаргуулж П ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,539,762 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч тал  хяналтын гомдолдоо: 2015-07- 02-ны өдөр байгуулагдсан барьцааны гэрээ тус бүр 40сая төгрөгийн үнийн дүнгээр хийгдсэн бөгөөд үүний нэг нь “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-г 26-89 УНИ улсын дугаартай Тоёото хариер маркийн авто машин дээр байгуулсан. Хариуцагчийн зүгээс зээлийн төлбөрийг төлж чадаагүй улмаас нэхэмжлэгч буюу зээлдэгч тал 2016-09-07-ны өдөр уг авто машиныг хураан авч, 17.060.000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан. Талууд 2015-08-04-ний өдөр 11-15071922 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 10 500 000 төгрөгийг зээлж авсан. Гэвч нэхэмжлэгч тал дээрх автомашиныг зөвхөн 2015-08-04-ний өдөр 11-15071922 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцон авсан байдаг. Фидуцийн гэрээний онцлог нь үүргийн гүйцэтгэлийг хангуулж байгаа эд хөрөнгө үүргийн үнийн дунд хүрэхгүй байвал үүрэг гүйцэтгүүлэгч, илүү үнэтэй байвал үүрэг гүйцэтгэгч эрсдэлээ өөрсдөө хүлээдэг. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2015-07-02-ны өдрийн “үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”-ний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч барьцааны зүйлийг бодитойгоор гаргуулан авч, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан тул 2015-07-02-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны  зээлийн гэрээ тус тус дуусгавар болсон гэж үзэж байна. Нөгөөтээгүүр 2015-07-02-ны өдрийн зээлийн гэрээнд Д.М, Солонго гэж гарын үсэг зурсан боловч уг зээл зөвхөн П.Солонгын нэр дээр гарсан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан бөгөөд дээрх 40 сая төгрөгийг зөвхөн П.Солонгын нэр дээр зээлийн данс үүсгэж гүйлгээ хийсэн. Иймд уг зээлийг зөвхөн П.Сд олгосон бөгөөд Д.Мт зээлийг олгоогүй ба Д.М нь уг зээлийг хариуцах үүрэггүй гэж үзэж байна. П.Солонгын зээлийн барьцаанд тавьсан барьцаа хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр Д.М нь өөр зээлийн барьцаанд тавьсан байгаа нь хуульд нийцэхгүй. Давж заалдах шатны шүүх хэтэрсэн хугацааны хүүг багасгаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн хэдий ч учир дутагдалтай гэж үзэж байна. Нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо зээлдэгч нь 2015-12-31-ний өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд үндсэн зээл 25 522 401 төгрөгийн үлдэгдэлтэй гэж тодорхойлсон. Зээлийн төлөлт хийсэн өдөр буюу 2015.12.31-ний өдрөөс зээлийн гэрээний дуусах 2016-07-02-ны өдөр хүртэл 6 сарын хугацаанд үндсэн зээл 25 522 401 төгрөг, зээлийн хүү /1 сарын хүү 1.276.120 төгрөг/ 6 сар = 7.656.720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.531.344 төгрөг, нийт 34.710.465 төгрөгийг хариуцагч талд төлөхөөр гарч байгаа. Давж заалдах шатны шүүхийн магадлалд: “үүрэг гүйцэтгүүлэгч нь шилжүүлэн авсан фидуцийн зүйл болох автомашиныг бусдад худалдаж, 2015-07-02 -ны өдрийн 11-15061895 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулсан нь хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 3.1.2, 3.1.3 дахь заалтад нийцсэн” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтээс хархад 2015-07- 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулсан гэж харагдаж байсаар атал яагаад хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлөөгүй гэрээний үүргийг биелүүлж дуусах хүртэл үндсэн хүү төлөхөөр заасан нь мөн хуулийн 25.3 дахь хэсгийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Өнөөдөр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд 25.3 гэсэн хуулийн заалт байдаггүй. Иймд байхгүй хуулийн заалтыг үндэслэж дүгнэлт хийсэн нь хуульд нийцэхгүй юм. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “П” ХХК 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр П.С, Д.М нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн   зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 25,522,401.01 төгрөг, зээлийн хүү 28,034,405.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,232,0947.05 төгрөг нийт 58,788,900.38 төгрөг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахыг хүссэн байна.

   Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, “...нэхэмжлэгч нь хариуцагчийг үндсэн зээлд 14,477,598 төгрөг, хүүд 6,063,491 төгрөг, торгуульд 782,909 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд үүнээс илүү хэмжээний мөнгө төлсөн тайлбараа хариуцагч нотлоогүй...” гэсэн үндэслэлээр хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 25,522,402 төгрөг, гэрээний хугацаанд төлбөл зохих хүү 17,936,609 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,796,227 төгрөг /2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацааны нэмэгдүүлсэн хүү 3 573 136 төгрөгөөс торгуульд төлөгдсөн 782 909 төгрөгийг хасч/ нийт 46,249,138 төгрөгийг  гаргуулахаар шийдвэрлэжээ.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       П.С, Д.М нар “П” ХХК-тай тохиролцон 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11-15061895 дугаартай зээлийн, 11-15071895 дугаартай барьцааны, 11-15071895 дугаартай баталгаат ипотекийн, 11-15061895 дугаартай эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээнүүдийг тус тус байгуулж, 40,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн нь тогтоогджээ.

       Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг зохигчийн хэн аль нь шаардах эрхтэй юм.

     “П” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, мөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн боловч зээлдэгч нар үүргээ биелэлүүлээгүй нь зохигчдын тайлбар, хэрэгт буй баримтаар нотлогджээ.

      Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, зохигчийн тайлбарын хэмжээнд дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.  

      Түүнчлэн, нэхэмжлэгчээс авсан 10,500,000 төгрөгийн зээлд Д.М өөрийн Тоёота харриер маркийн 26-89 УНИ улсын дугаартай, 2005 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг барьцаалсан байх бөгөөд уг эд хөрөнгийг нийт 17,060,000 төгрөгт тооцон шилжүүлж, гэрээний үүргийг биелэлүүлсэн тул уг автомашинаас 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн зарим хэсгийг хангуулах тухай гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй юм.    

 Харин шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Анхан шатны шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар заахдаа холбогдох хуулийг баримтлаагүйгээс гадна эд хөрөнгийг нэрлэн заагаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хуулийн 175-р зүйлд нийцээгүй байна.

      Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулсан боловч улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөн хуваарилаагүй үлдээсэн нь дутагдалтай болжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 240 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Д.М, П.С нараас 46,249,138 төгрөг гаргуулж “П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,539,762 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж, 2 дахь заалтын “...П.С нараас 451.900 төгрөгийг гаргуулж...” гэснийг “...П.С нараас 389,195 төгрөг гаргуулж...” гэж, 3 дахь заалтыг “...Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.М, П.С нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, 20-р хороо Бэлх 21-р хэсэг гудамж, 2160 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай 322 кв.м талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг, 700 кв.м талбай бүхий 18649324082257 нэгж талбарын дугаартай, зуслангийн эзэмшил газрын хамт зохих журмын дагуу худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагч П.С, хариуцагч Д.Мын төлөөлөгч Ц.Э нарын гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 199.570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ