Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

2020       01          27                                   2020/ШЦТ/92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, шүүгч Ё.Цогтзандан, П.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй,

улсын яллагч Ц.Батбямба,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул, 

иргэдийн төлөөлөгч Д.Лавдмаа,

шүүгдэгч Ө.Н , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Ө.Н д холбогдох эрүүгийн 1911000001197 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Ө.Н , 1967 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Их Тамир суманд төрсөн, эмэгтэй, 52 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Дэнж А-3-10 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод байрлах нийтийн байрны 11 тоот өрөөнд ганцаараа түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод үйл ажиллагаа явуулдаг 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржийг өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа гэж шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ө.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Отгонбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад эрүүгийн хэрэг үүсгэж, цагдан хорьсон. Би 2 сар 21 хоног цагдан хоригдож байна. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг гэртээ амарч байхад манай нэг давхарт амьдардаг Равдандорж дуу чимээ гаргаад хаалга, үүдээ цохиод байхаар нь би доошоо буугаад “би унтаж амармаар байна, чимээгүй байж болохгүй юу” гэхэд намайг элдвээр хэлж доромжлоод байхаар нь өөр юм хэлэлгүй гэртээ орсон. Энэ үед 11 цаг болж байсан. Би гэртээ ороод зурагт үзэж байгаад унтчихсан байсан. Унтаж байхад доор хүмүүс шуугилдаад чанга ярьж байгаа нь дуулдсан. Удалгүй хэсэг чимээгүй болсон. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед хүн ёолох чимээ гарахаар нь гайхаад доошоо буугаад очиход хаалга нь онгорхой байсан. Хаалгаар нь шагайгаад харахад Равдандорж матраас нь дээрээ хажуулдсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад би ширээ мөргөөд уначихлаа, хавиргаа гэмтээчих шиг боллоо гэж хэлэхээр нь түргэн тусламж дуудах уу гэж асуухад хэрэггүй, удахгүй зүгээр болох байх гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ороод өвчин намдаах эм буюу нальгезин гэх эм авчирч өгөөд хажууд нь байсан архины шилийг үлээлгэсэн. Хэрэг гарвал паараа нүдээрэй гэж хэлээд би гэртээ ороод унтсан. Гэтэл гэмт хэрэгт буруутгагдаж байгаадаа гомдолтой байна. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 05-ны орой Чингэлтэй дүүргийн эрүүгийн 2 төлөөлөгч ирж намайг баривчлаад айлган сүрдүүлж дарамтлах замаар миний эсрэг мэдүүлэг авч, хүчээр тэр хүнийг зодсон, цохисон болгож, надад хүчээр хэрэг тулгаж, өмгөөлөгчгүй, хууль сануулахгүй мэдүүлэг авсан. Иймд би хийгээгүй хэргийнхээ төлөө ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хэрвээ би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгсөн бол ийм хэрэгт гүтгэгдэхгүй байсан. Би тухайн хүнд тусламж үзүүлж байхад алуурчин нэр зүүж, ийм хэрэгт холбогдож байгаагаа гайхаж байна. Мөрдөгч, прокурор нар яагаад бусад гэрт байсан хүмүүсийг шалгалгүй намайг чимээ битгий гарга гэж хэлсний төлөө буруутгаж байгаа юм бэ. Энэ нь хэт нэг талыг барьж байна. Бусад хүмүүс гэмтэл учруулсан эсэх талаар яагаад шалгахгүй байгаа юм. Хэргийг хайнга шалгаж байгаагаас миний эрх, ашиг зөрчигдөж байна. Би тэр хүнийг танихгүй, бид хоёрын дунд ямар нэгэн хувийн харьцаа байхгүй, өс хонзонгийн ямар нэгэн асуудал байхгүй. Мөн хохирогч гэх хүн надаас өндөр, цохих түлхэх, ямар ч боломжгүй. Иймд яллаж, буруутгаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрхэм шүүгч хэргийг үнэн зөв, бодитойгоор шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, эмч Б.Батзулын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дарамбазарын Равдандорж миний төрсөн ах 1961 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн. Бүрэн дунд боловсролтой, Улаанбаатар зам ангид ажиллаж байсан. Оюунгэрэл гэх хүнтэй 1981 онд гэр бүлж болоод хоёр охинтой болсон. 1992 оны үед Оюунгэрэл, Равдандорж хоёр албан ёсоор салсан. Тэгээд Оюунгэрэл хоёр охинтойгоо хамт Герман улс яваад одоог хүртэл Монголд ирээгүй. Төлөв даруу зантай, хүнтэй хэрүүл маргаан хийгээд байдаггүй. ...Миний зүгээс гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Нийт 4.840.000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг өгвөл авна...” гэх мэдүүлэг /хх 20-24/,

Гэрч Д.Хадбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 11 цаг өнгөрч байхад Мягмарсүрэн миний утас руу залгаад Равданг хойшоо 7 буудал дөхүүлээд өгөөч, зурагтыг нь тохируулж өгөх гэсэн юм гэхээр нь би хүүхдээ хувцаслаад машинаа унаад гэрээс гарч 5 буудлын автобусны буудал дээрээс Равдан, Мягмарсүрэн хоёрыг аваад 7-н буудалд байдаг Равдандоржийн амьдардаг нийтийн байранд очсон. Равдандоржийн гэрт байхад дээд талд нь амьдардаг гэх шар царайтай, нас тогтсон, согтуу эмэгтэй хаалгыг нь нүдээд орж ирэх гээд байхаар нь Равдандорж энэ балай архины үнэрээр орж ирэх гэж байна гэж хэлж байсан. Тэр эмэгтэйн энэ үйлдэл хоёроос, гурван удаа болсон бөгөөд Равдандорж тэсэхээ болиод байрны даргыг дуудаж гэртээ оруулж ирээд энэ авгай ингээд тэгээд байна гэж хэлээд байх шиг байсан. Тэр эмэгтэй нэг шилтэй салат барьж орж ирээд байсан чинь байрны эзэн танд хандраад байгаа юм биш үү гэтэл Равдандорж наадах чинь архи харчхаад тэгээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр удаагүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 25-27/,

Гэрч Б.Мягмарсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Уг байранд өөрөө нэг өрөө түрээслэн амьдардаг эмэгтэй орж ирээд Равдандоржтой хэрүүл маргаан хийгээд байсан. Би амармаар байна, битгий чимээ гаргаад бай гэсэн, хариуд нь Равдандорж зурагтаа холбох гэж байна гээд маргаан хийгээд байсан. Тэгээд би Равдандоржийн гэрээс гарахад Равдандорж дээд талынхаа айлын эмэгтэйтэй маргалдаад үлдсэн. 18 цагийн орчим Равдандоржийн гэрт ороход Равдандорж гэртээ хэвтэж байсан. Юу болсон гэхэд нэг бол унасан, нэг бол хүнд зодуулсан, 4 хавирга хугарсан гэж хэлж байсан. Тэгээд би 103 дугаарт залгаж түрэн дуудсан. Эмч ирж үзээд Равдандоржид үзлэг хийж, хавиргыг нь дарж үзээд хавирга чинь хугараагүй байна. Өөр ямар зовуурь байна гэж асуугаад, тайвшруулах тариа хийлээ гэж гар утсаа гаргаж бичлэг хийж байгаад, та өөрөө согтуу байна хавирга хугараагүй байна гэж хэлээд байж байхад гаднаас түрээсийн байрны эзэн орж ирсэн. Тэгээд Равдандоржийн хавирга хугарсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй, манай байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 28-30/,

Гэрч Ш.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 38-604А тоотод 2 давхар байшинтай. Манай байшинд 4 айл түрээсээр амьдардаг. 1 давхрын 01 дүгээр тоотод 2019 оны 09 дүгээр сараас эхлэн Д.Равдандорж гэдэг хүн түрээслэн амьдарч байгаа. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 09-10 цагийн хооронд би ганцаараа Равдандоржийн гэрт орсон. Равдандорж өөрөө, мөн бор ноосон цамцтай залуу зурагт засаж байсан. Бас нэг саравчтай малгайтай хүн сууж байсан. Ширээн дээр 0.33 литрийн Хараа архи байсан. Би гэрээс гараад явсан. Орой 17 цагийн үед би ганцаараа Равдандоржийн гэрт ороход өглөө байсан хар малгайтай хүн бас нэг залуу байсан. Хар саравчтай малгайтай хүн Равдандорж хүнд зодуулчихсан байна. Түргэн дуудчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34-38/,

Гэрч Б.Хишигням нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 07 цаг 47 минутад Равдандорж ах над руу залгаад Сүхбаатар дүүргийн Дамбадаржаагийн хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би 08 цагийн үед Равдандорж ахын Дамбадаржаад байдаг хашаан дээр очиход Равдандорж ах хашаан дотроо байсан. Равдандорж ах надад чи манай хашаанд ирээд буучих гэж хэлсэн. Би буух боломжгүй. Харин айл олоод өгье гэж хэлсэн. Равдандорж ах бид хоёр яваад дэлгүүрээс Равдандорж ах өөрийнхөө мөнгөөр 0.33 литрийн Хараа архи, тамхи, ундаа авсан. Тэгээд би Равдандорж ахыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байдаг нийтийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед Равдандорж ахын биед ямар нэгэн шарх сорви байхгүй, биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/,

Гэрч Л.Эрдэнэбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “..2019 оны 11 дүгээр сарын 04-ний үед гэртээ байхад Мягмарсүрэн ганцаараа ирээд Равдандоржийн гэрт очоод зурагт асаагаад өг гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр Равдандоржийн гэрт очсон. Равдандорж газар хэвтэж байсан. Мягмарсүрэн юу болсон гэж асуухад Равдандорж согтуу зүгээрээ гээд байсан. Тэгээд Мягмарсүрэн эмч дуудсан. Удаалгүй эмч ирээд Равдандоржийг үзсэн. Равдандорж эмчид унасан гээд байсан. Эмч авч явах гэсэн боловч Равдандорж явахгүй гээд байсан тул эмч утсаараа бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 41/,

Гэрч Б.Батзул нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Равдандоржоос та юу болсон талаар ярина уу? Та хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн эмнэлэг явж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэхэд би унасан явахгүй гэж хэлсэн тул би гар утсаараа бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хх 54-55/,

Шинжээч эмч Б.Даваасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...талийгаач Д.Равдандоржийн элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ. Равдандоржийн 6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан...” гэх мэдүүлэг /хх 58-59/;

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаар дүгнэлтэд: “...Талийгаачийн цогцост элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8, 9-р хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачийн гэмтсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Талийгаач нь насан барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь АВ/IV/-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаач нь гэмтлийн шалтгаантай элэгний баруун дэлбэнгийн хавдрын задралын улмаас цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх 61-63/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1341 дүгээр дүгнэлтэд: “...Ө.Н  нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Ө.Н д сэтгэцийн өвчний ямар нэгэн шинж тэмдэг, хам шинж илрэхгүй байна. Ө.Н  нь сэтгэцийн эмгэггүй байна. Ө.Н  нь хэрэг хариуцах чадвартай байна. Ө.Н  нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх 68-69/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 5541, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6358, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5542 дугаар дүгнэлтүүд /хх 71-74, 76-79/,

Шүүгдэгч Ө.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед Равдандоржийн гэрт хүмүүс юм яриад байсан. Равдандоржийн гэрт шилтэй хоол бариад орох гэсэн чинь Равдандорж оруулахгүй хаалга хаагаад байсан. Равдандорж гэрээсээ гараад байрны эзнийг дагуулаад ирсэн. Намайг байрны эзэн гэртээ ор гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орсон. Равдандорж 14-15 цагийн үед гэрийнхээ дотор талаас үүднийхээ хаалгыг төмөр алхаар цохиод, янзалж байх шиг байсан. Би гэрээсээ гараад Равдандорж дээр очоод би өнөөдөр амарч байна, битгий чимээ гаргаад бай гэж хэлсэн. Равдандорж барьж байсан төмөр алахыг газар байсан гудсан дээр тавиад намайг зайл янхан авгай минь гэж хэл амаар доромжлоод хүрээд ирсэн. Энэ үед би намайг цохих гэж байна гэж бодоод Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан. Энэ үед Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 104-105/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-19-757 дугаар үнэлгээний тайланд: “...Телевизийн антен хар өнгийн, хуучин төхөөрөмж 30.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 158-159/, 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 120/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 113/, нас барсаны гэрчилгээний хуулбар /хх 122/, Нью семетри оршоох үйлчилгээ ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/317 тоот албан бичиг, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 144-148/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 152/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 38-604 тоотод үйл ажиллагаа явуулдаг 2 давхар нийтийн байрны 01 тоотод Д.Равдандоржийг өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа гэж шалтгаанаар маргалдан улмаар түлхэж газар унагаан, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж эрүүл мэндэд нь элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6, 7, 8 дугаар хавирганы хугарал, баруун шуунд цус хуралт бүхий хохирол учруулж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-11/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-15/, эмч Б.Батзулын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 16/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхийн “...Миний зүгээс гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Нийт 4.840.000 төгрөгийн хохирол учирсан. Уг мөнгийг өгвөл авна...” гэх мэдүүлэг /хх 20-24/, гэрч Д.Хадбаатарын “...Тэр эмэгтэй нэг шилтэй салат барьж орж ирээд байсан чинь байрны эзэн танд хандраад байгаа юм биш үү гэтэл Равдандорж наадах чинь архи харчхаад тэгээд байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Мягмарсүрэн бид хоёр удаагүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 25-27/, гэрч Б.Мягмарсүрэнгийн “...Равдандоржийн хавирга хугарсан байна гэж хэлэхэд би мэдэхгүй, манай байранд ямар нэгэн маргаан болоогүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 28-30/, гэрч Ш.Батбаярын “...Хар саравчтай малгайтай хүн Равдандорж хүнд зодуулчихсан байна. Түргэн дуудчихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 34-38/, гэрч Б.Хишигнямын “...Равдандорж ах бид хоёр яваад дэлгүүрээс Равдандорж ах өөрийнхөө мөнгөөр 0.33 литрийн Хараа архи, тамхи, ундаа авсан. Тэгээд би Равдандорж ахыг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд байдаг нийтийн байранд хүргэж өгсөн. Тухайн үед Равдандорж ахын биед ямар нэгэн шарх сорви байхгүй, биеийн байдал хэвийн байсан...” гэх мэдүүлэг /хх 39-40/, гэрч Л.Эрдэнэбаярын “...Удаалгүй эмч ирээд Равдандоржийг үзсэн. Равдандорж эмчид унасан гээд байсан. Эмч авч явах гэсэн боловч Равдандорж явахгүй гээд байсан тул эмч утсаараа бичлэг хийсэн...” гэх мэдүүлэг /хх 41/, гэрч Б.Батзулын “...Би Равдандоржоос та юу болсон талаар ярина уу? Та хүнд зодуулсан гэсэн дуудлага өгсөн эмнэлэг явж нарийн шинжилгээ өгөх шаардлагатай гэхэд би унасан явахгүй гэж хэлсэн тул би гар утсаараа бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хх 54-55/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн “...Равдандоржийн 6, 7, 8, 9 дүгээр хавирга гадны нөлөөний улмаас хугарч элэгний баруун дэлбэнгийн хавдарт задрал үүсгэж, улмаар цус алдаж нас барсан...” гэх мэдүүлэг /хх 58-59/; шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2417 дугаар дүгнэлт /хх 61-63/, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1341 дүгээр дүгнэлт /хх 68-69/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 5541, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 6358, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5542 дугаар дүгнэлтүүд /хх 71-74, 76-79/, шүүгдэгч Ө.Н ийн “...Энэ үед би намайг цохих гэж байна гэж бодоод Равдандоржийн урд талаас нь цээж хэсэгт нь гараараа түлхсэн Равдандорж хойшоо унасан. Энэ үед Равдандоржийн баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх 104-105/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн №ЧД2-19-757 дугаар үнэлгээний тайланд “...Телевизийн антен хар өнгийн, хуучин төхөөрөмж 30.000 төгрөг...” гэх үнэлгээ /хх 158-159/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ө.Н ийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх, шүүгдэгч Ө.Н д ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх нь оршуулгын зардалд баримтаар 4.840.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгчээс уг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнхөд олгуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16-н сувгийн хүлээн авагч антен 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх буцаан олгож, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхийг тус тус дурдав.

Шүүгдэгч Ө.Н  нь 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл нийт 82 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ө.Н ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ө.Н д Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Н ийн энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 82 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н ээс 4.840.000 /дөрвөн сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дарамбазарын Батмөнх /рд: ух69081618/-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 16-н сувгийн хүлээн авагч антен 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батмөнх буцаан олгож, нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН

                              ШҮҮГЧИД                                 Ё.ЦОГТЗАНДАН

                                                                                П.АРИУНБОЛД