Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 538

 

Ө.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1022 дугаар магадлалтай, Ө.Нд холбогдох 1911000001197 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ө.Н нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Нийг хүнийг алах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 205 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нээс 4.840.000 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бөд олгуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан антеныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б буцаан олгож, нэг ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Нийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Text Box: Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ө.Н гаргасан гомдолдоо: “...Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр амарч байтал хүмүүс шуугиад байхаар нь доошоо буугаад дуугаа багасгаж болдоггүй юм уу, хүн амарч байхад гэж хэлтэл талийгаач Р хэл амаар доромжилсон. Би бас дуугүй байгаагүй ганц хоёр үг хэлсэн. Гэртээ орчихоод арай муухай зан гаргасан юм шиг санагдаад ажлаас авчирсан шилтэй хоолоо уучлалт гуйхаар авч орсон. Гэтэл талийгаач тэр хоолыг аваагүй, би ч бас юм бодоогүй дээшээ гараад өөдөөс харсан айлдаа ороод юм ярьж сууж байгаад 5 цагийн үед гэртээ ороод цай чанах санаатай зогсож байтал хүн ёолох чимээ сонсогдсон. Юун чимээ юм бол гэж бодоод доошоо буутал талийгаач Р гэртээ ганцаараа хажуу тийшээ хараад ёолоод хэвтэж байсан. Тэгэхээр нь би “зүгээр үү, би танд түргэн дуудаж өгөх үү” гэтэл “зүгээрээ, би юм цэвэрлэж байгаад халтирч унаад хавирга гэмтчих шиг боллоо” гэхээр нь гэрт орж өвчин намдаах эм авчирч өгөөд хажууд нь байсан архины шил үлээ, хэрэг болбол паараа цохиорой гэж хэлээд гэртээ орсон. Үүнээс цааш юу болсныг би мэдэхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажил тараад гэртээ ирээд байж байтал байрны эзэн танихгүй 2 хүнтэй хамт орж ирсэн. Тэр 2 залуу хэн болох, юу хийдэг гэдгээ хэлээгүй. Та хувцсаа өмс, хамт явъя гэсэн. Тэгэхээр нь яагаад гэж асуухад хэлтэс дээр очоод мэднэ гэж хэлсэн. Тэгээд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хэлтэс дээр очтол Р энд байсан, хаашаа явчихав, бас архиа уугаад явчихсан юм байхдаа гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр залуу дагуулаад нэг өрөөнд ортол саравчтай малгайтай, дунд эргэм насны эр зогсож байсан. Тэр хоёр “та энэ хүнийг таних уу” гэж асуусан. Би танихгүй, тэр ч бас танихгүй гэсэн. Тэр хоёроос юу болоод байгаа юм гэтэл таныг хүн зодож гэмтээсэн гомдлын дагуу шалгаж байна гэсэн... Р танд зодуулсан гэж гомдол гаргасан. Би “Үгүй, би хүн зодоогүй шүү дээ. Харин ганцаараа ёолоод хэвтэж байхад нь өвчин намдаах эм өгсөн шүү дээ, түүнээс биш тэр хүнийг сайн танихгүй шүү дээ” гэж үнэнээ хэлсэн. Тэгээд тэр хоёр намайг нэг өрөөнд оруулж, хаалгаа цоожлоод “За юу болсон талаар үнэнээ хэл авгай минь гэж ёс бус үгээр доромжилсон. Дээр дурдсан зүйлийг хэлтэл “За битгий худлаа хэлээд бай (давтамжтай ёс бус үг хэрэглэсэн), манай шинжээчид хүртэл хэргийн газарт дүн шинжилгээ хийсэн. Таны ямар хэрэг хийснийг мэдэж байгаа шүү, та мөн байсан гэхээр нь би юу мөн гэж асуутал та түлхэж унагаж зодсон гэж талийгаачийг амьд хүн шиг ойлгуулж байсан, тэрэнд нь (амьд гэдэгт нь) би бас итгэсэн. Тэгээд тэр хоёр хүн за байцаагчид ороод “би өшиглөж, зодсон нь үнэн гэж хэлээрэй” гээд байцаагчийн өрөөнд дагуулаад орсон. Тэгээд тэр хоёр гарч яваад би өмгөөлөгчгүй байцаалт өгч эхэлсэн. Гэтэл байцаагч “та цохисон тээ, баруун талаас нь тээ” гээд өөрөө асуугаад, өөрөө хариулаад бичээд байсан. Тэгээд байцаагч гэх хүн баруун талаас нь гэдэг үгийг маш ихээр хэрэглэж байсан. Тухайн үед байцаагч гэх хүн өөрөө асуултандаа хариулаад бичиж дуусаад, дараа нь гарын үсгээ зур гэсэн. Би таниас зөвхөн тайлбар авч байгаа шүү, санаа зоволтгүй гарын үсгээ зурчих гэсэн. Гарын үсэг зурахдаа байцаагчийг Отгонбаяр гэдгийг мэдсэн. Тэгээд тэр байцаагч утсаар яриад “та ирж байна уу, за за” гээд утсаа салгасан. Төд удалгүй нэг хүн орж ирсэн. Тэр хүнийг орж ирэхэд намайг гарч бай гэсэн, хэсэг хугацааны дараа ороод ир гэсэн. “Танд одоо өмгөөлөгч хэрэгтэй болсон, таны цохиж зодсон хүн чинь нас барсан. Энэ хүн өмгөөлөгч Болд, 10 жил өмгөөлөгч хийж байгаа, та энэ хүнтэй уулз” гэсэн. Өмгөөлөгч гэх хүнтэй хурлын заалданд ороод дээрх үнэн байдлыг бүгдийг хэлсэн. Гэвч 103 дуудчихгүй гэж хэлэхээс өөр үг хэлээгүй, үүний дараа гэрээ гаргаж ирээд энд гарын үсгээ зурчих гээд зуруулсаны дараа “би хүн амь 5 саяар өмгөөлдөг, өөрийг чинь 3 саяар өмгөөлж өгнө, эцсийг нь хүртэл явна” гэж хэлээд байцаагчийн өрөөнд ороод тайлбар гэх зүйл дээр гарын үсэг зурсан нь миний амьдралыг ийм болгож хохирооно гэж бодоогүй, үүнд би маш их гомдолтой байгаа. 461 дүгээр ангид түр саатуулагдаад байж байтал байцаагч Отгонбаяр, өмгөөлөгч Болдын хамт ирээд “гэрч гэх ийм олон хүн байхад яагаад хэлээгүй юм бэ” гэхээр нь би мэдэхгүй, хамт байгаагүй гэтэл “за зүгээр, таны эсрэг угаасаа мэдүүлэг өгөөгүй, санаа зоволтгүй, наанаа хурдан гарын үсгээ зурчих” гэсэн. Энэ мэтчилэн удаа дараа хуурч мэхлэн гарын үсгийг минь авч байсанд бас хуулийн мэдлэггүйг минь ашиглаж байсанд туйлын их гомдож байна. Тухайн үед намайг эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмээс гарган дүгнэж байгаад маш их гомдолтой байна. Шалгуулах нь:

-Байцаагч Отгонбаяр нь өөрийн үг хэллэгээр намайг хэрэгтэн болгоод зогсохгүй, миний өмнөөс өмгөөлөгч дуудаж, нөхцөл байдлыг ойлгож амжаагүй байдлыг минь ашиглаж хэргийн материал дээр өмгөөлөгчийг байлцсан гэж гарын үсэг зуруулсанд, мөн миний нөхцөл байдлыг маш их доройтуулсанд туйлын гомдолтой байна. Иймд байцаагч Отгонбаярыг шалгуулах хүсэлтэй байна. Энэ тухай АТГ-д хүсэлт гомдлоо явуулсан байгаа. -Өмгөөлөгч Болд гэх хүн нь байцаагдаж байх үед байгаагүй, мөн албан ёсны өмгөөлөгч болоогүй байж байцаалтанд хамт байсан мэт гарын үсгээ зурсанд би маш их гомдолтой бөгөөд шалгуулах хүсэлтэй байна. Мөн энэ талаар Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргасан байгаа. -Гэрч М гэх хүн нь удаа дараа хэргийн мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй өгсөн гэх. Мөн 103-н эмч үзлэг хийгээд хавирга гэмтээгүй гэж байхад дөрвөн хавирга хугарсныг мэдэж байсан гэдэг нь хавтаст хэрэгт байдаг. Үүнийг нягтлан шалгуулах хүсэлтэй байна. -Анхан шатны шүүхийн гэм буруугийн хурал дээр шинжээч эмч Даваасүрэн нь анхан шатны тусламж үзүүлсэн бол амьд гарах боломжтой гэсэн байдаг. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд үүнийг нь боломжгүй болгосон байгаа тул шалгуулах хүсэлтэй байна. -Анхны төлөөлөгч гэх 2 залуу  хийгээгүй хэргийг минь эрүүдэн тулгаж шаардаж байсан. Мөн хүчээр хийгээгүй хэргийг хүлээлгэсэнд маш их гомдолтой байна. Өөрсдийгөө хэн гэдгийг ч хэлээгүй байж, өнөөдөр намайг ийм байдалд оруулж байгаад, мөн өөрсдийн эрх ашгийн төлөө золиослож байгаад гомдолтой байна. Иймд миний нөхцөл байдлыг доройтуулалгүй үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэж байна. -Тодорхой бус байцаалтаар намайг яллаж, мөн ямар хүн үйлдсэнийг илрүүлээгүйд маш их гомдолтой байна. -Цагдан хоригдсон хоногийн тоо зөрүүтэй байгаа тул шалгуулах хүсэлтэй байна. –Анх байцаалт авч байхдаа байцаагч Отгонбаяр нь гэрт хамт очиж тухайн өдөр миний өмсөж байсан шар тавчикийг цэнхэр уутанд хийгээд дүн шинжилгээнд өгнө гэсэн, хариу нь одоог хүртэл ирээгүй. Үүнийг шалгуулах хүсэлтэй байна. -Шинжээч эмч Даваасүрэн цохисон нь үхэлд хүргэх шалтгаан гэж үзсэн байдаг. Гэвч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд Рийн биед учруулсан (4 хавирганы хугарал) нь миний өшиглөх үйлдэлтэй шууд хамааралтай гэж үзсэнийг мөн шалгуулах хүсэлтэй байна. Миний зүгээс энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул та бүхэн нягтлан шалгаж үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Миний бие гурван хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй юм. Би өөрийн чадлаараа ажиллаж, амьдарч ирсэн хүн. Ажлын хамт олон дунд нэр хүнд сайтай, оноогдсон ажлаа үнэнч шударгаар хийж гүйцэтгэсээр ирсэн. Энэ бүх гүтгэлэгт үнэхээр гомдолтой байна. Энэ бүх үйл явдал миний амьдралын нөхцөл байдлыг доройтуулж, миний амаар хэлэгдээгүй үг хэллэгийг удаа дараа хэлсэн мэт бичиж, тулган шаардаж байсанд би маш их гомдолтой байна.” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дэлгэр гаргасан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан. Миний үйлчлүүлэгч талийгаачийг түлхэж унаган, өшиглөж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж өөрөө хэлсэн байдаг. Гэвч үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө гэрч н.М талийгаачийн 4 хавирга хугарсан байсан, зөвхөн шүүгдэгч амь хохирогчтой маргалдсан гэх эргэлзээтэй мэдүүлгийг өгсөн. Харин талийгаач нь амьд байхдаа түргэний эмчид юм цэвэрлэж байгаад унасан тухай хэлсэн байдаг. Уг хэргийн тухайд эргэлзээтэй, бүрэн нотлогдохгүй байгаа учир шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний бие Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан тоотын дагуу тус хэрэгт томилолтоор ажилласан. Цагдан хорих 461 дүгээр ангид яллагдагчаар мэдүүлэг авах ажиллагаанд миний бие оролцсон. Харин мэдүүлэг авах ажиллагаа эхлэх хугацаанд би өөр үйлчлүүлэгчтэйгээ давхар уулзалттай байсан бөгөөд буцаж ороход Ө.Н мэдүүлгээ өгсөн байсан. Түүнд мэдүүлгийг нь уншуулж танилцуулахад зөвшөөрч гарын үсэг зурсан. Ямар нэгэн хууль зөрчсөн, миний үйлчлүүлэгчийг дарамталсан зүйл ажиглагдаагүй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийг хүний алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ө.Нийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ө.Н нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яргайтын 38-604 тоотод байрлах 2 давхар нийтийн байрны  01 тоотод Д.Ртой “өрөөнийхөө хаалгыг төмөр алхаар цохиж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг түлхэж унаган, цээжний баруун хэсэгт нь 1 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь “элэгний баруун дэлбэнгийн хавдрын задрал, баруун 6,7,8,9 дүгээр хавирганы хугарал, баруун шууд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2417 тоот шинжээчийн дүгнэлт /хх-61/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-58/, шүүгдэгч Ө.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед “Рийн урд талаас нь цээж хэсэг рүү нь гараараа түлхсэн. Р хойшоо унасан, энэ үед нь түүний баруун хавирга хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн” талаар удаа дараа сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-44, 96, 98, 103/, гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр Ө.Н, Д.Р нар маргалдаж байсан талаар гэрч Д.Х /хх-25/, Б.М /хх-28/, Ш.Б /хх-34/ нарын өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг анхан болон давж заалдах шатны шүүх харьцуулан шинжилж, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар шүүгдэгч Ө.Нийг амь хохирогч Д.Ртой маргалдах үедээ түүнийг түлхэж унаган цээжний баруун хэсэгт нь өшиглөснөөс болж амь хохирогчийн 6,7,8,9 дүгээр хавирга хугарч, улмаар элэгний баруун дэлбэнгийн хавдар задарч цус алдаж нас барсан үйл баримтыг сэргээн тогтоож, шүүгдэгч Ө.Нийн өшиглөсөн үйлдэл, Д.Рийн нас барсан үр дагаврын хооронд шалтгаан холбоо тогтоогдсон гэж дүгнэн, Ө.Нийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэснийг үгүйсгэх, эсхүл амь хохирогч Д.Р нь өөр хүчин зүйлийн улмаас биедээ гэмтэл авч нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Амь хохирогч Д.Р нь элэгний баруун дэлбэнгийн хавдар өвчтэй байсан бөгөөд шүүгдэгч Ө.Нийн өшиглөсөн үйлдлээс болж тухайн хавдар задарч, улмаар цус алдаж нас барах шалтгаан болсон нь шүүгдэгч Ө.Нийн гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй гэж үзэв.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Ө.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 8 жил хорих ялыг сонгож оногдуулсан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зарчим, хэм хэмжээг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Н нь амь хохирогч Д.Ртой маргалдан, түүнийг түлхэж унаган, цээжний баруун хэсэгт өшиглөсөн талаараа 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр сэжигтнээр /хх-96/, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар /хх-98/, мөн 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр яллагдагчаар тус тус тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд түүнээс мэдүүлэг авах ажиллагаанд өмгөөлөгч Н.Болд, П.Дэлгэр  нар байлцаж, мэдүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагааны явцад Ө.Нд эрүү шүүлт тулгасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнийг айлган сүрдүүлэх, хууран мэхлэх замаар мэдүүлэг авч, хууль бусаар нотлох баримт бүрдүүлсэн талаар шүүгдэгч Ө.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж дүгнэн хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 1022 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Нийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                           

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР