Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0010

 

 

Ч.Д-ны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                                

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч А.Сарангэрэл, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, гуравдагч этгээд Д.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан хийж, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлоор, Ч.Д-ны нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг дарга, мөн аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5 дугаарт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийн нэр бүхий иргэдээс хавсралтын иргэн Ч.Д-аас Д.Д-д эзэмших газрыг шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Д нь тус шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Захиргааны хэрэг үүсгэх, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай 121/ШЗ2020/0003 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Д давж заалдах гомдолдоо: “...1. Шүүх хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт өгч чадаагүй.

Нэхэмжлэгч нь “Өвөрхангай аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамжаар газар эзэмших болсон... тус газар дээр барилга барих боломжгүй тул ... миний өөр газраар солих тухай хүсэлт гаргасны дагуу... аймгийн Засаг дарга хүлээж аваад... 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дүгээр захирамж гаргаж надад дуудлага худалдаагаар худалдан авсан газраас урагш 1400 м.кв газар олгосон. Энэ захирамжийн дагуу гэрчилгээ гарахгүй байсаар 2019 оны 04 сарын 12-ны өдөр ...6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 м.кв газрыг “амины орон сууцны зориулалтаар өгч, гэрчилгээ олгосон.

“... миний бие барьцаанд байсан нэгж талбарын 6216000388 дугаарт бүртгэлтэй газрыг аймгийн Засаг дарга урагшаа шилжүүлж олгосон гэж ...” шийдвэр гүйцэтгэх газрын хүмүүст хэлсэн.

Хариуцагчийн тайлбарт: “... Ч.Д нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/643 дугаар захирамжаар 1400 м.кв газар эзэмшиж улмаар тухайн газарт газар доогуур холбооны шилэн кабель байгаагаас зориулалтын дагуу барилга барих боломжгүй болсон тул тухайн газрын эзэмшлийг шилжүүлсэн” гэх тайлбаруудыг өгч энэ нь тус хэрэгт хууль ёсны дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог.

Товчхондоо аймгийн Засаг даргаас Ч.Д-д хоёр газар олгосон биш нэг дуудлага худалдаагаар нэг газар олгож зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан тул газрын байршлыг шилжүүлжээ.

Тус газарт аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох ажиллагаа хийж Ч.Д-ны нэр бүхий газрыг дуудлага худалдаанд оруулж шийдвэрлэсэн нь хуулийн дагуу болсон үйл ажиллагаа бөгөөд миний бие тус газрыг зохих журмын дагуу дуудлага худалдаанд орж худалдан авсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ анх 2014 оны 05 дугаар сарын 30- ны өдрийн а/242 дугаар захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгож, тус газарт шилэн кабелийн шугам таарсан тул 30 орчим метрийн зайд аймгийн Засаг даргын 2016 оны 06 сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамжаар Ч.Д-ны эзэмшилд, худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 мкв газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчилж, 2019 оны 04 сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн 13 дугаар баг, Төв-4, 432 тоот хаягт 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 мкв газрыг “Амины орон сууцны” зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна гэж дүгнэсэн.

Энэ нь тухайн Захиргааны хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод бодит нөхцөл байдалтай тохирдог.

Гэвч шүүхээс: “Гуравдагч этгээд Д.Д-д шилжүүлсэн газар, нэхэмжлэгч Ч.Д-ны эзэмшиж байсан газрын байршил солбицлууд зөрүүтэй байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна” гэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй, шүүхийн шийдвэр ойлгомжгүй, утга агуулга хийгээд бодит байдлын хувьд алдаатай байна.

Арвайхээр сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод зааснаар маргаан бүхий газар нь хуучнаар Арвайхээр сумын 5 дугаар баг, Шинэ төв гэсэн хаягтай байсан ба сүүлд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын дагуу тухайн газрын албан ёсны хаяг нь Арвайхээр сумын Онги 13 дугаар баг төвийн 4 дүгээр гудамж, 432 тоот гэсэн хаягтай болж нэгж талбарын 6216031771 дугаартай болсон байдаг. /хх-231/ Энэ нь тухайн захирамжаар олгосон газар нь нэг газар гэснийг нотолсон баримт юм.

Ч.Д нь өөрийн хүсэлтийн дагуу газраа шилжүүлэн байршуулж шинээр гэрчилгээ авсан, улмаар сүүлд бичиг баримтыг нь гаргуулж авсан үйл баримтаа “сүүлд надад шинээр олгосон газар учраас барьцаанд тавигдаагүй, шүүхийн шийдвэрийн албадан дуудлага худалдаанд ороогүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй” бодит байдлаас илтэд зөрүүтэй юм.

Нэхэмжлэгч хоёр өөр газар гэж тайлбарладаг ч сүүлд авсан гэх газрыг эзэмшүүлэх талаар ямар нэгэн дуудлага худалдаа явагдаагүй, шинээр газар олгох талаар нэг ч үйл баримт байхгүй байгаа нь хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан газрын хувийн хэрэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог.

Шүүхээс энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, хариуцагч нарын гаргасан тайлбар, нотлох баримтуудыг үгүйсгэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг зөрчсөн байна.

2. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуульд заасан журам зөрчсөн.

Маргаан бүхий газартай холбоотой Ч.Д-ны газрыг 2019 оны 06 сарын 25-ны өдөр хурааж улмаар хоёр удаа дуудлага худалдаа явуулахдаа тухай бүрт нь мэдэгдэж /хх-11, 12/ 2019 оны 09 сарын 30-ны өдөр хоёр дахь дуудлага худалдаа болсон талаар нэхэмжлэгч мэдэж байсан.

Энэ дуудлага худалдаагаар газар зарагдсан, бусдад шилжих нь тодорхой байсан талаар мэдэж, түүнтэй холбоотой 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/643 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр бусдад шилжүүлэх тухай” захирамж гарсныг нэхэмжлэгч тухайн өдрөө мэдсэн байдаг.

Гэтэл шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д Захиргааны актыг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн байтал нэхэмжлэгч мэдсэн хугацаанаасаа хойш 57 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг алдсан.

Мөн улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй. Хэдийгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тухай хүсэлт гаргасан хэдий ч энэ хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хангаж тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д нэхэмжлэгч төлбөрийн чадваргүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар бусад нотлох баримтаар нотлогдвол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэсэн байх ба нэхэмжлэгчээс энэ талаар хангалттай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байдаг.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хийгээд, тэмдэгтийн хураамжийн талаар буруу дүгнэлт хийсэн нь шүүхээр тухайн нэхэмжлэлийг хянан хэлэлцэх, шүүхийн эцсийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзнэ.

3. Шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаартай шийдвэрээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь шат шатны байгууллага, албан тушаалтнуудын актууд хүчингүй болох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь шүүхийн шийдвэр хуульд үндэслэх, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ч.Д, Ц.Ү нар нь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тусдаа өөр шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг.

4. Ч.Д нь Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ болон Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн албадан дуудлага худалдаа зохион байгуулах 09/22 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ц.Ү-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон үндэслэлээ “Ц.Ү-д эрх үүрэг танилцуулаагүй” гэдэг үндэслэл бөгөөд зөвхөн түүнд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулах талаар заасан үйл баримт юм.

Харин Ч.Д-ны газартай холбоотойгоор явуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгох талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тодруулбал Ч.Д-ны газрыг хураасан, тухайн газрыг албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль ёсны дагуу байсан гэдгийг тогтоосон гэсэн үг.

Гэтэл анхан шатны шүүх нь Ц.Ү-тай холбоотой гарсан шийдвэрийг Ч.Д-д хамаатуулан дүгнэлт хийсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтад илтэд буруу үнэлэлт өгсөн, нотлох баримт хийгээд Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл юм.

4. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан тухайд:

Шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37.6, 4.2.5-д заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ заалтууд нь стандарт заалт бөгөөд “Хууль бус акт”-ыг тодорхойлсон.

Шүүх яагаад хууль бус гэж үзэж байгаагаа тайлбарлаж чадаагүй. Тодруулбал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн ямар зүйл заалт, Газрын тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн учраас хууль бус Захиргааны акт гэж үзэж байгаагаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй.

Эрх зүйн дүгнэлт өгөөгүй атлаа тухайн Захирамжийг хууль бус гэж үзсэн нь буруу байна.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Засаг даргын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй, 9.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, эсхүл хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хүн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэсэн хуулийн дагуу газар эзэмших эрх шилжүүлсэн захирамж гаргасан.

Гэтэл шүүхээс энэ байдалд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тайлбарлаж чадаагүй.

Гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэн миний хувьд энэ газартай холбоотойгоор Ч.Д-тай тохиролцсоны дагуу 230 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан, улмаар тухайн газар албадан дуудлага худалдаанд орох болоход нь хууль ёсны дагуу орж, төлбөрийг бүрэн төлж худалдан авсан учраас энэ газар миний хууль ёсоор эзэмшиж байгаа газар юм.

Харин Ч.Д шүүхийг, хуулийн бусад байгууллагыг төөрөгдүүлэн нэг захирамжаар үүссэн газар эзэмших эрхээ хоёр газар авсан мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлэхгүй байна гэж үзэж байна.

Энэ шүүхийн шийдвэр гарснаар миний газар эзэмших эрх, хөрөнгөө хамгаалах, цаашид бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх маш ихээр зөрчигдөж байгаа юм.

Иймд Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд ... хянан үзэх үүрэгтэй” гэж заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянав.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд дэмжиж оролцсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Өвөрхангай аймгийн Засаг дарга 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн а/242 дугаар захирамж гарган нэгж талбарын 6216000388 дугаар бүхий 1400 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000438572 дугаартай гэрчилгээ олгожээ. Харин тус газарт шилэн кабелийн шугам таарсан тул 30 орчим метрийн зайд шилжүүлж, аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн а/299 дугаар захирамж гарчээ. Улмаар уг захирамжаар Ч.Д-ны эзэмшил худалдаа үйлчилгээний зориулалттай 1400 м.кв газрын зориулалтыг амины орон сууцны зориулалттай болгон өөрчлөлт оруулжээ.

Уг захирамжийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн 13 дугаар баг, Төв-4, 432 тоот хаягт 6216031771 нэгж талбарын дугаар бүхий 1400 м.кв газрыг Амины орон сууцны зориулалтаар 10 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-1018000190 дугаарт бүртгэлтэй газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон байна.

Гуравдагч этгээдийн зүгээс дээрх газрыг нэг газар гэж маргаж байна. Гэвч бодит байдал дээр анх эзэмшүүлсэн болон одоо бодитойгоор эзэмшээд, барилгын ажил явагдсан хоёр газар нь байршлын хувьд өөр гэдэг нь шүүхээс хийсэн үзлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон байна.

Давж заалдах гомдолд мөн “нотлох баримтыг буруу үнэлсэн, ... үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, ...” тухай дурджээ. Маргаан бүхий захиргааны акт болох Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/643 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн гарчээ.

Уг зүйлд 38.2. Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:

38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;

38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;

38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт.

38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж заажээ. Энэхүү хэргийн тухай хуульд заасан үндэслэл бүрдээгүй болох нь тогтоогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээс үзэхэд аймгийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон гол үндэслэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/1607 дугаар албан бичиг байна.

Гэвч 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 145/ШШ2020/00599 дугаартай Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Д-ны эхнэр Ц.Ү-гийн нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “тус газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №1715210, №1715211 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоолоор үүссэнээс хойш иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсноор Ч.Д, Ц.Ү нарын иргэний гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулж, хүчингүй болсон иргэний хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн гүйцэтгэх ажиллагааны улмаас үүнтэй холбоотой гарсан шат шатны байгууллага, албан тушаалтнуудын актууд хүчингүй болох үндэслэлтэй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Мөн давж заалдах гомдолд шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа, улсын тэмдэгтийн хураамжийн талаар хуульд заасан журам зөрчсөн гэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн байх тул энэ үндэслэлээр “Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй.

Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/643 дугаартай захирамж гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж шууд дүгнэх боломжгүй.

Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан тухай дурдаад “Шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Энэ заалтууд нь стандарт заалт бөгөөд “Хууль бус акт”-ыг тодорхойлсон. Шүүх яагаад хууль бус гэж үзэж байгаагаа тайлбарлаж чадаагүй” гэжээ.

Анхан шатны шүүх нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан хэргийг шийдвэрлээгүй нь дан ганц Захиргааны ерөнхий хуулийг баримталжээ. Иймд Газрын тухай хуулийн холбогдох заалтыг шийдвэрийн ТОГТООХ хэсэгт нэмсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.